Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

“Монголросцветмет“ нэгдлийн орлогч захирал Т.Доржбал: Оросын компаниудын төлбөрийн чадвар тааруу болж байна

Металлургийн, хөнгөн цагааны, химийн үйлдвэрүүдэд ашигладаг юм. Гэхдээ АНУ-д ч, Орост ч ялгаагүй үйлдвэрлэлийн хэмжээ эрс багасч, үүнтэй холбогдуулаад манай бүтээгдэхүүн экспортлолтод тодорхой хэмжээний бэрхшээл хүндрэл бий болж байна. Ялангуяа Оросын компаниудын хувьд төлбөрийн чадвар муутай байгаа. Хэдийгээр манай бүтээгдэхүүнийг авах хэрэгцээ байгаа ч гэсэн төлбөр хийх чадвар муудаж байна. Нэгдүгээр улирал   жаахан хүндэвтэр байдаг. Энэ жилийн хувьд   улам бүр мэдрэгдэж байна. Гэхдээ энэ хэмжээгээр бид хуримтлуулсан бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлээ өргөжүүлэх арга хэмжээ авч байна. Тухайлбал Япон, БНСУ, Энэтхэгийн худалдан авагчидтай гэрээ хэлэлцээр хийгээд явж байна. Үүний хэмжээгээр экспортоо өргөжүүлэх төлөвлөгөөтэй.

Долларын ханшийн өөрчлөлт танай үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?


Бид экспортод бүтээгдэхүүн гаргадаг болохоор ам.доллараар борлуулдаг. Долларын орлоготой гэсэн үг. Үйлдвэрт хэрэгцээтэй тоног төхөөрөмж, машин механизмыг мөн л ам.доллараар худалдаж авч байгаа. Гол төлөв Хятадаас   авдаг. Мөн ОХУ-д рублийн ханш их савлагаатай байгаа шүү дээ. Оросууд бидэнтэй тооцоогоо рублиэр хийх гэрээ байгуулъя, бүтээгдэхүүнээ нийлүүлье гэсэн санал тавьсан. Үүнийг бид судалж байна. Рублиэр наймаа хийх нь манай талд ашигтай ч байж магадгүй.

Эдийн засагт учраад байгаа хүндрэлийг давахын тулд Засгийн газар гадаадаас их хэмжээний зээл авах нь зөв алхам уу?


Хамгийн гол нь Монгол улсын гаднаас орох орлого нь 2009 онд нэлээд хэмжээгээр багасчихлаа шүү дээ. Ноолуураас ордог орлого багаслаа, зэсийн үнийн уналтаас болж мөн орлого багасч байна. Тэгээд зарлага нь болохоор дандаа валютаар гардаг. Импорт ихтэй орон. Хүнснээсээ авахуулаад хувцас хэрэглэл, бензин шатахуун бүгд л гаднаас авдаг. Долларын зарцуулалт ихтэй. Өргөн хэрэглээний барааны хувьд юанийн зарцуулалттай ийм л орон шүү дээ.

Өнөөдөр “Эрдэнэт“ үйлдвэрийг тойроод Монголын олон компани ажилладаг. Тэр компаниуд “Эрдэнэт“-д бүтээгдэхүүн нийлүүлээд, тодорхой хэмжээний ашиг орлого олоод, улсын төсөвт татвар төлж яваа. Төмөр зам ч, тээврийн бусад байгууллага ч ялгаагүй. Тэгэхээр “Эрдэнэт“-ийн орлого багасчихаар дотоодын компаниуд үндсэндээ орлогогүй болж эхэлж байна шүү дээ. Тийм учраас бизнесээ хөрөнгөжүүлэхийн тулд ямар ч байсан бизнесийн байгууллагуудад арилжааны банкуудаар дамжуулаад зээл олгох асуудал их чухал болоод байна. Ингэж байж бизнесийн эргэлт бий болоод, цаашдаа хямралаас гарах нэг механизм байж болох юм.

Гаднаас зээл авах нь дотоодын компаниудаа дэмжих алхам гэж Та бодож байна уу?


Тэгэж бодож байна. Гэхдээ хамгийн гол нь арилжааны банкны сонирхол, бизнесийн сонирхол хоёр хоорондоо нэгдэх ёстой.  Банк ашигтай ажиллахыг бодно. Тийм учраас “Эрдэнэт“ үйлдвэрт ч байдаг юм уу, ер нь бизнесийнхэнд зээлийг арилжааны банкаар дамжуулаад шууд олгох ёстой л гэж ойлгож байна.

Засгийн газраас ер нь дотоодын компаниудаа хэр дэмждэг вэ. Тухайлбал “Монголросцветмет“-ийг. Дэмждэг уламжлалт хэлбэрээс гадна ийм хямралтай цаг үед дотоодын компаниуддаа туслах ямар боломж Засгийн газарт байна?


Засгийн газар юу хийх ёстой вэ гэхээр жишээ нь уул уурхайн хувьд ярих юм бол алт үйлдвэрлэгчдэд ногдуулдаг  68 хувийн татварыг алга болгох ёстой. 68 хувийн татвар гэдэг чинь үндсэндээ нийт орлогынх нь бараг 70 хувийг аваад явчихаж байна шүү дээ. Алтны компаниуд ерөөсөө үлдсэн 30 хувь дээр, өөрийнхөө орлого дээр түшиглэн ажиллаж байна. Ийм орлогоор тоног төхөөрөмжөө шинэчлэх, хэрэгцээтэй материалаа авах асуудал хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, цаашдаа тэр компани өсөж дэвжих боломжийг 68 хувийн татвар хаачихаж байна. Татвар ногдуулах босгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 850 ам.доллар болгосон. Өнөөдөр энэ хямралын үед үнэ нь өндөр байх хамгийн гол ашигт малтмал бол алт.  Тэгэхээр эцсийн эцэст зээл авах, эсвэл алтныхаа үйлдвэрлэлийг нэмэх хоёр ижил асуудал шүү дээ.

Хэрвээ Засгийн газар үнэхээр гаднаас мөнгө олж ирэх юм бол алтныхаа үйлдвэрүүдэд юуны өмнө хөнгөлөлттэй зээл өгмөөр байна. Хоёрдугаарт “Эрдэнэт“-дээ өгмөөр, манайд ч гэсэн өгмөөр байна. Арилжааны банкаар дамжихаар хадгаламжийн хүүтэй уялдуулаад  үнэтэй зээл болно. Нэгэнт Засгийн газарт хямд үнэтэй орж ирж байгаа зээл юм бол бага хүүтэй байх учиртай. Бага зэргийн ашиг байлгүй л яахав. Өнөөдрийн банк шиг сарын хоёр хувийн хүүтэй зээлэх юм бол яахав бизнес хийхэд болж байна.

Засгийн газар зардлаа дорвитой бууруулж чадахгүй байна. Та нөхөрсгөөр зөвлөмж өгөөч гэж хэлбэл ямар саналуудыг тэдэнд хэлэх вэ?


Үр ашиг багатай, эсвэл ирээдүйд хөгжилд тус нэмэр болохгүй хөрөнгө оруулалтын зарим төслийн санхүүжилтээс татгалзах хэрэгтэй. Хоёрдугаарт, төрийн байгууллагуудын зардлыг хямдруулах ёстой. Ялангуяа соёлын ордон, сумын барилга байгууламж засах ч гэдэг юм уу иймэрхүү зардлаас хямралын үед татгалзах хэрэгтэй. Хямрал өнгөрсний хойно иймэрхүү ажлуудаа хийг. Мөн халамжийн бодлогоо их оновчтой болгох хэрэгтэй. Ядуу хүмүүст халамжийн мөнгө очих ёстой. Нийтэд нь хавтгайруулж олгодог шинэ гэр бүлийн 500 мянган төгрөг зэрэг зардлыг одоо болих хэрэгтэй.

Өнөөгийн санхүүгийн бэрхшээлт байдлаас улбаалаад төр, нийгмийн хямрал болох вий гэсэн болгоомжлол байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?


Хүмүүсийн худалдан авах чадвар буураад, өдөр тутмынхаа хэрэгцээг хангаж чадахгүй бол нийгмийг доргиосон янз янзын арга хэмжээ болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ хямралын үед монголчууд хоорондоо эв нэгдэлтэй,  ялангуяа улс төрийн намуудын хооронд үл ойлголцол байх ёсгүй. Нийтээрээ бусээ чангалж байж, нийгмээрээ хүчээ нийлүүлж байж хямралыг давна.

Эдийн засагт дефляци үүссэн байдлыг Та хэрхэн харж байна вэ? Юугаар илэрч байна вэ?


Бараа байгаад байдаг, худалдан авагчгүй болохыг л дефляци гээд байгаа шүү дээ. Манай компанийн хувьд ОХУ, Хятад, түүнчлэн дотоодын компаниудаасаа материал, сэлбэг, тоног төхөөрөмж худалдаж авдаг л даа. ОХУ-аас гэхэд төрөл бүрийн металл хийц, зарим бүтээгдэхүүн авахад өндөр үнэтэй, олдоц ховор байсан. Авахын тулд гэрээ хэлэлцээр хийж чармайлт гаргаж авдаг байсан бол өнөөдөр өмнөх шиг дугаарлах асуудалгүй шахуу, агуулахдаа хэвтэж байна. Тиймээс бидний гаднаас, ялангуяа Оросоос авдаг материал сэлбэгийн үнэ үндсэндээ буурч эхэлсэн. Өөрөөр хэлбэл юм нь элбэг болж байна. Гэхдээ нөгөө талаасаа хэрвээ манай жоншны бүтээгдэхүүний борлуулалт буугаад ирвэл бид хэчнээн хямд байлаа ч сэлбэг хэрэгсэл, шаардлагатай зүйлсээ худалдаж авч чадахгүй болж болзошгүй. Одоохондоо бол арай тийм асуудалд хүрээгүй байна.

Монголын эдийн засаг дахин Голланд өвчинд нэрвэгдэхгүйн тулд цаашид ямар алхмууд хийх ёстой гэж та бодож байна вэ?

Хэсэг хугацааны дараа хямралаас гарах нь үнэн. Энэ хямралын үед бид хамгийн гол нь бодит эдийн засгийнхаа гол гол салбарын цаашдынх нь хөгжлийг хангасан ийм л арга хэмжээ авах ёстой.
Юуны өмнө мөнгө босгох гол салбар нь уул уурхай мөнөөс мөн. Тийм учраас уул уурхай дээр түшиглэн босгосон мөнгөөр эдийн засгийнхаа бусад салбарыг хөгжүүлэх ёстой.

Мөнгөө хадгалж арвижуулахын тулд халамжийнхаа бодлогыг эргэн харах ёстой.   Хоёрдугаарт улс төрийнхөө тогтолцоог шинэчлэх ёстой. Сонгууль болгоноор ард түмэнд баахан юм амладаг. Тэрнийгээ биелүүлэх гэж жаахан олсон мөнгөө ийш тийшээ цацдаг. Тэгээд ямар нэг хуримтлал бий болгож чаддаггүй. Уг нь хуримтлал бий болгож байж өндөр хөгжинө шүү дээ. Бид нар зах зээлийн эдийн засгаар хөгжье гэж байгаа бол Засгийн газрын бизнест оролцох хэмжээг бууруулахгүй бол болохгүй шүү дээ. Засгийн газар бүх юмыг мэддэг, бүх ажлыг зохицуулдаг айхтар социалист систем шиг байх юм бол угаасаа хөгжихгүй.  

Хоёр гуравхан л үндсэн асуудал хэлмээр байгаа юм. Нэгдүгээрт уул уурхайн салбарыг хөгжүүлэх ёстой. Гэхдээ энэ хөгжлийг энгийн хийсвэр ойлгоод байгаа. Нөөцийг нь тогтоогоод уурхай барилаа гэхэд дор хаяж гурваас таван жил шаардлагатай. Тэгээд хөрөнгө оруулалтаа хүлээнэ шүү дээ. Жинхэнэ ашгаа өгөх хугацаа бол дундаж мөчлөг нь долоогоос найман жил. Оюутолгой, Тавантолгой хоёрын хувьд ашигт малтмал ашигласан нөөцийн төлбөрөө л авна шүү дээ. Тийм учраас тэр уурхайгаас ногдол ашиг хүртэнэ гэдэг миний ойлгож байгаагаар бараг зургаа, долоон жилийн дараа эхлэх болов уу.
Ашигт малтмалын тухай хуулийг түргэн цэгцэлмээр байгаа юм. УИХ-аар шуурхай хэлэлцэж баталмаар байгаа юм. Ийм тодорхойгүй байдал нь ялангуяа хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхлыг ойлгомжгүй болгож байгаа юм.

 

  • зочин (202.72.245.220)
    өмнөх дарга нарт нь хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ бага тэнгэрийн аманд хэдэн арван тэрбумаар байр авч тансаглаж байсан хүмүүсийг ариун цагаан хөдөлмөрөөрөө авсан гэж бодохгүй байна
    2017 оны 02 сарын 24 | Хариулах