Өнгөрсөн есдүгээр сард Индонези улс Хятадад 6,6 сая тонн нүүрс экспортолсон нь тус улсын сарын нийт нүүрс импортын 35 хувийг эзэлжээ.
Энэ оны эхний 3 улиралд Хятад улс Индонезиас 42,7 сая тонн нүүрс импортолсон байна. Энэ нь Хятадын нийт нүүрсний импортын 34,6 хувийг эзэлж байгаа юм. Тоон мэдээллээс харахад Хятад улс зөвхөн есдүгээр сард 19 сая тонн нүүрс импортолсон байна. Ганцхан сарын хугацаанд ийм хэмжээний нүүрс импортолсон түүх байдаггүй аж. Энэ үзүүлэлтээрээ Хятад рекорд тогтоолоо.
Индонезийн араас Австрали 3,4 сая тонн нүүрс нийлүүлж, нийт импортын 18 хувийг эзэлсэн бол Монгол улс 2,3 сая тонныг өгч, Хятадын есдүгээр сарын нийт нүүрс импортын 7 хувийг бүрдүүлжээ.
Эдгээр тоон үзүүлэлт бол Хятадын нийт нүүрс импортын мэдээ юм. Харин коксжих нүүрсний нийлүүлэлтээр манай улс нэгдүгээрт явж байна. Энэ оны эхний найман сарын байдлаар, Хятадын коксжих нүүрсний нийт импортын 43 хувийг Монгол улс хангасан байна.