Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Тавантолгойн орд дахь Оросын компаниудын сонирхол...

Тавантолгойн орд нь 6,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, дэлхийн огт хөндөгдөөгүй томоохон ордын нэг, олборлолтын өөрийн өртөг тун бага гээд олон давуу талаараа хойд хөршийн бизнесмэнүүдийн анхаарлыг татаж буй. Оросын томоохон компаниудын Тавантолгойн орд дахь сонирхлын талаар Оросын болон олон улсын хэвлэл, мэдээллээр хэрхэн мэдээлж байгааг хүргэе.


“Газеты.Ru”

Оросын төмөр зам /РЖД/ ба СУЭК /Сибирийн нүүрсний эрчим хүчний компани/ Монголын нүүрсний орд газрыг ашиглахаар консорциум байгуулав. Оросын төмөр зам ба СУЭК нь Монголын Тавантолгойн нүүрсний ордын төлөө хамтран ажиллахаар болсон нь энэ. Тэдний өрсөлдөгч Олег Дерипаскагийн EN+Group болж магадгүй. Коксжсон нүүрсний үнэ эрс өсч байгаа үед уг ордыг ашиглах нь маш ирээдүйтэй юм. РЖД, СУЭК ба Япон, Солонгосын хэсэг компани Монголын Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах өрсөлдөөнд хамтарч оролцохоор консорциум байгуулсан тухай тэдний нэг оролцогч мэдээлжээ. Консорциумд оролцогчдын хувийг хуваах талаар яригдаагүй ч РЖД консорциумынхаа нэрийн өмнөөс сонгон шалгаруулалтад оролцох өргөдлөө өгсөн байна. Компанийн өргөдөлд Монголын нутгаас Алс Дорнод хүрэх төмөр замыг эцсийн хэрэглэгч нар болох Япон, Хятад, Солонгост нүүрс нийлүүлэх зорилгоор барих нь чухал гэж дурджээ. Консорциумын оролцогч нарын дунд Японы Sumitomo, Marubeni, Itochu, Sojitz болон Солонгосын компаниуд нэрлэгдэж буй. Сибирийн нүүрсний эрчим хүчний компани СУЭК-ийн хувьд дэлхийн нүүрсний зах зээлд хэдийнэ өрсөлдөгч болсон, Оросын эрчим хүчний салбарыг хошуучлагчдын нэг юм. Орост олборлож буй 300 сая тонн нүүрсний 84 сая нь СУЭК-д ногдож буй. Тэд улсынхаа цахилгаан станцуудад зориулсан түлшний нийлүүлэлтийн гуравны нэгийг хангадаг. Оросын нүүрсний экспортын 20 хувийг дангаар бүрдүүлдэг ба экспортын бүтээгдэхүүний чанар нь экологийн хамгийн хатуу шаардлагад нийцдэг талаар Оросын олон шинжээч дүгнэсэн байдаг. Компани экспортын хэмжээгээ энэ жил 31 сая тонн болгохоор төлөвлөж байгаа аж. Тус компанийн Ерөнхий захирал Владимир Рашевскийн мэдэгдэж буйгаар, СУЭК нь Их Британи, Польш, Германи, Испани, Япон, Өмнөд Солонгос зэрэг оронд нүүрс экспортолж байна. Энэхүү компани үүсэн байгуулагдаад таван жил болж байгаа бөгөөд дэлхийн нүүрс олборлодог арван том компанид багтдаг байна. СУЭК өнгөрсөн онд Хятадын “Datang” корпорацитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ.

“EN+Group” өрсөлдөөнд оролцохоор өргөдлөө гаргасан ба ялна гэсэн найдвартай байгаа” хэмээн Олег Дерипаскагийн хяналтад байдаг “En+Group”-ийн төлөөлөгч мэдэгджээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “EN+Group”-д багтдаг “Евросибэнерго” ба Монголын “Just” холдинг эрчим хүчний салбарт стратегийн хамтын ажиллагааны тухай Санамж бичигт гарын үсэг зурсан нь тэр  ордыг эзэмшихтэй холбоотой ажээ. Тавантолгойн ордыг ашиглах 15 өрсөлдөгчийн дунд Хятадын консорциум Shenhua, Японы  Mitsui, Энэтхэгийн  Arcelor Mittal, Бразилийн  Vale, Америкийн Peabody ба Австралийн  Xstrata байгаа.

“Известия”
Өнгөрсөн оны долдугаар сард Монголын Парламент гадаадын хөрөнгө оруулагчдад Тавантолгойн ирээдүйн эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хувийг зарахаар шийдвэрлэсэн билээ. Парламентын төлөвлөснөөр тус компанийн хувьцааны тал хувь нь Монголын Засгийн газарт байх ба 10 хувийг иргэддээ тарааж, 10 хувийг нь үндэснийхээ компаниудад нэрлэсэн үнээр худалдах юм байна. РЖД энэ ордыг ашиглахад оролцох бүрэн боломжтой. Компани нь Монголтой сайн хэлхээ холбоотойгоос гадна нүүрсийг хэрэглэгч нарт хүргэх дэд бүтцийг байгуулж чадна” хэмээн “Уралсиб” төвийн шинжээч Николай Сосновский тайлбарлажээ. Оросын талаас хоёр   өрсөлдөгч байгаа нь ялах магадлалыг бууруулж магадгүй учраас “EN+” тусдаа оролцолгүйгээр харин тус консорциумд нэгдэж болох юм гэж Сосновский нэмж хэлжээ. Гэлээ ч тэд Хятадын талтай өрсөлдөх учир ялах магадлал багатайг шинжээч онцолсон байна. Тэгвэл “Брокеркредитсервис” төвийн шинжээч Олег Петропавловский “Хятадуудын санхүүгийн боломж нь Оросоос өндөр бөгөөд тэд ордыг хөгжүүлэх шилдэг нөхцөлийг хэлэх байх. Мөн одоо Монгол, Хятадын улс төрийн харилцаа Оростой харьцуулахад хамаагүй дээр болчихоод байна” гэсэн байна. Оросын компаниуд тендерт яллаа ч Тавантолгойн нүүрсний ордын хэрэглэгч нь Хятад байх болно. Мөн Япон, Солонгос ч байгаа. Монголын энэ ордын нүүрсний нөөцийн 40 хувь нь гангийн үйлдвэрийн түүхий эд болох коксжсон нүүрс учраас түүнийг эдгээр орнууд л сонирхож байгаа. Австралийн үерийн улмаас Азид нийлүүлэгдэх коксжсон нүүрсний гэрээний үнэ 78 хувь хүртэл өсч болохыг “Bank of America Merrill Lynch”-ийн шинжээчид хэлжээ. Тэдний үнэлгээгээр ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс коксжсон нүүрсний нэг тоннын үнэ өнөөгийн 225 доллараас 400 хүртэл өсөх аж. Тэгэхээр Монголоос нийлүүлэх нүүрс хэрэглэгч нарт хамаагүй хямд тусах юм. Тавантолгойн нүүрсний ордын нөөц нь 6,5 тэрбум тонн гэж үнэлэгддэг.

”Коммерсанть”

Орос улс Монголын нүүрсэнд хүрэх гэсэн оролдлогоо орхиогүй байна. Энэ талаар Оросын шинжээчид, мэргэжилтнүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Оросын төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг /РЖД/ дэлхийн нүүрсний томоохон ордуудын нэг Тавантолгойг өрсөлдөөнгүйгээр авна гэж төлөвлөж байлаа. Гэвч Монголын Засгийн газар түүнийг худалдахаар болсон тул РЖД уг орд газрын төлөө бусадтай нэгэн адил нөхцөлөөр сонгон шалгаруулалтад орох болсон юм. РЖД-ийн түнш нь СУЭК болон Япон, Өмнөд Солонгосын концернууд байгаа бол өрсөлдөгчид нь дэлхийн томоохон корпорациудын зэрэгцээ Олег Дерипаскагийн “En+ Group” байх болно. Монгол улс Тавантолгойн орд газрыг эзэмших хүсэлтийг хүлээн авч, урьдчилсан сонгон шалгаруулалтыг явуулж эхэллээ. Монголын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж буй РЖД /”Улаанбаатарын төмөр зам” ХНН-ийн 50 хувийг эзэмшдэг/ сонгон шалгаруулалтад оролцохын тулд Сибирийн нүүрсний эрчим хүчний компани болон  Японы Sumitomoto, Marubeni, Itochy, Soshite, Солонгосын Corus компаниудтай хамтарсан консорциум байгуулж байна. РЖД-ийн Дэд ерөнхийлөгч  Автандил Горгиладзегийн мэдэгдсэнээр консорциум байгуулах хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Түүний хэлснээр түншүүдийн эзэмших хувь, төсөлд оруулах хөрөнгийн хэмжээ хараахан тодорхойгүй байгаа аж. Сонгон шалгаруулалтад оролцох өргөдөлд энэ тухай заадаггүй бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээг нэлээд хожуу шатанд тодорхойлдог байна. Гэхдээ РЖД болон консорциумын бусад оролцогчид  төслийг санхүүжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж буй. Оросын хөрөнгө оруулагчдаас Тавантолгойн төсөлд өрсөлдөж буй Олег Дерипаскагийн “En+Group” тендерт оролцох талаар тодорхой тайлбар хийгээгүй байгаа. Нүүрсний зах зээлийн мэдээллээр Тавантолгой  нь дэлхий дээрх нүүрсний ашиглаагүй байгаа томоохон орд бөгөөд Оросын томоохон орд Эльгиний нөөцөөс гурав дахин том.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.