Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Том Албаниз шинэ өглөө нь Монгол улсын Ерөнхийлөгчтэй уулзсан бол харин Фридланд Монголын олон нийтэд үзэгдэхийг хүсээгүй юм


Талууд сая нэг “Оюутолгой“ төслийг хөдөлгөөнд оруулах хууль ёсны боломжийг эзэгнэх эрхтэй боллоо. Стратегийн ач холбогдлоороо түүхэнд шигшигдэн үлдэх  энэ гэрээний цаашдын замнал ийнхүү тодорхой болсон аравдугаар  сарын 6-ны өдөр,  ерөөс дэлхийн уул уурхайн салбарын томоохон хүлээлтэд албан ёсны хариулт өгөв. Энэ төсөл Монгол улсын  хэтийн хөгжлийн ноён нурууг зурах гол өгөгдөл хэмээн 7 жил яригдаж хүлээгдэх зуур  ач холбогдол нь  хэдийнэ биднээс давсан.

Учир нь хүндрэл болоод хомсдол нүүрлэсэн XXI зууны уул уурхайн салбарт Оюутолгой өөрөө улам бүр  үнэ цэнэтэй болж ирэв.  Тэрчлэн дэлхийн эдийн засгийн болоод салбарын хүндрэлээс үүдэн сайнгүй нөхцөл байдалд байгаа Айвенхоу Майнз болон  хамтрагч Рио Тинто группд Монгол улс  хэзээ албан ёсны  зөвшөөрөл олгох вэ гэдгийг  дэлхий нийт анхаарч ирсэн. Тэр ч утгаараа тус хоёр компанийн хувьцааны ханшийн өсөлт, бууралт  “Оюутолгой“ -н эзэн бидний ааш аягаас хамаарч ирсэн билээ.

Тухайлбал “Айвенхоу Майнз“-ын хувьд бидэнтэй танилцсан 2003 оны нэгдүгээр сараас эхлэн өдийг хүрэхдээ Монгол дахь нөхцөл байдлаас хамаарч  хувьцааны ханш нь хэрхэн хэлбэлзэж ирснийг бид  харьцуулан харуулж  байсан.  Дэлхийн эдийн засгийн хямрал өрнөсөн, Монголын талтай тохиролцохын тулд ихээхэн чармайсан энэ оны эхний долдугаар сарын туршид  “Айвенхоу Майнз“-ын  хувьцаа   2.70-8.98 долларын хооронд хэлбэлзэж байсан бол  УИХ-аас дөрвөн хуулийн төслийг баталсан наймдугаар сард 10 долларт хүрч,  27-ны өдөр гэхэд 11.32 доллар дээр хааж байв.  Улмаар гэрээ үзэглэгдэх их хүлээлтийн есдүгээр сард тус хоёр компанийн хувьцааны ханш  тогтвортой бөгөөд бага зэрэг өсөлтийг үзүүлсэн, нэг  ёсондоо ажигласан, харзнасан  байдалтай байв.

Тодруулбал,  есдүгээр сарын эхний өдөр 10.68 доллар байсан  “Айвенхоу Майнз“-ын хувьцаа  сарын дунд үед буюу 15-ны өдөр 12.60 болон  өссөн.  “Рио Тинто“-гийн тухайд сарыг 152.37 долларын ханштай  эхэлж,  аажим өсөлтийг үзүүлсээр 15-ны өдөр 176.75 доллар дээр хааж байв.  Харин  гэрээ үзэглэх товын өдөр дөхсөн өдрүүдэд  эрүүл мэндийн шалтгаанаар эзгүй байсан Ерөнхий сайд буцаж  ирсэн  23-нд,  тус хоёр компанийн хувьцаа өмнөх өдрүүдээс өссөн үзүүлэлттэй байлаа.  Тэгвэл  гэрээний хувь заяанд ихээхэн  үүрэгтэй оролцсон,  салбарын сайд Д.Зоригт   УИХ-д нэр дэвших нь баталгаажсан 25-ны өдөр  “Айвенхоу Майнз“-ын хувьцаа 12.67 доллар байсан бол,  Рио Тинто группын хувьцаа 167.89 доллар  дээр хаагдсан.  Энэ нь  сарын дунд үеэс нэлээд буусан үзүүлэлт юм.

Түүнчлэн Монголын Засгийн газар гэрээтэй холбоотой 6 асуудлыг хэлэлцсэн,  хамгийн гол нь  “гэрээг  үзэглэнэ“  гэж товлоод байсан ч тэрүүхэндээ  “гацсан“  есдүгээр сарын 30-ны өдөр  “Айвенхоу Майнз“-ын хувьцаа 12.79  доллар,  Рио Тинто-гийнх 170.29 доллар дээр хаагдсан.  Харин маргааш нь аравдугаар сарын 1-ний өдөр УИХ-ын намрын чуулган нээгдэж эрхэм Спикер  “…Асуудлыг ирээдүйтэй төгс шийдье гэвэл зэсийн баяжмалыг боловсруулах үйлдвэр байгуулах зорилго тавьж, бодит ажил болгох хэрэгтэй. Уул уурхайн салбарыг улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тавихдаа ашигт малтмалын бүх нөөцөө өнөө үеийнхэн ашиглачих юм шиг, эсвэл нөөц нь шавхагдашгүй юм шиг сэтгэгдэл төрөхөөр бид ажиллаж байгаа нь харамсалтай…” хэмээн хатуу дуугарсан. Энэ өдөр тус хоёр компанийн хувьцааны ханш буурч  Айвенхоу Майнз 12.09  доллар,  Рио Тинто 163.48 доллар дээр хаагдсан байна.

Улмаар аравдугаар сарын 2-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж  Сангийн сайд   “Оюутолгойг ажиллуулж чадах гурав дөрөвхөн компанийн нэг бол  Рио Тинто“ хэмээн тодотгосон өдөр Рио-гийн хувьцаа 160.88 доллар, “Айвенхоу Майнз”-ынх 12.59 доллар дээр байв.  Харин гэрээг үзэглэхийн өмнөх өдөр “Айвенхоу Майнз“-ынх 13.03  доллар, Рио Тинто группынх 166.68 доллар хүрч  өссөн байв.  Гэрээ үзэглэсэн аравдугаар сарын 6 -ны өдөр “Айвенхоу Майнз“-ын  хувьцаа Нью -Иоркийн Хөрөнгийн бирж дээр 13.50 доллараас эхэлж  15 цагт  12.66  доллар болон бууж,   12.77 доллар дээр хаагдсан байгаа.   Рио Тинтогийн тухайд 171.68 доллараас эхэлж  Нью -Иоркийн цагаар  15.00 цагийн үед 172.665 долларт  хүрч  аажмаар  өссөөр  174.02 доллар дээр хаагдав.

Ийнхүү 3 жилийн өмнөөс Оюутолгой төсөл дээр хамтрахаар сэтгэл нийлсэн Айвенхоу Майнз  болоод Рио Тинто хоёрын эрх ашиг албан ёсоор нэгдэж эхэллээ. Тэр  дундаа “Оюутолгой“-н гэрээг Рио Тинто-гийн бизнесийг аврах гол хөшүүрэг болно гэж шинжээчдийн үзэж байгаа цаг үед болж буйгаараа бас  онцлогтой юм.
Уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг Рио Тинто   39.1 тэрбум долларын өрөө хугаслахын тулд энэхүү гэрээг  үзэглэхээс өмнөхөн   “Алкоа“ уурхайгаасаа эхлэн охин компаниудаа зарж эхэлсэн тухай мэдээлэл байгаа.  Шинжээчид уг  алхмыг нь  “бүхий л итгэл  найдвараа Оюутолгойд өгч байгаагаа тунхаглаж байна“ гэж харж байгаа.  Мөн  ямар ч байсан  уул уурхайн “мангас“ Рио-гийн үйл ажиллагаа сайжирч,  хувьцааны ханш өсөх нь дэлхийн уул уурхайн салбарын хүндрэлийг шийдэхэд нөлөөгөө үзүүлэхийг онцолж байна.

Рио Тинто группын зүгээс аравдугаар сарын эхний өдөр хийсэн мэдэгдэлдээ  “…Цаашдаа  Айвенхоу Майнзад хөрөнгө оруулалт хийж өөрсдийн хувийг 46.65-д  хүргэх хүсэлтэй байгаа гэж   мэдэгдсэн.  Харин гэрээ үзэглэсэн өдөр 20 хувийг эзэмших болсноо мэдэгдсэн билээ.  Тэгэхээр ямар ч байсан  “BHB Billiton“- той байгуулсан гэрээнээсээ ашиг олж  үзэхгүй байгаа   Рио Тинто  “Оюутолгой“-д ихээхэн найдвар тавьснаа хэлж байна. Түүнчлэн чамгүй хугацааны дараа тохиролцоонд хүрсэн Айвенхоу Майнз болоод Рио Тинто группын эзэн ноёд  Роберт Фридланд,   Том Албаниз хоёр гэрээг үзэглэсэн  орой “Чингис хаан“  нисэх онгоцны буудалд   газардсан билээ. Тэд Японоос хамтдаа иржээ. Том Албаниз шинэ өглөө нь Монгол улсын Ерөнхийлөгчтэй уулзсан бол харин Фридланд Монголын олон нийтэд үзэгдээгүй юм. Энэ хүний царайг үзэх нь бүү хэл нэрийг сонсоод даралт нь өгсдөг иргэний хөдөлгөөнүүдээс тэрбээр болгоомжилсон байж ч болох.

Ер нь шинжээчид уул уурхайн салбарын компаниудын нэгдэл нь   салбарын хүндрэлийг арилгахад чухал нөлөө үзүүлнэ,  хувьцааны борлуулалт эрчимжинэ гэж үзэж байна.   Тэрчлэн  дэлхийн зах зээл дээр үнэт металлын үнэ ханш өсөх төлөвд орсон   үед  уул уурхайн томоохон гэрээ хэлэлцээрүүд байгуулагдаж  байсан түүх байдгийг ч онцолж байгаа юм.  Өдгөө бол  дэлхийн зах зээл дээрх зэсийг Хятад улс  бодит  хэрэгцээ болоод, нөөц бэлтгэх маягаар залгиж, тэгснээр үнийг нь  40 хувиар өсгөөд байгаа билээ.  Гэхдээ  энэ янзаар өрнөвөл  2011 онд зэсийн хомсдол нүүрлэх бөгөөд, 2013 онд зэсийн үнэ 9000 ам.долларт хүрнэ гэж эдийн засагчид үзэж байна.  Харин  яг тэр үед нь Монголын Оюутолгой ХХК бүтээгдэхүүнээ гаргаж таарах юм.

Энэ тааламжтай нөхцөлийг угтан суугаа   Рио Тинто группын хувьцаа гэрээг үзэглэсний маргааш  буюу аравдугаар сарын 7-нд 1.25 хувиар өсөж,  “Айвенхоу Майнз“-ын хувьцаа 1.88 хувиар бууж 12.53 доллар дээр тус тус хаагдлаа.