Дэлхийн эдийн засгийн хямралын сүүдэр хоёр жил гаруйн хугацаанд бүрхэж байгаад арилж байна. Монгол улс хямралыг амжилттай давж гарлаа гэдгийг олон улсын байгууллага, Засгийн газар ч нэгэн дуугаар зарласан. ОУВС-тай хамтран хямралыг давах “Stand By” хөтөлбөрийг 18 сарын турш амжилттай хэрэгжүүлснээр ийн хямралаас гарлаа, Засгийн газар ч хүлээсэн үүргээ чамбай биелүүллээ гэсэн зүйлийг олон улсын байгууллагууд ярьж буй.
Хямралаас гарсныг зарлав уу, үгүй юу ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтийг хангах, уул уурхайгаас олох мөнгийг үр бүтээлтэй зарцуулах, хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх, эдийн засгийн реформ хийх гээд лут лут нэр томьёонууд сонсогдож эхэллээ. Олон улсын санхүүгийн байгууллагуудын хараанд хоёр жил орчим явсан Засгийн газар одоо өөрийнхөө бодлогыг ил болгож байна. Өнгөрсөн хугацаанд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж зэрэгхэнээр амиа аргацааж алдагдлаа нөхөж байсан төсөв ирэх жилүүдэд зад үсрэх нь.
Хэдэн жилийн өмнөөс яригдаж байсан төсөв, эдийн засгийн шинэтгэл хямралын жилүүдэд дарагдаж байгаад дахин сонсогдож байгаа нь энэ. Эдийн засгийн шинэтгэл хийхэд нэг амьсгаагаар бүгдийг нь машиндчихна гэсэн үг биш. Өнгөрсөн зун баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль төсөв төдийгүй эдийн засгийн шинэтгэлийн суурь болсон гэхэд болно. Уг хуулиар төсвийн алдагдлыг бууруулах, зарлагаас давсан орлогыг Тогтворжуулалтын санд байршуулах гэх мэтээр юуны түрүүнд төсвийг тогтвортой байлгах гол суурийг тавьсан. Үүний дараа хийгдэж байгаа гол ажил бол Засгийн газар арилжааны зээл авах, Зээлийн баталгаа гаргах эрхтэй болох юм.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.