Эл мэдээ нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тухайн үед багагүй шуугиан тарьсан. Учир нь Д.Медведевийн дээрх зарлигт “Эрдэнэт“, “Монголросцветмет“ компанийн ОХУ-ын Засгийн газрын мэдлийн 49 хувийг “Ростехнологи“ корпорацид шилжүүлэх тухай заалт орсон байв. Хоёр орны Засгийн газрын хэмжээнд яригдаж, зөвшилцлийн үндсэн дээр шийдэгдэх ёстой уг асуудлаар Монголын талаас хэн зөвшөөрөл олгосон нь бүрхэг хэвээр үлдсэн. Чухам энэ үеэс “Ростехнологи“ корпорацийн үйл ажиллагаа, зорилго чиглэл нь монголчууд бидэнд “хамаатай“ болж анхаарлын төвд байдаг чухал мэдээллийн нэг болжээ.
В.Путины засаглалын үед үндэс сууриа тавьж, “Нэгдсэн Орос“намын “ноёрхлын“ үед “өсөж бойжсон“ Орос гүрний шинэ бодлогын хэрэгжилтийг бататган ОХУ-ын Засгийн газар цэрэг, зэвсгийн зориулалттай техник төхөөрөмж, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ, цаашлаад уул уурхайн, төмөрлөгийн үйлдвэрүүдээ нэгтгэн нэг гарт “атгах“ зорилт тавьж буй нь барууны улстөрч, эдийн засагчдыг багагүй түгшээж эхлэв. Эдийн засгийн уналт, шилжилтийн үеийг амжилттай даван туулж, урьдын хүчин чадал, гадаад байр суурийн нөлөөгөө сэргээсэн Орос орон АНУ, Европын холбооны эсрэг дахин “том“ дуугарах чадамжтай болж байгаад эмзэглэх хүмүүс олширч байгаа.
2000 онд байгуулагдсан “Рособоронэкспорт“ нь Оросын цэрэг зэвсгийн техник технологийн экспорт, импортыг хариуцдаг цорын ганц компани бөгөөд түүний бааз суурийг түшиглэн бий болгосон “Ростехнологи“ корпораци үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, техник технологи, үйлдвэрлэлийн салбарт төрийн бодлогыг хэрэгжүүлэх “гар“ болох зорилтыг анхнаасаа тавьжээ.
Ийм корпораци байгуулах саналыг анх 2005 онд тэр үедээ “Рособоронэкспорт“-ын захирал байсан Сергей Чемезов Ерөнхийлөгч В.Путинд тавьсан гэх ба уг санаачилгыг хэрэгжүүлэх төсөл, баримт бичгийг боловсруулах ажил өнгөрсөн оны зунаас л эхэлсэн аж. Зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох явц Төрийн Дум, Засгийн газрын хүрээнд нэлээд саад тотгор, санал зөрөх асуудалтай тулгарсан ч “Ростехнологи“ корпорацийг байгуулах тухай хуулийн төслийг Думийн гишүүд арваннэгдүгээр сарын 9-нд баталжээ. Үүнээс хоёр долоо хоногийн дараа Ерөнхийлөгч В.Путин зарлиг үзэглэн уг хуулийг баталгаажуулснаар “Ростехнологи“ корпораци албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж, С.Чемезовийг Ерөнхий захирлаар томилов. Ийнхүү уул уурхай, төмөрлөгийн үйлдвэрлэл, зэвсгийн техник технологийн томоохон мэргэжилтэн С.Чемезов өөрийн санаачлагаа хэрэгжүүлээд зогсохгүй энэ их ажлыг гардан удирдах үүрэг хүлээлээ. Түүнийг В.Путины эртний анд найз төдийгүй, нөлөөнд нь багтсан тойрон хүрээлэгчдийнх нь нэг гэх нь бий. Үнэхээр ч аль 1983-1988 онд БНАГУ дахь ЗХУ-ын туршилт, үйлдвэрлэлийн “Луч“ нийгэмлэгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тэнд алба хашиж байсан Аюулаас хамгаалахын офицер В.Путинтэй танилцаж нөхөрлөсөн бөгөөд 90-ээд оны дундаас албан тушаалын шатаар хамт өгссөн нь харагдана. Тэрбээр 1996-1999 онд В.Путины удирдлага дор Ерөнхийлөгч Б.Ельцины Хэрэг эрхлэх газарт Эдийн засгийн гадаад харилцааны албаны даргаар ажиллаж байгаад “Промэкспорт“ хэмээх гадаад улс орнуудад зэвсэг нийлүүлдэг улсын компанийн (хожим нь “Рособоронэкспорт“ болсон) Ерөнхий захирал болжээ.
С.Чемезов нийгэм, улс төр, боловсролын салбарт олон давхар албан тушаал эрхэлдэг бол тухайлбал, Батлан хамгаалахын академид тэнхмийн эрхлэгч, Оросын автомашины үйлдвэрлэгчдийн Холбооны тэргүүн, “Нэгдсэн Орос“ намын Удирдах дээд зөвлөлийн гишүүнээр ажилладаг байна.
“Ростехнологи“ корпорацийн үндсэн зорилгыг өндөр технологи болон батлан хамгаалах чиглэлийн бүтээгдэхүүний боловсруулалт үйлдвэрлэл, нийлүүлэлтийг гадаад,дотоод зах зээлд хангах, хөрөнгө оруулалт, төрийн анхаарал дэмжлэгийг энэ салбарт чиглүүлэх замаар хөгжлийн өндөр түвшинд хүрэх явдал гэж тодорхойлох аж. С.Чемезов энэхүү корпорацийг байгуулах зайлшгүй шаардлага гарсан тухай мэдэгдэх үедээ ОХУ дэлхийн өндөр технологийн зах зээлд нэлээд хоцрогдолтой явааг харуулсан судалгааны дүгнэлт гарсан талаар толилуулж байв. “Улс орнуудын цаашдын хөгжлийн түлхүүр салбар болсон энэ зах зээлд ОХУ-ын эзлэх хувь дөнгөж 0,5 хувь байна. Техник технологийн боловсруулалтын ихэнх хувь нь 1970-1980 оны түвшинд хэвээр үлдсэн“ гэж С.Чемезов тухайн үед тайлбарласан нь Думийн гишүүдийг итгүүлж чаджээ.
Өнгөрсөн долдугаар сард Д.Медведевийн 1052 тоот зарлигаар Оросын төрийн оролцоотой нийт 426 компанийг (үүнээс 80 хувь нь батлан хамгаалахын чиглэлийнх) өөртөө нэгтгэснээр “Ростехнологи“-ийн үйл ажиллагааны цар хүрээ идэвхжин өргөжиж, үүрэг хариуцлага нь нэмэгджээ.
“Ростехнологи“-ийн Хяналтын зөвлөлд В.Путин есөн хүнийг баталсан ба үүнд Батлан хамгаалахын сайд А.Сердюков, Орон нутгийн хөгжлийн сайд Д.Козак, Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд Э.Набиуллина, Үйлдвэрлэл, эрчим хүчний сайд В.Христенко, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Приходько, Батлан хамгаалахын хамтын ажиллагааны Холбооны албаны дарга М.Дмитриев нар багтжээ.
Өдгөө уг корпораци нь батлан хамгаалах, хүнд, хөнгөн техник төхөөрөмж үйлдвэрлэл, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэчлэл хийхээс гадна уул уурхай, төмөрлөгийн үйлдвэр, иргэний нисэхийн салбарт ОХУ-ын Засгийн газрыг төлөөлөн оролцдог, хувь нийлүүлэн эзэмшдэг төрийн оролцоо, бодлогыг хэрэгжүүлдэг гол байгууллага болон төлөвшив. Тухайлбал, “Ростехнологи“ Москва хотын захиргаатай хамтран хэд хэдэн нислэгийн компанийн төрийн мэдлийн хувийг авч, “Оросын нислэгийн сүлжээ“ хэмээх хүчин чадал, үндсэн хөрөнгийн хэмжээгээрээ “Аэрофлот“-оос давсан номер нэг компани байгуулах ажлаа ерөнхийд нь дуусгалаа. Мөн Италийн Pirelli компантай хамтран жилд 3-4 сая ширхэг автомашины дугуй үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих, Оросын авто сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэлийн зах зээлийн 40 хувийг хангахуйц холдинг байгуулах төслүүд нь хэрэгжиж эхлээд байна.
Үүнээс гадна сүүлийн үед Оросын төдийгүй гадаад улс орнуудын сонирхлыг татах болсон мэдээ бол “Ростехнологи“ корпораци А.Усмановын “Металлоинвест“ групптэй хамтран Чита мужийн Удоканы зэсийн орд газрыг ашиглах болсон явдал. Энэ оны эхний хагаст ОХУ-ын Засгийн газраас зарласан Удоканы зэсийн орд газрыг 20 жилийн лицензтэйгээр эзэмших тендерт Оросын уул уурхайн гигантууд болох “Норильский никель“, “Русская медь“, “Онексим“, “Үндсэн элемент“ зэрэг компани оролцсон. Тендерийн сүүлийн шатанд оролцогчдын гурав нь татгалзаж, “Русская медь“ болон “Металлоинвест“-ийн бүрэлдэхүүнд багтдаг “Михайловын уулын баяжуулах үйлдвэр“ үлдэж өнгөрсөн есдүгээр сарын 17-нд зарласан тендерийн дүнгээр “Металлоинвест“ групп Удоканы лицензэд 15 тэрбум рубль санал болгосноор ялагчаар тодорчээ.
ОХУ-ын Байгалийн нөөцийн яамнаас гаргасан үнэлгээгээр Удоканы орд газраас жилд 187 мянган тонн зэс олборлох боломжтой ба энэ нь Оросын зэсийн үйлдвэрлэлийн 15 хувийг эзлэх юм байна. Энэ ордыг 1949 онд нээсэн бөгөөд янз бүрийн ангиллын 20 сая тонн зэсийн нөөцтэй, дэлхийн хэмжээнд эхний гуравт багтах том орд газар аж.
Сүүлийн үеийн мэдээллээр “Металлоинвест“ группийн Удоканы орд газарт зарцуулахаар төлөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум рубль давсан ба уулын баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг 2010 онд эхэлж, 2014 он гэхэд жилд 150 мянган тонн катодын зэс боловсруулан нийлүүлэх чадалтай үйлдвэр үйл ажиллагаагаа эхлэх юм байна. 2016 он гэхэд уг үйлдвэрийн хүчин чадал жилд 474 мянган тонн болж гурав дахин өсөх төлөвлөгөөтэй байгаа аж.
Удоканы орд газрыг ашиглах төсөлд “Ростехнологи“Засгийн газрыг төлөөлөн оролцож байгаа ба одоогоор хэдэн хувийг нь эзэмших талаар тодорхой мэдээлэл нэмэгдээгүй байна. Гэхдээ өнгөрсөн наймдугаар сард С.Чемезов “Металлоинвест“ Удоканы орд газрын лицензийг авсан тохиолдолд “Ростехнологи“ Засгийн газраас шилжүүлж авсан Монголын “Эрдэнэт“, “Монголросцвет“-ийн 49 хувийн хөрөнгийг нэгдсэн консорциум байгуулахад хувь нийлүүлнэ“ гэж мэдэгдэж байжээ. “Ростехнологи“-ийн мэргэжилтнүүдийн урьдчилсан байдлаар мэдээлж буйгаар бол Удоканы 25-аас доошгүй хувийг уг корпораци эзэмших бололтой.