“Хятадыг март. Дараагийн 20 жилд эдийн засаг нь хамгийн хурдан өсөх орон бол түүний хөрш Төв Азийн бяцхан Монгол” гэж Citigroup дүгнэжээ. Эдийн засагч Виллем Буйтер, Эбрахим Бахбари нарын боловсруулсан тайлан мэдээгээр Монголын эдийн засаг 2030 он хүртэл жилд 8,7 хувиар өсөх гэнэ. Энэ огцом өсөлтийг зохистой хүн ам зүй, ихээхэн хадгаламж болон хөрөнгө оруулалтын төвшин зэрэг хүчин зүйлс бүрдүүлэх ажээ. Өсөх нь тодорхой гэдгийг зарим хөрөнгө оруулагч эрт ойлгосон учраас Монголын үнэт цаасны хэрэгцээ 2010 онд огцом өсч, шилдэг тоглолт хийж чадсан юм.
Тус тайланд улс орны эдийн засгийн өсөх магадлалыг 3G буюу /Global Growth Generators/ Дэлхийн өсөлтийн хөдөлгүүр гэдэг үзүүлэлтэд үндэслэж гаргадаг байна. Дотоодын хадгаламж, хөрөнгө оруулалт, хүн ам зүй, эрүүл мэнд, бодлого тодорхойлогч болон шийдвэр гаргагч байгууллагууд, худалдааны нээлттэй байдал зэрэг зургаан хүчин зүйлийг голчлон дүгнэлтээ боловсруулдаг ажээ. Шинэ “3G” индекс зарим нэг гэнэтийн үр дүн үзүүлжээ. Хамгийн өндөр үнэлгээтэй орнуудад Бангладеш, Египет, Ирак, Нигер, Филиппин, Шри Ланк оржээ. Гэхдээ тэдний аль нь ч ирэх 20 жилд Монгол шиг хурдтай өсөхөөр харагдахгүй байгаа гэнэ. Монголын дараах хурдтай хөгжих орон бол Энэтхэг. Жил бүр 7,7 хувийн өсөлт үзүүлэх бөгөөд энэ нь Монголоос бүтэн нэг хувиар доогуур гэсэн үг.
Монголын юу нь ийм цочирдом өсөлтөд хүргэх вэ?
Үүнд хамгийн чухал 3 хүчин зүйл бий. Нэгдүгээрт, өсөлтөд нөлөөлөх таатай орчин. 2010 оны байдлаар нэг монгол хүнд ногдох бодит хөрөнгийн орлого 3,674 доллар байгаа нь 51 дүгээр байрт оруулж, Конг, Фижи, Гондурасаас дээгүүр бичигджээ. Хоёрдугаарт, зохистой хүн ам зүй өсөлтийг тэтгэнэ. Монголын хүн ам цөөн бөгөөд залуу бас өсөлттэй гэж “Сити групп” тодорхойлсон ба 2010 оноос хойшхи 40 жилийн дотор 3,5 сая болох гэнэ.
Энэ нь хөдөлмөрийн насны хүн ам 18,7 хувиар өснө гэсэн үг юм. Эцэст нь, Монголын эдийн засаг дотоодынхоо хөрөнгө оруулалтын тэсрэлтээс ашиг хүртэнэ. 2006-2009 онд хөрөнгө оруулалтын түвшин 38,5 хувь, хадгаламжийн түвшин 39,1 байсан нь хамгийн өндөр оноотой орнуудын нэгд оруулжээ. Энэ үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байхын хэрээр хөдөлмөрийн бүтээмж хурдан өснө. Яг л хямгач хөрш Хятад нь сүүлийн 30 жилд яаж ажилласан шиг.
“3G” индексийн дүнгээр Монголын төр, засгийн бодлого болон шийдвэр гаргагч байгууллагуудын үйл ажиллагаа сул үр дүн үзүүлсэн ч байгалийн баялгийн хараалаас зайлсхийх тал дээр амжилт үзүүлж чадах гэнэ. Орлого муутай дотоодын экспортлогчид олон байгаагаас баялгийн хараалыг дурдсан бололтой.
“Сити групп” Монголын эдийн засаг байгалийн баялгаас хэт хараат байгаа нь баялгийн хараалд өртөж болох гол нэр дэвшигчдийн нэг болж байна гэж үзжээ. Хэдийгээр Монгол улс нь Төв Азийн бусад орнууд шиг нэг хүний хэт их эрх мэдлээс зайлсхийж чадсан ч авлигаас ангид засаглалтай болоход хол байгааг онцолжээ.
Б.ХАЛИУН