Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ММJ-ийн асуултад хариулж байна.
Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн үндсэн зорилго юу вэ?
“Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийн зорилго нь өргөн агуулгатай л даа. Ерөнхий утгаар нь авч үзвэл энэ Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын дипломат үйл ажиллагааны эдийн засгийн жигүүрийг нь түлхүү хөгжүүлэх цаг үеийн бодит хэрэгцээ шаардлагыг тодорхой хэмжээнд хангана гэж бид үзэж байгаа юм. Нөгөө талаас Монгол Улсын эдийн засгийн хөгжилд гадаад харилцааны сувгийг илүү эрчимтэй ашиглаж, илүү нөлөөтэй хөгжлийн бас нэгэн тулгуур хүчин зүйл болгох боломж бидэнд байна.
Түүнчлэн, улс төрийн харилцаа өндөр хөгжсөн, гэхдээ эдийн засгийн хамтын ажиллагаа дутмаг, чамлахаар хэмжээнд байгаа улс орнуудтай хэрхэн хамтран ажиллах, юу хийж болох вэ гэдгийг энэ хөтөлбөрийн хүрээнд шийдэхийг зорьсон гэж бас ойлгож болно.
Хөтөлбөрийн хүрээнд 2010 онд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? Хөтөлбөрийг гадаадын улс орнуудад ямар арга хэлбэрээр сурталчилж байна вэ?
Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн хэрэгжилт юу юунаас чухал болж байна. Хөтөлбөр боловсруулаад тунхаглах хялбархан, харин түүний үр дүнг бодит амьдрал дээр харах тийм ч хялбар биш л дээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралт байдлаар баталсан байгаа. Энэ төлөвлөгөөнд улс орны эдийн засгийн хөгжилд нэн тэргүүнд тавигдаж байгаа төслүүдийг ямар улс оронтой хамтарч хийх чиглэлийг тусгасан. Өөрөөр хэлбэл бид хэнтэй, юу ярихаа мэдэж байгаа гэсэн үг. Эдгээр төслийг зөвхөн Гадаад харилцааны яам санал болгож байгаа бус Хөтөлбөрийг боловсруулсан нэг жил гаруйн хугацаанд салбарын бүх яам, газраас авсан санал дээр үндэслэсэн юм. Харин эдгээр төслийн талаарх яриа хэлэлцээг тухайн улс оронтой хэр зэрэг амжилттай явуулах нь Гадаад харилцааны яам, түүний системийн байгууллагууд тухайлбал, Элчин сайдын яамдын идэвхтэй үйл ажиллагаанаас хамаарна. Үүнд зөвхөн манай яам бус, дотоодын холбогдох бүхий л байгууллагын хүчин чармайлт, нэгдмэл байр суурь чухал нөлөөтэй. Нийт 380 орчим төсөл, арга хэмжээний талаар энд ярьж байна л даа.
Хөтөлбөрийг сурталчлах талаар Та асуулаа. Мэдээж бид дээд, өндөр хэмжээний айлчлал, Засгийн газар хоорондын комисс, зөвлөлдөх уулзалт, дугуй ширээний ярилцлага зэрэг механизмаар Хөтөлбөрт туссан төсөл, арга хэмжээг тухайн улс оронд санал болгож тавина. Нөгөө талаас, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үүнд татан оруулах нь мөн ихээхэн ач холбогдолтой юм.
Эдийн засагжуулах хөтөлбөрийн үр шимийг хүртэхийн тулд холбогдох төслүүдийг сайтар боловсруулж, гадаад ертөнцийн ойлгох, бизнесийн “хэл” рүү хөрвүүлж, судалгаа тооцоог хийх ажил чухал байгаа юм. Ерөнхий гарчиг маягийн юм яриад байвал хэрэгжүүлэхэд хүндрэлтэй биз дээ. Шинэ онд энэ чиглэлээр дотоод, гадаад аль аль талыг манай яам мөн шахаж ажиллах болно.
Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг танай яам хариуцах болсноор ямар өөрчлөлт, давуу талууд бий болгож байна вэ?
Үйлдвэр, худалдааны яамны гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал өнгөрсөн жил тус яаманд шилжиж ирснээр бид гадаад харилцааг эдийн засагжуулах асуудлыг бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх боломжтой болсон гэж үзэж байна.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.