Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросуудад мөнгө бий юу?

Эндээс , холдингуудын сүүлчийн найдлага нь “Оросын төмөр зам“ нээлттэй хувьцаат нийгэмлэг болон үлдээд байна. Тэгвэл ОТЗ өөрөө мөн л бэрхшээлд орсныг энэ оны эхний санхүүгийн тайлангаас харж болно.2009 оны байдлаар ОТЗ 50 тэрбум рублийн алдагдалтай ажиллана гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Алдагдлын 26.8 тэрбум нь нэгдүгээр улиралд бий болсон юм. Эдийн засаг сэргэж , ачаа тээвэрлэлт нэмэгдэнэ гэх найдлагын чанадад ч ОТЗ хэсэгтээ хэтэвч хоосон хэвээр байна.

Тэгвэл “Базовый элемент“ холдингд  “мөнгө босгох “ найдлага байгаа  юм болов уу. Оросын тэрбумтан Олег Дерипаска нь энэхүү холдингийн эзэн агаад Тавантолгойн тендерт оролцох сонирхлоо энэ эрхэм эртнээс илэрхийлж байлаа. Харин өнгөрсөн оны намраас Дерипаска  хямралын хар үүлийг мэдэрч эхэлсэн юм. Түүний “Базовый элемент“ нь өөр нэг гигант болох “Русал“ компанийн 50 хувийг эзэмшдэг. “Русал“-ын тухай дуулаагүй, сонсоогүй хүн цөөн биз. Дэлхийн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн 12 хувийг чухамхүү “Русал“ буюу “Оросын хөнгөн цагаан“ хэмээх аварга үйлдвэрлэдэг.
Тэгвэл өнгөрсөн жилийн өдийд тонн нь 3000 ам. доллар хүрч байсан хөнгөн цагааны үнэ 2008 оны сүүл, 2009 оны эхний улиралд 1000-1500 ам. долларын үнэтэй болсон байлаа. Гэтэл нэг тонн хөнгөн цагаан үйлдвэрлэх өөрийн өртөг “Русал“-д 1899 ам. доллар байв. Ийм нөхцөлд тэрбумтан тэрбумтан биш, бизнес гэдэг там болдгийг Дерипаска өнгөрсөн хугацаанд биеэр амсчээ.
2008 оны Оросын тэргүүн баян О.Дерипаскагийн хөрөнгө 31.200 сая доллараар хэмжигдэж байсан бол жилийн дараа тэрбээр ердөө 3700 сая ам. долларын хөрөнгөтэй  үлджээ. “Русал“-ын банкуудад төлөх өр 14 тэрбум ам. доллар. Үүний яг хагасыг нь гадаадын банкуудаас зээлсэн аж.

Өөрөөр хэлбэл, О.Дерипаска одоо өр зээлийнхээ хэмжээгээр тэргүүн байранд явна. Тэрбээр, олон жилийн турш зах зээлийн хайр найргүй өрсөлдөөн дунд тэмцэж зүтгэн байж хэсэг хэсгээр нь уйгагүй босгосон аварга бизнесээ харсаар тавиад туучихыг хүсэхгүй нь мэдээж.
Хөнгөн цагааны үнэ өстөл өр төлөх хугацааг хоёр жилээр сунгаж өгөөч хэмээн зээлдүүлэгчидтэйгээ  уйгагүй хэлэлцээр хийсээр явна. Хөнгөн цагааны үнийн өсөлттэй уялдуулсан зээл төлөлтийн график гаргаж өгөхийг Дерипаска шамдан хүсч байгаа билээ. Гадаадын нийт 70 гаруй банкнаас зээл авсан болохоор өдгөө түүний амьдрал зээлдүүлэгчидтэй хийх тоо томшгүй хэлэлцээрүүдийн дунд өнгөрч байна.

Энэ зуур хашир бизнесмэн гар хумхин суугаагүй. Нэг тонн хөнгөн цагаан үйлдвэрлэх өртгийг 1899 ам. доллараас 1385 ам. доллар болтол багасгаж чадсан. Зардлыг дахин танаж, 1040 ам. долларын өөрийн өртөгтэй болгоно гэсэн шинэчлэлийн төлөвлөгөө гаргаад байна. Оросын хамгийн баян эзний албатууд буюу “Русал“ ба “Базовый элемент“-ийн ажилтнууд ч хэмнэлтийн горимд хэдийнэ шилжжээ. Тэдний албаны хэрэгцээний унаа ба гар утасны зардлыг компани хариуцдаг байсныг цуцалжээ. Ингээд зогссонгүй 2008 оны ашиг хуваарилсангүй. Эмчилгээний зардлыг нь төлдөг халамжийн бодлогоо ч эргэн харсан байна. Одоо оросуудын дунд “Дерипаскагийн оффисийн ажилтнууд бие биенээсээ бичгийн цаасаа нуудаг“ гэх наргиа яригдах болов.

Дерипаскагийн вант улсыг худалдан авах бэл бэнчинтэй хүн Оросод үгүй. Харин гадаадын худалдан авагч гарч ирэх вий гэдгээс Оросын төр өөрөө эмээж буй юм. Тэгэхээр Дерипаска төдийгүй В. Путин ч нэг л зүйлд залбирч байгаа. Тэр нь хөнгөн цагааны үнэ өсөөсэй гэсэн хүлээлт. Шар айрагны лааз олныг хийх болтугай, онгоцны үйлдвэрлэл нэмэгдэж, барилгын хийцүүдийг түм түмээр нь хийгээсэй гэсэн хүлээлт дунд тэд амьдарч байна. Энэ онд нэг тонн хөнгөн цагааны үнэ дунджаар 1500 ам. доллар байх урьдчилсан таамаглал гарсан бөгөөд ийм нөхцөлд О. Дерипаска  цаашид ид шидэд итгэхээс өөр аргагүй болжээ. Том хөрөнгө босгох боломж бүрийг тэрбээр сорчлон хайсаар байна.