Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ДАРААГИЙН 2-3 САРД ШИНЭЭР IPO ГАРАХГҮЙ БОЛОВ УУ

“CPS Securities”. Энэ нэр Австралийн бирж дээр “Хүннү коүл”, “Харанга ресурсиз” компаниудын  IPO-г амжилттай хийсний дараах­наас монголчуудад танил болж эхэлсэн юм. “CPS Securities” дээрх компаниудын IPO хариуц­сан гол брокероор ажилла­жээ. Уул уурхайн жижиг компаниудын хөрөнгө босгох, компанийн бүтцийг зөв болгох, хөрөнгө оруулагчдыг олох талаар туршлагажсан тус компани өнгөрсөн жил Монголд “CPS International” гэсэн маркетингийн компаниа нээсэн байна. “CPS Securities” компанийн захирал Жэйсон Петерсоныг Монголд ирээд байхад нь уулзаж ярилцлаа.


CPS Австралийн бирж дээрээс уул уурхайн жижиг компаниудад хөрөнгө босгох талаар туршлагажсан компани юм байна. Энэ зах зээл дээр ажилласан туршлагаа танилцуулахгүй юу? 

CPS бол хоёр жил гаруйн өмнө гурван хамтрагчийн нийлж байгуулсан компани.  Томоохон брокерын компаниудад ажиллаж байсан туршлагатай хүмүүс нийлж байгуулсан юм. 2009 онд 90 гаруй, 2010 онд нийт 110 хөрөнгө босголтын ажил хийсэн. Энэхүү 110 хөрөнгө босголт гэдэгт IPO болон нэмэлт хувьцаа, IPO-гийн өмнөх хөрөнгө босголт, Rights Issue гээд хөрөнгө босгодог бүхий л арга хэлбэрүүд орж байгаа. Мөн томоохон хувьцаа эзэмшигчид өөрийнхөө хувьцааг зарж, компаниас гарах ажил ч орно. Rights Issue гэдэг нь байгаа хувьцаа эзэмшигчид нь хувьцааныхаа эзэмшилд тааруулаад компанийн нэмж гаргах хувьцаанаас худалдан авахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, шинэ хувьцаа эзэмшигч оруулахгүйгээр 10 хувьцаа эзэмшдэг хүнд 1 хувьцаа нэмж худалдаж авах эрхийг өгөх жишээний. Голдуу хайгуулын шатны жижиг болон дунд хэмжээний уул уурхайн компаниудад хөрөнгө босгох ажил хийсэн. Ийм их хөрөнгө босголтын ажил хийсэн учраас өөрсдийгөө энэ зах зээл дээр гайгүй туршлагажсан болов уу гэж боддог.       

Монголд компанийнхаа салбар оффисыг нээгээд удаагүй байна. Монголыг ямар учраас сонгосон юм бэ? Монголд салбараа нээснээр хийсэн томоохон ажил, олсон амжилт тань юу байв?

Хоёр жилийн өмнө Монголтой холбоотой анхны компанид IPO-гоос өмнөх хөрөнгө босголтыг хийж өгсөн юм. Энэ нь “Voyager Resources” компани л даа. Гурван сарын дараа Австралийн хөрөнгийн бирж дээр backdoor listing хийж гарсан. Монголтой холбогдсон анхны ажил маань энэ компанид хийсэн хөрөнгө босголт байсан. Дараа нь “Хүннү коүл” компанийг байгуулагдахад IPO-г нь хийсэн. Энэ явцад Монгол дахь боломжийг олж хараад Австрали дахь компанийнхаа маркетингийн оффисыг Монголд нээх санаа төрсөн юм.

“Voyager Resources” компани IPO хийхээсээ өмнө хоёр удаа мөнгө босгосон. IPO хийсний дараа ч гэсэн мөн хоёр удаа мөнгө босгосон. “Хүннү коүл” мөн л IPO-гоос өмнө хоёр удаа мөнгө босгоод IPO-гоо хийсэн. IPO-гийн дараа нэг удаа мөнгө босгосон. “Харанга ресурсиз” бас адилхан. IPO хийхээсээ өмнө хоёр удаа мөнгө босгосон. Монгол дахь салбар маань Австралийн оффисоо төлөөлөн маркетингийг хариуцаж, шинэ бүтээгдэхүүн, хувьцаануудыг монгол харилцагчдад санал болгодог. Австралийн оффисынхоо бүтээгдэхүүнүүдийг монгол харилцагчдад санал болгож, данс нээх зэрэг үйлчилгээ үзүүлж байна.
           
Энэ зах зээл дээр ажиллаж байгаа бусад компаниудаас ялгарах онцлог, давуу талаа юү гэж тодорхойлох вэ?

Бид зөвхөн хоёрдагч зах зээл дээр арилжаа хийх боломжоор хязгаарлахгүйгээр төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүнийг санал болгодог. Миний ойлгож байгаагаар бусад байгууллага бүтээгдэхүүн санал болгодоггүй. Зөвхөн арилжаа хийх данс нээж өгдөг. Дээрээс нь зөвлөгөө өгөх тал дээр дутмаг санагддаг юм. Ямар нэгэн нэмэлт хувьцаа буюу IPO-д оролцох боломжийг олгохгүйгээр зөвхөн бирж дээр гарсан хойно хоёр дахь зах зээлийн арилжааг санал болгох үйлчилгээ үзүүлдэг гэж ойлгож байгаа.   

Танай компани “Хүннү коүл”, “Харанга ресурсиз” зэрэг Монголд хамааралтай компаниудын IPO-г хариуцаж ажилласан. Эдгээр IPO амжилттай болсныг юутай холбож тайлбарлах вэ?
     
Нэгдүгээрт, энэ компаниудад маш чадварлаг, туршлагатай менежментийн баг ажилласан. Хоёрдугаарт, авсан орд лицензүүдийнхээ үнийг их зөв сайн тохирч чадсан. Тухайн төслийн үнэ цэн IPO хийсний дараах компанийнхаа үнэ цэнд нөлөөлдөг. Урьдчилаад төсөлдөө их мөнгө төлчихвөл компанийн эцсийн үнэлгээнээс хасагдана. Төслөө тохирсон үнээр авч чадвал компанийн үнэ цэн тэр хэрээр нэмэгдээд явдаг. Гуравдугаарт, эдгээр компаниуд маш сайн пиар /PR/ хийдэг. CPS  ч хөрөнгө оруулалтын томоохон төв Лондон, Сингапур, Хонконг зэрэг газруудад IPO-г нь хариуцсан компанийнхаа пиарыг их сайн хийдэг. Энэ бүхэн амжилт олоход нөлөөлсөн болов уу. Мөн гадны улс оронд хөрөнгө оруулж байгаа нөхцөлд дотоодын оролцоотой байх нь их чухал. Эдгээр компани дотоодын менежментийн оролцоотой. Үүнийг би бизнес хийх зөв арга гэж боддог юм. Газар дээр нь ажлыг хийж чадна гэсэн үг шүү дээ. Ийм оролцоогүй компаниудыг харж байхад амжилт муутай байх шиг санагддаг.

2011 онд ямар сонирхолтой IPO гарах мэдээлэл байна вэ? Монголын компани болон Монголд орд эзэмшдэг компаниудаас IPO хийх болов уу?

Сүүлийн дөрвөөс таван долоо хоногт /5.23-ны өдөр/ байдал бодож байснаас нэлээд өөрчлөгдөж байна. Дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнүүдийн үнэ их өөрчлөгдлөө.  Ерөнхийдөө дараагийн 2-3 сард хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн нэг их гарахгүй болов уу. Хөрөнгө босгохыг хүлээж байгаа компаниуд зөндөө байгаа. Гэхдээ олон улсын энэ нөхцөл байдлаас шалтгаалаад эдгээр компани  хөрөнгийн зах зээл дээр гарах эсэхээ хүлээзнэх байх.
 
Зах зээл юунаас болоод савлаад эхлэв? Энэ савлагаа хэр удаан үргэлжлэх бол?

Европын орнуудын өрийн асуудал эргээд сөхөгдөж эхэллээ. Байгалийн гамш­гуу­даас болоод дэлхийн эдийн засгийн сэргэлт жаахан асуудалтай болж эхэлж байна. Австралийн үер, Шинэ Зеландын газар хөдлөлт, Японы цунами гээд томоохон гамшгууд тохиолоо. Ерөнхийдөө дэлхийн эдийн засгийн сүүлийн хямралаас хойш хөрөнгийн зах зээл байдлыг их эмзэг хүлээж авдаг болоод байгаа. 
 

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹006 дугаараас уншина уу.