УИХ-ын Тамгын газрын референт Г.Чулуунтай “Эрдэнэт” болоод Оюутолгой ордын гэрээний ил тод байдлын талаар ярилцлаа. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний судалгаан дээр мөн ажилласан юм.
Та “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан хүн. “Эрдэнэт”-ийн гэрээний талаар юу мэдэх вэ. Тухайн үед гэрээний талаар ямар ч мэдээлэл байгаагүй гэдэг үнэн үү?
“Эрдэнэт”-ийн гэрээний хоёр талд Орос, Монгол улсуудын Засгийн газар байсан. Тэр үед Засгийн газар хоорондын гэрээг 15 жилээр хийж байсан юм билээ. 1978 онд байгуулагдсан “Эрдэнэт” -ийн гэрээг 2003 онд шинэчилсэн. Энэ хооронд нэг удаа сунгасан гэдэг юм. Анх Монголын тал 49 хувийг эзэмшиж байсан. Сүүлд гэрээг шинэчлэхэд Монголын тал 51 хувь эзэмшихээр болж, гэрээг өөрт ашигтай болгож чадсан. Богино хугацаанд гэрээг эргэж хянасан нь бидэнд өгөөжөө өгсөн. Энэ нь гэрээний хугацаа богино байсны ач гавьяа гарчээ гэж үзмээр байгаа юм. Үүнтэй жишээд бодоход Оюутолгойн гэрээний хугацааг бид хэтэрхий урт хийсэн санагддаг. Тооцоо судалгааны үндсэн дээр бодож хийсэн байлгүй дээ л гэж хэлмээр байна.
“Эрдэнэт”-ийн гэрээний нөхцөлийг өөрчлөхөөс өмнө ба хойно Монголын талын ашиг яаж өөрчлөгдсөн бол?
“Эрдэнэт”-ийн бүтээгдэхүүн бол зөвхөн ганц зэс биш юм. Лабораторийн анализаараа, мөн мэргэжилтнүүдийн хэлж ярьсан зүйл дотор олон тоо бий. 1980-аад оны эхээр “Эрдэнэт”-ийн нэг тонн зэсийн баяжмал дотор дөрвөн грамм алт гардаг байлаа. Мөн тус ордоос олборлосон зэсийг хайлуулахад жилд 60000 кг цалин цагаан мөнгө гардаг байв. 1991 онд хоёр орны Засгийн газрын түвшинд хэлэлцээр хийхдээ энэ хайлсан мөнгөнийхөө талыг Монголын тал буцааж авна гэдэг саналыг Дашийн Бямбасүрэн анх зоригтой гаргаж тавьсан. Тэгээд л асуудал анх хөдөлж билээ. Ер нь асуудлыг дараа нь араас нэхэж хөөцөлдөх хэцүү. Гэрээнд хоёр тал байдаг. Нэг нь заавал сул тал болж хувирдаг эрсдэлтэй. Хөрөнгө оруулалтын бүх гэрээн дээр монголчууд нэг хэсэгтээ “сул тал”-ын ийм байр сууринаасаа салж чадахгүй. Өнгөт металлын баяжмал гэдэг дандаа холимог бөгөөд баялаг агууламжтай байдаг. “Эрдэнэт”-ийн зэс, молибдений баяжмал дахь “дагалдах баялаг”-ийг анхнаас нь ялган хувааж авч, харилцан ашигтай зарж борлуулсан бол толгой эргэхээр их тоо гарна.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.