Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

“ТАВАНТОЛГОЙ” ДЭЭР ЗАСГИЙН ГАЗАР ҮНДСЭН НӨХЦӨЛҮҮДЭЭ ИЛ БОЛГОСОНГҮЙ

Монгол улсын хөгжлийн түлхүүр хэмээгдэж буй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах бол гэсэн их хүлээлт Монголын нийгэмд бий болоод байгаа энэ үед Засгийн газар Тавантолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн бариад байна. Засгийн газрын өргөн барьсан гэрээний төслийн талаар “Нээлттэй нийгэм форум”-ын менежер, судлаач Н.Дорждарьтай ярилцлаа. 

Тавантолгой дээр бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээ байгуулах саналыг Засгийн газар өргөн барилаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээний туршлага дэлхийд ямар байдаг вэ?


БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ ЯАЖ ХИЙХЭЭС ҮР ӨГӨӨЖ ШАЛТГААЛНА

Бүтээгдэхүүн хуваах зарчмыг гол төлөв газрын тосны салбарт хэрэглэж ирсэн. Уул уурхайд хэрэглэж байсан туршлага бий. Гэхдээ маш бага. Зарчмын хувьд Тавантолгойд бүтээгдэхүүн хуваах гэрээ, концессын гэрээ, лиценз олгоод роялти авдаг систем алийг нь ч хэрэглэж болно. Үйлчилгээний гэрээ гээд оператор компани авч ажиллуулах боломж ч бас байна. Хамтарсан үйлдвэр байгуулж болж байна. Эсвэл эдгээрийн аль нэг хослолыг, хоёр гурван хувилбараар нь ч авч хэрэглэх боломж бий. 
Бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд бүтээгдэхүүний өмчлөлийн эрх хөрөнгө оруулагч талд хэзээ шилжих вэ гэдэг чухал асуудал байдаг. Үүнийг янз бүрээр зохицуулж болдог. Зарим тохиолдолд бүтээгдэхүүнийг борлуулсны дараа ч бүтээгдэхүүн нь төрийн мэдэлд байдаг. Борлуулсны дараа хөрөнгө оруулагч өөрт ногдох бүтээгдэхүүнээ аваад, үлдсэн хэсэг нь төрд байж болдог. Бүтээгдэхүүнээ борлуулж дуусаад ашгаа хуваатал өмчлөл шилжихгүй. Тэр утгаар нь хөгжиж байгаа орнуудын Засгийн газар энэ хэлбэрийг их сонирхдог. Ялангуяа Индонезийн уул уурхайд ийм зарчмыг хэрэглэсэн. Анх уул уурхайд хэрэглэхэд нь компаниуд газрын тос дээр түлхүү хэрэглэгддэг гэрээ гээд эсэргүүцэж байсан тал бий. Сүүлдээ хүлээн зөвшөөрсөн. Бүтээгдэхүүнээ хэрхэн хуваах, ямар хэмжээгээр хуваах, өртөг зардлаа ямар хэмжээнд нөхөх юм гэдэг нь хөрөнгө оруулагч талдаа ч, Засгийн газартаа ч чухал.
Тавантолгойн тухай УИХ-д өргөн барьсан Засгийн газрын саналд тэдэн хувиар хуваана гэсэн тодорхой санал байхгүй байна. Тиймээс эдийн засгийн үр ашиг талаас дүгнэлт өгөхөд хэцүү. Цаана нь тооцоо байгаа л байх. Түүнийгээ УИХ-ын гишүүдэд өгөөд, олон нийтэд ил гаргаж хэлэлцүүлэг өрнүүлбэл ямар хэлбэр нь Тавантолгойд илүү ашигтай байх вэ гэдэг нь илүү тодорхой болно. 

Газрын тосон дээр бүтээгдэхүүн хуваах туршлага бий гэлээ. Нүүрс олборлолтод ийм туршлага бий юү?

Цөөн хэдэн туршлага бий. Индонезийн Ажлын гэрээ зэрэг нь яг цэвэр бүтээгдэхүүн хуваах гэрээ биш ч гэсэн бүтээгдэхүүн хуваах зарчмыг агуулсан байдаг. Тухайлбал, үйл ажиллагааны үр дүнгээс үл хамааран төлөх хамгийн бага татварын хэмжээ гэсэн ойлголт Ажлын гэрээнд агуулагддаг байсан. Уул уурхайд хэрэглэж болохгүй юм байхгүй.

Манайд бүтээгдэхүүн хуваах зарчмыг газрын тосны салбар дээр их тааруу хэрэглэсэн туршлага бий. Тавантолгойд бүтээгдэхүүн хуваах зарчим хэр үр өгөөжтэй байж чадах вэ?

Гэрээг яаж хийхээс л шалтгаална. Эн тэргүүнд гэрээ аль аль талдаа ашигтай байх ёстой. Дээр  нь хэрэгжүүлж болохуйц байна. Манай Засгийн газрын санал болгосноор бүх эрсдэлийг хөрөнгө оруулагчид шилжүүлсэн байна лээ. Бүтээгдэхүүний тодорхой хувийг Засгийн газар авна. Өртөг зардлаа нөхнө үү, үгүй юу гэдгийг компанийн хэрэг гээд орхичихсон байгаа. Өртөг зардал өндөр байвал эрсдэл компани руу л шилжинэ гэсэн үг. Гэхдээ ийм нөхцөлд нэг сайн тал нь компанид зардлыг аль болох бага байлгах сонирхол төрнө.
Ялангуяа газрын тос дээр хэрэглэж байгаа ихэнх Хөрөнгө оруулалтын гэрээ, манай газрын тосны салбарт хэрэглэж байгаа Бүтээгдэхүүн хуваах гэрээнд ч гэсэн өртгөө нөхөх бүтээгдэхүүний хэмжээ гэж бий. Компани өртгөө нөхсөний дараа үлдсэн хэсгийг хуваах тухай юм л даа. Энэ тохиолдолд зардлыг хянах ёстой. Компани зардлаа хэт өсгөвөл Засгийн газарт ногдох хувь багасах талтай. Энэ хяналтыг Засгийн газар хийж чадах уу гэдэг асуудал бий. Ялангуяа хөгжиж байгаа орны Засгийн газарт хяналт тавихад асуудал тулгардаг. Магадгүй татвараа хураах нь илүү хялбар ч байж мэднэ. Татвар хураахад ч гэсэн ямар татвараас нь хамаараад өртгийг хянах шаардлага гарна. Тэгэхээр татварын алба сул бол бүтээгдэхүүн хуваах нь ашигтай байж болно. Үүнийг шууд тэр нь ашигтай, ашиггүй гэж хэлэхэд хэцүү.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.