Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос газрын ховор элементийн салбарыг эзэлнэ

Дэлхийн газрын ховор элементийн нийт нөөцийн гуравны нэгийг агуулж буй Оросын хувьд уг түүхий эдийн ордуудаа ашиглалтад оруулахаар эрмэлзэж буй юм. Гэвч үүний тулд дор хаяж арван жил шаардагдах тухай уг түүхий эдийн салбарын зөвлөх компани “Технологийн металын судалгаа” байгууллагын үндэслэгч Жак Лифтон хэлжээ.

Оросын геологичдын тооцоолж буйгаар тус улсын ордууд дэлхийн нийт нөөцийн бараг 30 хувийг агуулж буй ажээ. Харин АНУ-ын Геологийн судалгааны албаны тооцоогоор, Орос болон хуучин зөвлөлтийн орнуудын нөөц нийлээд 19 сая тонн болж буй ажээ. Энэ нь дэлхийн газрын ховор элементийн нийт нөөцийн 14 хувь нь юм.

Германы хувьд Оросоос энэхүү баялгийг импортлох ихээхэн сонирхолтой байгаа юм. Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев ч өнгөрсөн долдугаар сард Хановер хотноо айлчлах үеэрээ “Орос улс Европын хамгийн том эдийн засгийн орны итгэлтэй нийлүүлэгч байж чадна” гэж мэдэгджээ.

Японы худалдааны компани “Сүмитомо”-гийн Казахстантай хамтарсан компани “Сареко” нь мөн Якутад төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ уг төслийн нарийвчилсан судалгаа хараахан бэлэн болоогүй байгаа юм.

Орос улсад одоогоор тус улсын “Норлиск Никель” компанийн үйлдвэрлэж буй багахан хэмжээний дайвар бүтээгдэхүүнийг эс тооцвол газрын ховор элементийн Ловозерский гэх ганцхан уурхай ажиллаж буй юм. Одоо уг ордоос лантан, серий олборлож буй.

Уурхайг ажиллуулж буй компанийн цахим хуудаст мэдээлснээр бол уг ордоос өнгөрсөн жил 11 мянган тонн газрын ховор элементийн баяжмал олборлож байсан бол энэ жил 12 мянган тонныг олборлох ажээ.

Баяжмалыг Урал дахь “Solikamsk Magnesium” боловсруулах үйлдвэр рүү далайгаар тээвэрлэн хүргэдэг бөгөөд тус үйлдвэр өнгөрсөн жил АНУ-ын “Molycorp” компанийн үйлдвэр, Эстони, Казахстаны металлургийн үйлдвэр рүү нийтдээ 1466 тонн оксид экспортолжээ.

Үүнээс гадна, Оросын газрын ховор элементийн үлэмж нөөц бүхий баялгийн тоонд “Тоmtor” орд орж буй.

Оросын Геологийн институтын мэргэжилтэн Александр Самоновын хэлснээр бол уг ордын хэсэгт газрын ховор хөнгөн элементийн 12 хувийн агууламж бүхий 150 сая тонн хүдэр буй ажээ.

Гэхдээ дэлхийн зах зээлд сэргээгдэх эрчим хүчний технологийн хэрэглээнээс үүдэн terbium, dysprosium зэрэг хүнд элемент нэн шаардлагатай байгааг судлаачид хэлж буй юм.

“Ernst&Young” компанийн уул уурхай, металын шинжээч Micheal Nestour-ын ярьж буйгаар, хэрэв одоогийн хайгуулын шатны төслүүд төлөвлөсний дагуу олборлолтоо эхлүүлбэл, газрын ховор хөнгөн элементийн хомсдол 2013 он гэхэд, харин хүнд элементийнх 2016-2017 он гэхэд эцэс болно.  

Нефть боловсруулах үйлдвэр, хайбрид машины зай хураагуурт хэрэглэгддэг лантаны үнэ үргэлжлэн өссөөр байгаа юм. Уг түүхий эдийн үнэ 2010 онд кг нь 36 ам.доллар байсан бол одоо 130-140 ам.доллар болж өсчээ.

Тус шинжээчийн үзэж буйгаар, салхин эрчим хүчний турбин үйлдвэрлэгч, авто машин үйлдвэрлэгч, газрын ховор элементийн түүхий эд үйлдвэрлэгч нар хоорондоо нягт холбоотойгоор ажиллах хэрэгтэй болоод байгаа юм.

Хэдийгээр Австрали, АНУ дахь газрын ховор элементийн зарим ордуудыг энэ жилийн сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж буй ч зах зээл дэх эрэлт, үнийн өсөлтийг сайнаар шийдвэрлэнэ гэж үзэх боломжгүй юм.

Харин газрын ховор элементийн нийлүүлэлтийн зах зээлийн 95 хувийг дангаараа хянаж буй Хятадын эзлэх хүрээ хумигдах нь тодорхой болоод байна.

Энэ жилийн хувьд дэлхийн газрын ховор элементийн хэрэглээ 140 орчим мянган тонн байгаа бол ирэх онд 180 мянган тоннд хүрэх төлөвтэй байна.


Б.Төгс