Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Юу төлснөө нийтэл, юу авснаа ч бас нийтэл

Юу төлснөө нийтэл, юу авснаа ч бас нийтэл. Маш энгийн сонсогдож байгаа биз. Энэ энгийн мөртлөө чухал агуулгатай зарчмыг Тони Блейр Английн Ерөнхий сайд байхдаа олон улсын түвшинд хэрэгжүүлэхийг уриалсан юм. Гол санаа нь компаниуд төлснөө, Засгийн газар хүлээн авснаа тайлагнах, тайлангаа аудитаар хянуулах, хэвлүүлж нийтэд ил тод болгох гэсэн зарчим юм. 2002 оны есдүгээр сард Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо НҮБ-ын ивээл дор зохиогдсон “Тогтвортой хөгжлийн дэлхийн дээд хэмжээний уулзалт”-ын индэр дээрээс цуурайтсан энэ санаачилга ажил хэрэг болж өдгөө дэлхийн олон улс орныг хамраад байна. 

Газрын тос, байгалийн хий болон бусад ашигт малтмалын баялаг ихтэй улс орнууд эдийн засгийн хөгжил, засаглалын  хувьд баялгаар хомс орнуудаас доогуур байх нь түгээмэл. Судлаачдын дүгнэснээр бол байгалийн баялгаа цөөхөн хүний хүрээнд, олон нийтийн хараа хяналтгүйгээр захиран зарцуулснаар улс орны эдийн засгийг өөд татах нь бүү хэл харин ч авлига, ядуурлыг нэмэгдүүлж, эдийн засгийг хойш татдаг байна. Энэ нь хөгжлөөр хоцрогдсон улс оронд илүү хурцаар тавигддаг бөгөөд ил тод, хариуцлагатай байдлыг хөхиүлэн дэмжсэнээр орлогыг буруу зохицуулснаас үүдэж болох сөрөг нөлөөллийг багасгах талтай. Байгалийн нөөц баялаг ихтэй улс орны засаглалыг сайжруулахад чиглэсэн эл санаачилгыг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/ гэж нэрийджээ.

Төлсөн авснаа ил тод болгох зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулж, шаардагдах хөрөнгийг Олон улсын итгэлцлийн санд байршуулсан байна. Итгэлцлийн сангийн мөнгийг хандивлагч болон дэмжигч орнууд голдуу бүрдүүлдэг. Санаачилгыг хэрэгжүүлж байгаа орнууд албан ёсны хүсэлтээ гаргаснаар тэндээс тодорхой хэмжээний санхүүжилт авна. ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар болон компаниуд, гурав дахь талд нь иргэний нийгэм сууж, хамтран ажилладаг. Засгийн газар авснаа, компани өгснөө тайлагнах явцад ямар нэг хуйвалдаан байна уу гэдгийг иргэний нийгэм хөндлөнгөөс хянадаг гэсэн үг. 

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга Монголд хэрхэн хэрэгжиж байна вэ? 

Монгол улс ойрын ирээдүйд уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийд дээгүүрт орох орон болно. Анхнаас нь зөв удирдаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, авлигагүй орчин бий болгоход ОҮИТБС дөхөм болох юм байна гэсэн үүднээс Монгол улсын Засгийн газар 2006 онд санаачилгад нэгдэх тухай тогтоол гаргажээ. Үүгээрээ ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгч орон болж буйгаа дэлхий нийтэд зарласан байна. Засгийн газар, компани, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан Үндэсний зөвлөл Монголын ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх гол байгууллага нь. Зөвлөлийг Ерөнхий сайд ахалдаг. Гурван талын оролцоотой ажиллагааны өдөр тутмын ажлыг Ажлын алба авч явдаг байна.

 

 Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.