Орос нь өнгөрсөн, одоо, хэт ирээдүйд ч дэлхий ертөнцийн “цөм” байсаар байна. Олон улс дахь нөлөөллөө ганцхан зэвсэг үйлдвэрлэл, нийлүүлэлтээр бус газрын тос, хийн түлш болон модны экспортоор бататгах болжээ. Монгол улсын мөнхийн хөршийн улс төр болон эдийн засгийн өнөөгийн байдал тун ч сонирхолтой үе шатандаа орлоо.
Путингүй Орос орон
Хүйтэн дайны уршгаар нэр хүнд нь унасан Орос эргэн олон улсад байр сууриа “тамгалах” бодлогыг хэрэгжүүлж чадсан явдлыг Путингүйгээр төсөөлөхөд бэрх. Эдийн засаг нь уналтад орж, улс төрийн тогтворгүй системтэй засгийг тэрбээр Борис Ельцинээс өвлөн авч байв. 1998 онд Орос эдийн засгийн хямралд өртөн, дотоодын валют нь үнэ цэнээ алдан, өрийн улмаас дефолт зарлаад байсан юм. Үүнээс өмнө олигархиуд төрийн өмчийг үнэгүй шахуу хувьдаа авсан байлаа. Тиймдээ ч Путин Ерөнхийлөгч болсон даруйдаа хамгийн түрүүнд анархизмыг устгах төлөвлөгөөгөө мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Оросын улс төрийг үнэгүйдүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлж байсан хөрөнгөтнүүдийг зайлуулах зорилготой байв. Шийдвэрлэх ёстой хоёр том асуудлын нэг нь энэ байсан бол нөгөө нь дэлхийн эдийн засгийн бодлогод эзлэх Оросын нөлөөг эргүүлэн олж авах явдал. Путин төрийн болоод Засгийн тэргүүн байх өнгөрсөн 12 жилийн хугацаанд тус улсын эдийн засаг 70 хувиар нэмэгдэж, гадаад дотоод өрийн дарамтгүй, валютын нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт орсон.
Харин сүүлийн үед Оросын интернэтийн зарим сайтад “Путингүй Орос орон” хэмээх уриа үе үе үзэгдэх болов. Бараг өчигдөр шахуу энэ улсын бүх ард түмэн Путиныг дэмжиж байсан бол өнөөдөр ихэнх нь бодлоо өөрчилж орхисон бололтой. Эдийн засаг нь цөхөрч, туйлдаад байсан Оросыг дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай долоон орны нэг болгосон Путины бодлого буруу байв уу? Мэдээж үгүй, үүний учир шалтгаан нь хэт гүн гүнзгий юм. ОХУ-ын 2012 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль олон улсын анхаарлын төвд байж, улам сонирхол татсаар байна. АНУ болон Европын холбооны орнууд ч энэ сонгуульд хэдийнэ “бэлтгэж” эхэлсэн. Тэдгээр улсууд “чанга эрийг” төрийн эрхээс буулгахын төлөө хөрөнгө хаях болсон тухай ч мэр сэр сонстох болов. Олигархиудын эсрэг зарласан Путины дайнд хамгийн түрүүнд өртсөн Ходорковскийг өнөө хэр хорьж буйг “Оросын ардчилал аюулд өртөж, Путин төрийн эрхэнд диктатур тогтоож байна” хэмээн барууны орнууд хүчтэй шүүмжилдэг. Сөрөг хүчнээ нухчин дарж, нэг намын тогтолцоог сэргээн, ардчилсан сонгуулийг жүжиг, шоу болгож, таалагдаагүй хөрш орнуудаа эрчим хүчний нөөцөөр боомилж дарамт үзүүлдэг хэмээн тэд Путины бодлогыг тодорхойлоод буй.
“Сонгууль хүртэл шатахуун хүрнэ”
Аливаа асуудлыг түс тас шийддэг нь Путины зан. Энэ удаад шийдвэрээ мөн л огцом гаргалаа. Орос дотоодын шатахууны хомсдолын улмаас нефтийн бүтээгдэхүүний экспортоо зогсоож, гаалийн татвараа 44 хувиар нэмэгдүүлэх болсноо нэг л өдөр мэдэгдэв. Ийн тавдугаар сарын 1-нээс гаалийн татвар нэг тонн тутамдаа 283.9 ам.доллар байсан бол 408.3 ам.доллар болон огцом нэмэгдэв. Өмнө нь 304 ам.доллар хүртэл өсгөхөөр төлөвлөж байжээ. Энэхүү шийдвэрийг гаргасны дараа Оросын дотоодын зах зээл дэх шатахууны үнэ нэг хувиар нэмэгдээд буй. Хориг нэг сарын хугацаанд үйлчлэх тухай ОХУ-ын Түлш, эрчим хүчний яамнаас мэдэгдэж байгаа ч шаардлагатай бол энэ хугацааг сунгаж ч мэдэх гэнэ. Тус улсын зарим шинжээчдийн үзэж буйгаар шатахууны огцом хомсдол болон түүнийг тойрсон элдэв асуудал, шийдвэр нь эргээд 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит “шоу” гэх. Оросын нөлөө бүхий нэгэн улстөрч телевизийн нэвтрүүлгээр ярилцлага өгөхдөө “Сонгууль хүртэл бидэнд шатахуун хангалттай хүрэлцэнэ” хэмээн хошигнож байхав. Орос дахь шатахууны хомсдолын гол шалтгааны нэг нь нефть олборлогч компаниуд олноор нэмэгдэж, бүтээгдэхүүнээ зөвхөн экпортлох болсноос дотоодын зах зээлд нь хомсдол үүссэн хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Мөн 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс Евро-3 стандартад шилжсэн явдал байж ч болох гэнэ. Ямартай ч тус улсын Засгийн газрын тэргүүн шатахууны гэнэтийн хомсдолын шалтгааныг олж тогтоохыг салбарын Сайдад үүрэгджээ. Тавдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар дэлхийн зах зээл дэх Оросын Urals маркийн нефтийн үнэ 117.29 ам.доллар байна. Тэгвэл 2005 онд “Goldman Sachs” банкны шинжээчид ойрын арван жилийн хугацаанд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ гурван оронтой тоонд хүрнэ гэсэн таамаглал ирэх жил гэхэд биеллээ олно гэдгийг мэргэжилтнүүд нотолж байна.
ОХУ-ын шатахуунаас зуун хувийн хараат байдаг манай улсад экспортын хориг хамаараагүй ч эл сургаар дотоодод маань шатахууны үнэ, түүнийг даган өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оров. Дөрөвдүгээр сарын эхээр импортлогчид үнийг 50 төгрөгөөр хямдруулж байсан. Харин Путины шийдвэрийг дуулаад, сүүлийн жил орчмын хугацаанд тогтвортой барьж байсан үнээ буцаагаад 80 төгрөгөөр нэмж орхив. Мэдээж иргэд шатахууны үнэ нэмэгдсэнийг ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний экспортоо зогсоох мэдэгдэлтэй холбон ойлгож байна. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ өсч, үүнтэй уялдан үнэ нэмэгдэж байгаа гэх хоёр шалтгаанаар шатахууны үнийг нэмсэн хэмээн манай улсын албаны хүмүүс мэдэгдэж буй. Оросын нефтийн бүтээгдэхүүний экспортын татвар нэмэгдэх тэр үед манай улсын энэ шийдвэр яг таарч, давхцаж л байдаг. ОХУ-ын Засгийн газар шатахууны экспортын татвараа, "Роснефть" компани шатахууны үнээ нэмэх бүрт Монголын Засгийн газар импортын татвараа бууруулж, үнийг тогтмол барьж байдаг байна. Дараагийн удаад манай Засгийн газар татвараа тэглэсэн ч шатахууны үнийг бууруулах хэмжээний нөлөөлөл үзүүлж чадахааргүй болсон гэнэ. “Өөрийн юм өргүй” гэгчээр Монгол улсад газрын тос олборлон, боловсруулах үйлдвэр ус, агаар мэт хэрэгтэйг нөхцөл, байдал дахин дахин сануулсаар.
Москва олон улсын санхүүгийн төв болох уу?
Хоёр жилийн өмнө Дмитрий Медведев болон Владимир Путин нар Москваг Нью-Йорк, Хонконг юм уу Лондонтой эн зэрэгцэх олон улсын санхүүгийн төв /ОУСТ/ болгох саналыг дэвшүүлж байв. Олон улсын санхүүгийн төв гэдэг хотын төвд баригдах гоё чамин барилга бус орчин үеийн хөгжилийн үе шатан дахь үндэсний санхүүгийн зах зээл юм. Тиймээс Москва одоогоор ОУСТ–ийн түвшинд хүрч чадахгүй хэмээн эдийн засгийн шинжээчид үзэж байна. Харин Тусгаар улсуудын Холбоо, Ойрхи Дорнод, Азийн зарим улс анхаарлаа хандуулах бүс нутгийн санхүүгийн төв байж болох гэнэ. Орос улс BRICS-ийн бүлэглэлийн түншүүдээсээ мэдэгдэхүйц хоцорч байгаа юм. Тун удахгүй Польш, Турк болон Казахстан шууд өрсөлдөгч нь болох өндөр магадлалтай. Өнгөрсөн жилийн байдлаар татварын илүү таатай нөхцөлтэй гэх шалтгаанаар 400 орчим компани Оросоос Казахстан руу шилжжээ. Москваг ОУСТ болгох төлөвлөгөө болон ажлын явцыг энэ сарын 1-нд Ерөнхийлөгч Дмитрий Медведевт танилцуулсан байна. Төлөвлөгөөгөөр бол 2011 онд Орост “металл тооцоо” /үнэт металл дахь депозит/ гэсэн ойлголтыг тодорхой болгох хуулиудыг батлах аж. Хамгийн гол асуудал бол бирж болон зохион байгуулалттай арилжааны тухай хууль юм. Уг хуулийг бараг найман жил хэлэлцэж байгаа бөгөөд энэ жил санал зөрөлдөөнтэй асуудлууд шийдвэрлэгдэж, уг хуулийг баталж мэдэх юм. Одоо депозитар болон клирингийн үйл ажиллагааг зохицуулах ажил хийгдэж байгаа бөгөөд хоёр том биржийг нэгтэх хууль эрх зүйн актуудын бэлтгэх үйл явц үргэлжилж буй аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Медведевийн туслах Дворкович Москваг олон улсын санхүүгийн төв болох хэд хэдэн давуу талыг нэрлэжээ. Газар зүйн байрлалын онцлог буюу Нью Йорк, Хонгконгийн дунд оршиж буй байдал. Санхүүгийн зах зээл нь тогтмол ажиллах шаардлагатай бөгөөд Москва энэхүү орон зайг нөхөж болох гэнэ. Хоёрдугаарт, байгалийн нөөц баялаг. Оросын эрчим хүчний томоохон компаниудын хувьцаа болон облигацийг /зээлжих эрх/ арилжаалахыг олон улсын санхүүгийн компаниуд ихээхэн сонирхож байгаа юм. 2010 оны эцсийн үзүүлэлтээр Оросын хөрөнгийн зах зээл BRICS-ийн болон хөгжингүй орнуудын зах зээлийн индекстэй харьцуулахад өссөн байна. Тус улсын хөрөнгийн биржийн фьючерсийн гэрээний хэмжээгээр дэлхийд эхний аравт багтсан бөгөөд энэ нь тийм ч муу үзүүлэлт биш аж.
Э.Оджаргал