Тэрбээр өмнө нь Канад улсад эх орноо төлөөлөн сууж, тивээр алслагдсан хоёр орны хооронд хамтын ажиллагааны цоо шинэ эхлэлийг тавьсан билээ. Эдүгээ Канад, Австрали, Хятад улсуудтай манай улс эдийн засгийн төрөл бүрийн салбарт , тэр дундаа уул уурхайн салбарт амжилттай хамтран ажиллаж байна.
Монгол-Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд Элчин сайд Таны ярилцлага Монголын уншигчдын анхаарлын төвд байна гэдэгт эргэлзэхгүй байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 60 жилийн хугацааг харилцаа, хамтын ажиллагааны далайцаар нь үечлэн харах боломж бий юү?
Дипломат харилцаа тогтоосноос хойшх нэгэн жаран нь хоёр ард түмний харилцааны түүхийн ахархан нэг хэсэг боловч хоёр улс олон улсын эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр бие биеийнхээ төрийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрч, харилцан ашигтай, эрх тэгш байх шинэ зарчмаар харилцаж эхэлсэн үе гэдгээрээ онцлог юм. Өнгөрсөн жарны хугацаанд хоёр улсын харилцаа үргэлж шулуун дардан замаар яваагүй, гадаад, дотоод олон хүчин зүйлийн улмаас уруудаж, өгсөхийн аль алиныг туулсныг бид бүгдээрээ мэднэ. Хоёр улсын харилцааны үечлэлийн талаар судлаачдын байр суурь өөр өөр байдаг боловч дараах дөрвөн үеийг туулсан гэдэгтэй дийлэнх судлаач санал нэгддэг билээ.
Нэгдүгээрт, дипломат харилцаа тогтоосноос 1960-аад оны эхэн үе хүртэлх идэвхтэй, ойр дотно харилцааны үе. Энэ үеийг хоёр улсын харилцааны “алтан үе“ хэмээн нэрлэх нь олонтаа. Хоёрдугаарт, 1960-аад оны дунд үеэс 1970-аад оны сүүл хүртэлх харилцаа хүйтэрч, зогсонги байдалд орсон үе. Гуравдугаарт, 1980-аад оны дунд үеэс 1980-аад оны сүүл хүртэлх харилцаа бүлээрч сэргэж эхэлсэн , өөрөөр хэлбэл “урь орсон“үе. Дөрөвдүгээрт, 1990 оноос харилцаа бүрэн хэвийн болж, бүх салбарт өргөжсөн “идэвхтэй хөгжлийн“ үе. Хоёр улсын харилцаа өнгөрсөн жаранд ийнхүү түүхийн олон шалгуурыг давж бүрэн төлөвшин, эдүгээ хоёр дахь жарандаа итгэл төгс орж байна.
Энэ өдрүүд дэх манай хоёр орны харилцааны гол онцлог юу вэ?
Хоёр улсын харилцаа бүрэн хэвийн болсноос хойш харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт тогтвортой өргөжин хөгжиж эдүгээ сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн түвшинд хүрээд байна. Улс төрийн итгэлцэл, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа, ард иргэдийн өргөн, идэвхтэй солилцоо, олон улс, бүс нутгийн тавцан дахь нягт хамтын ажиллагаа нь манай хоёр улсын хооронд тогтоод байгаа түншлэлийн харилцааны гол агуулга юм.
Улс төрийн итгэлцэл улам бүр гүнзгийрч байгааг сүүлийн жилүүд дэх дээд, өндөр хэмжээний болон бусад түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжаас харж болно. Зөвхөн 2008 онд л гэхэд хоёр улсын төр, засгийн тэргүүн нар тус бүр хоёр удаа уулзлаа. Улс төр, цэргийн хамтын ажиллагааны агуулга баяжиж, хамрах хүрээ нь өргөжиж буй нь харилцан итгэлцэл бэхжиж байгаагийн илрэл юм. Тухайлбал, хоёр тал улс төр, батлан хамгаалахын зөвлөлдөх уулзалтыг 2004 оноос хойш жил бүр зохиож байгаагаас гадна хоёр улсын нутаг дэвсгэрт болж буй цэргийн сургуулилалтад ажиглагч харилцан илгээх нь тогтмолжиж, энэ оны зургаа, долдугаар сарын зааг дээр хоёр улсын түүхэнд анх удаа энхийг сахиулах хамтарсан хээрийн сургуулилалт хийлээ. Мөн хоёр орны улс төрийн намуудын чуулга уулзалт хэмээх шинэлэг арга хэмжээг өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулсан зэргийг дурдаж болох юм.
Хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа харилцан нөхөх, бие биеэ түших голдрилоор хөгжиж байна. Нэг талаас Монгол улс байгалийн асар их баялаг нөөцийнхөө үүцийг нээж, нөгөө талаас Хятадын том эдийн засгийн үсрэнгүй хөгжил уул уурхай, ашигт малтмалын асар их эрэлт хэрэгцээ үүсгэж байгаа нь хамтын ажиллагаа өргөжих нөхцөлийг бүрдүүлж байна. Иймээс ч хоёр тал уул уурхай, дэд бүтцийн салбарыг эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх салбар гэж тодорхойлсон бөгөөд Хятад улсын хөрөнгө оруулалт, технологи, хүн хүчийг ашиглан Монголын уул уурхайн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах нь ойрын ирээдүйд хамтын ажиллагааны зонхилох хэлбэр байх төлөвтэй.
1990 онд хоёр улсын худалдааны хэмжээ 33.6 сая ам.доллар байсан бол 2008 онд 2.8 тэрбум болж 83 дахин өссөн. 2008 оны эцсийн байдлаар манай улсад оруулсан Хятадын хөрөнгө оруулалт 1.67 тэрбум ам.долларт хүрсэн нь манай улсад орсон гадаадын нийт хөрөнгө оруулалтын 55.7 хувийг эзэлж байна. Соёл, хүмүүнлэгийн салбар дахь харилцаа урьд байгаагүй хэмжээгээр өргөжин тэлж, хоёр орны иргэд харилцан зорчих явдал ихээхэн нэмэгдэж байна. Манай талаас жилд давхардсан тоогоор 800 мянган хүн Хятадад зорчиж байгаа бол Хятадын 200 гаруй мянган иргэн манайд ирж байна. Манай 2300 гаруй оюутан Хятадад суралцаж байна.
Энэ мэтчилэн хамтын ажиллагаа өргөн хүрээнд явагдаж буйг илтгэсэн тоо баримт олныг дурдаж болно. Товчоор хэлэхэд харилцаа, хамтын ажиллагаа бүх салбар, түвшинд идэвхтэй хөгжиж байгаа нь харилцааны өнөө үеийн гол онцлог юм.
Хятад улсын эдийн засгийг хөгжүүлэх ойрын таван жилийн төлөвлөгөөний онцлог юу вэ?
БНХАУ-ын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх XI таван жилийн төлөвлөгөө нь 2006-2010 онуудыг хамардаг. Уг төлөвлөгөөний гол онцлог нь улс эх орноо шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэнд оршиж байгаа юм. Мөн эдийн засгийн тогтвортой хөгжлийн хурдцыг хэвээр хадгалах, хөгжлийн загварыг богино хугацаанд зөв зохистой өөрчлөх, дотоодын зах зээлийн хэрэгцээг нэмэгдүүлэх замаар экспортын хамаарлыг багасгах хот, хөдөөгийн хөгжлийг уялдуулах, нийгмийн тогтвортой харилцааг бэхжүүлэх, өөрчлөлт шинэчлэлтийг улам гүнзгийрүүлэхэд чиглэгджээ. Төлөвлөгөөнд, 2010 он гэхэд ДНБ үйлдвэрлэлийн хэмжээг 2000 оны түвшингээс хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан байна. 2010 он гэхэд Хятад улсын ДНБ-ий хэмжээг 26 триллион юаньд, нэг хүнд ногдох ДНБ- ий хэмжээг 19.270 юаньд хүрэхээр тус тус төлөвлөжээ.
Энэхүү төлөвлөлтдөө Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн тусгаж байна вэ?
Төлөвлөгөөнд аль нэг улсыг тусгайлан зааж, хөрөнгө оруулах асуудлыг тусгадаггүй. Төлөвлөгөөний 9 дүгээр бүлэгт “Гадаадын орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нээлттэй бодлого баримтална“ гэж тусгасан байдаг. Гадаадад улам нээлттэй байх бодлогыг үргэлжлүүлэх, олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжил, өөрчлөлт, шинэчлэлтийг түргэтгэх, улмаар эдийн засгийнхаа аюулгүй байдлыг баталгаатай, тогтвортой хангах зорилтыг тодорхойлжээ. Мөн энэхүү бүлэг дотроо гадаад худалдааг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг чанаржуулах зорилт тавьснаас гадна хилийн чанадад хөрөнгө оруулах, бодлого чиглэлийг тодорхойлж өгсөн байдаг.
Гадаадад хөрөнгө оруулах бодлогын хүрээнд Өмнөд Африкийн Standard bank-ны 20 хувь, Перуд Peru Copper уурхай, Индонез улсын PT Bank Halim-ийн 90 хувь, Норвег улсын газрын тосны Awilco Offshore ASA компани, АНУ-ын IBM-ийн компьютерийн салбар , Пакистаны үүрэн телефоны Paktel компани болон Австралийн төмрийн хүдрийн хэд хэдэн уурхайг Хятад улсын төрийн өмчтэй компаниуд тус тус худалдаж авсныг уншигч олон мэдэж байгаа. Одоо Volvo, Hammer зэрэг барууны автомашины үйлдвэрүүдийг худалдан авах асуудлаар яриа хэлцээ хийж байгаа нь дээрх бодлогыг хэрэгжүүлж буй хэрэг. Энэ бол валютын нөөцөө нэмэгдүүлэх, түүнийгээ гадаадад зөв зохистой байршуулах талаар Хятад улс төр, засгийн нарийн бодлого боловсруулан хэрэгжүүлж байгаагийн тод жишээ юм.
Энэ бодлого, төлөвлөлтийн хүрээнд л Монгол Улстай харилцаж буй.
БНХАУ-аас манай улсад оруулж буй хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдсээр манайд оруулсан хөрөнгө оруулагч гадаадын орнуудыг Хятад улс сүүлийн 11 жил тэргүүлж байна. 2008 оны байдлаар БНХАУ-аас Монголд оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.7 тэрбум ам.долларт хүрсэн нь манай гадаадын нийт хөрөнгө оруулалтын 55.7 хувийг эзэлж байгаа тоо баримт бий. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд дэд бүтцийн хүчин зүйл чухал үүрэгтэй.
Тухайлбал, Хятадын төмөр замын сүлжээний бэрхшээлтэй болон давуу тал нь юу вэ?
Хятадын нийт төмөр зам дэлхийн нийт төмөр замын зургаан хувийг эзэлдэг ба түүгээр дэлхийн нийт зорчигч болон барааны 25 хувийг тээвэрлэдэг. Хятад улс нь 76. 600 км урт төмөр замтай бөгөөд энэ нийт төмөр замын уртаараа Ази тивд тэргүүлэх, дэлхийд гуравдугаар байрт явдаг.
Зөвхөн 2008 онд гэхэд л ганц жилийн дотор Хятад улс нийт 1719 км төмөр зам, 1955 км цахилгаан төмөр зам шинээр тавьж, 1935 км төмөр замын засвар, үйлчилгээний ажил хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын нийт төмөр замтай тэнцэх урттай замыг нэг жил хүрэхгүй хугацаанд шинээр барьж байгуулж байна гэсэн үг юм. Бээжин-Тяньжин, Шанхай-Ханьжоу чиглэлд тавьсан өндөр хурдтай галт тэрэгний төмөр зам, Бээжин-Лхас чиглэлийн хамгийн орчин үеийн өндөр хүчин чадалтай төмөр зам зэрэг амжилттай хэрэгжсэн олон арван төслийг дэлхий даяар мэдэж буй.
Харин Хятад улсын төмөр замын сүлжээний гол бэрхшээл бол төмөр замын сүлжээний өсөлт нь эдийн засгийнхаа өсөлтийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байгаад оршдог. Гэхдээ эдгээр бэрхшээлийг арилгах зорилгоор бүтээн байгуулалтын үлэмж ажил өрнөж байна. Үүнтэй холбогдуулж Хятад нь 2020 он гэхэд нийт 120.000 километр төмөр замтай болох зорилт тавьж байгаа бөгөөд энэхүү шахуу төлөвлөгөөгөө үе шаттай хэрэгжүүлж эхлээд байгааг дурдъя. Уг төлөвлөгөө нь үндсэндээ эдүгээ байгаа төмөр замынхаа нийт хэмжээг хоёр дахин нэмнэ гэсэн үг юм.
Монгол Улс нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн ганцхан төмөр замаар Хятадын төмөр замын сүлжээтэй холбогддог. Энэ нь манай улсын экспорт, импортын “амин судас“ юм. Манай улсын “Транзит Монгол“ хөтөлбөрийн хүрээнд төмөр замын сүлжээний үйл ажиллагааг сайжруулах, уул уурхайн орд газруудыг түшиглэн төмөр замын шинэ сүлжээ, дэд бүтэц бий болгох, Хятадын төмөр замын сүлжээтэй холбогдох гарцыг нэмэгдүүлэх, түүгээр дамжиж далайд гарцтай болох зорилт тавигдаж байгаа.
Манай экспорт, импортын тээврийн хувь заяа өнөөдөр гол нь төмөр замын тээврээс шууд хамааралтай. Иймд Хятадын төмөр замын сүлжээтэй аль болох олон сувгаар холбогдох нь манай улсын эдийн засгийн өсөлт хөгжилд шууд нөлөөтэй. Өмнөд хөршийнхөө төмөр замын сүлжээтэй оновчтой бөгөөд цаг хугацаа хожиж холбогдох нь БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийн дүнд бий болж буй асар их хэрэгцээтэй зах зээлд бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, түүгээр дамжин далайд гарах бодит боломж олгож байгаагаараа онцгой ач холбогдолтой.
Өнөөдөр Тяньжин–Эрээн-Замын-Үүдийн ганцхан төмөр замаар Монгол улс далайд гарч байгаа нь хангалтгүй байна. Цаашид Шинжаан Уйгурын Өөртөө засах орноор дамжин Төв Азийг чиглэх, Гашуунсухайт, Бичигт боомтоор дамжин Хятадын Ляонинь мужийн Жиньжоу боомтоор дамжин далайд гарах шаардлага гарч байна. Тийм бодит боломж ч бий.
Ер нь хоёр талын 4700 километр хилийн дагуу өнөөдрийн Замын Үүд-Эрээний боомтын дайтай олон улсын 5-6 боомт байгуулж, тэдгээрийг авто болон төмөр замаар БНХАУ-ын зам тээврийн сүлжээтэй холбох талаар ч бодох шаардлага гарч байна. Чингэвэл эдийн засаг нь гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай манай улсын хувьд өнөөгийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх, манай бүс нутаг, нэн ялангуяа нийслэлээс алслагдмал хил орчмын бүс нутгийн хөгжил дэвшилд чухлаар нөлөөлнө. Тухайлбал, Канад улс нь хилийн боомтын ийм л сүлжээг тусгай бодлогоороо байгуулж чадсан учраас АНУ-тай хийх худалдаа нь эрс нэмэгдэж, түүнийгээ дагаад үйлдвэрлэл, үйлчилгээний салбар нь тэлж, хөрөнгө технолог илүү их оруулснаар өсөж өндийсөн түүхтэй юм байна лээ.
Харин манай улсын хувьд Хятадын төмөр замын сүлжээтэй холбогдоход бэрхшээлтэй тал нь төмөр замын стандартын зөрүү гэж мэргэжилтнүүд үздэг. Замын-үүд-Эрээн өртөөн дээр гэхэд төмөр замын дугуй шилжүүлэх ажилд асар их цаг, хөрөнгө зарцуулдгаас гадна аж ахуйн нэгж, иргэдэд ихээхэн хүндрэл учруулдгийг манай иргэд мэднэ шүү дээ.
Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх төмөр замын шугам болон хилийн боомтуудыг сонгохдоо Монгол улс хамгийн түрүүнд ямар хүчин зүйлийг харгалзан үзэх нь зүйтэй вэ?
Хамгийн түрүүнд эдийн засгийн үр ашиг, ач холбогдол, манай дотоодын төмөр замын сүлжээний хөгжилд үзүүлэх үр нөлөөг харгалзан үзэх ёстой. Тавантолгойн ордоос шууд Хятадын хил рүү төмөр зам татвал 150 гаруй километр. Шивээхүрэн-Цэхэ боомт хүртэл төмөр зам тавьж тээвэрлэх нь хамгийн бага зардал гарах тооцоотой юм байна лээ. Харин Тавантолгойгоос төв магистраль хүртэл хамгийн дөт зам бол Сайншанд. Энэ хүртэл татна гэж үзвэл 350 орчим километр болно.
Өөр нэг харгалзан үзэх асуудал бол төмөр замын стандарт. Манай төмөр зам өргөн царигтай, Хятадын хувьд нарийн царигтай. Хятад улс руу чиглэсэн төмөр зам нь нарийн царигтай байх нь эдийн засгийн хувьд аль аль талдаа үр ашигтай гэж мэргэжилтнүүд үздэг юм билээ. Мөн далайд гарах дөт зам, бусад оронд чиглэсэн экспортын тээвэрлэлтийн ач холбогдол зэрэг хүчин зүйлсийг бодолцох шаардлагатай байх. Айлын тал ч эдгээр хүчин зүйлсийг харгалзаж төмөр замын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэйгээ илэрхийлдэг юм.
Миний дээр дурдсан хоёр талын харилцааны “Алтан үе“-д:
“Москва-Бээжин хоёрыг
Монголын нийслэлтэй холбоод
Ган зам зурайн гялалзаад
Галт тэрэг хурдалж явна
Энэ бол найрамдлын бэлгэ тэмдэг
Эх орны минь хөгжлийн зам…
гэж бид дуулж байсан түүхтэй. Эдүгээ Орос-Монгол-Хятадын гурвалжилсан хамтын ажиллагааны хүрээнд энэхүү түүхт төмөр замын “өнчин“ ганц шугамыг хос болгон, олон чиглэлээр салаалж, олон боомтоор холбогдох чиглэлд найрамдал, хамтын ажиллагааны эрч далайцыг цаг алдалгүй чиглүүлэх нь манай хувьд чухалчлан авч үзэх шаардлагатай тулгамдсан асуудлын нэг юм.
Хятад улс уул уурхайн салбараа хөгжүүлэхийн тулд ямар бодлого баримталж байна вэ?
БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн хөгжлийн хурдцыг хадгалах асуудлыг онцгой чухалчлан үзэж түүн дотроо уул уурхай, байгалийн баялгаа зөв зохистой хөгжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал тавьж, хүч хөрөнгө зарцуулж байна. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн макро түвшинд шинэчлэлт хийх, банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг улам идэвхжүүлж мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, зээл олголтыг нэмэгдүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдох аливаа зөвшөөрөл, лиценз олгох журам, дүрмийг шинэчлэх, хөнгөвчлөх зэрэг бодлогын чанартай олон арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг уул уурхайн үйлдвэрлэлтэй шууд холбож байна.
БНХАУ-ын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх XI таван жилийн төлөвлөгөөнд байгалийн баялгийг зөв зохистой ашиглана гэж заасан. Өнгөт ба хар төмөрлөг, нүүрсний ашиглалтыг сайжруулах, хорогдол, алдагдлын хэмжээг бууруулах, энэ чиглэлийн үйлдвэрлэл, технологийг сайжруулах, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийг багасгах, нөхөн сэргээх, хаягдал хог, дагавар бүтээгдэхүүнийг дахин боловсруулах асуудлуудыг чухалчлан үзэж байна. Барууны орнуудаас энэ салбарт орчин цагийн шилдэг шинэ технологи, үйлдвэрлэлийн менежментийг эрчимтэй нэвтрүүлж байна.
Монгол улсын дэд бүтцийн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа билээ. Энэхүү санхүүжилтийг БНХАУ-аас авахын давуу тал нь юу байх вэ?
Хятад улс хөрөнгө мөнгөний боломж сайтай байна. Эдний чөлөөт валютын сан нь өнөөдөр 2.1 триллион ам.долларт хүрээд байна. 2011 он гэхэд 3.0 триллионд хүрэх төлөвтэй гэж барууны судлаачид тооцож байна. Дэлхийн олон улс орон дэд бүтцийн бүтээн байгуулалт болон банк санхүүгийн хямралтай тэмцэх үйл ажиллагаанд зориулж хөнгөлөлттэй зээл авах асуудлаар зөвхөн БНХАУ-д хандаж байна. Хятад улс ч зээл, тусламж олон оронд олгож буй тухай дэлхий нийтийн хэвлэлд мэдээлж байгааг Та мэдэж буй биз ээ.
Өнөөдөр хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа харилцан ашигтай бөгөөд эрчимтэй хөгжүүлэх хамгийн таатай цаг үед ирээд байна. Улс төрийн харилцаа маш сайн, өндөр түвшинд байна. Худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд зарчмын саадтай, бэрхшээлтэй томоохон асуудал үгүй. Хоёр талын эдийн засгийн харилцан нөхөх чадвар өндөр байна. Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэл юм. Хөрш зэргэлдээ оршдог тул бага зардлаар , богино хугацаанд их ажлыг хийх боломжтой. Дэд бүтэц, ялангуяа зам, барилгын салбарт Хятадын мэргэжилтэн, техник хэрэгсэл сайн бөгөөд туршлагатай. Өнөөдөр дэлхий дээр баригдаж буй нийт дэд бүтцийн бүтээн байгуулалтын 60 орчим хувь нь дан ганц Хятад улсад хийгдэж байна гэсэн судалгаа байдаг. Энэ тооноос харахад л санхүүжилт, техник, ажиллах хүчний эх үүсвэр манай хувьд ойрхон байгаа хэрэг.
Хятадын талын зээл, тусламжийг юаниар авахын давуу болон сөрөг тал нь юу байх вэ?
БНХАУ-ын Засгийн газраас манай улсад олгож ирсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл явцад чухал үүрэг гүйцэтгэж байгааг зориуд тэмдэглэхийг хүсэж байна. Зөвхөн 2004-2008 онд нийт 360 сая юанийн буцалтгүй тусламжийг Хятад улсаас манай улсад олгосон. 2009 онд гэхэд л дахин 20 сая юанийн тусламж нэмж олголоо. Үүнээс гадна 300. 0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон. Одоо 3.0 тэрбум ам.долларын арилжааны зээлийн хэлэлцээр хийж байна.
Хятад улсаас олгож байгаа буцалтгүй тусламж нь зөвхөн юаниар тооцогддог. Зээлийн хувьд юанийн ханш тогтвортой байгаа нөхцөлд юаниар аваад юаниар эгүүлэн төлөх нь эрсдэл багатай байж болох талтай хэмээн мэргэжилтнүүд үздэг.
Хятад улстай хийж буй олон улсын худалдааны төлбөрийг ямар валютаар хийх вэ гэдэг асуудалд дэлхийн санхүүгийн болон бизнесийн байгууллагууд анхаарлаа чиглүүлээд байгааг нэмж хэлье. Дэлхийн олон орон Хятад улстай хийж буй худалдаандаа юанийг төлбөрийн хэрэгсэл болгох явдал улам нэмэгдсээр байна. Үүнээс гадна Хятад улстай Япон, Өмнөд Солонгос зэрэг олон орон SWАP хэлэлцээрийг байгуулаад байна. Манай улс ч ийм хэлэлцээр байгуулах, хоёр улсын арилжааны банк хооронд үндэсний валют харилцан солилцох нөхцөлийг бүрдүүлэх, худалдааны төлбөр тооцоонд юань, төгрөгийг ашиглах боломжийг эрэлхийлж байгаа. Энэ талаар мэргэжлийн байгууллагууд яриа хэлцээ өрнүүлж буй.
Дэлхийн эдийн засгийн хямралын дараа Хятад улсын дэлхийн тавцанд эзлэх байр суурь хэрхэн өөрчлөгдөх вэ?
Дэлхийн санхүүгийн хямралын үед Хятад улс эдийн засгийн өсөлтийн хурдцаа хэвээр хадгалж 2009 онд найман хувь өсөх боломжтой гэж Хятад улсын Засгийн газар үзэж байна. Дэлхийн санхүүгийн хямралын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах талаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлэн бодлогын чанартай олон арга хэмжээ хэрэгжүүлэн, ихээхэн хэмжээний нэмэлт санхүүжилт хийж ирсэн. Энэ арга хэмжээний хүрээнд 2008 оны дөрөвдүгээр улирлаас 2009 оны эхний гурван сар хүртэлх хугацаанд нийт 1.2 триллион юанийн нэмэлт хөрөнгө зарцуулаад байна.
Саяхан хуралдсан БХАТИХ-ын ээлжит чуулганаар нийт долоон чиглэлд 2009-2010 онд шинээр 4 триллион юанийн хөрөнгө оруулах шийдвэр гаргалаа. Хятад улс өнөөдөр чөлөөт валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байна. 2007 онд 1.5 триллион ам. долларын нөөцтэй байсан бол 2008 оны эцэс гэхэд 2.0 триллион ам.долларт хүрсэн. Энэ их хөрөнгийг зөв байршуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг Хятадын Засгийн газар ихээхэн анхааран ажиллаж байна. Хямралын үед хөрөнгө оруулалт хийх нь хамгийн ашигтай гэж Хятадын Засгийн газар үзэж байна. БНХАУ нь дэлхийн олон орны дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байна. Энэхүү хямралын дараа дэлхийн эдийн засагт Хятад улсын эзлэх байр суурь, цар хүрээ улам нэмэгдэнэ гэж судлаачид, мэргэжилтнүүд үзэж байгаа. Миний санал, бодол судлаачдынхтай ижил байна.
Хятад улсын тухай урьд өмнөх хандлагууд дэлхий дахинд өдгөө ихээхэн шинэчлэгдэж байна. Монгол улсын хувьд Хятадтай хөрш байх байршил маань шинэ цаг үед давуу тал болон өөрчлөгдөж байна гэвэл Та хүлээн зөвшөөрөх үү?
Санал нэг байна. Хятад улс өөрчлөлт шинэчлэлийн бодлого тууштай хэрэгжүүлж, эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлж чадсанаар дэлхийн худалдаа, үйлдвэрийн гол төвүүдийн нэг болж чадлаа. Эдийн засгийн хүч чадал нь нэмэгдэхийн хэрээр олон улсын тавцанд гүйцэтгэх үүрэг роль нь мөн тэлж, дэлхийн улс төрийн гол хүчнүүдийн нэг болоод байна. Энэ нь хөрш зэргэлдээ манай улсын хувьд олон давуу талыг бий болгож, шинэ шинэ боломжуудыг олгож байна.
Материаллаг талаас нь авч үзэхэд л манай улс өөрийн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг үнэ чанарын хувьд харьцангуй сонголт сайтай, ойр Хятадын зах зээлээс авах, шинэ дэвшилтэт технологийг харьцангуй богино хугацаанд Хятад улсаас шууд буюу тус улсаар дамжуулан хэрэглэх, мөн өдрөөс өдөрт өргөжин тэлсээр буй том зах зээлд нь экспортоо нэмэгдүүлэх шинэ боломжийг олж авч байна. БНХАУ нь хөрш орнуудаа найрсаг, амар амгалан, баян чинээлэг болгож, хамтдаа хөгжих бодлогыг хэрэгжүүлж буй нь манайд бүр ч таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Гэхдээ эдгээр таатай нөхцөл, боломжийг бид оновчтой, үр ашигтай ашиглаж чадаж байна уу гэдэг дээр манайханд бодох, хийх зүйлс их бий гэж би хувьдаа боддог. Яагаад гэвэл манай гаригийн хөгжингүй, хөгжиж буй, буурай бүх улс орон БНХАУ-тай худалдаа илүү хийх, тэндээс хөрөнгө илүү татахыг хүсч эрчимтэй, идэвхтэй ажиллаж өрсөлдөж байна шүү дээ. Энэ том өрсөлдөөн дунд бид өөрийн давуу талыг ашиглаж чадах эсэх нь бүтээлч хандлага, бодлого, үйл ажиллагаанаас маань ихээхэн шалтгаалах юм.