Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

“Удахгүй эхлэх бүр том өсөлтөд ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай”

Лондонгийн хөрөнгийн биржийн Үнэт цаас, анхдагч зах зээлийн газрын захирал, хатагтай Треси Пирстэй  Н.Ариунтуяа ярилцлаа.

Есдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо Монголын хөрөнгийн зах зээлийн II бага хурал болсон билээ. Бага хурлыг Лондонгийн хөрөнгийн биржээс зохион байгуулсан юм. Хатагтай Треси Пирс бага хурал дээр шинээр өсч хөгжиж буй Монгол улсынх шиг зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаат компани болох боломжийн талаар илтгэл тавьсан юм.

Лондонгийн хөрөнгийн бирж Монгол улсыг онцлон хөрөнгийн зах зээлийн хурлыг зохион байгуулж буйн учир нь юу вэ?   

Би Монгол улсад хоёр дахь удаагаа ирж байна. Монгол улсад ажиглагдаж буй эдийн засгийн өсөлтүүдийг харахдаа баяртай байдаг. Бид Лондонгоос энэ өсөлтийг маш анхааралтай ажиглаж байдаг юм. Удахгүй ирэх бүр том өсөлтөд ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж Лондонгийн хөрөнгийн биржийн санхүүгийн секторын мэргэжилтнүүд үзэж байгаа. Хөгжлийн хажуугаар бэрхшээл учрах нь мэдээж хэрэг. Тэдгээрийн нэг тулгарч буй бэрхшээл нь хөрөнгийн зах зээлийн хөгжүүлэх шаардлага юм. Лондонгийн хөрөнгийн бирж энэ бэрхшээлийг давахад хоёр чиглэлээр дэмжлэг үзүүлж чадна. Нэгдүгээрт, Монголын компаниудад гадны хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Үйл ажиллагаагаа цааш өргөжүүлэхэд хэрэгтэй хөрөнгө оруулалтыг босгоход нь тусална гэсэн үг. Хоёрдугаарт, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд зөвлөгөө, туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэж бодож байна.

Лондонгийн хөрөнгийн биржийн нэг давуу тал нь дэлхийн өнцөг булан бүрт шинээр үүсч хөгжиж байгаа төрөл бүрийн салбарын төлөөлөл бүхий компаниудыг нэгтгэдэгт байгаа юм. Ялангуяа, уул уурхай, газрын тос, байгалийн хий, санхүүгийн үйлчилгээ болоод бусад үйлчилгээний салбаруудад ажиллаж, хөрөнгийг нь чиглүүлж, хөрөнгө оруулдаг нь бидний давуу тал юм.
Бид хөрөнгийн биржид хувьцаа гаргахад тусалж, зөвлөгөө өгдөг компаниудтай харилцан ярилцаж, мэдээлэл солилцохоор энэ бага хурлыг зохион байгууллаа.

Манайх шиг хөгжиж буй улстай хамтарч ажилласан туршлага Лондонгийн хөрөнгийн биржид хэр арвин бэ? Монголыг хэдийнээс судалж байна вэ?

Манай хөрөнгийн биржийн нийт активын 12 хувь нь шинээр үүсч, хөгжиж, гарч ирж байгаа компаниудын хөрөнгөөс бүрддэг. Өөрөөр хэлбэл, бид хэдэн арван жилийн турш Орос, Бразил, Энэтхэг болоод бусад шинээр гарч ирж байгаа зах зээл рүү судалгаа хийсэн. ДНБ-ий өндөр өсөлт таамаглагдаж байгаа болон эдийн засгийн хувьд хөлөө олж байгаа зах зээлийг бид онилдог. Бид 12 сарын турш Монголын зах зээлийг судалсан.

Шинээр өсч хөгжиж буй зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд Лондонгийн хөрөнгийн бирж дээр хэрхэн хувьцаат компани болох боломжтой талаар Та илтгэл тавьсан. Таны илтгэл Монголын компаниудын сонирхлыг татсан нь гарцаагүй. Монголын компаниудад ямар боломж байна гэж Та харж байна вэ? 
  

200 жилийн настай Лондонгийн хөрөнгийн бирж Монголд амжилттай хөгжих хамгийн магадлал бүхий уул уурхайн салбартай холбоотой нөр их дадлага туршлага хуримтлуулсан юм. Бид уул уурхайн компаниудад зөвхөн хөрөнгийн эх үүсвэрийг санал болгохын зэрэгцээ тэдгээрийн олон улсын тавцан дахь нэр хүндийг дээшлүүлэх боломжийг санал болгож байгаа юм шүү. Лондон бол дэлхийн хөрөнгийн зах зээлийн зангилаа төв болчихоод байгаа. Энэ төвд хэрхэн орж, яаж хөлөө олоход нь бид Монголын компаниудад туслахыг хүсч байна.

Бид хоёр төрлийн зах зээлийг санал болгож байгаа юм. Нэгдүгээрх нь гол зах зээл. Энэ нь хөлөө олчихсон, үйл ажиллагаагаа олон жилийн турш тогтвортой явуулж байгаа компаниудыг оролцуулдаг. Нөгөөх нь AIM буюу жижиг болон дунд хэмжээний компаниудад зориулагдсан зах зээл юм. Гол зах зээл дээр Монголын уул уурхайн томоохон  компаниудыг онилж байгаа. AIM зах зээл дээр одоо арилжаа явуулж байгаа “Петро Матад” зэрэг компани бий. Тэгэхээр жижиг болон дунд хэмжээний компаниуд амжилттай үйл ажиллагаа явуулж болно гэж үзэж байгаа.

Лондонгийн бирж Монголын компаниудад бирж дээр давхар бүртгүүлэх /dual-listing/ бололцоог олгож байгаа гэсэн. Энэ талаар тодруулж ярина уу?

Бид давхар бүртгэлтэй болгох асуудлыг харгалзан үзэж байна. Энэ нь дотоодын бирж болон Лондонгийн хөрөнгийн биржид нэгэн зэрэг давхар бүртгэлтэй байх асуудлыг хэлж буй юм. Дотоодын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох зорилготой компаниуд өөрийн хөрөнгийн бирждээ гарахаас гадна гадаад зах зээл дээр гарах сонирхолтой бол Лондонгийн хөрөнгийн биржид гарч болно. Тэгэхээр аль аль хөрөнгийн бирж нь өөрийн шалгуур үзүүлэлтийг тавина. Тухайн компани дотоод, гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй байх үйл ажиллагаагаа нэгэн зэрэг явуулж болно. Эсвэл эхлээд дотооддоо бүртгэлтэй болчихоод дараа нь Лондонд IPO хийн гарч ирж болно гэсэн үг юм.
Жишээ хэлэхэд, ОХУ-ын 27 компани давхар бүртгэлтэй. Тэднийг ажиглаж байхад Лондонд давхар бүртгэлтэй болсны дараа хөрөнгийн хөрвөх чадвар нь маш түргэн нэмэгдсэн байдаг. Бараг 20 гаруй хувиар нэмэгдсэн байгаа. 

Лондонгийн хөрөнгийн бирж Монголын Хөрөнгийн биржийг гадаадын менежментийн багаар удирдуулахаар зарласан сонгон шалгаруулалтад саналаа ирүүлсэн биржийн нэг. Удирдлагын багт ажиллавал ямар өөрчлөлт авчирч чадна гэж оролцсон бэ?  

Олон улсын тендерийн үйл явц үргэлжилж байгаа гэж сонссон. Бид саналаа өгсөн.  Ингэхдээ өөрсдийн дадлага туршлага болоод техникийн хүчин чадлаа тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, бид удирдлагын багт ажилласнаар Монголын хөрөнгийн биржид ямар шинэ технологи нэвтрүүлж чадах, арилжаа, бүртгэлийн процессыг хэрхэн шинэчилж чадахаа тусгасан гэсэн үг. Шинэ ноу-хауг  авчирч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Бид танай Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд оролцож, ноу-хауг нэвтрүүлснээр харилцан ашигтай байх зарчмыг л баримтална. Монголын эдийн засагт урт удаан хугацааны хамтын ажиллагаа эхлүүлнэ гэж бодож байгаа. Нэг нэгнийхээ ашиг сонирхолд нийцэхүйц хамтын ажиллагааг хөгжүүлэх болно.

“Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын бирж дээр IPO хийх төлөвлөгөөтэй байгаа. Хэрвээ Лондонгийн хөрөнгийн бирж дээр IPO хийнэ гэвэл стандарт, шалгуурыг нь хангаж чадах уу? 

Бидэнд нэг компанийг онцолж ярих сонирхол алга байна. Ямартай ч Монголын аж ахуйн нэгжүүд Лондонгийн хөрөнгийн биржид гарахын тулд тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангах ёстой.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд Лондонгийн хөрөнгийн биржид гарна гэдэг нь  хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг эрэлхийлж байгаа хэрэг. Лондонгийн хөрөнгийн бирж маш олон салбараас хөрөнгийн эх үүсвэр төвлөрүүлчихсэн байгууллага. Компанийн засаглалын тодорхой дүрэм журам, стандарттай. Ил тод байдал, хувьцаа эзэмшигчдээ хамгаалах зэрэг олон талаар бид өөрсдийн дүрэм журмын дагуу нягталж шалгана. BHP Billiton, Rio Tinto, Extrata зэрэг томоохон компаниуд  танай дотоодын компаниудтай Лондонгийн хөрөнгийн биржид нэгэн зэрэг бүртгэлтэй байгаа. Мөн л хөрөнгийн эх үүсвэрүүдийг эрэлхийлж арилжаанд оролцож байгаа шүү дээ.

Гол зах зээл дээр арилжаа явуулах зорилготой компаниуд “deposit receipt”  гэсэн шалгуурыг хангасан байх ёстой. Тиймээс бид “Эрдэнэс Тавантолгой” компани манай бирж дээр гарна гэвэл мөн л энэ шаардлагынхаа дагуу судалж үзнэ. “Эрдэнэс Тавантолгой” эхлээд хөрөнгө оруулалтын банкаа сонгож авах ёстой. Дараа нь маш сайн үнэлгээ хийх чадвартай хуульч, эдийн засагч, нягтлан бодогч зэрэг мэргэжилтнүүдийг авч ажиллуулах хэрэгтэй болно. Тухайн компани өөрийн ТУЗ болон бүтэц зохион байгуулалт, санхүүгийн тайлангийн зарчмаа сайтар танилцуулах ёстой. Ялангуяа, олон улсын санхүүгийн тайлангийн зарчмуудад нийцсэн тайлан гаргаж, тэр мэдээллээ олон нийтэд цацаж байна уу гэдгийг бид эн тэргүүнд шалгах болно. Бидний томилсон зөвлөх тухайн компанийн үйл ажиллагааны тойм зураглалыг гаргаж өгнө.

Тухайн компани зөвхөн IPO хийх зорилгоор Лондонгийн хөрөнгийн биржид гарах ёсгүй. IPO хийсний дараа ч гэсэн хөрөнгө болон  үйл ажиллагааныхаа тогтвортой байдлыг хадгалах ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн хувьд доод тал нь 25 хувийн тогтвортой байдлаа хангаж байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.