Рио Тинто Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна. Энэ тухайгаа Гүйцэтгэх захирал Том Албаниз 2009 оны арваннэгдүгээр сард нийтэд хэлсэн юм. Нүүрсний эрин эхэлж байгааг дэлхийн том хөрөнгө оруулагчид үнэрлэжээ. Нүүрсийг 20 янзаар ангилдаг ба эдний дотроос эрчим хүчний нүүрсний арилжаа наймаа дэлхийн нийт худалдааны үзүүлэлтийг цойлж гарч ирнэ гэсэн урьдчилсан таамаг гараад байна. Удаад нь коксжих нүүрсний эрэлт эрэмбэлэгджээ.
2025 он гэхэд хөгжиж буй орнуудын төмрийн хүдрийн эрэлт 250 хувиар өснө гэсэн прогноз бас гарчээ. Төмрийн хүдрээр гангийн үйлдвэрлэл явуулахад коксжих нүүрс хэрэгтэй. Тэгэхээр нүүрсний эрэлт зах хязгааргүй нэмэгдэх хандлага бүр энэ жилээс мэдрэгдэж эхэлсэн. Ирэх 20 жилд дэлхийн эрчим хүчний хэрэглээний тал хувийг хоёрхон улс залгих гэж байна. Хятад, Энэтхэгийн эрчмийн хэрэглээ бөмбөрцгийн бусад бүх улсын хэрэгцээтэй тэнцэнэ.
Хорвоогийн нэгэн он улиран одож буй өдрүүдэд хуанлийн хуудас шинэчлэгдэхийн хэрээр ирэх жилүүдийн амь амьжиргааны тухай тандалт прогнозууд тасралтгүй цацагдах болжээ. Дэлхийн судалгааны байгууллагууд, хөрөнгө оруулалтын банкууд, нэр хүндтэй шинжээчид өөрсдийн таамгаа дэвшүүлж байна. 2010 оны зах зээлийн төлөв төдийгүй, ирэх 10, 20 бүр 50 жилд бүтээгдэхүүний үнэ ханш ямар байхыг эрэлт хэрэгцээтэй уялдуулан хэлцгээж байна. Энэ хорвоогийн амьдралын хөдөлгөгч хүч болсон эрчим хүчний үйлдвэрлэл, төмөрлөгийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд асар их эрэлттэй байхыг бүх судалгаа нэг дуугаар илэрхийлэв. Эдгээр үйлдвэрлэлийн үндсэн хэрэглэгч нь Хятад, Энэтхэг хоёр, араас нь Европ ба зүүн өмнөд Азийн орнууд байхаар хэрэглээний прогноз гарчээ. Таамаглал, хандлагууд төвлөрч буй анхдагч цэг нь ийнхүү нүүрс болов.
Нүүрсний эрин эхэлж байгааг хүн бүр өөрийнхөөрөө илэрхийлж байх агаад тухайлбал Роберт Фридланд “Монгол нь нүүрсний Саудын Араб болно” гэжээ. Энэ бол Фридландын сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж буй хамгийн хүчтэй үгс нь бөгөөд “Саудын Араб” гэдэг мань эрийн хувьд хэмжүүрийн оргил ч байж мэднэ. Оргилд ойрхон яваагаа харин бид өөрсдөө мэддэг гэж үү?
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.