Одоогоос хоёр жилийн өмнө Дмитрий Медведев болон Владимир Путин нар Москваг Нью-Йорк, Хонконг, Лондонтой эн зэрэгцэх олон улсын санхүүгийн төв болгох санал дэвшүүлж байсан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Москва хотноо Олон улсын санхүүгийн төв байгуулах төсөлд дүн шинжилгээ хийх олон улсын зөвлөгчдийн анхдугаар чуулга уулзалтыг энэ сарын 29-нд зохион байгуулжээ. Чуулга уулзалтад оролцсон шинжээчид санал бодлоо илэн далангүй хэлж, болзошгүй алдаанаас хэрхэн сэрэмжлэх тухай санал солилцжээ.
Хөрөнгө оруулалтын Blackstone Group компанийн гүйцэтгэх захирал Стефан Шварцман “Засгийн газрын зардал бага байх тусам улсын эдийн засгийн өсөлт хурдацтай болохыг дахин сануулмаар байна. Ингэж чадсан улс орнууд олон усын зах зээлээс илүү хождог” хэмээжээ. БРИКС-ийн орнуудаас ОХУ-ын Засгийн газрын зардал хамгийн өндөр байгаа юм. Москвагийн санхүүгийн төв болохын тулд хууль эрх зүйн сайн бааз, бэлтгэгдсэн боловсон хүчинтэй байх ёстой гэж JPMorgan Chase компанийн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал Жеймс Даймон мэдэгджээ. "Хэрвээ дэлхийн санхүүгийн төв байгуулна гэж бодож байгаа бол шүүмжлэлийг сайн сонсож, санхүүгийн маш хүчтэй бодлого явуулах хэрэгтэй"-г тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. "Орос нь өргөн уудам нутагтай, томоохон эдийн засагтай учир олон улсын хүчирхэг санхүүгийн төв байгуулах чадвартай" гэсэн өөдрөг дүгнэлтээр энэ удаагийн чуулга уулзалт өндөрлөжээ.
Э.Од