Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Т.Наран: Хятад доторх тээврийг Засгийн газар санаа тавьж хөөцөлдөх хэрэгтэй байна

Оны эхний сард Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхэн Тяньжины боомтын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаад ирсэн билээ. Энэ талаар “Монгол нүүрс” ассоциацийн захирал Т.Нарантай Э.Оджаргал ярилцав.

2010 он нүүрсний салбарт их онцлог жил болж өнгөрлөө. Монгол улс нүүрсээ дэлхийн зах зээлд гаргахад хөрш хоёр орны далайн гарцаар дамжих нь тодорхой. Өнгөрсөн нэгдүгээр сард Тяньжин хотноо хоёр улсын нүүрсний салбарын төлөөлөгчдийн ажлын уулзалт болж, тус боомтын үйл ажиллагаатай танилцсан. Энэ талаар яриагаа эхлэх үү?  

Хоёр улсын Засгийн газраар зөвшөөрөгдсөн, гэрээ хэлэлцээртэй далайн ганц гарц бол Тяньжины боомт. Манай улсад хувьд экспортод гаргаж ашиг олох бэлэн зах зээлтэй, бодит худалдан авагчтай нь уул уурхайн бүтээгдэхүүн юм. Түүн дотроо нүүрс 2010 оны эдийн засгийн тоон баримтаар Монгол улсын экспортоос орсон орлогын 30 хувийг дангаараа бүрдүүллээ. Урьд нь зэсийн баяжмал тэргүүлдэг байсан бол өнгөрсөн жил нүүрсний ард орсон. Тяньжины боомтоор гадаад худалдаа хийх Монгол улсын гол бараа бүтээгдэхүүн бол нүүрс гэдэг нь ойлгомжтой болж байна. 2010 оны арванхоёрдугаар сарын 13-нд Улаанбаатар хотноо Монгол-Тяньжины худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хэсгийн тав дахь удаагийн хуралд манай Ассоциаци оролцсон юм. Монгол улс гэрээ хэлэлцээрийн дагуу Тяньжины боомтыг далайн гарц болгож ашиглах, энэ нь ажил хэрэг болж хоёр улсад харилцан ашигтай байхаар зохицуулах гэж байгаа бол нүүрсийг эхний ээлжинд ярих ёстой гэдэг саналыг бид тавьсан. Үүний дагуу энэ оны нэгдүгээр сард багтан Тяньжинд хоёр улсын нүүрсний салбар дахь хувийн хэвшлийнхний ажлын уулзалтыг зохион байгуулсан юм. Нүүрс экспортолдог, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай арав гаруй компани энэхүү уулзалтад оролцоод ирлээ. Монголын талаас ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газар, АМГ-ын нүүрсний хэлтэс, манай ассоциаци хамтарсан бол Хятадын талаас Тяньжины Хөгжил шинэчлэлийн хороо, Тяньжин боомтын захиргаа, Тяньжины нүүрсний холбоо зохион байгуулагчаар ажилласан. Ажлын уулзалт үр дүнтэй болсон. “Энержи ресурс”, МАК, “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Хүннү коүл” гээд манай улсын нүүрсний салбарын томоохон төлөөллүүдээс гадна ирээдүйд нүүрсний экспортоор үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй шинэ компаниуд ч оролцлоо.

Тяньжиний уулзалтын үеэр тус боомт дахь уул уурхайн салбартай холбоотой ямар газруудаар орж, үзэж танилцав?


Тяньжинд Ниньзяны нурмаг барааны бирж гэж байдаг. Арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний бирж юм. Тэнд Хятадын өмнөд болон зүүн мужуудын хэрэглэгчдийн худалдаа, арилжаа явагддаг. Япон, Австрали, Энэтхэг, Индонез, Солонгос зэрэг орнууд ч энэ биржийн арилжаанд оролцдог юм билээ. Бид энэ биржийн үйл ажиллагаатай танилцсан. Олон улсын энэ бирж дээр манай улс нүүрсээ худалдаалбал дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломжтой болох юм. Тиймээс цаашид нүүрсийг хилийн худалдааны хэлбэрээс салгах хэрэгтэй. Нүүрсийг дөнгөж хил давангуут Өвөрмонголын компаниуд худалдан авч, хилийн цаана ялгаад л Тяньжинд аваачин дэлхийн зах зээлийн үнээр зарж байна. Хоёроос гурав дахин нугалан ашиг олчихож байгаа юм. Тяньжинд болсон уулзалтын үеэр 2010 онд Өвөрмонголоос 30 гаруй сая тонн нүүрс очсон тухай боомтын захиргааныхан ярьж байсан. Үүний 70 хувийг төмөр замаар, 30 хувийг авто замаар тээвэрлэсэн гэсэн. Үнэндээ тэр нүүрсний тал нь Монголын нүүрс байгаа. Тэгэхээр монголчууд хил орчмын ченжид нүүрсээ хямдхан өгөхгүйгээр өөрсдөө Тяньжинд аваачиж худалдах хэрэгтэй. Өвөрмонголоос 30 сая тонн нүүрс очиж болоод байхад тэр замаар Монголоос яагаад 10 сая тонн очиж болдоггүй юм. Хилийн худалдаагаар бүтээгдэхүүнээ өндөр үнэд хүргэж чадахгүй нь ойлгомжтой. Дэлхийн зах зээлийн үнээр бараагаа зарахын тулд дэлхийн зах дээр л гарах хэрэгтэй.
Тяньжинд Ниньзяны уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр логистикийн төв гэж байна. Тяньжинд очсон уул уурхайн бүтээдэхүүнийг буулгах, ачих, ялгах салгах, хадгалах, жигнэх гээд бүхий л үйл ажиллагааг энэ төв гүйцэтгэдэг. Бид одоогоор нүүрсийг уурхайгаасаа шууд борлуулчихаж байгаа. Гэтэл нүүрс нь дотроо маш олон ангилагддаг. Нэг уурхай дотроос гарч байгаа нүүрсийг ч ялгаагүй ангилан ялгах шаардлагатай байдаг. Улс орон бүр өөрийн стандартаар ангилдаг. Гэтэл Монголд өнөөдөр нүүрсний ангиллын стандарт байхгүй. Тяньжины уул уурхайн ложистикийн төв нүүрсийг Хятадын стандартын дагуу зориулалтаас нь гадна үнслэг, чийглэг, илчлэг зэрэг олон шинж чанарыг нь харгалзан ангилдаг байна. Ингэж ялгасан нүүрс шинж чанарынхаа дагуу өөр өөр үнэтэй болно. Тус ложистикийн төв нь хоногт 2000 шахам вагон нүүрс буулгаж ангилдаг асар том хүчин чадалтай. Бид бас энэ төвтэй танилцсан. Дашрамд сонирхуулахад өдөрт мянга мянган тонноор нүүрс буулгаж, ангилдаг энэ газар маш цэвэрхэн байсан нь гайхал төрүүлж байлаа. Ирэх гуравдугаар сард Тяньжинд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хэсгийн дараагийн хурал болно. Саяын уулзалтаар санал нэгдэж, тохирсон асуудлуудаа Засгийн газар хоорондын ажлын хэсгүүдийн тэрхүү хуралдаанаар оруулан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, бид нүүрсээ ямар тээврээр хэрхэн Тяньжинд хүргэх тухай асуудлыг нэн түрүүнд ярих учиртай.

Тяньжины эдийн засгийн чөлөөт бүс монголчууд бидэнд ямар боломжийг олгож байна вэ?

Хятад улс өнгөрсөн хугацаанд зүүн өмнөд, урд мужуудынхаа эдийн засгийг түлхүү хөгжүүлж ирсэн. Харин одоо тус улсын бодлого хойд хэсгийн эдийн засгаа хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ бодлогынхоо хүрээнд Тяньжинд Биньхай шинэ дүүрэг байгуулан, тэр орчмыг эдийн засгийн чөлөөт бүс болгон зарлаад буй. Зам, барилга шинээр байгуулж, боомтуудыг өргөжүүлэн тэлж, бүх төрлийн тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах, хүлээж авахад зориулан шинэчилж, нэг ёсондоо асар том бүтээн байгуулалт ид оргил үедээ явагдаж байна. Эдийн засгийн бүсээ амьд болгохын тулд дотоод, гадаадын хөрөнгө оруулалт ихээр татаж байна. Үүний тулд олон төрлийн хөнгөлөлт үзүүлж, бизнес эрхлэх аятай таатай орчин бүрдүүлж байна. Үүнд монголчууд бид багтаж, чөлөөт бүсэд өөрийн орон зайгаа эзлэх хэрэгтэй юм. Асар том эдийн засаг дунд бизнесийн олон хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломж бидэнд нээгдэж байгаа хэрэг. Хятадын Засгийн газар эдийн засгийн энэ чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаад, дотоодыхонд маш найрсаг хандаж  байгаа нь мэдрэгдэж байсан.

Хөнгөлөлт, боломжууд байгаа хэдий ч нэг улсаас хараат болох вий гэсэн болгоомжлол байгаа?

Нүүрсээ зөөгөөд Хятадын хараат болох нь, энэ улс хилээ хаачих юм бол хэцүүднэ гэх мэтээр манайхан их ярих юм. Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учирна, тусгаар тогтнолоо алдчихна гээд л. Үнэхээр тийм айдас  байна уу, эсвэл тэр үгний цаана өөр санаа зорилго байна уу, хэлэхэд хэцүү. Гэхдээ эрүүл саруул ухаанаар харвал Монгол улс нүүрснээсээ болоод бусдын хараат болно гэхээс илүү бусад улс орнуудыг хараат болгох боломж бий болж байна гэхэд хэтрүүлэг болохгүй. Бидний эмээгээд байдаг их гүрэн Хятад улсын эдийн засаг нь манай улсын коксжих нүүрснээс тодорхой хэмжээгээр хамаарч эхэллээ. Ганцхан тоо баримт дурдахад 2009 онд Хятад улсын коксжих нүүрсний импортын 65 хувийг Австрали нийлүүлж байжээ. Австрали нүүрсний экспортоор  дэлхийд тэргүүлэгч улс. Гэтэл 2010 онд энэ тоо 65-аас 35 хувь болон буурч хасагдсан 30 хувийг нь Монгол улс нөхсөн байгаа юм. Хятадууд ганцхан улсаас нүүрс авах нь эрсдэлтэй учир олон нийлүүлэгчээс авахаар эрмэлзэн манай улсаас авах хэмжээгээ нэмэгдүүлж байна. Тэр нь ч зөв болох нь батлагдаж Австралийн үер усны гамшгийн улмаас уурхайнууд нь зогсож нүүрсний хомсдолд орох үед Хятад манай улсаас коксжих нүүрс авсны хүчинд  гангийн үйлдвэрүүд нь тодорхой хэмжээний нөөцтэй үлдэж чадсан. Хятадаас гадна Япон, Солонгос, Энэтхэг зэрэг томоохон хэрэглэгч орнууд манай улсаас нүүрс авахыг эрмэлзэж, Монголын нүүрсийг худалдаж авахын төлөө хоорондоо өрсөлдөх цаг үе иржээ. Энэ хүчирхэг гүрнүүд тодорхой хэмжээнд манай улсын нүүрснээс хамааралтай байдалд орж байна гэж хэлж болох  юм. Дэлхийн улс орнууд Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр нь худалдан авахад бэлэн байна. Харин монголчууд бид өөрсдөө дэлхийн арилжаа худалдааны стандартад нийцэж, тэрхүү горимд нь орох хэрэгтэй юм.  Олон улсын худалдаанд оролцъё гэхээр далайд гарах нь зайлшгүй. Хамгийн дөт, өргөн зах зээлтэй нь Тяньжины боомт л байна.

Танай ассоциаци Тяньжиний нүүрсний холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан гэж сонссон?

Тяньжины нүүрсний холбоо 1000 гаруй аж ахуйн нэгж, компанийг нэгтгэсэн том байгууллага. Ажлын уулзалтын үеэр манай ассоциаци тус холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэ санамж бичгийн гол агуулга нь Монголын нүүрсийг Тяньжины боомтоор дамжуулан Хятадын өмнө зүгийн хэрэглэгчид болон дэлхийн зах зээлд борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилготой. Санамж бичгийн хүрээнд Монголын нүүрсний экспортыг хөнгөвчлөх асуудлаар тохиролцсон. Манай нүүрс экспортолж байгаа компаниудын нөхцөл асар хүнд. Тээвэрлэж буй зам нь ямар билээ. Шивээхүрэн, Гашуунсухайт гэсэн хоёрхон боомтоор хилээр гаргаж байна. Энэ хоёр боомтын нэвтрүүлэх хүчин чадал маш бага. Зарим үед орон нутгийн удирдлагууд дур зоргоороо хилийн боомтыг хааж, компаниудын ажилд саад болдог явдал ч гарч байсан. Мөн компаниуд хоорондын төлбөр тооцооны асуудал их хүнд байна. Монголын компаниуд хятадуудад олон саяар нүүрс борлууллаа гэхэд төлбөр тооцоо шуурхай хийгддэг систем, механизм нь алга. Олон улсын худалдааны зарчмаар  энэ асуудал маш шуурхай байх ёстой. Энэ талаар ч санамж бичигт тусгасан.

Эдгээр хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх ямар гарц байна вэ?


Юуны өмнө манай улс хилийн гарц Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, Хятад улсын доторх тээвэрлэлтийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэрэв манай Засгийн газар, эрх баригчид шуурхай хөдлөх юм бол энэ бүхнийг ажил хэрэг болгоход тийм их цаг хугацаа ороод байхгүй. Тэртээ тэргүй хувийн компаниуд үүний төлөө маш их ажлыг өөрсдөө хийж байна шүү дээ. Зам тавьж, цахилгаан эрчим хүчийг бий болгон, дэд бүтцээ өөрсдийн хүч, хөрөнгөөр шийдэж байна. Харин хилийн боомт төрийн эзэмшлийнх учир хувийн компаниуд өргөжүүлж чадахгүй. Тяньжины боомттой бүх талаар яриад тохирчиход л болж байна. Өмнөд хилийг давуулан цааш нь Тяньжины боомт хүргэх Хятад доторх тээврийн талаар  манай улсын Засгийн газар санаа тавьж хөөцөлдөх хэрэгтэй байна.

Тяньжинаас гадна ОХУ-ын гурван ч боомтоор олон улсын зах зээлд гарах боломжтой. Гэхдээ энд байр сууриуд нэлээд зөрчилддөг. Та ямар байр суурьтай байдаг вэ?


Бид өнөөдөр аль ч боомт руу нүүрсээ хүргэж чадахгүй байна. Мэдээж зам, тээвэрлэлтээс шалтгаалж байгаа. Хойд хөршийн гурван боомт болон Тяньжины боомтоор гаргах талаар ямар сонирхлын үүднээс зөрчилдөж буйг би хэлж чадахгүй. Ямар ч гэсэн ашиг сонирхлын том зөрчил байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой. Улс орны тусгаар тогтнол, ганцхан улсаас хамааралтай гарцтай байж болохгүй гэсэн тайлбарууд бий л дээ. Гэхдээ энэ бүхэн юм гадарладаг хүнд бол ердөө л “үлгэр”. Нүүрсний нэг онцлог нь тээвэр даадаггүй бүтээгдэхүүн. Нүүрсний өөрийн өртөг нь бага. Өөрөөр хэлбэл олборлосон нүүрсээ газар дээр нь зарахад л асар их ашигтай. Хэдийчинээ хол замаар тээвэрлэнэ төдийчинээ ашиг нь багасдаг. Замын-Үүдээс Тяньжин хүрэхэд 1000 км хүрэхгүй зайтай. Гэтэл Сайншандаас Восточный, Ванино, Владивосток  боомтууд хүрэхэд 5000 км. Тээврийн зардал тав дахин өндөр, эргэлт тав дахин удаан. Зах зээлийн дүрмээр бараа эргэлт түргэн байх тусмаа ашигтай байдаг.  Гэтэл Оросын Алс Дорнодын боомтууд нь эзгүй газар. Тосгоны хэдэн орос л бий. Гэтэл үүний дэргэд Тяньжин дэлхийн зах зээл шүү дээ. Түм түжигнэж, бум бужигнасан газар. Восточный, Ванино нь далайн боомт хот болон хөгжихөд багагүй хугацаа хэрэгтэй. Тэнд ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Наад зах нь 200 мянган тоннын хөлөг онгоцны зориулалтын зогсоол ганц ч байхгүй. Боомт гэж далайтай нийлсэн газрыг л хэлдэг юм биш. Гэтэл тийшээ хүргэх төмөр зам нь ямар билээ. 1970-аад онд комсомолын гишүүн залуучуудын тавьж байсан БАМ  шүү дээ. /Байкаль Амурский Магистраль/. Бараг ачаа явдаггүй, хаягдсан шахам, эзгүй тайга дундуур тавьчихсан төмөр зам. Ийм замаар олон улсын зах зээлд хүрнэ гэдгийг би үнэхээр ойлгохгүй байгаа.

Тэгвэл Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулах төслийн талаар таны бодлыг сонсмоор байна? 

Өнөөдөр “Энержи ресурс” компани уурхай дээрээ нүүрс баяжуулах, угаах үйлдвэр байгуулж байна. Бусад компаниуд ч адил бэлтгэлээ базааж байна. Гэтэл Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулж, Өмнөговь-Сайшанд гэсэн төмөр зам тавих гэж байгаа. Тэнд химийн аж үйлдвэрийн цогцолбор байгуулаад, Өмнөговиос нүүрс зөөж аваачин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоно гэж байгаа. Уурхайн аман дээрээ угааж, баяжуулж, өртөг нэмэгдүүлж болж байхад яагаад заавал 400-500 км газар нүүрс тээвэрлэж, Сайншандад аваачих ёстой юм бэ? Наад зах нь иймэрхүү “сонин” зүйлүүдийг манай төр засаг хийхгүй байх хэрэгтэй. Үнэхээр Монгол орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгоё, уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргая, өндөр үнээр худалдаж ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлье гэж бодож байгаа бол төр засаг маань эдийн засгийн эрүүл зөв бодлогоор явуулмаар байна.

Коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний экспортын тухайд ямар асуудал байна вэ?

Манайханд байдаг нэг зовлон нь төмөр зам болон хилээс дотогшоо хол байдаг уурхайнууд руу хөрөнгө оруулж, олборлолт, экспорт хийж чадахгүй байна. Одоогоор зөвхөн хил орчмын уурхайнуудаас л компаниуд нүүрс гаргаж байна. Мөн зөвхөн коксжих нүүрсээ л гаргаад, хүрэн нүүрсийг экспортолж чадахгүй байна. Тэгэхээр энэ дутагдлуудыг арилгах ёстой. Тяньжин дахь уулзалтын үеэр хятадууд хүрэн нүүрсний эрэлт хэрэгцээ ч гэсэн үлэмж нэмэгдэж байгааг яриад  боловсруулах үйлдвэрүүд байгуулах, дэд бүтцээс хол уурхайнуудад хөрөнгө оруулалт хийе гэсэн санал тавьж байна лээ. Хүрэн нүүрсийг мөн л уул уурхайн бирж дээр худалдаалахад одоо бидний ярьж буй үнээс 2-3 дахин илүү үнээр зарагдах боломжтой юм билээ.

Ирэх гуравдугаар сард болох гэж буй Монгол-Тяньжины эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдаанаас ямар үр дүнг хүлээж байна вэ? 

Ажлын хэсгийн хуралдааны үр дүнгээс маш олон зүйлийг хүлээж байна. Тэндээс гарсан шийдвэрийг гагцхүү манай улсын төр засаг шуурхай ажил хэрэг болгоосой. Эдийн засаг, улс төр холбоотой нь үнэн. Гэхдээ манай улсын хувьд улс төрийн явцуу, богино хугацааны ашиг харж  эдийн засгийн урт хугацааны стратегийн асуудлаа хойш нь тавьдаг. Тийм ч учраас ОХУ-ын 5000 км замаар нүүрс тээвэрлэнэ гэх мэтийн шийдвэрийг гаргаж байна. Тэгээд үүнийгээ тусгаар тогтнолоо хамгаалах гэх мэт хэт сүржин, үеэ өнгөрөөсөн уриа лоозонгийн чанартай, хэт хийрхлийн шинжтэй байдлаар тайлбарлаж, ард түмнийг төөрөгдүүлдэг. Монголын энэ их баялаг үнэхээр дэлхийн зах зээл дээр өндөр үнэ хүрч байгаа нь үнэн юм бол үр ашгийг нь ард түмэн түргэн хугацаанд  шууд хүртэж байх ёстой. Сар бүр 21 мянган төгрөгт дугаарлуулж байхын оронд ард иргэдээ уул уурхайн салбарын томоохон бүтээн байгуулалтын ажлуудад татан оролцуулж, дэлхийд борлогдох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүгээр дамжин айл бүрийн амьдрал өсөн дэгжих учиртай санагддаг. Газрын хэвлий дэх баялаг ард түмний өмч, бүгдээрээ эрх тэгш эзэн нь мөн юм бол энэ баялгаа “чулуу болгон” олон улсын зах зээлд үнэд хүргэн арилжиж, олсон ашгаасаа айл өрх, иргэн бүр эн тэнцүү хүртэн хэнээс ч гуйлгүй сайхан амьдрах боломжтой. Үүнд гадны нэг ч улс орон хориг саад тавиагүй, харин ч тусалъя, дэмжье, харилцан ашигтай хамтран ажиллая гэж байгаа. Манай улс л харин өөрөө өөртөө янз бүрийн тээг тавьчихаад байх юм.

Төр засгийн бодлого, шийдвэрийн түвшинд мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох нь учир дутагдалтай санагддаг?

Сүүлийн үед ажиглагдаж буй нийтлэг нэг зүйл бол тухайн юмыг мэдэхгүй чадахгүй хүмүүс л тэр талаар хамгийн их ярьж, үймүүлж, жагсаж, өлсөж, бусдынхаа ажилд их саад болох юм. Ажлаа мэддэг, мэргэжлийн хүмүүс нь индэр дээр үг хэлж, гудамж талбайд гарч жагсах завгүй явдаг. Монгол улсын Засгийн газар, судалгаа шинжилгээний байгууллагуудад ч байхгүй зах зээлийн судалгаа өнөөдөр манай компаниудад байна шүү дээ. Жишээ нь, “Энержи ресурс” компанийн ажилтнууд гэхэд дэлхийн ихэнх улс орнууд нүүрсээ ямар стандартаар, хэрхэн, яаж ангилдаг тухай арван хуруу шигээ мэдэж, судалчихсан байна. Гэтэл  улс орны хувь заяаг шийдэх өндөр эрх мэдэл бүхий байгууллага, хүмүүс ямар ч судалгаа шинжилгээ хийгээгүй хэрнээ улс орны ирээдүй, ард иргэдийн амьдралтай холбоотой бодлого тодорхойлж, шийдвэр гаргаад сууж байдаг. Яг мэргэжлийн хүмүүс нэг дор цуглаад уулзаж, ярилцах үед шийдвэр гаргагчид сонсууштай, улс орны амьдралд хэрэгтэй зүйлүүд их яригддаг. Тяньжиний уулзалтад оролцсон төрийн ч, хувийн компаниудын ч төлөөллүүдийн үгийг сонсож байхад төр засагт нэлээд итгэлгүй хандсан, арга барагдсан байдал харагдаж байна лээ. Төр засгийг их шүүмжилдэг ч ний нуугүй хэлэхэд зарим жирийн иргэд бүр тодруулбал ажил хийдэггүй өөр аргаар амьдардаг хүмүүс ажил хийдэг нэгэндээ их саад тээг болж байна.  Уурхайчид, уул уурхайн мэргэжилтнүүд асар хүнд хөдөлмөр эрхэлдэг. Энэ хүмүүсийн бий болгосон баялгийг, хөрөнгө мөнгийг жагсаал цуглаан хийж, гудамж талбайд байрлуулсан индэр дээрээс уран цэцэн үг хэлэх дуртай нөхдүүд идэж л байгаа. Улстөрчдийн хувьд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг нэгэнт авсан бол түүнийгээ тодорхой хэмжээгээр хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Харин тэр нь эргээд  хувийнх нь сонирхолд нийцдэггүй тул мэргэжлийн хүмүүсийг өөрийн ажилд оролцуулах сонирхолгүй байдаг тал ажиглагддаг.

Уул уурхайн салбарт нэн чухал асуудлын нэг яах аргагүй техник, технологи байдаг. Манай улсын нүүрсний салбарт энэ тал дээр юу хийх шаардлагатай вэ? Техник, технологи нэвтрүүлэхэд  учирч буй саад бэрхшээл, бас боломж юу байна?         

Нэн түрүүнд байгальд ээлгүй технологиудыг шахаж гаргах хэрэгтэй. Оронд нь байгаль орчинд хор нөлөөгүй, хамгийн сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлэхийн тулд манай  ассоциаци өөрөөс шалтгаалах бүхнийг хийх болно. Байгаль хамгаалах асуудал нэг улсынх байдаггүй. Монголд үүсч байгаа цөлжилт, гол усны ширгэлт наад зах нь л гэхэд зэргэлдээ улс орнуудад мэдрэгдэнэ. Хөгжилтэй орнуудын 50-60 жилийн өмнө хэрэглэж байсан технологийг өнөөдөр бид ашиглаж байна. Түүнийг харсан япончууд бидний өмнөөс санаа зовж, хамгийн сайн технологийг бидэнд санал болгодог. Хятад, Солонгосуудаас хүртэл ийм санал тавьж, танилцуулж байгаа. Тэр болгоныг заавал бэлэн мөнгөөр худалдаж авах шаардлагагүй болжээ. Мөнгө бол дараагийн асуудал, эхлээд байгаль орчноо хамгаалахыг урьтал болгодог цаг болсон байна. Гадаадын өндөр зэрэглэлийн техник, технологи оруулж ирлээ гэхэд төлбөр тооцоог нь ирээдүйд үйлдвэрлэх уул уурхайн бүтээгдэхүүнээсээ хийнэ гэхэд зөвшөөрөхгүй улс орон байхгүй болж.

“Монгол нүүрс” ассоциацийн ойрын зорилт, ажлын төлөвлөгөөнөөс сонирхуулна уу?

Ассоциацийн ажил салбарын хөгжлийг дагаад асар хурдтай нэмэгдэж байна. Монголын нүүрсний салбарын талаар мэдээлэл авах, хамтарч ажиллах талаар өндөр хөгжилтэй орнуудаас асар их ханддаг боллоо. Манай улс мундаг сайндаа гадны улс орнуудын сонирхлыг татаад, тэд манайх руу ирээд, бид тэдэн дээр очоод байгаа юм биш. Дэлхийн эдийн засгийн урсгалд бид өөрийн эрхгүй татагдан орж байна. Үүнээс гарах гарц байхгүй. Харин энэ их урсгалд хөвөхдөө хад чулуу мөргөчихгүй, ийш тийш шидэгдээд гарчихгүй залуурдаж чаддаг байх хэрэгтэй болж байна.  Өнөөдөр монгол айл өрх, иргэн бүрийн амьдрал хүссэн ч, хүсээгүй ч уул уурхайтай холбоотой болжээ. Ард түмний амьдарч буй орчин хийгээд бусад бүхий л зүйлс уул уурхайгаас ангид байхгүй болсон байна. Элдвээр цэцэрхэж суухгүйгээр бодит амьдралыг эрүүл саруул нүдээр харцгаая. Тиймээс жирийн иргэд, айл бүрт уул уурхайн талаар үнэн, бодит, зөв мэдээлэл өгөх, нэг үгээр хэлэхэд гэгээрүүлэх, хүмүүсийг өөртөө хэрэгтэй зөв шийдвэр гаргахад тус болохуйц мэдээллээр хангах зорилго  ассоциацид бий.

Уул уурхайн үйлдвэрлэлээс хувь хүртье, ашиг орлого олъё гэж бодож буй бол түүнийхээ талаар үнэн зөв мэдээлэл, мэдлэг боловсролтой байх нь гарцаагүй. Гэтэл өнөөдөр байдал арай өөр, ихэнхдээ ямар нэгэн сонирхлын үүднээс ард иргэдийн ”тархийг угааж” буй байдал илүү харагдаад байна. Түүний эсрэг зогсоно гэсэн үг л дээ. Мэдээж нүүрсний салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүд,  компаниудтайгаа ойр ойрхон ажил хэргийн уулзалт зохион байгуулж, санаа оноогоо солилцох, төр засагт зөв шийдвэр гаргахад нь нөлөөлөх талаар ч ажиллах шаардлага байна. Мөн гадаад улс орнууд, хөрөнгө оруулагчид, сонирхогчдод зөв мэдээлэл өгөх, хэн хэнийхээ ашиг тусын төлөө хамтран ажиллах талаар бодолцох, хийх зүйл их байна даа.

 Монгол улс газар нутаг томтой, баялаг ихтэй, хүн ам цөөтэй гээд дэлхийн олон оронтой харьцуулахад асар давуу талтай. Жилд 30 сая тонн нүүрс хилээр гаргадаг болоход л айл, өрхийн амьдрал огт нүүрс экспортолдоггүй байсан үетэй харьцуулахад гурав дахин дээшлэх боломжтой юм гэсэн тооцоо бий. Уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний үнэ цаашид өснө үү гэхээс буурахгүй. Томоохон эдийн засагтай хэрнээ газрын доорх баялаггүй улс орнуудад тэр баялаг нь ургаж, шинээр бий болохгүй шүү дээ. Харин хүн төрөлхтний хэрэглээ багасахгүй улам л өссөөр байх болно. Газрын доорхи баялгийнхаа учир начрыг нь олоод амьдрал ахуйгаа залгуулаад явах ухаан л та бидэнд хэрэгтэй байна. Бүр дор хаяж баялгийнхаа “хөлд дайрагдаад” үхчихмээргүй байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Танай ажилд амжилт хүсье.