Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Ц.Батболд: Тяньжины боомтод үйл ажиллагаа явуулснаар Хятадын зах зээлийн гүнд нэвтрэх боломж нээгдэнэ

2009 онд Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр тус хотын Ардын засгийн газрын даргатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Тяньжины боомтод Улаанбаатарын төлөөлөгчийн газар байгуулагдсан билээ. Төлөөлөгчийн газрын цэлгэр саруулхан цонхоор асар том   татлагууд чингэлгүүдийг нааш цааш зөөн тээвэрлэж буй байдал гээд далайн усан боомтын үйл ажиллагаа тэр чигээрээ харагдана. “Цаг завгүй энэ хэмнэлийг харан ажиллах урамтай байдаг юм” хэмээн Тяньжины боомт дахь Улаанбаатарын төлөөлөгчийн газрын санхүү, эдийн засаг төлөвлөлтийн мэргэжилтэн Ц.Батболд яриагаа эхлэв.

Монгол улс Тяньжины боомтод төлөөлөгчийн газраа нээгээд жил гаруйн хугацаа  өнгөрлөө.  Өнгөрсөн хугацаанд юу амжуулав. Цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

Тяньжин өөрийн бие даасан Засгийн газартай, бие даасан статустай муж. Эдийн засгийн чөлөөт бүсүүдэд нь аливаа улс орон өөрийн төлөөлөгчийн газраа нээхдээ улсынхаа хотын нэрээр нэрлэдэг юм. Бид “Улаанбаатар” гэсэн нэрээр бүртгүүлэн ажиллаж байгаа. Манай төлөөлөгчийн газар үндсэн зургаан зорилт тавин ажиллаж байна. 

  • Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч орон болоод Хятадын дотоод зах зээл рүү гаргах,
  • Монгол улсад нийлүүлэхээр төлөвлөж буй орнуудын газрын тосыг Тяньжины боомтоор дамжуулан авч боловсруулж, Монголд газрын тосны үйлдвэр байгуулах хүртэлх хугацаанд газрын тосны нэг улсаас хамааралтай асуудлыг хөнгөвчлөх,
  • Тяньжины чөлөөт бүсийн боомтод Монголын жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах. Ингэснээр хөрш орныхоо зах зээлд гүн орж ажиллах  боломжтой юм.
  • Тээвэр ложистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх. Монгол улсыг далайд гарах хамгийн дөт боомт болох Тяньжинтай холбосон тээвэр ложистикийн иж бүрэн сүлжээг бий болгох.
  • Ирээдүйд усан онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явуулах. Монгол улсын гэсэн усан онгоцны зогсоол ашиглах. Далайн баялгийг мөн ашиглах. Үүний тулд эхний ээлжинд загас агнуурын онгоц түрээслэх гэх мэт.
  • Аялал жуулчлал, банк санхүү, даатгалын салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх. 


Энэхүү зорилтын хүрээнд өнөөдрийн байдлаар Тяньжины чөлөөт бүсийн Чанкайши дүүрэгт 40 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар төлөөлөгчийн газарт хүсэлтээ ирүүлсэн байгаа. Үүнээс арваад нь төслөө бэлэн болгосон. Төлөөлөгчийн газар жил гаруйн хугацаанд гэрээ хэлцэл хийсний үр дүнд Дуньзян дүүрэгт газрын үнийг 50 хувь хөнгөлөхөөр тохиролцсон. Мөн эх газарт үйл ажиллагаа явуулах газрын үнийг 50 хувиар хөнгөлж, 50 жилийн хугацаанд ашиглах нөхцөлийг тохирсон. Одоогоор төлбөрийн журам дээр тохиролцох шатандаа явж байна. Өнөөдрийн байдлаар Дуньзян дүүрэгт хамтарсан хоёр аж ахуйн нэгж байгуулагдан бүртгэгдээд байна. Тээвэр ложистикийн чиглэлээр хамтарч ажиллах хоёр талын хамтарсан компани байгуулагдсан. Аравдугаар сард бүртгэгдэн үйл ажиллагаа нь эхэлсэн. Мөн Дуньзян дүүрэгт “Улаанбаатар” аж үйлдвэрийн парк байгуулахад хамтарч ажиллах хамтарсан аж ахуйн нэгж энэ арванхоёрдугаар сард багтаж байгуулагдана. Монголын аж ахуйн нэгжүүдийн бүртгүүлэх ажил нэлээд эрчимтэй явагдаж байгаа.
Мөн манай төлөөлөгчийн газар Нинкей хэмээх аж үйлдвэрийн туслах бүсэд 40 га газрыг  түрээслэн авахаар  тохиролцоод байна. Хөрөнгийн асуудлыг шийдэх талаар  саналаа Засгийн газарт өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэх болов уу гэсэн бодолтой байгаа. Асуудал шийдэгдвэл   манай аж ахуйн нэгжүүд Тяньжины чөлөөт бүсэд ажиллах үүд нээлттэй болох юм.

Тяньжины усан боомтыг ашиглас­наар ирээдүйд Монгол улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа.  Эдийн засгийн ямар   боломжуудыг Та харж байна вэ? 

Тяньжины усан боомт нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд маш их нөлөө үзүүлэх болно. Нэгдүгээрт, хамгийн ойр байршилтай, дөт замаар холбогдож байгаа тул хөрөнгө бага зарцуулагдана. Хоёрдугаарт, Шанхай, Гуанжоу бол Хятадын эдийн засгийн хоёр том чөлөөт бүс. Гурав дахь чөлөөт бүс нь  Тяньжин. Хятадын 12 дугаар таван жилийн төлөвлөгөө болон гол хөрөнгө оруулалтууд энэ бүсийг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа. Ийм учраас энэ боломжийг манай улс бүрэн дүүрэн ашиглах ёстой. Шинээр хөгжиж буй энэ бүсэд маш хурдацтай үйл ажиллагаа явуулах нь ихээхэн ач холбогдолтой юм. Хятад улсын Засгийн газраас оруулсан асар их хөрөнгийн урсгал энд эргэлдэж байна. Үндэстэн дамнасан дэлхийн шилдэг 500 компанийн төлөөлөл энд өөрсдийн төлөөлөгчийн газраа нээсэн. Мөн Хятадын дотоодын томоохон компаниуд ч ажиллахаар болсон. Энэ бүхэн манай улсын эдийн засгийг дэлхийн зах зээлтэй холбох асар том боломжийг бий болгож байгаа юм.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.

  • Зочин (103.11.195.164)
    энэ чинь тэгээд өнөөдрийн байдлаар хэр биелэсэн юм бдэ үнэндээ бол үлгэр л байсан юм биш ү УБТГ туйлын хангалтгүй ажиллаж байгаа шүү
    2013 оны 09 сарын 15 | Хариулах