Energy Resources компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй ярилцлаа.
MMC олон улсын бирж дээр гарснаар танай ажилд ямар өөрчлөлт гарсан бэ?
Энэ бол хүнээр жиших юм бол хөгжлийн нэг шат юм. Монгол улсад хувийн хэвшил хөгжөөд 20 гаруй жил боллоо. Хөгжлийн эхэн үед хувиараа ажиллах эрмэлзэлтэй хүмүүс хоршиж, яваандаа хувийн компани болон өсөн дэвжсээр одоо шинэ шатанд хувьцаат компани болж байна шүү дээ. Үйл ажиллагааны маань шинэ шатанд бидэнд хамгийн гол нь хариуцлага их нэмэгдэж байна. Аж ахуй эрхлэгчид өмнө нь өөрийнхөө өмчөөр дэнчин тавиад бизнесийнхээ эрсдэлийг үүрээд явдаг байсан бол одоо олон улсын хөрөнгийн зах дээр гараад, хөрөнгө босгон түүнээ үр ашигтай зөв зарцуулж ажиллах нь чухал боллоо. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэдэн зуун мянгаар тоологдох хөрөнгө оруулагч нар тухайн компанийн удирдлага, менежментэд итгээд хөрөнгөө даатгуулсан учраас тэр хэрээр хариуцлага маш их нэмэгдэж байгаа юм.
Дэлхийг тойрсон хэдэн зуун мянган хувьцаа эзэмшигч гэж Та хэллээ. Хэвлэлүүдээр MMC-ийн гол хувьцааг хятадууд авчихлаа гэж бичиж байна. Гол худалдан авагч нь хэн бэ?
Хонконгийн Хөрөнгийн бирж нь хөрөнгийн эргэлтээрээ Нью-Йорк, Лондонгийн дараа дэлхийд гуравдугаарт ордог. Тэр утгаараа далайцтай хөрөнгө оруулалт, хэдэн тэрбумын менежментийг зохицуулж ажилладаг барууны томоохон банк, сангууд Хонконгийн Хөрөнгийн бирж дээр өөрийн төлөөлөгчтэй. Түүгээрээ дамжуулан хөрөнгө оруулалт хийдэг. Түүнчлэн Тэтгэврийн сан ч гэж ярьдаг, улс орнуудын хуримтлалын томоохон сангууд байдаг шүү дээ. Тэдгээр сангууд нийтийн, улсын орныхоо баялгийг арвижуулж байдаг. Иймэрхүү бие даасан сангууд бас биржид хөрөнгө оруулалт хийж өөрсдийнхөө хөрөнгийг арвижуулдаг. Арилжаанд гаргасан хувьцааны 90 хувь нь иймэрхүү том том хөрөнгө оруулалтын сан дээр хуваарилагдаж очсон. Үлдэх 10 хувьд нь Хөрөнгийн биржээрээ дамжуулаад redial буюу хувь хүмүүс хөрөнгө оруулах боломжийг биржээс олгодог юм. Тиймээс манай компани Хонконгийн хөрөнгийн биржийн дүрмийн дагуу хөрөнгөө ийн бүрдүүлсэн. Хөрөнгө оруулалтын хувьд Хойд Америк, Канад, АНУ, Австрали, Сингапур, Хонконг, Герман, Их Британийн томоохон сангууд хөрөнгө оруулалтад нэлээд сонирхож оролцсон. Тэгэхээр эндээс барууны хөрөнгө оруулалтын нэр хүндтэй сангууд манай компанид хөрөнгө оруулалт хийснийг харж болно.
Хөрөнгө оруулалтын ийм харьцаа нь бусад IPO-ийн хувьд ч бас ердийн жишиг үү? 90 хувьд нь ийм томоохон хөрөнгө оруулалтыг авч, үлдсэн хувийг жижиг хувьцаа эзэмшигч худалдан авдаг гэсэн бүтэц байдаг уу?
Тухайн компанийн өмнөө тавьж буй зорилтоос хамаарна. Манай компанийн хувьд урт хугацаанд хамтран ажиллах, уул уурхайн салбарын үйл ажиллагааг сайтар ойлгодог, эрсдэлийг нь даах чадвартай тийм хөрөнгө оруулагчдыг оруулах сонирхол эрмэлзэлтэй байсан. Өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бусад компанийн хувьд миний бодлоор зах зээлийн хөдөлгөөн савлагаатай үед илүү их мөнгө босгох үүднээс богино хугацаанд ашиг олох сонирхлоор хөрөнгө оруулдаг байж болох юм.
Хөрөнгө оруулагчдыг сонгоход тухайн компани, жишээ нь MMC ямар үүрэгтэй вэ?Аль эсвэл сангууд өөрсдөө компанийг сонгох уу?
Хоёр талтай үйл явц. Сангууд ч, бид ч өөрсдийн сонирхлыг тал талаасаа илэрхийлнэ. Бид ч бас өөрсдийн зүгээс ямар хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах талаараа бодно. Мэдээж дэлхий даяар байгаа хэдэн мянган хөрөнгө оруулагчид ямар үйл ажиллагаа явуулж буйг бид нэг бүрчлэн мэдэх боломжгүй л дээ. Тэр утгаараа хөрөнгийн зах зээл дээр гарахад global coordinator, book runner гэсэн чиг үүрэгтэй хөрөнгө оруулалтын банкуудыг хөлсөлж ажиллуулдаг. Манай хувьд Америкийн нэр хүндтэй JPMorgan, Citi банкууд ажилласан. Хөрөнгө оруулагчидтай байнга харьцдаг, хамтран ажилладаг арвин баялаг туршлагатай тэдгээр банк бидэнд зөвлөгөө өгч байсан.
Дэлхийн томоохон Банк, сангуудын хооронд хэр их өрсөлдөөн байдаг вэ? Тухайлбал, Монголын MMC компанид өрсөж хөрөнгө оруулах юмсан гэсэн эрмэлзэл хандлага хэр их байв?
Бид бэлтгэл ажлаа хангах явцдаа эхний ээлжинд 6-7 банкны төлөөлөлтэй уулзаж байж дээрх хоёр банкийг сонгосон. Тэгэхээр мэдээж тодорхой хэмжээнд тэдний дунд өрсөлдөөн бий.
Хөрөнгийн захаас босгосон санхүүжилт ямар ажлуудад зарцуулагдах вэ?
Биржээс хөрөнгө босгоход шинэ хөрөнгө оруулагч нар орж ирж байна гэсэн үг. Тэдэнд бид өөрийн бизнес төлөвлөгөөгөө танилцуулсан. Energy Resources компани ямар бизнес эрхэлдэг, ямар томоохон зорилтуудыг ямар хугацаанд тавьж ажиллах тухайгаа танилцуулна гэсэн үг. Ингээд хөрөнгө оруулагчдад тухайн компанийн ирээдүйд, менежментэд итгэх итгэл байх юм бол бидэнтэй хамтран ажиллана. Бидний гол хариуцлага бол гаргасан бизнес төлөвлөгөө, амлалтаа ягштал биелүүлэх явдал юм. Тэрхүү бизнес төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө босгож байна гэсэн үг. Хөрөнгө босгочихсон юм чинь одоо хамаагүй, дур мэдэн ашиглана гэсэн ойлголт байхгүй. Зорьсон амласандаа хүрэхийн тулд л санхүүжилтийг ашиглана. Бид тэрхүү зорилтоо бизнес төлөвлөгөөндөө маш тодорхой тусгасан. Тухайлбал, манайд ч, бусад компаниудад ч адилхан тулгамдаж байгаа уул уурхай дахь дэд бүтцийн асуудал байна. Ашигт малтмалыг олборлоод, боловсруулж болно. Зах зээлд нь хүргэж өгөх дэд бүтэц нэн чухал асуудал юм. Ялангуяа нүүрс, төмрийн хүдэр гэсэн уул уурхайн тодорхой үйлдвэрлэл Монголд хөгжих өргөн ирээдүй харагдаж байна. Зөвхөн алт, зэс экспортлоод явдаг цаг өөрчлөгдөж эхэллээ. Бүх зүйл зэсийн ханшаас хамаарч, үнэ буурахад эдийн засаг нь сөхөрч, өсөхөд бага зэрэг сэхэл авдаг байсан шүү дээ. Одоо бол нүүрсний экспорт энэ оны эхний арван сарын байдлаар зэсийнхээс давчихлаа шүү дээ. Тэгэхээр одоо зэсээс илүү нүүрс валютын урсгалыг оруулж ирж байна. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэлд өргөн ирээдүй харагдаж байгаа. Манай улсад хэд хэдэн төмрийн хүдрийн орд үйл ажиллагаа явуулж байна. Ер нь бол зөвхөн уул уурхай дээр тулгуурласан эдийн засагтай болчих вий гэсэн болгоомжлол байдаг. Тэгвэл уул уурхай дотроо зөвхөн зэс гэлгүй, бас өөр бүтээгдэхүүнүүдээс хамаарч, уул уурхайн салбар нь өөрөө дотроо төрөлжсөн байх ёстой. Тэгж байж аль нэг бүтээгдэхүүний үнийн савлагааг тэнцвэржүүлэх юм. Миний ойлголтоор Монголын эдийн засагт нүүрс, төмрийн хүдрийн ач холбогдол цаашдаа их өснө. Жишээ нь алтыг цүнхлээд явчихаж болно. Гэтэл нүүрс, төмрийн хүдэр хэдэн арван сая тонноор яригдах тул дэд бүтцийн асуудал зайлшгүй гарч ирнэ. Машинаар тээвэрлэнэ гэдэг хязгаарлагдмал ойлголт юм. Хэмжээг нь өсгөж, илүү үр өгөөжтэй ажиллая гэвэл мэдээж илүү тохиромжтой дэд бүтцийн шийдвэрүүд хэрэгтэй. Түүний нэг нь төмөр зам. Тэгэхээр манай компанийн хувьд санхүүжилтийн ерөнхий гол зарцуулалт нь дэд бүтцийг сайжруулахад чиглэнэ. Хүнд даацын, хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлээд явж байна. Ирэх жилийн дунд гэхэд замаа бүрэн ашиглалтад өгөхөөр зорин ажиллаж байгаа. Төмөр замын төслийн хувьд ТЭЗҮ-ийг нь Германы төмөр замын концернтэй хамтраад дуусгасан. Энэ төсөл маань УИХ-аас зургадугаар сард баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт бас тусгагдсан. Ерөнхийдөө дэд бүтцээ өргөжүүлэн хөгжүүлэх, зах зээлд хүрэх замаа сайжруулах тал дээр гол хөрөнгө оруулалтууд хийгдэнэ.
Азийн уул уурхайн шилдэг компани болох зорилгоо танай хамт олон зарласан. Ийм түвшинд хүрэхийн тулд гол ямар шалгуурууд хангасан байх ёстой вэ?
Канад, Австрали, Хятад, сүүлийн үед Индонези зэрэг улс уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарт нэлээд эрчимтэй ажиллаж байна. Ази, Номхон далайн бүс нутагтаа эдгээр улсын компаниуд нэлээд томрон гарч ирлээ. Бидний хувьд шилдэг байна гэдэг хамгийн том гэсэн утга биш юм. Шилдэг байна гэдгийн цаана байгаль орчинд аюулгүй ажиллагаа, хамгийн дэвшилттэй техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх, түүнчлэн эрч хүчтэй, өөдрөг сэтгэлтэй ажилладаг хамт олон болъё гэсэн утгыг агуулж байгаа юм. Монгол улс маань залуу, хүн амынх нь бараг 70 хувь нь 35-аас доош насныхан. Тиймээс Монгол маань эрч хүчтэй, өөдрөг залуусын эх орон шүү дээ.
“Ухаа Худаг” төслийн дэд бүтцийн ажлын явц ямар байгаа вэ? Баяжуулах үйлдвэр, цахилгаан станц хэзээ бүрэн хүчин чадлаараа ажиллах вэ?
Бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд сүүлийн хоёр жил хагас нэлээд эрчимтэй ажиллалаа. Цахилгаан станцын бүтээн байгуулалт эрчимтэй явж байна. 12 Мгв-ыг өргөтгөөд 18 Мгв болгохоор ажиллаж байгаа. Станц маань тухайн сумандаа эрчим хүч нийлүүлэхээс гадна Баяжуулах үйлдвэрийг цахилгаанаар хангана. Энэ станцын онцлог нь Монголын инженерүүдийн ур чадвараар босч буй анхны станц юм. Нөгөө талаасаа байгаль орчин, экологийн аюулгүй байдлыг анхаарч, Дэлхийн банкны хорт бодис ялгаруулах стандартыг мөрдөн ажилласан. Утаа тоос баригч, исэл бууруулагч зэрэг технологийг нэвтрүүлж буй юм. Мөн хуурай хөргөлттэй Монголын анхны цахилгаан станц болох юм. Энэ бүхнээрээ онцлог бүтээн байгуулалт. Монголын үндэсний компаниудын консорциум бие даан ажиллаж байгаа. “MCS International”, “Хасу” , “Мегаватт” гурван компани толгойлсон үндэсний консорциум ажиллаж байна.
Баяжуулах үйлдвэрийн хувьд барилга угсралтын гол ажлууд нь ерөнхийдөө энэ оны сүүлээр дуусаад, туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлнэ. Ирэх жилийн эхний улиралд багтаж үйлдвэрээ ашиглалтад оруулан, Монголоосоо дэлхийн зах зээлд хүргэх коксжих нүүрсний баяжмалыг гаргаж, нэмүү өртгийг эх орондоо бий олгох анхны алхмыг хийнэ гэдэгтээ манай хамт олон бахархалтай ажиллаж байна. Монгол орон уул уурхайн боловсруулах салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс үйлдвэр маань ашиглалтад орох нь тун чухал ач холбогдолтой юм. Гол нь Монголд нэмүү өртөг, ажлын байр бий болно, шилдэг техник технологийг нэвтрүүлнэ. Тэр ч утгаар нь бид Австралийн шилдэг инженерингийн компани “Сейжмэн”-ийг оруулж ирэн, тэдний техник, технологийн дагуу ажиллаж байна. Өмнө нь Монголын нүүрсийг түүхийгээр нь худалдан авч, хил давуулаад, баяжуулах үйл ажиллагааг нь явуулан, цаашаа эцсийн хэрэглэгчдэд үнэ хүргэж зардаг байсан. Тэр ашиг, нэмүү өртгийг Монголд бий болгохын төлөө бид чармайн ажиллаж байна.
“Ухаа Худаг” уурхайн дэргэд усны нөөц бүрдүүлэх сан байгуулж байгаатай энэ зун танилцсан. Энэ нь гадны технологи уу, эсвэл Монголын мэргэжилтнүүдийн хийсэн төсөл үү?
Манай өөрийн төслийн баг Австралийн “Акватерри” компанитай хамтарч ажиллаж байгаа. Усан сан байгуулан хулдаас дэвсэх энэ ажлыг Австралийн FLI компани гүйцэтгэсэн. Ер нь бол барилгын гол угсралтын ажлыг Монголын компаниуд гүйцэтгэсэн. Зураг төсөл дээр нь “Монхидро констракшн” компани ажилласан юм. Ер нь бид “Ухаа Худаг” төслийн бүхий л үе шатыг хэрэгжүүлэхдээ аль болох барууны дэвшилтэт техник технологийг оруулж ирье гэсэн зорилготой. Мөн монголчуудынхаа оролцоог хамгийн дээд зэрэг байлгая гэсэн зорилготой ажилладаг. Монголын компаниуд маань ийм том бүтээн байгуулалтуудад оролцсоноор барууны шилдэг компаниудын дадлага туршлагаас суралцаж байгааг нь хараад баярладаг.
Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд ашиглалтад орсны дараа ажиллах боловсон хүчин, мэргэжилтний хангамж хэр байгаа вэ?
Энэ бол уул уурхайн салбараас гадна барилга, үйлдвэрлэл гээд бусад салбарт ч тулгамддаг асуудал. Ажлын байр бий болгосноор орон нутгийн хөгжилд маш их түлхэц дэм болно. Тиймээс бид шинээр бий болгосон ажлын байрныхаа 25-аас доошгүй хувьд орон нутгийн, тухайлбал Өмнөговийн иргэдийг ажиллуулна гэж зорьсон. Одоо энэ тоо 40 гаруй хувьтай явж байна.
Нөгөө талаас, залуу мэргэжилтэн бэлтгэх нь их чухал. Бид ШУТИС-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Геологи, уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудад том бүтээн байгуулалтын талбарт очин ажлын амтыг биеэр мэдэрч, дадлага хийх боломж олгодог. Геологи, байгаль орчин, уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр хүүхдүүд дадлага хийж байгаа юм. Мөн тэдгээр оюутнуудад манай компани тэтгэлэг олгож байна. Сайн суралцсан оюутнууд төгсөөд мэдээж энэ том бүтээн байгуулалтын бас нэг хэсэг нь болж, хамтран ажиллах боломж бүрэн нээлттэй. Жишээ нь манай геологийн баг 12-13 хүнтэй. BHP компанид 20 гаруй жил ажилласан , Австралийн коксжих нүүрсний уурхайд ажиллаж байсан өндөр туршлагатай мэргэжилтэн тэднийг ахалдаг. Бусад нь ШУТИС төгссөн нэг үеийн залуус. Тэд бараг ангиараа манайд ирж ажилласан. Хийж бүтээх гэсэн асар их эрмэлзэлтэй тэр залуучуудыг хараад үнэхээр өөдрөг сэтгэл төрдөг юм. Ажилтнуудаа илүү сайн дадлагажуулахын тулд тус багийн таван залууг Австрали явуулсан. Тэд том уурхайнууд хэрхэн ажилладгийг биечлэн үзээд туршлага судлаад ирлээ. Удахгүй бид Баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Тэгэхээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Мөн л есөн хүнийг Австрали руу явуулж, Баяжуулах үйлдвэр дээр гурван сарын хугацаатай ажиллуулж, дадлагажуулсан. Тэд маань Монголд ирээд цех, хэсгүүдээ удирдаад явах хүмүүс юм. Энд байгаа бусад ажилтнууддаа зааж, сургалт ч явуулна. Бид барууны техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээс гадна хүмүүсээ тэр шилдэг арга барилд сургах тал дээр нэлээн ажиллаж байна.
Баяжуулах үйлдвэрт дунджаар хэдэн гадаад мэргэжилтэн ажиллах бол?
Цөөхөн. 4-5 хүн л ажиллах байх. Орон тооны хувьд жилийн таван сая тоннын хүчин чадалтай ажиллах үед бол ээлжийн ажилчин 150-170 байх юм. Одоо уурхай дээр ч мөн энэ жишгээр явж байгаа шүү дээ. “Ухаа Худаг” уурхайд л гэхэд гадаадын есөн хүн ажилладаг. Уурхайн багийн үлдсэн 250 гаруй нь манайхан.
Засгийн газар Хөрөнгийн зах зээлийг дэмжих жил болгон 2010 оныг зарласан. IPO хийх үйл явцад төр, засгийн бодлого хэр дэмжлэг болсон бэ?
Төр, засгийн бодлоготой уялдаж компаниудын ажил хэрэг урагшилж байгаа нь бидэнд их дэм болж байгаа. Мэдээж төр, засгийн бодлого бол Монголыг олон улсын зах зээлтэй холбъё гэсэн чиглэлээр ажилладаг.
Хонконгт хөрөнгө оруулагчдад манай компани үйл ажиллагаагаа танилцуулж байхад Сангийн сайд С. Баярцогт тэр уулзалтад оролцон, төр засгийн бодлого, уул уурхайн талаар санал бодлоо солилцсон. Мөн Нью-Йоркт хөрөнгө оруулагчидтай уулзах үед Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригт ирж, Монгол улсын төр, засгийн бодлогын талаар ярьж тайлбарласан. Хөрөнгө оруулагчдын асууж байгаа гол зүйл нь ерөнхийдөө Монголыг сонирхож, манай улсад хөрөнгө оруулалт хиймээр байна, улс төрийн ямар эрсдэлтэй болох тухай, мөн татварын хэмжээ их, бага байх нь чухал бус гол нь тогтвортой байгаасай гэсэн хүсэлтийг тавьж байсан юм. Тэд 5,10,20 жилээр урт хугацааны хөрөнгө оруулалт хийж байгаа улс. Гэтэл хагас жил тутамд л татварын хэмжээ өөрчлөгдөөд байвал тэдний хувьд алсаа харахад хэцүү, бизнес төлөвлөлт хийх аргагүй учраас хэлбэлзсэн тогтворгүй орчинд дургүй байх нь мэдээж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Хонконгийн Хөрөнгийн биржид зочлон, есдүгээр сард Нью-Йоркт хөрөнгө оруулагчдын уулзалтад оролцсон, Канад зэрэг улс орнуудад айлчлахдаа Монгол орноо таниулж тайлбарлаж байсан нь бидний үйл ажиллагаатай шууд уялдаагүй ч гэсэн, маш том дэмжлэг болж өгсөн.
Олон улсын хөрөнгийн захад гарахаар бэлтгэж байгаа Монголын үндэсний цөөнгүй компани байна. Тэд бэлтгэл ажлынхаа явцад Та бүхнээс зөвлөгөө авч, санал солилцдог уу?
Хөрөнгийн зах зээлд IPO хийнэ гэдэг өөрөө олон талтай, нарийн асуудал юм. IPO хийхийн тулд олон улсын жишгээр санхүүгийн нэр хүндтэй аудит, хөрөнгө оруулалтын банк, хөрөнгийн үнэлгээний, дотоод хяналтын гээд бараг 10 гаруй Зөвлөх компани хамтран ажиллана. Компанийн зүгээс хамгийн чухал нь итгэлцлийн түвшинд, нээлттэй харилцан, бүх асуудлуудаа зөв тайлагнах, ойлгуулах нь их чухал. Тэд тухайн компанид итгэснээр эерэг дүгнэлтийг гарган, цааш нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлдэг, зөв мэдээлэл хүргэдэг. Жишээ нь эдгээр үнэлгээний, хяналтын, хуулийн компаниуд өөрсдийн нэр хүндээрээ дэнчин тавьж байгаа шүү дээ. Манай аудитын компани ийм нэр хүндтэй, бидний гаргасан тоо, мэдээлэл үргэлж зөв байдаг гэсэн өөрсдийн шударга үйл ажиллагаагаар дэнчин тавьж буй юм. Тэгэхээр хөрөнгө оруулагчид тэрхүү аудитын компанид итгэж гэмээнэ сая танай компанид хөрөнгө оруулах шийдвэр гаргадаг. Тиймээс нэгнээсээ зөвлөгөө авна гэхээсээ илүү хамтарч ажиллах нэр төртэй, туршлагатай компаниудаа зөв сонгон, тэдэнтэйгээ нээлттэй хамтран ажиллах чухал. Энэ бол үнэхээр уйгагүй, урт хугацааны итгэлцлийн хамтын ажиллагаа байдаг.
Ийм нэр хүндтэй компаниудтай хамтран ажиллахдаа хэр туршлага хуримтлуулсан гэж бодож байна вэ?
Бид гол нь хийхээр төлөвлөсөн ажлаа ний нуугүй хэлэлцэж байсан. Компани өөрөө алсын хараатай, зорилгоо тодорхой мэдэж байх ёстой. Тухайн компанийн удирдлагууд ойлгомжтой, маш тодорхой төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. IPO амжилттай хийх явцад Компанийн өөрийнх нь оролцоо маш чухал. Харин Зөвлөхүүд бол тэр бүх зорилтыг дүгнэн, зөвлөгөөгөө өгнө. Тэгвэл Хөрөнгө оруулагчид нь тухайн компанийн удирдлагын менежмент, ур чадварыг харж дүгнэнэ.
Хувьцааныхаа тодорхой хувийг монголчууддаа хүргэх санаачлага Та бүхнийх байв уу? Энэхүү арилжааны үйл ажиллагаанд MICC корпорацид итгэл өгч сонгосон шалтгаан юу вэ?
Бид хувьцаагаа Монголдоо ч эрэлт хэрэгцээ ихтэй байна гэдгийг ойлгосон. MICC болон “Нортон секьюрити” компаниудын хувьд олон улсын хөрөнгийн биржүүдээс монголчуудад зориулан хувьцааны арилжаа, худалдаа хийх боломжтой брокерийн пүүсүүд юм. Бидний зүгээс мэдээж монголчууддаа хөрөнгө оруулалт хийх боломжийг нь бүрэн хангах ёстой гэж үзсэн. Гаргах хувьцааныхаа тодорхой тоог заачихна. Манай хувьцааг худалдан авах хөрөнгө оруулагч нар сонирхлоо ирүүлж эхлэх үед бидний анх санал болгосон хувьцаанаас 10 дахин илүү санал ирүүлсэн юм. IPO хийж буй ямар ч компанийн хувьд урт хугацаанд хамтран ажиллах том хөрөнгө оруулагчдад хувьцаагаа худалдахыг мэдээж сонирхдог. Гэхдээ бидний зүгээс монголчуудынхаа хувьцаа худалдан авах захиалгыг 100 хувь хангах ёстой гэсэн хатуу байр суурьтай байсан. Зөвлөх компаниудын зарим нэг нь хувьцаагаа барууны хөрөнгөтэй том компаниудад өгөх нь илүү ашигтай гэсэн санаа хэлж байсан боловч бид Монголоос орж ирсэн захиалгыг бүрэн хангахын төлөө та нар ажилла гэсэн чиглэлийг Зөвлөх компаниудад өгч байсан. Зарим тохиолдолд монголчуудын захиалга орж ирэхэд бид барууны сангуудад хуваарилчихсан байсан хувьцаанаасаа эргүүлэн татаж, тэрхүү захиалгадаа хуваарилах арга хэмжээ хүртэл авч байлаа.
Хувьцааны эрэлт анхны төсөөллөөс тань арав дахин илүү гарна гэсэн хүлээлт байсан уу?
Эрэлт нь уул уурхайн салбарын хөгжил, ирээдүй, нөгөө талаас хөрөнгө оруулалтын орчноос ихээхэн хамаарна л даа. Хямралын үе байсан бол өндөр эрэлт байх нь бага. Өдгөө биржүүдийн индекс өсч, хүмүүсийн хөрөнгө оруулалт хийх сонирхол нь нэмэгдэх зэрэг тухайн компаниас шууд хамаарахгүй олон хүчин зүйл бас бий.
Хувьцаагаа арилжаалаад эхлэхээр хөрөнгийн эмзэг мэдрэмтгий зах зээлд өмнөх шигээ ажиллахад төвөгтэй байх болов уу? Янз бүрийн мэдээлэл, санаанд оромгүй хүчин зүйлүүдээс болж хувьцааны үнэ савлах гэх мэт бэрхшээлтэй асуудлуудад хэр бэлэн байгаа вэ?
Хөрөнгө оруулалт хийж буй аливаа хүн тодорхой хэмжээнд эрсдэлтэй алхам хийж байгаа юм. Жишээ нь өнөөдөр 1 төгрөгөөр авсан хувьцааны үнэ маргааш 50 мөнгө, үүнээс ч бага үнэд хүрэх магадлалтай. Хөрөнгө оруулалт хийж буй тухайн хүн шийдвэрээ бүрэн ухамсарласан байгаа. Компанийн зүгээс бизнес төлөвлөгөө, тавьсан зорилтоо ягштал биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж ажиллана. Бид үүний төлөө ажиллаж ч ирсэн, ажиллах ч болно. Ингэснээрээ бид дэлхийг тойрон буй хэдэн мянган хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг дааж явах учиртай. Энэ бол миний ойлголтоор зөвхөн MMC-ийн асуудал биш. Монгол улсын нэр хүндийг илэрхийлэх , бидний дараа бирж дээр гарахаар бэлтгэж байгаа үндэсний компаниудын маань хувьцаанд маш чухал нөлөөтэй. MMC компани олон улсын бирж дээр гарч ирчихээд тавьсан зорилтуудаа биелүүлж чадахгүй байх юм бол хөрөнгийн захад гарч ирэх Монголын дараа дараагийн компаниудад маш хүндрэлтэй байх болно. Монголчууд амласандаа хүрч чаддагүй гэсэн ойлголттой болчих аваас маш харамсалтай үр дагавартай болно. Тийм учраас манай компани маш том хариуцлагыг авч яваа гэж эн түрүүнд боддог.
Та яг одоо юунаас болгоомжилж байгаа вэ?
Зөвхөн компаниас хамаарах, хамаарахгүй олон зүйл байна. Компаниас хамаарахгүй хүчин зүйл нь мэдээж олон улсын эдийн засгийн байдал. Улс төр, хууль эрх зүйн орчин тогтвортой байх нь маш чухал. Цаашлаад маш нарийн ярих бол цаг агаарын байдлаас ч хүртэл хөрөнгийн зах хамаардаг. Энэ глобальчлагдсан нийгэмд хаана, юу болж байгаа талаарх мэдээлэл тун чухал болоод байна. Нэг бодит жишээ дурдъя. Флоридад мөндөр орж, цаг агаар муудсан тухай мэдээлэл гарсан юм. Бид нар тэрхүү мэдээллийг уншаад хэсэг хүмүүс мөндөрт цохиулж дээ гэж бодоод өнгөрдөг шүү дээ. Гэтэл жүржийн жүүс худалддаг компаниудын хувьцаа нөгөө мөндрийн мэдээнээс болоод унаад эхэлжээ. Учир нь Флорида дахь жүржийн хамгийн том талбайн ургац мөндөрт цохиулсан байгаа юм. Тэгэхээр ийм нарийн төвөгтэй, мэдрэмтгий мэдээллийн дунд хөрөнгө оруулагч нар шийдвэр гаргаад, эрсдэлээ үүрээд явж байгаа. Тиймээс мэдээллийн урсгалыг маш хариуцлагатай, бодитой хийх нь чухал.
Танай компани Ухаа Худагт том бүтээн байгуулалт эхлүүлээд, олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаад байж байна. Яг энэ үед бахархах, аль эсвэл том хариуцлага үүрэх сэтгэгдлийн аль нь давамгайлах юм?
Би 2008 оны тавдугаар сард “Энержи Ресурс” компанийн “Ухаа Худаг” ордод ажиллахаар томилогдон ажлаа эхлүүлж байлаа. Тэр үед хоосон хөндий тал байлаа шүү дээ. Тэр хоосон тал газар зогсчихоод , үүгээр төмөр зам орж ирнэ, тэнд авто зам, усан хоолой байрлуулна, энд баяжуулах үйлдвэр байгуулна гээд л хамт ажилладаг хүндээ ярьж байсан. Хожим нь өнөөх маань “Энэ нэг нөхөр сайхан залж байна даа” гэж бодсон тухайгаа надад хэлж байсан. Тухайн үед бидэнд санхүүжилт хэрэгтэй, хөрөнгө босгох гээд хөрөнгө оруулагч нартай уулзаад, төслөө танилцуулаад явж байхад ч бас “За, энэ монгол залуучууд сайхан бурж байна даа” гэсэн шиг нэг л итгэлгүй харцыг мэдэрч л явсан. Тэр хөрөнгө оруулагчид одоо уурхай дээр ирээд зорьсон зүйлс маань бодитой биелж буйг хараад толгой сэгсэрч байлаа. Тэдний нэг нь бидэнд “Та нар мөрөөддөггүй, харин хийдэг юм байна” гэж хэлснийг мартдаггүй юм.
Энэ их ачаанаас үүрэлцэж, босгож яваа хамт олноороо бахархах сэтгэл үргэлж төрдөг. Одоо 1000 гаруй хүн хамтран ажиллаж явна. Уурхайчин залуучууд, тээврийн жолооч нар, байгаль орчин, геологи, санхүүгийн ажилтнууд гээд бүх ажилтнаараа би бахархдаг. Бид ажлаа хийж чадаж байна. IPO гаргасан маань мэдээж бахархалтай зүйл. Гэхдээ амьдрал цааш үргэлжилж байна. Бидний өмнө бүр том зорилтууд бий. Тэр бүхэнд манай хамт олон хүрч чадна гэдэгт би итгэлтэй байна.