Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын Газрын хэвлийн тухай хуулийн өөрчлөлт

Байгалийн асар их баялагтай орон дэлхийд олон ч амжилтад хүрсэн нь тун цөөхөн. Амжилт, хөгжлийн гол хүчин зүйлийн нэг хууль эрх зүйн зохицуулалт байдаг. Монгол улсын эдийн засгийн тулгуур болоод буй уул уурхайн салбарыг зохицуулах Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа. Бүр нэрнээс нь эхлэн өөрчлөх гэж буй.

Оросын Төрийн ДУМ Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаа батлах гэж нэлээд  хэдэн жил болж байна. Өндөр албан тушаалтнуудын  байгалийн баялгаас хүртэх “буруу гарын” орлогыг хязгаарлаж байгаагаас   зөрчилдөөн үүдэж байгаа  нь   нууц биш. Орост авлигатай хийх тэмцлийн нэг арга хэлбэр нь хууль тогтоомж болсон юм. Тус улсад авлига төрийн захиргааны хамгийн дээд түвшинд хүрээд байна. Оросын Төрийн ДУМ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд Газрын хэвлийн баялгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай анхлан танилцсан  юм.


Тусгай зөвшөөрөл

ОХУ-ын одоо үйлчилж байгаа Газрын хэвлийн баялгийн тухай хуулийг шинэчилсэн найруулга нь ашигт малтмалыг олборлох салбарыг хөгжүүлэх нөөц бололцоонд сөргөөр нөлөөлж буй асуудлуудыг ил болгох явдал юм. Хайгуул, үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл, хайгуул хийх болон хайгуулын дүнд илэрсэн орд газарт олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбар болгох,  үйл ажиллагаа явуулахыг  зохицуулсан илүү нөхцөл заалтуудыг арилгах зайлшгүй хэрэгтэй гэдэгтэй ашигт малтмал олборлогчид санал нэгдэж байгаа аж. Хайгуул, үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоход ашигт малтмал олборлогчдын хөрөнгөөр геологийн тандалт судалгаа  хийсэн хэсгүүдийн жагсаалт шаарддагаас татгалзаж, хэн түрүүлж хүсэлт гаргасанд нь бичиг баримтыг бүрдүүлэн өгөх ба тусгай зөвшөөрөл олгох хөнгөвчилсөн журмаар тусгай зөвшөөрлийг олгох ёстой. Тусгай зөвшөөрлийг тодорхой нэг төрлийн /хэд хэдэн төрөл/ ашигт малтмалын хайгуул болон үнэлгээ хийхэд зориулан долоон жилийн хугацаатай олгодог.

Тусгай зөвшөөрлийн төлбөрийг талбайн хэмжээгээс хамааран тооцдог байна. Судалгаа явуулж буй талбайд тусгай зөвшөөрөлд заагаагүй  өөр төрлийн ашигт малтмал илрүүлсэн тохиолдолд газрын хэвлийг ашиглагч энэхүү ашигт малтмалд шинэ тусгай зөвшөөрөл авах эрхтэй.  Энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийн гэрээ нь ажил гүйцэтгэх хугацаа, хэмжээ, төрөл зэрэг   зохицуулалтын шаардлагаас чөлөөлөгдөнө. Илрүүлсэн орд газарт боловсруулалт хийх тусгай зөвшөөрлийг орд  газар илэрсэн тухайн хэсэг дэх геологийн хайгуул хийхээр авсан тусгай зөвшөөрлийг автоматаар, өрсөлдөгчгүй, үнэ төлбөргүйгээр 25 жилийн хугацаатайгаар олгоно.  Тусгай зөвшөөрлийг ийнхүү шилжүүлэх үндэслэл нь тухайн үеийн үзүүлэлтээр үнэлсэн нөөцийн тухай тайлан байх аж. 

Орд газраас ашигт малтмал олборлож эхэлсний дараа үйлдвэрлэлийн аюулгүй байдал, газрын хэвлийн баялгийн хамгаалалт, геологийн тусгай зөвшөөрлийн хавтгай дөрвөлжин км газар бүрийн стандарт төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх байгалийн баялаг ашигласны хамгийн  доод хэмжээний татвар зэрэг хууль ёсны шаардлагуудаас өөр тусгай зөвшөөрлийн ямар нэг тусгай нөхцөлүүд тавигдах ёсгүй. Тухайн орд газрыг ашигласаар байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийг автоматаар сунгана. Хайгуул болон үнэлгээнээс олборлолтод шилжсэн тохиолдолд ашигт малтмалын нөөцийг хайгуулийн нөөц дээр тулгуурласан техник, эдийн засгийн үндэслэл бүхий орд газрыг ашиглах техникийн төсөл, нөөцийн тооцоо, орд газрыг ашиглах төсөл зэргийг нь үндэслэн  улсын бүртгэлд бүртгэн авна.

Техникийн төслийн экспертизийг ашиглах асуудал эрхэлсэн Холбооны агентлаг гэсэн ганцхан байгууллага гүйцэтгэнэ. Гадаад эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт төслийг хэрэгжүүлэх болон ашиглалтын цар хүрээг дахин дахин авч үздэг, техникийн төсөлд заасан ашиглалтын бүх хугацаан дахь уулын болон технологийн алдагдлын хэм хэмжээг тэмдэглэдэг. Мөн үүнтэй ижил төстэй хэд хэдэн санал ч байгаа юм. Оросын Байгаль орчны яам ашигт малтмалын эрхийн тусгай зөвшөөрлийн гэрээн дэх үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохицуулсан  илүүдэл  нөхцөлүүдийг улам өргөтгөх хандлагатай байгаа аж. Газрын хэвлийн баялгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд дээрхээс гадна байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхүйц дөрвөн нөхцөлийг тогтоосон байна. Үүнд:  


•    Техникийн төслийг бэлтгэх хугацаа
•    Төслийн хүчин чадалд хүрэх хугацаа
•    Улсын экспертизэд геологийн  мэдээлэл өгөх
•    Эрдэс бодисын түүхий эдийг    олборлох түвшинг тохирох


Тус яамны сайт дээр геологи хайгуулын ажлыг хийх төслийг бэлтгэх хугацаа,  тэдгээрийн төрөл ба жил бүрээр хуваарилан гаргасан хэмжээ, орд газрыг ашиглалтад оруулах хугацаа, олборлосон ашигт малтмалаа дахин боловсруулах талаар ашигт малтмал олборлогчдын хүлээсэн үүрэг, үйлдвэрийн хүчин чадлыг ашиглаж эхлэх хугацаа, бүтээгдэхүүн гаргах хамгийн бага хэмжээ зэргийг заасан тусгай зөвшөөрлийн шинэ нэмэлт заалтуудыг тусгасан хуулийн өөрчилсөн төслийг байрлуулсан байна. Шинэ нэмэлт нөхцөлүүд нь аж ахуйн бие даасан үйл ажиллагааг хөндлөнгөөс зохицуулах оролдлого юм. Уулын олборлолтын ажлын хэмжээг жил бүрт хуваан тогтоох нь ашигт малтмал олборлогчид ажлын үр дүнгээ харгалзан чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг боомилж байна хэмээн тус салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Хэрэв олборлолтын хэмжээ бага, аль эсвэл өөр төрлийн ашигт малтмалыг олборлон хүссэн үр дүндээ хүрэх юм бол тусгай зөвшөөрлийн нөхцөлийг биелүүлээгүйд тооцно. Ингэснээр хяналт шалгалтын байгуулагууд авах арга хэмжээгээ чангатгах нэг шалтгаан болно. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа ашиглаж эхлэх хугацаа болон гаргах бүтээгдэхүүний хэмжээг зохицуулах талаар ч мөн адил. Тусгай зөвшөөрлийн нөхцөлийг зөрчсөн эдгээр “зөрчлүүд”-ийг зөвшөөрөл олгосон газар өөрөө буюу Оросын газрын хэвлийн баялгийн хэрэг эрхлэх газар /20 дугаар зүйл/ илрүүлдэг. Тиймээс Оросын байгалийн хяналтын газартай зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг хяналтын өөр нэг шинэ тогтолцоо гарч ирж байна.  Ингэхдээ Оросын байгалийн хяналтын газрын хувьд  шалгалт явуулах тогтмол хугацааг гурван жилд нэг удаа өгсөн бол шинэ журам нь түшмэдүүдэд зөрчлийг тасралтгүй илрүүлж байх бололцоог олгосон байна.


Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ын ¹ 006 дугаараас уншина уу.