Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Ж.Энхсайхан: Цөмийн цахилгаан станцын технологийн талаар ярихаасаа өмнө барих эсэхээ шийдэх хэрэгтэй

Монгол Улсаас Австри улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсаас ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхантай MMJ-ийн  сэтгүүлч Э.Оджаргал онлайнаар ярилцлага хийлээ.

Монгол-Австрийн эдийн засаг, соёл, боловсролын өнөөгийн хамтын ажиллагааны талаар Элчин сайдын хувьд Та юуг онцлон хэлэх вэ? Өнөөдөр энэ харилцаа ямар түвшинд хүрсэн бэ?

Монгол-Австрийн харилцаа амжилттай хөгжиж байгаа. Манай улс Венад ЭСЯ-аа нээн ажиллуулж эхэлснээс хойш харилцаа өргөжиж байна. Худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд цаашид хөгжих хууль эрх зүйн үндэс нь тавигдсан. 2009 онд худалдааны эргэлт бараг 10 сая ам.долларт хүрсэн. Манайх 7.5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсан тооцоо гарч байгаа. Худалдааны эргэлтийн хэмжээ хоёр талын сонирхол, эрэлт хэрэгцээнээс хамаарч өсч буурах байх. Энэ нь ч зах зээлийн жам юм. Хөрөнгө оруулалтын хувьд гэвэл Австрийн 18 компани нийт 2.3 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын байгалийн баялаг, нэн ялангуяа нэг хүнд оногдох баялгийг харгалзан Австри улс манай улсыг хөгжлийн албан ёсны тусламж олгох улсын тоондоо хамруулдаггүй. Азиас зөвхөн нэн буурай хөгжилтэй Балба болон Бутанд тусламж олгодог. Гэхдээ манайд үлэмж хөнгөлттэй нөхцөлөөр зээл олгох боломжтой. Манайд хөнгөлөлттэй нөхцөлөөр нэг сая еврогийн зээл олгох квоттой байснаа саяхнаас хоёр орны харилцааг хөгжүүлэхэд дөхөм үзүүлэх үүднээс тэрхүү квотоо бараг тав дахин нэмсэн. Хэрэв ийм нөхцөлөөр амжилттай хамтарч ажиллавал квотын хэмжээг ахиулж болно байх.

Энэ оны хоёрдугаар сард Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан болж, хоёр тал ОХУ-ын Өмнөд Сибирийн болон Хойд Хятадын зах зээлд хамтран гарах боломжийг судлахаар тохирсон. Манайд бараа, үйлчилгээний хамтарсан үйлдвэр байгуулж манай түүхий эд, ажиллах хүчин, Австрийн туршлага, Европын стандартын технологийг зөв ашиглаж бизнес хийх боломж байна гэж хоёр тал үзэж байгаа. Мөн комиссын хурлаас цахилгаан станцад нүүрсний утааг механик болон химийн аргаар шүүдэг Австрийн туршлага, техник, технологийг Монгол улсад нэвтрүүлэх боломжийг судлах,  Улаанбаатар хотод хог боловсруулан цахилгаан, дулаан гаргах үйлдвэр барих, бохир усны хоолойг шинэчлэх шуудуугүй технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. Хэрэв хоёр тал нөхцөлөө тохирч чадвал Австрийн тал хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл худалдаа, эдийн засгийн чиглэлээр тодорхой төслүүд яригдаж байна. Би энэ долоо хоногийн эцсээр Линз хотын ойролцоо байдаг бохир усны хоолойг шинэчлэх шуудуугүй технологийг очиж үзээд тэр тухайгаа холбогдох байгууллагадаа мэдэгдэнэ. Улаанбаатар хотын дарга арванннэгдүгээр сард Венад айлчлахдаа хог боловсруулан цахилгаан, дулаан гаргах технологитой танилцах юм.

Боловсролын салбарт ч хийгдэж байгаа зүйл нэлээд бий. Сүүлийн жилүүдэд Австрид сурч байгаа оюутнуудын тоо эрс нэмэгдсэн. Одоогийн байдлаар бараг 200 хүрээд байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оны эхээр Венад ажлын айлчлал хийхдээ Австрийн Канцлер В.Файмантай энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхээр тохирч, Австрийн тал БСШУ-ны сайд Ё. Отгонбаярыг ойрын үед Австрид хүлээж авахаар тохирсон. Бид сайдын айлчлалыг тодорхой үр дүнтэй болгоход анхааран ажиллаж байна. ЭСЯ яг одоо ТМС-ийн чиглэлээр хамтарч ажиллахад анхаарч, зарим тодорхой саналыг боловсруулж байгаа. Боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар ярихад Австрийн “Еврази-Номхон далайн орнуудын их, дээд сургуулиудын сүлжээ”-г дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр байгууллага өнөөг хүртэл манай 100 орчим оюутанд 140 мянган евро, эрдмийн зэрэг горилогч болон судалгаа хийж байгаа 50 орчим хүнд 300 мянган еврогийн тэтгэлэг олгоод байна. Энэ бол Австрийн хувьд манайд үзүүлж буй багагүй тусламж дэмжлэг юм. 

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Юкиа Аманогийн Монгол Улсад хийсэн айлчлалын зорилго юу байв?

Ноён Амано ОУАЭА-ийн Ерөнхий захирлаар сонгогдоод бараг нэг жил болж байна. Би түүнийг 1990-ээд оноос зэвсэг хураах чиглэлээр ажиллаж байхаас нь мэднэ. Тэрээр урьд өмнө Монголд ирж байгаагүй ч Монголын талаар нэлээд сайн мэдээлэлтэй байсан юм. Ерөнхий захирлын ажил аваад эхний жилдээ хорт хавдартай тэмцэхэд тусгайлан анхаарна гэж мэдэгдэж байсан. Тэмцэж ч байгаа. Энэ арваннэгдүгээр сарын 1-3-нд ОУАЭА-ийн санаачилсан “Хавдартай тэмцэх загвар хөтөлбөрийг хэрэгжүүлэгч улс”-уудын Сайд нарын хэмжээний хурал Монголд болж өнгөрлөө. Ноён Амано энэ хуралд оролцохын зэрэгцээ Ерөнхий сайд С.Батболын урилгаар Монгол улсад айлчилсан юм. Айлчлалын үеэр Монгол улс ОУАЭА-ийн хамтын ажиллагааг цаашид ямар чиглэлээр хөгжүүлэх талаар хоёр тал ярилцлаа.

ОУАЭА дахь Монгол улсын үүрэг, оролцоо хэрхэн нэмэгдэж байгаа вэ? Энэ талаар хийгдэж буй ажлын тухайд юү хэлэх вэ?


Манай улс 1973 онд тус байгууллагын гишүүн болсон. Өнгөрсөн хугацаанд бараг 12 сая ам.долларын тусламж авч, 140 орчим  мэргэжилтнээ олон чиглэлээр сургаж мэргэжлийг нь дээшлүүлсэн. Тусламжийн тэн хагасаас илүүг нь төрөл бүрийн тоног төхөөрөмж авахад зарцуулсан байна. Тухайлбал, 2.4 сая ам.долларыг нь сургалт, боловсон хүчнээ бэлдэхэд зарцуулсан байгаа. Салбаруудаар нь авч үзвэл 3.4 сая ам.долларыг боловсрол, шинжлэх ухааны салбарт, 3.3 саяыг хүнс, хөдөө аж ахуйн салбарт, 2.8 саяыг эрүүл мэндийн салбарт авч зарцуулсан тооцоо байдаг. Манай улс бусад улс орны адил хамтын ажиллагаагаа 4-5 жилээр төлөвлөдөг болж байгаа. Одоо 2009-2014 оны улс орны хөтөлбөрийн хүрээний баримт бичгийг байгуулан, хэрэгжүүлж эхлээд байна. Түүнд ойрын болон хөгжлийн дунд хугацаанд хамтран юу хийх талаар тодорхой өгүүлсэн байгаа. 

Манай улс боловсон хүчнээ бэлтгэх, мэргэжил мэргэшлийг нь дээшлүүлэхэд анхаарч байгаагаас гадна сүүлийн үед хорт хавдартай тэмцэх чиглэлээр нэлээд тодорхой ажлууд хийж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс ОУАЭА-аар Монгол улс дахь хорт хавдрын байдлын талаар нарийн судалгаа хийлгэж, Хорт хавдрын эмчилгээний загвар хөтөлбөр PACT-т хамрагдсаны дээр Хорт хавдартай тэмцэх загвар хөтөлбөрийг хэрэгжүүлэх PMDS найман улсын нэг нь боллоо. Ингэснээр манай улс ОУАЭА, ДЭМБ болон зарим донор оронтой хамтран Монголд дунд хугацааны эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлж бусдад үлгэр жишээ үзүүлэх ёстой. PMDS-ийн гишүүн орнуудын эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнууд, ОУАЭА, ДЭМБ-ын  холбогдох мэргэжилтнүүд оролцсон анхны хурал Улаанбаатар хотноо болох гэж байна. Практик ач холбогдолтой ийм хурлыг хийлгэж байгаагаараа бид өөрийн бодит байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт тодорхой ойлгуулан таниулах боломжтой болох бөгөөд тэр нь манайд загвар төслийг амжилттай хэрэгжүүлэхэд тус нэмэр болох учиртай.

Хөдөө аж ахуйн чиглэлээр ОУАЭА-ийн шугамаар олон төсөл хэрэгжиж байгаа. Бид энэ жил урьд өмнө хэрэгжсэн төслүүдийн бодит үр өгөөжийг тооцон гаргахад анхаарч байна.
Манай улсын оролцооны хувьд 1980-аад оны эхээр нэг удаа Захирагчдын зөвлөлд сонгогдон ажилласан. Одоо тус зөвлөлд хоёр дахь жилдээ сонгогдон ажиллаж, хэлэлцэж байгаа гол гол асуудлаар санал бодлоо илэрхийлж, нэмэрлэж байгаа. Мөн Ерөнхий бага хурлын энэ оны чуулганыг даргалсан.

Атомын энергийг ашиглах талаар ОУАЭА-ийн анхаарах зайлшгүй ямар ямар стандартууд байдаг вэ?

Агентлагийн нэг чухал үүрэг бол цөмийн болон цацрагт материалын аюулгүй ажиллагааны зохих норм, стандартыг тогтоох явдал байдаг. ОУАЭА таван үндсэн төрлийн стандарт тогтоодог. Үүнд: цөмийн байгууламжийн, цацрагийн хамгаалалт болон цацрагийн эх үүсвэрийн аюулгүй байдлын стандарт, цацрагийн хаягдлын аюулгүй менежментийн стандарт, цацрагийн материалын аюулгүй тээвэрлэлтийн стандарт болон онцгой байдлын бэлтгэл зэрэг зарим бусад тодорхой чиглэлийн аюулгүй ажиллагааны стандарт гэж байдаг. Стандартыг тогтоохдоо олон улсын нэртэй, туршлагатай, нөлөө бүхий мэргэжилтнүүдийг дайчлан оролцуулдгаас гадна аливаа гишүүн орон мэргэжилтнээ томилж оруулж болдог. Агентлагийн жилийн ажлын төлөвлөгөөнөөс харвал ажлын бараг дөрөвний нэг нь аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны норм стандартыг тогтоох, шинэчлэх явдал байдаг юм билээ. Норм, стандартыг Аюулгүй байдлын стандартын комисс /Commission on Safety Standards/ зэрэг байгууллага эцэслэн тогтоож Захирагчдын зөвлөлөөр хэлэлцүүлэн баталгаажуулдаг. Манай улс эдгээр норм стандартыг нарийн судалж, цөмийн болон цацрагийн холбогдолтой үйл ажиллагаандаа нэвтрүүлж мөрдөх хэрэгтэй юм. Агентлаг энэ чиглэлээр тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдаг.
Өнөөдөр дэлхийд мөрдөгдөж байгаа цөмийн, цацрагийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хамгийн гол стандартуудыг тогтоосон Цөмийн аюулгүй байдлын тухай конвенци, Ашигласан түлш болон цацраг идэвхт бодисын хаягдлын аюулгүй байдлын менежментийн тухай нэгдсэн конвенци зэрэг зургаан гэрээ конвенцид манай улс нэн түрүүн  нэгдэж орохыг Агентлаг 2008 онд зөвлөсөн боловч миний л мэдэхээр өнөөг хүртэл нэгэнд нь ч нэгдэж ороогүй байгаа. Нэгдсэн конвенцид нэгдэж орох нь манайд шаардлагатай норм стандартыг тогтоохоос гадна хил залгаа бүсэд байгаа Орос, Хятадын цөмийн байгууламжуудын үйл ажиллагааны аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтойгоороо мөн л ач холбогдолтой юм.

Монгол Улсад цөмийн цахилгаан станц барих тухай яригдсаар багагүй хугацаа өнгөрлөө. Манайд цөмийн цахилгаан станцын аль үеийн технологи тохиромжтой гэж Та үзэж байна вэ?


Одоогоор цөмийн цахилгаан станцын тодорхой технологийн талаар ярих байтугай ер нь тийм цахилгаан станц барих эсэхээ ч шийдээгүй байна шүү дээ. Миний л мэдэхээс ОУАЭА-д тийм судалгаа байдаггүй юм билээ. Мөн түрүүчийн Ерөнхий захирал Эль Барадей өнгөрсөн жилийн хавар манай улсад айлчлахдаа хорт хавдартай тэмцэх, ураныг ашиглахад хамтарч ажиллах талаар ярьснаас биш цөмийн цахилгаан станц барих талаар огт дуугараагүй. Тэр талаар ярих тооцоо, үндэс ч өөрт нь байгаагүй.

Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогод цөмийн цахилгаан станц барина гэсэн заалт байхгүй. Харин түүний 4.1-т эхлээд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах тухай зааж, дараа нь барьж байгуулах ажлыг  ойрын арван жилийн дотор эхлүүлэх чиглэлийг баримтална гэж ерөнхий заасан байгаа. Тийм судалгаа манайд хийгдэж байгаа эсэхийг мэдэхгүй юм. ОУАЭА-тай хамтарч судалгаа хийх тухай яриа өнөөг хүртэл гараагүй байгаа.

Харин 2025 он хүртэл Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээ, хангалтын нэгдсэн төлөвлөлтийн талаар 2005 онд 100 гаруй хуудас судалгаа гарч байсан юм билээ. Тэр судалгаанд цөмийн эрчим хүчний талаар бараг байхгүй. Зөвхөн Монгол улс нүүрснийхээ ашиглалтын хэмжээг нэмэгдүүлэхгүй бол цөмийн эрчим хүчийг нэвтрүүлж болох талтай ч тэр нь Монгол улсад эдийн засгийн хувьд ашиггүй байж магадгүй гэсэн санаа орсон байдаг юм билээ. Иймд хэрэв бид цөмийн цахилгаан станц барих техник-эдийн засгийн үндэслэлээ гаргаж байгаа бол түүндээ энэ талаар хэдэн арван жилийн туршлагатай ОУАЭА-ийн мэргэжилтнүүдийг татан оролцуулах хэрэгтэй юм. Тийм тооцоог гаргахад MAED, MESSAGE зэрэг олон улсын хэмжээнд хэрэглэдэг аргачлалыг хэрэглэх хэрэгтэй болно. 2005 оны судалгааг гаргахын өмнө Агентлаг манай хэдэн мэргэжилтнийг тийм сургалтад хамруулж байсан учраас тэдгээр хүмүүсийг татан оролцуулах хэрэгтэй юм.

Хэрэв тийм ажлыг эхлүүлээгүй бол  одоо даруй эхлүүлэх хэрэгтэй. Манайхаас гадна бараг 60 орчим улс орон тийм судалгаагаа хийж эхлээд байгаа буюу эхлүүлэх гэж байгаа. Олон улс орон хүсэлтээ гаргаад байгаа учраас манайх нэг хэсэгтээ ээлжээ хүлээн дугаарлах хэрэгтэй болно байх. Иймд ОУАЭА-ийн Ерөнхий захирлыг манайд айлчлах үеэр хүсэлтээ шууд өөрт нь гаргах хэрэгтэй юм. Хүсэлтээ гаргаад дэмжлэг авсныхаа дараа бид ном ёсоор нь 1-2 жилийн дотор урьдчилсан судалгаа /pre-feasibility study/ хийж, цөмийн цахилгаан станц барьж ажиллуулах нь Монголын эдийн засгийн хувьд ашигтай байх эсэх, ашигтай байвал гарах зардал чирэгдэл, байгаль орчинд хэр нөлөөлөх зэргийг бодолцон дүгнэлт, саналаа гаргах хэрэгтэй юм. Ингэхдээ далайд гарцгүй Арменийн туршлагыг, нэн ялангуяа усыг хэр ашигладгийг нь судлах хэрэгтэй болно байх.

Хэрэв судалгаа “ашиггүй” гэж гарвал бид уранаа хэрхэн ашиглах талаар бодох хэрэгтэй болно. Тийм тохиолдолд ураны “гүрэн” гэгддэг боловч цөмийн цахилгаан станцгүй Австрали улс уранаа хэрхэн ашиглаж байгааг судлах хэрэгтэй болох байх. Хэрэв судалгаа “ашигтай” гэж гарвал ямар төрлийн технологийг хаанаас авах, хаана барих зэрэг асуудлаар албан ёсны судалгаа гаргах хэрэгтэй болно. Судалгааг гаргахад мөн л 2-3 жил шаардагдана. Тэр үед л аль үеийн, ямар технологи манайд тохирох талаар ярьж болох юм.

Шинэ шинэ технологи гарахаас гадна одооны технологи ч хэр ашигтай, аюулгүй, хямд төсөр байхыг харуулсан байна. Одоогоор бодит амьдралд болон цаасан дээр 40 орчим жижиг /өөрөөр 300 хүртэл MW(e) хүчин чадалтай/ болон дунд зэргийн / 700 хүртэл MW(e) хүчин чадалтай/ цахилгаан станц байдаг юм билээ. Манайд жижиг оврын цахилгаан станц нь тохирох болов уу. Тэгвэл энэ тал дээр манай хоёр хөрш болон Энэтхэг зэрэг улс нэлээд туршлагажсан гэж болно. ОХУ 440, Хятад 300, Энэтхэг 220 мегаватын хүчин чадалтай станц ажиллуулдгаас гадна зарим нь гадаадад ч нийлүүлж байна. Ер нь цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа бол юунд анхаарах талаар ОУАЭА-аас 2007 онд хоёр чухал гарын авлага гаргасан. Түүнийг цөмийн салбарт шинээр хөл тавьж байгаа улсууд нарийн мөрдөж байгаа. Нийтдээ 100 орчим хуудас тэр хоёр гарын авлагыг орчуулж мэргэжлийн хүмүүсийн төдийгүй өргөн олон нийтийн хүртээл болгохыг манай ЭСЯ аль 2008 онд ЦЭГ-т санал болгож тусгайлан явуулж байсан. Тэдгээрийг уншихад олон зүйл тодорхой болох учиртай.

ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 54 дүгээр чуулган есдүгээр сарын 20-24-нд болж өнгөрсөн. Хурлыг Та даргалсан. Энэ бага хурлын онцлог, гарсан шийдвэрийн талаар манай уншигчдад тодорхой ярьж өгнө үү
?

Бага хурлыг манай улс даргалснаараа их онцлог болсон. Хурлын даргын хувьд эрх мэдлээ ашиглан Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг Нью-Йорк хотноо тэр өдрүүдэд хэлэлцэж байсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргад хорт хавдартай тэмцэх явдлыг нэн тэргүүний зорилтын нэг болгон тавихыг хуралд оролцогсдынхоо нэрийн өмнөөс анхааруулсан илгээлт явуулсан.

Ерөнхий бага хурлаар Агентлагаас хийсэн ажлын тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын ажлын талаар нэлээд хэд хэдэн зөвлөмж шийдвэр гаргасан. Түүнээс гадна Өрнөдийн болон Арабын орнууд хоорондоо нэлээд маргаантай байдаг Израилийн цөмийн чадавх болон Агентлагийн цөмийн баталгааг Ойрхи Дорнодод хэрэгжүүлэх зэрэг эгзэгтэй асуудлыг хэлэлцэж, тогтоол шийдвэр гаргасан.

Бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан Хөгжиж буй орнууд дахь хорт хавдрын асуудлаар болсон Эрдэм шинжилгээний форумд Монгол улсын Тэргүүн хатагтай, “Итгэл” Хавдаргүй Монгол үндэсний сангийн тэргүүн Х.Болормаа оролцон үг хэлж, Агентлагийн Хорт хавдрын эмчилгээний хөтөлбөрийн удирдлага, мөн АНУ-ын Хорт хавдрын нийгэмлэгийн албаны дарга, Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн төлөөлөгчтэй уулзсан нь Монгол улс энэ асуудалд чухал ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл болсон.

1300 төлөөлөгч оролцсон бага хурлаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан 20 гаруй тогтоол шийдвэр гарсны дотор хорт хавдартай цаашид улам эрчимтэй тэмцэхийг гишүүн орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан бие даасан тогтоол анх удаа батлагдсан нь энэ чуулганы нэг онцлог гэж хэлж болно.

Бага хурлыг даргалах нь яггүй их цаг, бэлтгэл, тэвчээр шаарддаг юм билээ. Бага хуралд бэлдэж 60 гаруй төлөөлөгчтэй уулзсаны дээр хурлын үеэр хурлын ажиллагаа, мөн хурлаас гаргах шийдвэрүүдийн агуулгатай холбогдсон зарим асуудлыг хэлэлцэж зохицуулахын тулд 40 орчим төлөөлөгч, газар зүйн болон улс төрийн бүлгийн дарга нартай уулзаж ярилцсан тооцоо гарсан. Тухайлбал, БНАСАУ-аас цөмийн баталгааны асуудлаар тус Агентлагтай байгуулсан хэлэлцээрийн биелэлт, Агентлагийн цөмийн баталгааг Ойрхи Дорнодод хэрэгжүүлэх болон Израилийн цөмийн чадавхийн  талаарх улс төрийн маргаантай асуудлуудаар гаргах тогтоолын төслүүдийн талаар Ерөнхий захирал Юкия Амано, Өрнөдийн болон Арабын улсуудын төлөөлөгчдийн тэргүүнүүд, газар зүй болон улс төрийн бүлгүүдийн дарга нартай хурлын өдрүүдэд нэг бус удаа уулзаж ярилцаж байсан. Эхний хоёр асуудлаар гарсан тогтоолыг нэг ч улс эсэргүүцэлгүй баталсан нь эдгээр үүулзалтууд үр дүнгээ өгсний нэг илэрхийлэл гэж хэлж болно. Израилийн чадавхийн асуудалтай холбогдуулж Израилийг нэр заан шүүмжилсэн Арабын орнуудын тогтоолын төслөөр санал хурааж 46-51-23-аар тогтоол батлагдаагүй нь уг асуудлаар энэ хоёр бүлэг улсын хооронд маргаан хэвээр байгаагийн илэрхийлэл байв. Энэ маргаан цаашид ч үргэлжилж Агентлагийн ажилд хүндрэл үзүүлэх төлөвтэй байгаа. Товчдоо хэлбэл чуулганаар нэн ялангуяа цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах олон асуудлаар чухал тогтоол шийдвэр гаргаж чадсан гэж бодож байна.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.