2000 оноос хойш анх удаа 2008 оны арав ба арваннэгдүгээр сард банкны хадгаламж, харилцах гадагшилж, банкууд төлбөрийн чадварын хомсдолд өртөж, харилцагчдын итгэлийг алдаж эхэлсэн. Банкны салбарын эрсдэлийг багасгах, үйл ажиллагааг нь дэмжих, харилцагчдын итгэлийг бэхжүүлэх явдал нэн чухал зорилт болж тавигдсан юм. УИХ-аас хадгаламж болон харилцах дансны үлдэгдлийг хуульчлан баталгаажуулсан нь тогтворжуулалтын нэн чухал үр нөлөө үзүүлэв. Банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжин Монголбанкнаас 265 тэрбум төгрөгийн зээл олгож тэдний төлбөр саатуулан харилцагчдын итгэлийг бүрмөсөн алдах, банкны салбар бүрэн хямрах аюулаас сэргийлж чадсан.
Монголбанк банкны эрсдэлээр жигнэсэн активт эзлэх өөрийн хөрөнгийн хэмжээг 10 хувь байсныг 12 хувь болгон нэмэгдүүлж, зээлийн хугацааг зөвхөн нэг удаа сунгаад зэрэглэлийг нь бууруулдаг байсныг нь хоёр удаа сунгадаг болгож, Эрсдэлийн сан байгуулах болзол нөхцөлийг хөнгөвчлөх арга хэмжээ авав.
Түүнчлэн Монголбанк бодлогын хүүгээ өсгөж банкууд сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө өнөөдрийн нөхцөлд хамгийн үр ашигтай байршуулах нөхцөлийг бүрдүүлсний дээр Төв банкинд заавал байлгах төгрөгийн нөөцөд нь бодлогын хүүний 1/4-тэй тэнцүү урамшуулал олгодог болсон. Төв банкны үнэт цаасны хугацааг богиносгож, давтамжийг нь нэмэгдүүлснээр банкуудын актив, пассивын хугацааны зөрүүнээс үүсэх эрсдэлийг бууруулж, өнөөдрийн зах зээлийн түргэн өөрчлөлтөд зохицуулан эх үүсвэрээ удирдах боломжийг нэмэгдүүлэв. Эдгээр нь банкны эрсдэлийг хөнгөвчилж алдагдлыг бууруулах, ашигтай ажиллахад дэмжлэг болов.
УИХ-ын шийдвэрийн дагуу Монгол Улсыг Хөгжүүлэх сангаас нийтдээ 65 тэрбум төгрөгийг гурван банкинд байршуулав. Банкуудын чадвар, эрсдэлийг цаг алдалгүй үнэлж, тэдгээрийг өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх, гадаад, дотоодоос эх үүсвэр олох, хүч боломжоо нэгтгэх шаардлагыг улам чангатгаж байна. Энэ зорилгоор банкуудад хийх хяналт шалгалтын тоог нэмэгдүүлж, хямралыг даван туулах ажлын төлөвлөгөө гаргуулан хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Эдгээрийн үр дүнд хадгаламж алгуур нэмэгдэн, ам.долларын хадгаламж болон зээл төгрөгт шилжих хандлагатай байна. Дийлэнх банк төлбөр түргэн гүйцэтгэх чадварын хомсдолоос гарлаа.
Ийм нааштай өөрчлөлт байгаа боловч зээлийн эргэн төлөлт удааширч, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсээр байна. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2008 оны наймдугаар сарынхаас 3.6 дахин, нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хувийн жин нь 8.4 нэгжээр нэмэгдэж 11.4 хувь болоод байна. Банкууд шинээр зээл олгохгүй байгаа, хуучин зээлийн чанар муудаж хүүний орлого саатаж байгаа, Эрсдэлийн сангийн зардал нэмэгдсэний улмаас 2009 оны эхний 7 сард банкны салбар 36.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Банкны салбар алдагдалтай ажилласан хэдий ч өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт дээшилсэн дүн гарав. Нийт өөрийн хөрөнгө 2008 оны наймдугаар сартай харьцуулахад 12.6 тэрбум төгрөг буюу 3.1 хувиар буурсан хэдий ч эрсдэлээр жигнэсэн активын бууралт түүнээс түргэн 329.3 тэрбум төгрөг буюу 10.1 хувиар буурсан учир хөрөнгийн зохистой харьцаа 0.7 нэгжээр нэмэгдэж 14.0 хувьд хүрчээ. Гэвч энэ нь нэлээд өнгөц үзүүлэлт байх талтай бөгөөд банкууд зээлийн багцынхаа багагүй хэсгийн хугацааг сунгах өөрчлөлтийг хийжээ. Үүгээр хүндрэлийг шийдэж чадахгүй, харин хойш тавихаас өөр бодит үр дүн багатай алхам юм. Өнөөдөр ч гэсэн цөөнгүй банк өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг хангахгүй байна. Тэдгээрт нийтдээ 76.2 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө дутагдаж байна. Цаашид зээлийн чанар улам муудан өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага өсөхөөр байна.
Бүрэн эхээр нь уншихыг хүсвэл сэтгүүлээ захиална уу.