Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалын тухай Оросын хэвлэл мэдээлэлд...

Ерөнхийлөгчийн айлчлалын талаар хоёр жил хүлээсэн айлчлал эхэллээ хэмээн Оросын хэвлэлээр онцлон мэдээлж байлаа. Байгалийн баялагт нөөцөөрөө дэлхийн уул уурхайн “акулуудын” анхаарлын төвд буй улсын Төрийн тэргүүн айлчилж буй боломжийг ашиглан оросууд өөрсдийн ашиг сонирхлоо хүлээн зөвшөөрүүлнэ гэсэн найдлага нь хүлээлтийн гол учир байв. Гэсэн ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй болохыг тус улсын хэвлэл мэдээллээр цацагдаж буй мэдээнүүдийн гарчигнаас илхэн. “Монгол газрын баялагтаа Оросуудыг гар хүргэхийг хүссэнгүй, Хоёр улсын олон чухал асуудлууд шийдэгдэж чадсангүй” гэсэн утгыг агуулсан байлаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнгийн талаар Оросын хэвлэлд хэрхэн бичсэнийг нэр хүнд бүхий хоёр сониноос түүвэрлэн хүргэе.     

Александр Габуев  “Коммерсантъ”

ОХУ-ын Төрийн тэргүүн Дмитрий Медведев,  Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэг­дорж нарын   хэлэлцээр нь Улаанбаатар Москвагийн саналыг анхааран сонсдог ч асуудлыг ямагт өөрийнхөөрөө шийдэж орхидгийг дахин харууллаа. Хоёр улсын Ерөнхийлөгчийн  хэлэлцээр Монголын газрын баялгийн төлөөх тэмцэлд Москвад ялалт  авчирсангүй.

Москва Монголын дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1.5 тэрбум  ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн байгааг Улаанбаатар үл харгалзан дэлхийд томоохонд тооцогддог Тавантолгойн ордын ашиглалтад Оросын компаниудыг оролцуулна гэсэн баталгаа өгөөгүй байна. Монголын удирдагчид энэхүү том төслийн хувийг янз бүрийн орны хэд хэдэн компанид өгч, орд газраас Орос руу ч, Хятад руу ч төмөр зам тавихаар болж байна. Монголын шинжээчид ОХУ-ын нутгаар нүүрс тээвэрлэх нь БНХАУ-аар тээвэрлэснээс зарлага ихтэй бөгөөд эрэлт хэрэгцээ багатай гэж үзэж байгаа аж.

Ц.Элбэгдоржийн  айлчлалд Москва ихээхэн найдлага тавин хүлээж байсан юм. ОХУ-ын Гадаад харилцааны яамны ажилтны ярьж буйгаар Монголын Ерөнхийлөгчийн айлчлал Тавантолгойн ордын ашиглалтад Оросын компаниудыг оролцуулах эсэх асуудлыг тодорхой болгох ёстой байв. Тавантолгой  ордын нөөц нь  6.5 тэрбум тонн ба үүний 40 хувь нь коксжих нүүрс юм. Орост нэлээд томд тооцогдох Эльгиний ордын нөөц ердөө л хоёр тэрбум тонн. Гэвч Кремльд Төрийн тэргүүн Дмитрий Медведев болоод Ерөнхий сайд Владимир Путин нартай хийсэн хэлэлцээрүүд Тавантолгойн орд газрын ашиглалтад оролцох Оросын хүсэлтийн хувь заяаг тодорхой болгосонгүй.

“Бид Тавантолгойн асуудлаар үргэлжлүүлэн ажиллах болно. Ойрын хугацаанд энэхүү орд газрыг хэн хэрхэн ашиглах талаар Монголын төр, засаг эцсийн шийдвэр гаргана гэж би найдаж байна” хэмээн ноён Медведев Монголын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээрийн дараа мэдэгдсэн юм. Тэрбээр “Бид өөрийн саналыг дэвшүүлсэн. Бид энэхүү саналаа эдийн засгийн хувьд маш тэнцвэртэй бөгөөд Монголын хөгжилд ач холбогдолтой, мэдээж манай хоёр орны аль алинд нь харилцан ашигтай санал болсон гэж үзэж байгаа” гэв.

Оросын төмөр зам ХНН-ийн тэргүүн Владимир Якунин хэлэлцээрийн дараа ордыг ашиглах компаниудын хувь заяа 6-7 дугаар сард тодрох болно гэж Монголын тал мэдэгдсэнийг уламжлав. “Ъ”-ын эх сурвалж ноён Ц.Элбэгдоржоос Оросын төмөр зам орд газрын ашиглалтад оролцох ирээдүй хэр их байгаа талаар тодорхой хариу авч чадаагүй байна. Монголын Ерөнхий сайд С.Батболдын өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн айлчлал ч дээрх асуудлыг шийдэхэд тус болоогүй юм. Тухайн үед Тавантолгой  орд газрын ашиглалтад оролцох Москвагийн ашиг сонирхлыг харгалзан үзэх амлалтын хариуд Монголоос ОХУ-д төлөх өрийг зохицуулахаар тохиролцсон. /2010-12-15 өдрийн “Ъ” дугаарт. “Дэд бүтцийн  хөгжил”  хамтарсан үйлдвэрийг байгуулж, ОТЗ 50 хувь, 25 хувь тус бүр нь Монголын аж ахуйн нэгжүүдийнх байхаар шийдвэрлэснийг нийтэлжээ/ Тухайн байгууллага нь ОХУ болон Хятадын хооронд хавчуулагдсан Монгол улсаас дэлхийн зах зээлд байгалийн нөөц баялгийг гаргах төмөр зам барих ажлыг эрхлэх ёстой юм. Орос улс урьдчилгаа болгон энэхүү хамтарсан үйлдвэрт 1,5 тэрбум ам.доллар оруулахаа амласан. Харин Монгол улс өөрийн хувийг Тавантолгой болон алт зэсийн Оюутолгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрлөөр оруулахаар болсон байсан юм.
Владимир Якунины 2009 оны тавдугаар сард “Ъ”-д өгсөн ярилцлагад өгүүлснээр /2009-05-14 өдрийн “Ъ” дугаар/ ямар ч байсан Монголын Ерөнхий сайд байсан Санжийн Баяр Владимир Путинд ингэж амласан байна. Гэвч үүний дараа сонирхолтой үйл явдлууд өрнөж эхэлжээ. 2009 оны аравдугаар сард Оюутолгой ордын тусгай зөвшөөрлийг Монголын Засгийн газар Австрали-Английн хамтарсан  “Rio Tinto”  болон Канадын “Ivanhoe Mines”-д өгсөн. Тэр бүү хэл энэхүү тусгай зөвшөөрлийг Улаанбаатар аль эрт өгсөн болох нь мэдэгдсэн юм. Хэдэн жилийн турш уг тусгай зөвшөөрлийн нөхцөлийн талаар хэлэлцэж ирсэн байжээ. Дараа нь Монголын Засгийн газар гэнэт Тавантолгойг ашиглах эрхийг олон улсын сонгон шалгаруулалтаар /үүнийг Оросын төмөр зам түншлэх хүсэлт гаргахаас өмнө зарласан  байв/ олгох болсноо мэдэгдэв. Сонгон шалгаруулалтад орд газар бүхэлдээ орохгүй ажээ.

Өнгөрсөн жилийн долдугаар сард Монголын УИХ-аас Тавантолгой ордыг баруун ба зүүн хэсэг болгон хуваасан хөтөлбөрийг баталсан. Зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших бөгөөд 50 хувийг нь улс эзэмшиж, нөгөө 50 хувийг нь худалдах аж. Энэхүү худалдах хэсгийн 10 хувийг Монголын ард иргэд, мөн адил хувийг дотоодын аж ахуйн нэгждээ дуудлага худалдаагаар өгөх бөгөөд үлдсэн 30 хувийг хөрөнгийн зах зээл дээр борлуулах юм байна. Улаанбаатар IPO гаргах зөвлөх ажилд Goldman Sachs, Deutsche Bank, BNP Paribas болон Macquarie Group гэсэн хөрөнгө оруулагч банкуудыг хэдийнэ сонгочихоод байгаа. Энэ багцаас банкууд 1.5-5 тэрбум ам.долларын ашиг олохоор тооцоолоод байна.   Оны эхээр “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Б.Энэбишийн хэлснээр Хонконг эсвэл Лондонгийн хөрөнгийн бирж дээр IPO хийх аж.

Оросууд Тавантолгойн баруун хэсэгт л оролцох боломжтой. Гэхдээ зөвхөн 30 хувьд л орж болно гэсэн үг. ОТЗ сонгон шалгаруулалтад оролцохдоо Korean Resources Corporation тэргүүтэй Өмнөд Солонгос, Японы Itochu, Sumitomo, Marubeni, Sojitz зэрэг компанитай хамтарсан СУЭК консорциумд нэгдэн оролцохоор хүсэлтээ гаргасан билээ. Ялалт байгуулсан тохиолдолд ОТЗ тэргүүлсэн консорциум уг төсөлд 1.5 тэрбум ам.доллар оруулахаар амласан. Энэ нь орд байрлах газар нутгаас Оросын стандартын 1520 мм-ийн өргөн царигтай төмөр замыг Сайншанд хүртэл барих ба хожим нь уг замыг Орос-Монголын хувь тэнцүү хөрөнгө оруулалтаар  УБТЗ-тай холбох юм. Түүнчлэн ОТЗ сонгон шалгаруулалтад ялсан тохиолдолд УБТЗ-ын сүлжээгээр Транссибирийн төмөр замаар дамжуулан Алс Дорнодын усан боомтоор нэвтрүүлэх нүүрс тээвэрлэлтийн үнийг хөнгөлөхөө амлаад байгаа. Монголын төмөр замын байгуулах гүйцэтгэлийг авч, тус улс Транссибирийн тээвэрлэлтийг ашиглаж байхад   монополийн гол сонирхол оршиж байгааг  ОТЗ-ын тэргүүн Владимир Якунин нуугаагүй юм. Үүнээс гадна Олег Дерипаскагийн En+ групп ч мөн хүсэлт гаргасан билээ.

Монголын Засгийн газраас гуравдугаар сард гаргасан Тавантолгойд өрсөлдөгчдийн хураангуй жагсаалтад зургаан компани багтсан байна. ОТЗ-ын тэргүүлсэн консорциумаас гадна дэлхийн томоохон ган цутгалтын концерн Arselor Mittal, Бразилийн Vale, Их Британи-Швейцарийн  Xstrata, Америкийн Peabody, Хятадын Shenhua корпораци болон Японы Mitsui зэрэг маш хүчтэй өрсөлдөгчид багтжээ. Ордыг ашиглах хувилбарт Тавантолгойн нүүрсийг хойд чиглэлээр биш, харин өмнөд чиглэлээр зөөх санал бий. Хэргийн учир нь бүр 2008 онд Дэлхийн банк Улаанбаатарын захиалгаар тээвэрлэлтийн ямар зам илүү хямд төсөр байх талаар судалгаа хийжээ. Өмнө зүг тээвэрлэх нь Тавантолгойн нүүрсийг Хятадын асар том зах зээлд нэвтрүүлэх ба хүдрийг Япон болон Өмнөд Солонгос руу Хятадын Тяньжинийн боомтоор дамжуулан гаргах нь Оросоор дамжуулан зөөснөөс хоёр дахин хямд    гэж судалгаанд тэмдэглэсэн байв.

ОХУ-ын  Гадаад хэргийн яамны эх сурвалж “Ъ”-тэй  хийсэн ярилцлагадаа чухам ийм   учраас Улаанбаатар Оросын хүсэлтийг илүүд авч үзэх боломж тийм их биш байгаа төдийгүй Монгол-Хятадын харилцаа ээдрээтэй байгааг тэмдэглэсэн байна. Учир нь сүүлийн 13 жилийн турш Хятад улс Монголын гадаад худалдааны томоохон түнш бөгөөд эдийн засгийн гол хөрөнгө оруулагч нь байсаар ирсэн. Тиймээс Монголын удирдлагууд өөрийн өмнөд хөршөөсөө хараат байдлаа улам нэмэгдүүлэхээс эмээж байгаа юм.

Урт зам туулах нь Монголын нүүрсийг улам үнэтэй болгож, ингэснээр Австралийн нүүрстэй харьцуулахад үнийн хувьд өрсөлдөх чадвараа алдах болно гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ Улаанбаатар энэ байдлаас гарах илүү нарийн арга олсон бололтой. Монгол улсын Эрдэс баялаг эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэвийн өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдэгдсэнээр нэр дэвшсэн зургаан оролцогчоос нэгээс илүү нэр дэвшигчийг шалгаруулж магадгүй ажээ. “Ъ”- ийн Монголын  Засгийн газарт ойр байдаг эх сурвалж ч ийм магадлал өндөр гэдгийг баталж байна. Мөн сонгон шалгаруулалтын үр дүнд ордын хувийг Хятад болон Орос улсууд руу төмөр зам тавиулахын тулд хоёр болон түүнээс дээш компанид өгч магадгүй. Харин аль зам нь ашигтай болохыг зах зээл л шийднэ, харуулна ...



 Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹006 дугаараас уншина уу.