Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Д.Батхуяг: Бид “тоглоомын дүрэм”-ээ нэг мөр, ойлгомжтой болгох ёстой

Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягтай Г.Идэрхангай ярилцлаа

Та Засгийн газрын  хэрэгжүүлэгч агентлагийн даргын албыг хүлээн авсан даруйдаа хууль бусаар олгогдсон хайгуулын болон ашиглалтын 5000 орчим лицензийг хураах арга хэмжээ авсан. Гэвч лиценз хураалгаж байгаа компаниудын зүгээс  нэлээд гомдол гарч байна. Энэ ажлын явц хэр байна вэ?

Би Ашигт малтмалын газрын даргын албыг хүлээж аваад хоёр жил гаруй болж байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн  дагуу  лиценз олголтыг хууль журмын хүрээнд цэгцлэх   үүрэг надад ногдсон. Нэг үгээр, дөрвөн жилийн хугацаанд миний хийж гүйцэтгэх гол ажлуудын нэг энэ байх болно. Анх намайг ажил хүлээж авахад 48.2 сая орчим га газар нутагт хайгуулын болон ашиглалтын 5187  лиценз үйлчилж байсан. Өнөөдөр  үүнээс 21 сая га гаруй газрыг чөлөөлж, төрийн мэдэлд аваад байна. Яг одоо хайгуулын 3155, ашиглалтын 1134 орчим лиценз дээр бидний ажил төвлөрч байгаа. Ашиглалтын лицензийн тоо тодорхой хэмжээгээр өсч байна. Хайгуулаас ашиглалтын лиценз рүү шилждэг болохоор ингэж өсөх нь ч аргагүй. 3155 лиценз дотор хууль эрх зүйн шүүлт хийнэ. Тэгэхээр лицензийн тоо буурах л байх. Ашигт малтмалын газартай харьцаж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монгол улсын хууль дүрэмд захирагдах ёстой гэсэн ганц, тодорхой зарчим  үйлчлэх ёстой.   Түүнээс биш төр засаг лицензээ дураа хүрэхээр өгчихөөд, дургүйгээ хүрэхээр буцаагаад авчихаж байгаа хэрэг биш юм. Хууль тогтоомжийг огт хэрэгжүүлдэггүй, тоодоггүй компани, аж ахуйн нэгжүүдтэй   бид хариуцлага тооцож ажиллаж байна.

Лицензийн тоо цөөрүүлэх нь  Монгол улсын уул уурхайн салбарт ямар эерэг үр дүн авчрах вэ. Нүдэнд харагдаж, гарт баригдахуйц шууд үр дүн гарах уу?

Энэ бол тусдаа асуудал. Лицензийн тоог цөөрүүлэх нь цаашид Монгол улсын хөгжил дэвшилд хэр сайн нөлөөтэй юм, уул уурхайн салбарт ямар давуу тал, үр өгөөж өгөх юм бэ. Энэ чиглэлээр Эрдэс баялаг, эрчим хүчний яам бодлого гаргаж ажиллана. Бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх үүрэг даалгаврууд ч бий. Лицензийн тоог энэ байдлаар бууруулаад байвал уул уурхайн салбар   ирээдүйд ямар үр дүнд хүрэх нь одоохондоо  яг таг хэлчихээр ойлгомжтой биш байна. Үр дүн нь Монгол улсын эдийн засаг, хөгжил дэвшилтэй уялдаж байж л тодорхой болох болов уу.

Ер нь Монголын уул уурхайн лицензтэй холбоотой бүх газар нутгийг ухаж, төнхөөд гадаадынханд өгөөд байна гэсэн буруу ойлголт иргэдэд байх шиг байна. Гэтэл амьдрал дээр нийт газар нутгийн 17,1 хувьд нь хайгуулын, 0,3 хувьд нь ашиглалтын лиценз олгосон. Эндээс  Монгол улс газраа бага судалж байгаа нь харагдаж байна. Нөөцийн асуудал бол яах аргагүй хөндөгдөх сэдэв. Монгол улс газар дорх баялгийнхаа нөөцийн хэмжээг өнөө хүртэл нарийн, тодорхой гаргаж амжаагүй байна. Хэчнээн тонн алт, нүүрсний нөөцтэй юм бэ гэсэн чиглэлээр судалгаа явагдаж  байна. Нөөцөө тогтоосны дараа үүнийгээ хэнтэй, хэрхэн ашиглах вэ гэдэг цаашдаа төрийн том бодлогын асуудал.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ашигт малтмалын лицензийг шинээр олгох, шилжүүлэхийг хориглосон. Энэ бол мэдээж үндэсний аюулгүй байдлаа эрхэмлэсэн шийдвэр. Гэвч гадаадын хөрөнгө оруулагчдад сөргөөр тусах талтай юм шиг?

Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ-аас шийдвэр гарч  хайгуулын лиценз олголтыг 2010 оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зогсоосон. Энэ шийдвэр нь нэг талдаа лицензийг цөөлж байгаа бидний ажилтай уялдаж байна. Харин лиценз шилжүүлгийн тухайд хуулийн хүрээнд явагдаж байгаа.  Ер нь хөрөнгө оруулагчид гомдол мэдүүлэхээсээ илүү “Танай хууль хатуу чанга байх нь хамаагүй. Энэ бол танай мэдэх асуудал. Хамгийн гол нь  хууль журмаа тогтвортой байлгаж өгөөч”  гэдэг. Хайгуулын лицензийг шинээр олгосонгүй гээд манайх  санхүүгийн хохирол амсахгүй л болов уу.  Манайх  лицензийн төлбөрөөс жилдээ 28-30 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Лицензтэй холбоотой бас нэг том асуудал нь хэний хөрөнгөөр хайгуул хийгээд байна вэ гэдэгт байдаг. Одоогийн хуулиар  хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр л хайгуул хийлгэх эрхтэй. Мэдээж хэрэг лиценз олголтыг ингэж зогсоосон тохиолдолд төр засаг өөрөө газрын баялгаа судлах бодлогоо тодорхойлж гаргах зайлшгүй шаардлага тулгарч байна. Хайгуулыг хувийн хөрөнгөөр хийлгэхгүй гэвэл нэг бол төсвийн, нөгөө бол гадаадын зээлээр хийхээс аргагүй болно. Хайгуулын ажлын гол зорилго нь баялгаа бүртгэх, мэдэж авах л асуудал шүү дээ. Ашиглах эсэх нь дараагийн алхам.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.