Жил жилийн энэ л үед УИХ-ын чуулганы танхимд төсөв хэлэлцэж, тойрогтоо хэдэн төгрөг арай илүү хуваарилуулчих санаатай гишүүд толгойгоо маажин шүүмжлэгчийн дүр эсгэж суудаг тэр л дүр зураг намрын энэ өдрүүдэд Төрийн ордонд харагдах боллоо. Өнгөрсөн жилүүдийг бодвол энэ жилийн төсөв нэлээд онцлогтой. Анх удаа төсвийн орлого гурван их наяд гарсан.
Эдийн засгийн хямралаас гарснаа зарласны дараах төсөв. Төсвийн тогтворжуулалтын тухай хууль баталсны дараах анхны төсөв гэдгээрээ өмнөх жилүүдийн төсвийг бодвол нэлээд онцлогтой. Монгол улс 2011 онд төсвийн нийт орлого 3 их наяд 56.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 3 их наяд 251.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдал 194.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.5 хувьтай тэнцэхээр төсвийн төсөл зохиосноо Ерөнхий сайд УИХ-д танилцууллаа. Өнгөрсөн жилүүдийг бодвол төсвийн алдагдал багатай энэ төсвийн төсөлд олны анхаарлыг татсан хэд хэдэн асуудал бий.
Зэсийн үнэ хийгээд 68 хувийн татвар
Жил жилийн жишгийн дагуу зэсийн экспорт төсвийн голыг бүрдүүлэх учиртай. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар 2011 оны хувьд “Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого”-д зэс, нүүрснээс төвлөрөх орлого хамаарч байгаа учир энэ жил зэсээс гадна нүүрс төсвийн ачааг хуваалцах нь. Нүүрсний хэд хэдэн том орд ашиглалтад орж, энэ жил нүүрсний экспорт зэсийнхийг давсан болохоор тэр. Зэс, нүүрснээс ирэх онд төсөвт 583.8 тэрбум төгрөг төвлөрнө гэж үзэж байна. Засгийн газар ОУВС болон Блүүмберг агентлагийн судалгаанаас үндэслэн тонн зэсийг 8425, тонн нүүрсийг 128 ам.доллараар тооцож төсвөө зохиожээ. Гэхдээ ирэх жил зэс энэ үнээс дээгүүр байх уу, эсвэл 2008 оных шиг үнэ нь унаж, төсвөө дахин дахин тодотгох уу гэдгийг хэвлэлийнхэн ч ам уралдан бичиж байна. Хэдий олон улсын судалгааны байгууллагуудын судалгаан дээр үндэслэн дээрх үнийг тавьсан, зэсийн эрэлт нэмэгдэж байгаа учир ойрын жилүүдэд зэсийн үнэ тогтмол өндөр байна гэж байгаа ч зэсийн үнэ унах магадлал бас л төдий чинээ өндөр байгаа юм.
“Зэс хэт үнэтэй байгаа болохоор л хэрэгцээ бага байх шиг байна. Үүнд ам.доллар ч нөлөөлж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй” хэмээн Франкфуртын “Commerzbank”-ны шинжээч Даниэль Брийзманн хэлсэн бол “Ам.долларын ханшийн өсөлт суурь металлуудад хүнд тусах магадлалтай. Үүнд Хятадын нөлөө ч их байна” гэж Нью-Йоркийн “Dahlman Rose” компанийн шинжээч Энтони Б.Риззуто хэлжээ. Энэ нь зэсийн үнэ өсөх тусам эрэлт нь багасах болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр ам.долларын уналт ч зэсийн үнэ унахад нөлөөлж болохыг олон улсын шинжээчид хэлж байгаа юм. Ийм атал манай улс зэсийн үнийг ийм өндрөөр тооцох хэрэг байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Зэсээс гадна нүүрсний үнэ яалт ч үгүй анхаарал татна. Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ тогтвортой байж, нүүрсний хэрэглээ өсч байгаа нь манай улсад ашигтай ч энэ удаагийн төсөвт нүүрсний үнийг арай өндрөөр тооцчихов уу гэсэн зүйлийг зарим эдийн засагч хэлж байна. Нүүрсний үнийг Блүүмберг агентлагийн 2011-2013 оны үнийн дундаж төсөөлөл 128 ам.доллараар тооцжээ. Олон улсын зах зээл дээр нүүрс ийм үнэтэй байж болох ч бодит байдал дээр манай компаниуд ялган ангилаагүй түүхий нүүрсээ 60 ам.доллар буюу дэлхийн зах зээлийн үнээс хоёр дахин бага үнээр борлуулдаг гэдгийг анзаарсан болов уу.
Төсвийн орлогын нэлээд хувийг бүрдүүлдэг гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ирэх жилээс цуцлагдана. Энэ татвар цуцлагдсанаар бараг 500 гаруй тэрбум төгрөг төсвөөс сох дутна гэсэн тооцоо бий. Гэхдээ түүний оронд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу өсөн нэмэгдэх роялти авахаар болсон ч 68 хувийн татварын орлогын тал хувийг ч бүрдүүлж чадахгүй байгаа юм. Ирэх жилийн төсөвт роялтигаар 200 гаруй тэрбум төгрөг орж ирэх тооцоотой аж. Гэхдээ 68 хувийн татвар ганцхан “Эрдэнэт” үйлдвэрт үйлчилж, бусад компаниуд, ялангуяа алтны компаниуд уг татвараас зайлсхийж байсан нь үгүй болж, компаниуд татвар төлж эхэлнэ гэсэн горьдлого тээж байгаа нь дамжиггүй.