2010 оны гуравдугаар улирал манай улсын эдийн засгийн хуанлийг шинээр эхлүүлжээ. Эдийн засгийн бие даасан бодлого явуулах түүхэн цаг үе ирээд байна.
Асуудал 1
Монгол улсын Засгийн газар ба олон улсын санхүүгийн байгууллагуудын байр суурь зөрж эхэллээ. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн уламжлалт зааварчилгаа яг энэ цаг үеэс Монголын хөрсөнд тохиромжгүй болж байна. Stand-by Arrangement хөтөлбөрт монголчууд гүнээ талархах учиртай. 2009 оны хавар төрийн сан хөмрөг хоосорсон үед Stand-by Монголыг аварсан билээ. Харин 2010 оны гуравдугаар улиралд эл хөтөлбөр хэрэгжих хугацаа өндөрлөв. Энэхүү гуравдугаар улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 8 хувь давсан юм. Мөн л налгар намраар манай улсын эдийн засгийн бүтцэд үндсэн өөрчлөлт гарсныг статистик харуулав. Нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны олборлолтоос олж буй орлого “Эрдэнэт”-ийн зэсийн орлогоос анх удаа давав. Энэ бол 2010 оны, цаашлаад манай улсын эдийн засагт хүлээгдэх шинэ хандлага, ургамлаар бол салбарлаж, өөдөө өндийж эхэлсэн дүр зураг.
2010 оны гуравдугаар улирлаас манай эдийн засаг хүлээсгүй, гадны зааварчилгаагүй өргөжин тэлэх бололцоо гарч эхэллээ. Төрийн мэдлийн компаниудын хувьцааг олон улсын хөрөнгийн захад арилжих Ажлын хэсэг анхан шатны судалгаандаа оров. Бонд гаргахаар Засгийн газар зэхэж байна. Бүтээн байгуулалтын мега төслүүдэд зээлийн баталгаа гаргахаар Засгийн газар бэлтгэх болов. Гадаад, дотоодын хувийн компаниудад 126 том төслийг санал болгож буй бөгөөд Концессийн гэрээний үндсэн дээр Засгийн газар тэдгээрт зээлийн баталгаа өгнө. Түүнчлэн Засгийн газар өөрөө арилжааны зээл “хөөцөлдөх” санаатай байна. Урьд өмнө ийм юм ярьсан Ерөнхий сайд “толгойгоо тасдуулах” байлаа. Харин өнөөдөр Монгол улс эдийн засгийн, тэр дундаа хөрөнгө оруулалтын бие даасан эрчимтэй бодлого явуулах гараандаа иржээ. Ингэхийн тулд Засагт хуулиар олгогдсон эрх өгөх учиртай бөгөөд тэр хуулийнх нь нэрийг Засгийн газрын санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн удирдлагын тухай хууль гэнэ. Уг хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхийг Сангийн сайд чармайх нь лавтай. Ач холбогдлын хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас дутахгүй чухал төсөл юм.
2010 оны гуравдугаар улирал манай улсын эдийн засгийн амьдралд өөр өнгө оруулж эхэлсний нэг дохио нь шинэ оны төсвийн хэлэлцүүлэг байлаа. 11 оны төсөв шиг галзуурсан алдагдалтай баримт бичиг урьд хожид батлагдаж байгаагүй боловч түүнийг шүүмжлэхийг хүсэхгүй байна. Харин асуудлын нөгөө өнцөг яагаад ил гарч өгөхгүй байгааг сонирхъё. Хүний хөгжлийн сангийн хөрөнгө яагаад нэгдсэн төсөвтэй хутгалдан яригдах болов оо? Уг сангаар орж , гарах их хэмжээний санхүүжилт яагаад нэгдсэн төсвийн алдагдал дунд орж бодогдов? Өмнө нь, Монгол улсыг Хөгжүүлэх сан гэж байхад түүний төсвийг нэгдсэн төсвөөс тусад нь хэлэлцэн баталж асан жишиг яагаад Хүний хөгжлийн сан дээр давтагдаж болохгүй байна вэ? Хэрэв цаашид бие даасан сан хуримтлал бүрийг нэгдсэн тогоотой хутган, төсвийн алдагдлыг сансрын хурдаар өсгөсөн үзүүлэлт гаргаад байвал манай улсын зээлжих зэрэглэл “тогтвортой B+” буурах нь дамжиггүй юм. Хүний хөгжлийн сангийн зарцуулалтыг нэгдсэн төсөвтэй хамтатган тооцохыг Олон улсын санхүүгийн байгууллагууд Засгийн газарт шаардсан бөгөөд энэ шахалт нь манай өнөөгийн эрчимтэй өсөлтийн цаг үед өмнөө тавьсан зорилттой маань үл авцалдах болов. Хөгжлийн банкаар орж гарах хөрөнгийг мөн л том төсөвтэй уяж тооцохыг Дэлхийн банк ба Олон улсын валютын сан хүсч байгаа ба уг банкаар дамжих учиртай их мөнгийг нэмээд өгвөл Монголын төсөв гэж галзуурсан өндөр тоо гарах юм.
Манай эдийн засаг хөрөнгө оруулалтаар ангаж байна. Хөгжлийн банкаар тогтохгүй, Хөрөнгө оруулалтын банкууд шинээр байгуулагдах шаардлага амьдралаас ургах болов. 2011 он гармагц Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажил эхэлнэ. Ерөнхий Зөвлөх компани нь мөдхөн тодорно. Монгол улс эрчим хүчний өлсгөлөнд ойрын хоёр жилд орно. Шинэ цахилгаан станц хэрэгтэй. Жил ирэх тусам олборлолт нь нэмэгдэж байгаа газрын тосоо боловсруулах үйлдвэр чухал. Бүтээн байгуулалт болгон тэрбум, их наядаар илэрхийлэгдэх хөрөнгө оруулалтыг шаардаж байна. Гэтэл энэ үйл явцын эсрэг, хөрөнгө оруулалтаа хязгаарлахыг Олон улсын санхүүгийн байгууллагууд шаардах болов. Харин Монголын эдийн засаг хүлээс баглааснаас айж байна. Энэ бол эхний зөрчил.
Асуудал 2
Эдийн засаг хийрхлээс айж байна. Энэ нь хоёр дахь болгоомжлол. Монгол улсыг Хөгжүүлэх сан хэмээх бие даасан төсөвтэй, хуримтлалын эрүүл саруул тогтолцоо яагаад үгүй болсон юм бэ? Оронд нь гарч ирсэн Хүний хөгжлийн сан 800 тэрбумаар наадах эрхийг хэн, юуны тулд нээж өгсөн бэ? Энэ бол манай улсын өсөн өндийж буй эдийн засгийг сүйрүүлж мэдэх улс төрийн хийрхлээс үүдэлтэй. Хөрөнгө оруулалтаар цангасан эдийн засаг орж ирсэн эхний мөнгөөрөө наадаж буй ийм хийрхэл улс төртэй шууд уяатай. Олон нийтийн дунд www.news.mn сайт энэхүү сэдвээр санал асуулга явуулжээ. Асуулгын дүнг харахул Сангийн хуримтлалыг хөрөнгө оруулалтад зарцуулах ёстой гэсэн байр суурь үнэмлэхүй хувийг эзэлсэн байна. Харин сар бүр 21.000 төгрөг авууштай хэмээсэн нь асуулгад хариулагсдын 20 хувийг ч дүүргэсэнгүй. Улс төрийн хийрхэл өдгөө нийгмийн хүлээлтээсээ улам бүр холдож, халдварлах вирус нь оношлогдох аргагүй болов.
Вакцингүй вирус хоромхон зуурт хүрээгээ тэлж байна. 2012 оны сонгууль дөхөх тусам Оюутолгой, Тавантолгойг хэрүүл болгох гэсэн сонирхол гаарах боллоо. Оюутолгой ордод байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээг Монголын талд илүү өгөөжтэй байх нөхцөлөөр сайжруулах боломж бий. Өнөөдөр шуугиж буй энэ маргаантай асуудлыг Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж байх үест Монголын төр, засгийн дарга нар шаардаж үзэх, саналаа илэрхийлэх боломж мэдээж байсан. Хувь нийлүүлэгчдийн гэрээ байтугай Хөрөнгө оруулалтын гэрээний драфтыг нээж үзээгүй, ултай судлаагүй, угаас тийм л өнгөц арга барилаар хууль баталж сурсан гишүүд өмнөх ажлаа дахин задалж Ажлын хэсгүүд байгуулж байна. Энэ удаа олигтой уншаарай. Алдаагаа бүү давт, гол нь Гэрээний заалтуудыг нэг бүрчлэн уншихаас бүү залхуур гэсэн зөвлөгөөг олон нийт тэдэнд дайж байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах шаардлага байгаа бол тэр нь Оюутолгойн бүтээн байгуулалтыг уях, саад хийх шалтаг болох ёсгүй. Хийрхэх шалтаг бус, харин сайжруулах шалтгаануудыг Ажлын хэсэг судлан гаргана биз ээ.
2012 сонгууль хүртэл амны зоргоор зажлах сэдэв нь Тавантолгой ордын олон улсын тендер. Одоо шуугиж буй өнгө аясыг харвал Тавантолгой ордыг тойрон ашиг сонирхлоо эрээ цээргүй илэрхийлж буй гадаадын шахалт тулгалтыг үл тоосон, тэгсэн атлаа ажлыг гардан хийж буй төрийн байгууллага, мэргэжлийн хүмүүс, үндэсний компаниуд руугаа довтлох шалтаг хайсан уур амьсгал ноёлж байна. Тавантолгой ордын тендерт цөөнгүй орны, нэр хүндтэй, сайн технологитой компаниуд нэгдэн Консорциум хэлбэрээр шалгарах нь Монголд чухал хувилбар билээ. Орос, Хятадын компаниуд дангаар буюу эсвэл өдгөө яригдаж байгаа шиг Солонгос, Америктай тус бүр хоёрлосон нэгдэл хэлбэрээр шалгарах нь монголчуудад ашиггүй. Тавантолгойн нүүрсэнд транзит тээврийн цонх нээж өгөх эсэх, хөнгөлөлттэй үнэ санал болгох уу, үгүй юү гэсэн дарамтыг ОХУ ба Хятадын тал Монголын Засгийн газарт тулгаж байна. Өнөөдөр монголчуудын өмнө тулгараад байгаа хамгийн гол бэрхшээл энэ юм. Энэ бэрхшээлийг олж харахыг хүсэхгүй яваа хүмүүс Тавантолгой ордын ашиглалтын гол асуудлыг өөр зүгт санаатай хандуулан, тамын тогооны дотоодын бужигнаан хэлбэрээр гааруулах сонирхолтой байна. Чухам тэр хүмүүсээс болгоомжил.
Уул уурхайн салбарын өсөлт гуравдугаар улирлын байдлаар 13 хувьтай гарч, түүнийг дагаад тээврийн, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт өндөр үзүүлэлт үзэгдэж эхэллээ. Өсөлт болгоны ард орлого, ажлын байрны статистик аажмаар сэргэж байна. Монголын компаниуд нийт 715 сая ам. долларын зээлийг гадаадын эх үүсвэрээс авсан статистик гарчээ. Энэ нь дотоодын зах зээлд хөрөнгийн эх үүсвэр маш их дутагдалтай байгааг, түүнчлэн үндэсний бизнес эрчимтэй хөл дээрээ босч буйг гэрчилнэ. Монголын банкны салбар эдийн засгийнхаа эрэлт тэлэлтийг нэгэнт хангахгүй болжээ. Компаниуд санхүүгийн өөр эх үүсвэрийг хайсаар байна. Олон улсын хөрөнгийн захаас санхүүжилт босгохоор Монголын олон компани бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон бөгөөд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх жил хэмээн 2010 оныг анх тодотгосон Засгийн газар өөрөө үлгэр жишээ үзүүлэх цаг ч хэдийнэ болсон байна.
Уул уурхайн салбар бэрхшээл, элдэв хийрхэл дунд алгуур урагшилсаар, эх орны эдийн засагт хүчтэй хөшүүрэг болсоор явна. Салбарын малгай хуультай болох хэлэлцүүлэг эхэлжээ. Түүнээ Ашигт малтмалын тухай хууль гэх үү, оросууд шиг Эрдэс баялгийн хууль хэмээн нэрлэх үү, эсвэл зүгээр л Уул уурхайн хууль уу, ямар зохицуулалтуудыг том хуульдаа шингээж өгөх, алиныг нь салбарын бусад хуулиар шийдэх вэ гэсэн өргөн хэлэлцүүлэг өрнөж буй билээ. Тэр нь дээр өгүүлсэн Нэгдсэн төсвийн шинэчлэлтэй нягт уялдаатай хэрэгжих нь тодорхой. Өөрөөр хэлбэл, орон нутгийн эрх мэдлийн тэлэлтийг уул уурхайн орлогын хууваарилалттай уялдуулах санхүүгийн шинэ бүтэц бэлтгэгдэж байна. Чухам энэ хуваарилалтаас үүдээд засаглалын шинж чанар нь тодордгийг хөрш ОХУ-ын жишээ харуулна. Оросын ДУМ Эрдэс баялгийн хуулийн шинэчилсэн найруулгаа баталж чадахгүй гурван жил зууралдаж байгаагийн шалтгаан нь Губернаторууд баялгийн орлогоос ахиухан авах санаатай, харин төвлөрсөн Засаг нь Кремльдээ татан хураах бодлоготойгоос үүдээд хуулийн төсөл гацаанд оржээ. Ийм мэтгэлцээн Монголыг ч тойрохгүй нь тодорхой.
2010 оны хайгуулын гол улиралд лиценз олголт зогссон билээ. Ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын лиценз олголтыг зогсоох шийдвэр Парламентаас давтан гарах магадлалтай байна. Түүнчлэн шинэ оны төсөвт ерөнхий геологийн судалгаанд хөрөнгө мөнгө төсөвлөөгүй. Харин урьд олгосон алтны лицензүүдийг олноор нь хураах кампанит ажил дэгдэх бололтой. Энэ мэтээр лиценз цэгцлэх төрийн бодлого хэсэг бусгаар, уялдаа холбоо муутай өрнөж байна. Уул уурхайн салбарт хумих, болгоомжлох бодлого 2010 оны туршид хадгалагдав.
Дотоод, гадаад үндсэн хоёр асуудалтай яваа боловч эдийн засаг зүй тогтлоороо урагшилсаар байна. Ирж яваа цагийн гэрэл энэ оны гуравдугаар улирлаас улам бүр мэдрэгдсэн билээ. Эдийн засаг, тэр дундаа уул уурхай дэлхийн дүрэм журам өөд дөхсөөр, олон улсын стандартад тэмүүлсээр явааг тэмдэглэхэд таатай байна.