Энэхүү тохиролцооны хүрээнд АРМЗ-д U1 компани нэмж 90 сая ам. долларыг гурван жилийн хугацаанд төлөх аж. Үүгээр зогсохгүй дахин 60 сая ам. доллар нэмж төлж болзошгүй нөхцөл уг гэрээнд тусгагдсан байх юм. Одоогоор Каратау ордоос жилдээ 2000 мянган тонн уран олборлох төслийн тооцоо гарсан ба уг үзүүлэлт нэмэгдэх тохиолдолд U1 компани АРМЗ холдингоос уг баялаг ордын тал хувийг эзэмших эрхийг авсны хувьд нэмэлт төлбөр хийх бололтой. Оросын ураны АРМЗ холдингийн арилжаа үүгээр өндөрлөсөнгүй U1-ийн хувьцааны 19.95 хүртэл хувийг эзэмших эрх нь нээлттэй байх нөхцөлийг мөн гэрээндээ тохиролцжээ. U1 компанийн хувьд одоогоор стратегийн том хувьцаа эзэмшигчгүй, нийт үнэт цаас нь 100 хувь бирж дээр арилжигддаг, олон нийтийн статустай юм. U1 нь Казахстаны ураны гурван ордод олборлолт хийдэг ба Америк, Австралид уурхай байгуулж байна.
Америк, Австрали, Өмнөд Африкт үйл ажиллагаа явуулан, орд газруудын хувьцааг эзэмшдэг. U1 компани 2008 онд нийт 1.1 мянган тонн уран олборлосон ба 200 мянган тоннын нөөцийг эзэмшигч аж. Оросын АРМЗ холдингийн хувьд нутагтаа төдийгүй Казахстанд үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн оны статистикаас харвал тус холдинг нь 3.8 мянган тонн уран олборлосон бөгөөд эзэмшдэг нийт нөөц нь 538 мянган тонноор хэмжигдэж байна. Дэлхийн ураны салбарт тоглогчдод сонирхолтой өөр нэг мэдээлэл нь Канадын U1 компани энэ оны сүүлээр япончуудтай мөн л томоохон наймаа хийхээр төлөвлөжээ. Өдгөө хэлэлцээрийн шатанд яваа гэрээ ёсоор Японы Toshiba, TEPKO компаниудын хамтарсан консорциум дээр тус улсын өөр нэг банк нэмэгдэн хэлэлцээрт орж байна. Японы гурвал Канадын компанийн нийт хувьцааны 16.6 хувийг эзэмших арилжаа наймааны яриа ид өрнөж байгаа билээ.
Дээр өгүүлсэн томоохон гэрээ хэлэлцээрүүдийн дүнд дэлхийн ураны зах зээл дээр Канад-Орос-Япон-Казахстан хэмээх хүчирхэг дөрвөл мэндлэх нь. Олон улсын хэмжээний хүчирхэг алъянс ураны салбарт дараалан мэндлэх хандлага бүр энэ оны хавраас ажиглагдаж байсан билээ. Нөгөө л “Росатом“ корпорацийн мэдэлд байдаг “Техснабэкспорт“ компани нь Америкийн атомын цахилгаан станцуудад түүхий эд нийлүүлэх гэрээг тавдугаар сард үзэглэсэн юм. Калифорни, Миссури, Техас мужууд дахь атомын цахилгаан станцад нийтдээ 1 тэрбум ам. долларын түүхий эд нийлүүлэх гэрээ байгуулсан байна. Ингэснээр ураны салбарт хамтран ажилладаг Японы Toshiba ба Америкийн Westinghouse компанийн алъянс дээр оросууд нэмэгдэн , цөмийн түүхий эд , түлшээр түншүүдээ хангах зарчмыг үндсэндээ тохиролцсон билээ.
Уг алъянсын хүрээнд Оросын ураны баяжмалыг Японд нийлүүлэх, улмаар цөмийн эрчим хүчний салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах, Зүүн Өмнөд Азийн бүс нутагт цөмийн түлш нийлүүлэгч болох зорилт өмнөө тавиад байгаа аж. Энэ бүх үйл явцын нэг хэсэгт Германы Siemens компани нь Францын ураны гигант “Арева“-тай хамтран ажиллах гэрээгээ дангаар цуцалсан юм. Siemens ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь Европын зах зээлд Оросын ураны компаниудтай хамтран ажиллах гэсэн сонирхлоос үүдэлтэй хэмээн шинжээчид үзэж байна.
Siemens мөн л “Росатом“-той сүй тавин шинэ алъянс үүсгээд байна. Европ тив дэх эрчмийн асар их хэрэгцээг хангах бизнес түншлэл хэмээн талууд зорилгоо тодорхойлжээ. ОХУ-ын төрийн мэдлийн “Росатом“ корпорац ийнхүү ураны дэлхийн зах зээлд түүхий эд нийлүүлэгчийн байр сууриа бататган, улмаар өндөр технолог бүхий улс орнуудтай нэгэн алъянсад нэгдэн орж, цөмийн түлш нийлүүлэгч болох стратегийн алхмуудаа амжилттай хэрэгжүүлж байна.