Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

“Зоос” банкны тохиолдол улс төрийн нөлөө бизнест хэрхэн тусч байгааг харуулсан

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саед MMJ-ийн асуултад хариулав.

Дэлхийн банк Монголын уул уурхайн салбарт орж ирэх мөнгийг шохоорхож байгаа тухай мэдээллүүд гарах болсон шалтгаан юу вэ? Та ийм мэдээлэлд хэрхэн хандаж байна вэ?

Зарим хэвлэл мэдээллээр өнгөрсөн хугацаанд гарсан зүйлсийг харж байхад өнөөгийн Дэлхийн банкны үүрэг роль ямар болох, бид танай  улсад чухам ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэдэгтэй огт холбоогүй ташаа мэдээллүүд цацагджээ. Эн түрүүнд хэлэх зүйл маань Монгол улс нь Дэлхийн банкны нэг хувьцаа эзэмшигч. Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл 24 гишүүнтэй. Монгол улсын төлөөлөгч эдний нэг болон Захирлуудын зөвлөлд суудаг. Энэ энгийн тайлбараас манай байгууллага нь Монгол улсыг оролцуулаад, бусад хөгжлийн хамтын ажиллагааны түншүүдийг нэгтгэсэн  байгууллага юм гэдгийг ойлгож болно. Тэгэхээр энэ бол нэгдүгээрт цэвэр гадны байгууллага биш. Хоёрдугаарт, нэгэнт Дэлхийн банк маань олон улс хамтран эзэмшдэг байгууллага учраас манай зорилго нь Монгол улсын Засгийн газрын хийж буй ажлыг дэмжихэд оршдог. Бид энэ дэмжих үйл ажиллагаагаа янз бүрийн эх үүсвэрийг ашиглан явуулдаг. Олон улсын хөгжлийн байгууллагын санхүүжилт гэдэг нь нэг ёсондоо хамгийн хямд өртөгтэй эх үүсвэр юм. Санхүүжилтээс гадна нэгэнт дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран үйл ажиллагаа явуулж байгаа учраас тэдгээрийн шилдэг туршлагыг түгээх үүргийг Дэлхийн банк хүлээдэг. Үйл ажиллагааны гуравдугаар чиглэл нь, улс орнууд бие даагаад Монгол улсад үйл ажиллагаа явуулах сонирхолтой, гэхдээ хүн хүчний хувьд боломжгүй тохиолдолд тэдгээр улсын Засгийн газрууд мөнгөө Дэлхийн банкинд байршуулаад, тус банкны төслийн сангаар дамжуулаад Монголтой хамтран ажиллах боломжтой болдог.

Дараагийн нэг онцолж хэлэх зарчим маань бид маш төвийг сахисан байгууллага. Хэн нэгний эрх ашгийг төлөөлөх,  дэмжих биш, харин олон улсын түвшний сайн мэдлэг туршлагыг түгээх зорилготой. Дэлхийн хэм­жээнд туршигдсан , амжилттай гэдэг нь нотлогд­сон зөвлөгөө, сайн мэдлэгийг түгээдэг учраас бидний зөвлөгөөг  тухайн улсын Засгийн газар нь дэмжсэн тохиолдол олон. Дэлхийн банкны зөвлөгөөг Засгийн газар нь хүлээж авахгүй тохиолдол ч байдаг. Монгол улсын Засгийн газартай хамтран ажилласан өнгөрсөн 19 жилд манай түншлэлийн харилцаанд аль аль тохиолдол нь байсан. Дэлхийн банк нь танай улстай хориод жилийн түншийн харилцаатай бол жишээ нь Япон , Франц , Герман гэх зэрэг олон улс оронтой бараг 50-60 жилийн түүхтэй хамтын ажиллагаа өрнүүлжээ.
 
Бид ашиг хөөсөн арилжааны банк биш, эсвэл зүгээр нөхцөл байдал сайжрахаар орж ирээд салбараа нээгээд нөхцөл байдал муудахаар гараад явчихдаг хувийн бизнесийн байгууллага ч биш. Сүүлийн хориод жилд танай улсад сайн сайхан үед ч, хүнд бэрхшээлтэй цагт ч ялгаагүй Дэлхийн банк үйл ажиллагаагаа тогтвортой явуулсан. Монгол улстай Дэлхийн банк хамтран ажиллаж эхэлсэн 1991 онд Улаанбаатар хотын цахилгаан станцуудад гэмтэл гаран зогсдог, гэрэл цахилгаан их тасардаг байсан.Тийм учраас Дэлхийн банкнаас үзүүлсэн хамгийн анхны  тусламж нь цахилгаан станцын тоног төхөөрөмжийн  туслалцаа байлаа. Тэр хөрөнгөөр станцуудын тоног төхөөрөмжийг  сайжруулснаар гэрэл цахилгаан байнга тасалдахаа больсон шүү дээ. Дэлхийн банкны мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн 1991, 1992 онд Улаанбаатарт хоёрхон ресторантай байсан гэдэг юм. Тэр хүмүүс өөрсдөө хүнсний зүйлээ бэлдэж ирдэг байсан. Монгол оронд бэрхшээлтэй байсан   үед бид туслалцаа үзүүлэхээр орж ирсэн. Түүнээс хойш цаг сайхан , муу ч байсан ялгаагүй Монгол улстай үргэлж хамт байсан. Монгол улсын Засгийн газартай 1991 онд хамтран ажиллаж эхэлсэн халуун дулаан харилцаа өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна.

Дэлхийн банкны үйл ажиллагааг, зарчмыг нь хүмүүс сайн мэдэхгүйтэй холбоотой янз бүрийн хардлага гарч байж болох юм. Нөгөө талаас, манай улсын уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалтын урсгал орж ирэхийн өмнө арилжааны банкуудад аудит хийн бодит нөхцөл байдлыг тодорхой болгох гэж байгаа. Энэ арга хэмжээний наана зориуд гаргаж буй шуугиан байж болох уу?

Дэлхийн банк энэ оны аравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Эдийн засгийн бодлогын чуулга уулзалтыг олон нийтэд нээлттэй зохион байгуулсан. Тэр чуулга уулзалтаараа банкны салбарт хуримтлагдаад байгаа асуудлыг хамгийн анх  олон нийтэд ил тодоор хөндөж гаргасан. Чуулга уулзалтын уур амьсгалаас харахад банкны системийн өнөөгийн хүндрэл нь зөвхөн сая илэрч байгаа биш, нэлээн эртнээс үүдэлтэй бэрхшээл байна аа гэдэг нь харагдсан. Засгийн газрын , Их хурлын гишүүдийн түвшинд ч , Төв банкны түвшинд ,  олон нийтийн түвшинд ч ийм ойлголттой болсон байсан. Олон улсын хэмжээний хямралаас эхлэлтэйгээр Монгол улсын бодит салбар уналтад орж, улмаар банкны салбарт доголдол ажиглагдаж эхэлсэн гэдэгтэй бүгд санал нийлсэн. Иймэрхүү гадаад хүчин зүйлийн хажуугаар хамгийн гол  нь дотоод учир шалтгаан байсан. Банкны салбарт нэгдүгээрт ил тод байдал дутагдсан. Банкуудын эзэн нь хэн юм бэ, өмчлөлийн асуудал үнэхээр ил тод биш байсан. Эрсдэл болон эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх тал дээр шилдэг туршлага хэрэгжүүлэх чадавх дутмаг байсан. Төв банкнаас явуулж байсан хяналт шалгалтын үйл явц үр ашиггүй, чадавх сул байдал ажиглагдсан. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс арилжааны банкуудыг аж ахуйн нэгжийн хувьд зохицуулах ажил доголдсон. Хамгийн сүүлд нэмж хэлэх ёстой зүйл бол цаг сайхан байх үед газар авсан ихээхэн хэмжээний зохисгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй үр дагавар маш их хуримтлагдсан байна. Тэрхүү бодлогын чуулга уулзалтын дүнд Засгийн газар болоод Төв банкны зүгээс гаргасан нэг шийдэл бол банкуудын үндсэн хөрөнгөнд яаралтай  аудит үнэлгээ хийлгэх явдал юм гэж дүгнэсэн. Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар , Засгийн газар,  Төв банк бүгд адилхан ийм хүсэл бодолтой байсан.  Нэгэнт ийм хүсэлт дахин давтагдаж ирсэн учраас Дэлхийн банк , Азийн хөгжлийн банк , АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг хамтран Засгийн газрын энэхүү хүсэлтийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг ярилцсан.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.