Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

“Эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн шалгуураар төсвийг үнэлж дүгнэдэг болчих гээд байна”

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл  төсвийн менежментийг шинэчлэх зайлшгүй шаардлагын талаар ярьж байна.  

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн ач холбогдлыг Та хэрхэн харж байна вэ?

Төсвийн орлого, зарлага аль аль талд  нь байгаа  зөрчил, тодорхой бус зүйлүүдийг засаж  сайжруулах ёстой гэж  олон жил ярьж байгаа. Ерөнхийдөө  төсөв мэргэжлийн байгууллагуудаар ороод   гарч ирэхдээ 180 градус эргэчихсэн, танигдахгүй бо­лоод гарч ирдэг. Энэ нь төсвийг боловсруулахаас эхлээд батлах үйл явцад  хэтэрхий их  субьектив  нөлөөлөл байгааг харуулдаг. Улс орны   эдийн засгийн зохистой байдал, үр ашиг, орлого зарлагыг төлөвлөх үйл явц нь өөрөө эдийн засгийн суурь үндэстэй байх ёстой.  Улс төрийн ямар нэг  суурь үндэстэй байх ёсгүй.  Төсөв бол тухайн үеийнхээ эдийн засгийн бодлогын толь нь болох ёстой. Гэтэл сонгуулийн амлалт биелүүлэхийн тулд  төсвийг өөрчлөх зэрэг тогтворгүй болгодог олон хүчин зүйл байна. Нэгдүгээрт,    төсвөө тогтвортой байлгах ёстой.  Тэгэхгүй бол  улстөрчдийн амлалт, гадаад зах зээлийн коннектурын нөлөө хоёроос болоод төсөв тогтвортой байж чадахгүй нь. Төсөв тогтворгүй болсноор  эдийн засгийн  бодлогууд  тогтворгүй болдог. Сүүлдээ эдийн засгийн гэхээсээ улс төрийн шалгуураар төсвийг үнэлж дүгнэдэг  явдал бий болчих гээд байна. Энэ үүднээс  л төсвийн реформ зайлшгүй. Төсвийн зарцуулалтын хяналтыг яаж бий болгох юм. Яаж хөндлөнгийн шинж чанартай болгох вэ.  Засгийн газрын хөрөнгө оруулалтын үр ашиг нь хэрхэн дээшилж байх юм. Төсөв  өөрөө яаж төрийн  авлигыг өөгшүүлдэггүй механизм байх ёстой юм. Тендер болон бусад эдийн засгийн процесстой хэрхэн уялдах вэ гэх мэт олон асуудлыг агуулсан  хууль тусдаа гарна байх. Ерөнхийдөө энэ нь төсвийн ил тод байдал,   зарлагын хяналт, орлогын  бүрдэлтийг бодитойгоор эдийн засгийн агентуудад хүндрэл учруулахгүйгээр, тодорхой  бодлогыг дэмжих чиглэлээр хийгдэх байх.
Төсөвт татвар төлөгчдөөс өгч  байгаа мөнгөний зарцуулалт маш зохистой байх ёстой. Тэрхүү зохистой байдал нь алдагдчихсан учраас ийм асуудлууд гарч байгаа. Төсвийн  “тогтвортой”  гэдэг ойлголт нь stable буюу хөдөлшгүй гэсэн ойлголт биш. Бид яриад байгаа sustainable буюу  тогтвортой хөгжил гэдэг нь хөдөлгөөнгүй хөгжил гэсэн үг шүү дээ. Манайд л буруу орчуулгаар яваад байгаа юм. Sustainable буюу тогтвортой хөгжлийн  үзэл баримтлалд хөгжил маань тогтвортой байна гэвэл эдийн засгийн хязгаарлагдмал  нөөц баялгийг  төрийн төсөв гэдэг  багаж хэрэгслэлээр нь дамжуулан хуваарилах, байршуулах, дахин байршуулах  ажлыг л хийнэ. Энэ нь  өөрөө дунд болон урт хугацаанд тогтвортой байж,  эдийн засагт үйл ажиллагаа явуулж байгаа агентууд  буюу хувийн хэвшлийнхэнд зөв сигнал өгөх,  тийм орчныг бүрдүүлэхийг л Төсвийн тогтвортой байдлын хууль гэж яриад байгаа.  Би тогтвортой гэдгийг  нь sustainable гэдэг үгтэй холбож ойлгоно.

Тогтвортой байна гээд төсвийн уян хатан байдлыг, хөрөнгө оруулалтыг хааж боож болохгүй гэсэн байр суурь ч байгаа? 

Юуны өмнө орлогынхоо төлөвлөлтийг их зөв хийдэг байх ёстой. Татвар төлөгчдөөс дээд зэргээр аваад бай гэсэн зарчмаасаа илүүтэй хэдий   хэмжээгээр авбал   эдийн засгийн өсөлтийг бий болгох мотиваци буюу сэдэл санаа бий болгох вэ гэдэгт анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл төсвийн орлогыг бүрдүүлэхдээ татварын дарамт учруулахгүй байх, төсвөөрөө эдийн засгийн үйл явцыг урамшуулагч байх ёстой. Эцсийн дүндээ төсөвт орлогын хэлбэрээр өгч байгаа татвар төлөгчдийн мөнгийг хамгийн үр ашигтай зарцуулах,  эдийн засгийн харилцааны нийт оролцогчдыг төсвийн орлогын  бодлогоор бүхэлд  нь хамрах, тэдний үйл ажиллагаанд түлхэц өгөх  зорилготой   байх учиртай. Зарлагын хувьд хамгийн үр ашигтай нийгмийн халамжийн системийг яаж бүрдүүлэх вэ. Хамгийн үр ашигтай байж болох нийтийн хөрөнгө оруулалтыг яаж үүгээр хангах вэ. Цугларсан   мөнгийг нийгмийн олон сувгуудаар дахин байршуулах орлогын хуваарилалтыг яаж шударга хийдэг болох вэ гэхчлэн тодорхой асуудлууд гарна. Өөрөөр хэлбэл нэгээс аваад нөгөөд  нь тэгшитгэн хуваарилах зарчмаар явах нь  төсвийн эцсийн үр дүнг  эдийн засгийн үр ашиггүй  болгож байна. Төсвөөр дамжуулж нийгмийн хүрэх гэж байгаа зорилтот санхүүжилт нь  үр ашиг өгдөггүй. Эдийн засаг, нийгмийн нийлмэл үр ашиг нь эцсийн дүндээ тааруу  байдаг ийм бүтэцтэй, ийм менежменттэй  байх юм уу гэдэг талаас нь л ярилцах ёстой.
Тухайлбал,  бид өнөөдөр зэс, алтаар баримжаалаад төсвөө хийж байгаа. Гэхдээ   энэ чинь болохгүй юм байна гэдгийг сүүлийн хэдэн жилд  үзлээ.   Манайх цикл гэдэгтэй нэг зүйлийг бас андуурч ойлгодог. Монголбанк цикл гэдгийг Монголын эдийн засаг бол мөчлөгт эдийн засаг гэж ойлгодог. Түүндээ тааруулсан бодлого хэрэгжүүлээд  буруудаад  байгаа. Манай  эдийн засаг  мөчлөгт эдийн засаг биш. Гэхдээ гадаад зах зээлийн мөчлөгийг хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл бараа түүхий эдийн үнийн хэлбэлзэл, connecture –ийн хэлбэлзлээр дамжуулж Монгол улс өөрөө тодорхой хэмжээний эрсдэлийг хүлээдэг. Яагаад гэвэл Монголын эдийн засгийн бүтэц нь өрөөсгөл. Цөөхөн хэдэн экспорт дээр тогтдог.Тиймээс гадаад нөлөөллийг  өөрийн эрхгүй авдаг. Энэ нь төсвийн бүрдэлтэд нөлөөлдөг. Зарлагад хүртэл нөлөөлдөг. Ингэснээрээ менежментийг үр ашиггүй болгодог ийм бүтэцтэй л яваад ирчихсэн.
Цаашид  эдийн засгийн үр ашгийг хамгийн түрүүнд тавих асуудал гарч ирж байна.  Тиймээс нийтийн хөрөнгө оруулалт буюу төсвийн хөрөнгө оруулалтад үр ашгийн шалгуурыг тэргүүн зэрэгт тавих учиртай. Зарцуулалт, тухайлбал тендерээр дамжуулж дахин байршуулж байгаа нь нийгэмд   том асуудлыг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл манай нийгмийн нэг эд эс мэт болоод  хавдар шиг ургачихсан, буглачихаад байгаа хээл хахууль, авлигыг   үүсгэдэггүй байх тийм л зохистой механизмыг гаргаж ирэх ёстой. Сонгогчдын захиас гэдэг зүйлээр дулдуйдсан улстөрчдийн хүсэл төсөвт орж ирдэггүй байх ёстой.  Ерөөсөө төсөв бол “хуурай” эдийн засгийн “хуурай” хэрэгсэл байх ёстой. Цаашид  эдийн засгийн улстөржөөгүй арга хэрэгсэл   бий болгох хэрэгтэй.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.