Энержи ресурс буюу Mongolian Mining Corporation /ММС/ олон улсын бирж дээр хувьцаагаа нээлттэй арилжиж эхэллээ. Энэ үйл явдлын дараа Монголын жирийн иргэд, хувь хүмүүс энэ хувьцааг авч болох уу гэсэн асуулт нийгэмд ихээр гарч байна. Хаана, хэнд хандаж хувьцаа авч болох талаар хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын Олон улсын хөрөнгийн корпорацийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнээс тодрууллаа.
Олон улсын бирж дээр үнэт цаасаа арилжиж буй монгол компанийнхаа хувьцааг авах сонирхол монголчуудад маш их байна. Танай байгууллага хувьцааны арилжааг хийж байгаа юм байна. Энэ талаар уншигчдад тодорхой ойлголт өгөөч?
Жирийн иргэд хувьцаа авах бүрэн боломжтой. Гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн хуулгатайгаа манайд хандаж болно. Данс нээх доод хэмжээ 10 мянган доллар байсныг буулгаад таван мянган доллар болгосон байгаа. Ер нь Хонконг гэлтгүй дэлхийн аль ч биржээс арилжаа хийх эрхтэй дансыг тухайн хүний нэр дээр бид нээж өгдөг. Тэр хүн интернэтээр ороод өөрийнхөө дансны хуулгыг харж болно. Өөрөө ороод арилжаагаа хийж болно. Бас манай брокерт захиалга өгөөд арилжаагаа хийлгэх ч боломжтой.
Үнэт цаас арилжих дүрмээр бол хувьцааныхаа тодорхой хувийг энгийн иргэд буюу компани, банкны бус этгээдэд зарах ёстой гэдэг. ММС хэдэн хувиа энгийн иргэдэд зарж байгаа вэ?
Анхдагч зах зээл дээр хувьцаа гаргах, тэр дундаа олон улсын том бирж дээр хувьцаагаа гаргахад маш нарийн дүрэм журамтай байдаг. ММС-ийн хувьд 90 хувь нь том хөрөнгө оруулагчид буюу сангууд. Энэ нь IPO хийж буй 650 сая ам.долларын 90 хувь нь гэсэн үг шүү дээ. 10 хувь нь redial буюу иргэдэд боломжтой хувьцаа байсан. Бидний хувьд үүний нэг хувийг иргэддээ буюу монгол хүмүүст авч өгсөндөө баяртай байгаа. Анх компани дээр захиалга өгөхдөө тийм их эрэлттэй байна гэж бодоогүй. Нэг хувь буюу долоон сая доллар их том тоо санагдаж байсан л даа. Хоёрхон өдрийн дотор маш олон хүн авах захиалга өгсөн. Сүүлдээ хаагаад дараагийн захиалгыг аваагүй. Хоцорсон хүмүүсийг хоёрдогч зах зээл рүү орооч гэж зөвлөсөн л дөө. Монголын компани гарч байгаа гэдгээрээ монголчуудад авах сонирхол маш их байсан. Хонконгод эрэлттэй байсан шигээ Монголд ч гэсэн маш их эрэлт байна.
Анхдагч зах зээлээс авах, хоёрдогч зах зээлээс авахын ялгааг тайлбарлаж өгөөч?
Бид нэг хувийг анхдагч зах зээлээс захиалгаа өгөөд авсан. Тэр захиалгаа хоёр өдрийн дотор хаахгүй бол маш их захиалга ирсэн л дээ. Дараа нь авах хүмүүс өнөө долоон саяас маань илүү гарчихаж байгаа учраас хоцорчихож байгаа юм. Тэр хүмүүст хоёрдогч зах зээлийг санал болгосон. Одоо ч гэсэн хувьцаа авъя гээд хүмүүс ирж байна. Ирээд данс нээлгээд авч байгаа.
Анхдагч зах зээл дээр 7.02 хонконг доллараар гарсан. Энэ нь 6.50-7.50 хонконг доллараар хүмүүсээс захиалга авсан гэсэн үг юм. Үнээ 7.02 хонконг доллараар тогтоод тэр үнээрээ анхдагч зах зээл дээр гардаг. Түүнээс цааш өөрчлөгдөж байгаа зах зээлийнхээ үнээр явж байгаа юм. Энэ нь хоёрдогч зах зээл болчихно. Хоёрдогч зах зээл ч маш их эрэлттэй байна. Хонконгод энэ хувьцаа маш их эрэлттэй, бараг олдохгүй байсан юм байна лээ. Тийм их эрэлт байсан учраас хоёрдогч зах эхлэнгүүт хувьцааны ханш нь байнга өсөөд байгаа хэрэг. Гарснаасаа хойш өдөр бүр таван хувийн өсөлттэй явж байна. Тав хоногийн дараах байдлаар хорин хувийн өсөлттэй байна. Өчигдөр арилжаа хаагдахад /10 дугаар сарын 19-ний байдлаар/ 9,60 гэсэн ханштайгаар хаагдсан. Өнөөдөр хувьцааны ханш ойролцоогоор 9 хонконг доллар орчим байна.
Тэгэхээр хувьцаа авахыг сонирхсон хувь хүмүүс танайхаар дамжуулаад хоёрдогч зах зээлээс авч болох нь ээ?
Тийм ээ. Болно. Манай байгууллага дээр биеэр ирээд данс нээлгэж болно. Бас манай http://www.micc.mn/ сайт руу ороод анкет бөглөж болно. Цагийн зөрөөгүй болохоор Хонконгийн зах зээл монголчуудад их тохиромжтой байдаг юм. Ер нь дэлхийн аль ч биржээс ямар ч хувьцааг авч болно шүү дээ. Монгол хүмүүс Монголынхоо компанийг илүү их сонирхож байна л даа. ММС компаниа танина, менежментийг нь мэднэ. Хийсэн бүхэн нь дандаа амжилттай болдог гэдэг утгаараа энэ компанийн хувьцааг монголчууд их сонирхож байна. Бид ч бас авсан нь зөв гэж бодож байгаа.
Авах хувьцааны хувьд тооны хязгаар байдаг уу?
Данс нээлгэх доод хэмжээг 5000 ам.доллар гэж хэлсэн шүү дээ. Түүнээс гадна 500, 500-гийн блокоор компанийн хувьцаа зарагддаг юм. Ер нь энэ компаниас гадна маш олон бирж дээр маш олон компани байгаа шүү дээ. Америкийн Google, Citi Bank гээд алины нь ч хувьцааг манайд нээлгэсэн энэ дансаараа авч болно. Мөн олон улсын хөрөнгийн зах зээл дээр Монголоос гарч байгаа IPO болгонд бид харилцагчдадаа данс нээж өгч, хувьцаа авах боломжийг олгодог.
Олон улсын зах зээл дээр шинээр гарч IPO хийх гэж байгаа өөр ямар компаниуд байгаа вэ? Танайх урьдчилж захиалга авч байгаа юу?
Ирэх арванхоёрдугаар сард төмрийн хүдрийн “Харанга iron” компани Австралийн хөрөнгийн бирж дээр IPO хийх гэж байгаа. Дараа жил буюу 2011 онд хоёр монгол компани олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийнэ. Энэ бүх компанийн хувьцааны захиалгыг бид урьдчилаад авч эхэлсэн байгаа. Бидэнд захиалгаа өгөөд авч болно. Өнгөрсөн хоёрдугаар сард Австралийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн “Хүннү коал”-ын хувьцааны захиалгыг мөн авч байгаа.
Манай нэг онцлог нь зөвхөн брокерийн арилжаа хийхээс гадна Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын бирж дээр хувьцаа гаргасан хорин компанийн хувьцааны судалгааг хийдэг юм. Энэ судалгааг бид таван жил хийж ирсэн. MICC-ийн Mining index гэж байдаг. Эдгээр компанийн захирлуудтай байнга “прейзентаци” зохион байгуулдаг. Сард нэг компани ирж, манай харилцагчдад “прейзентаци” тавьж, хийх гэж байгаа ажлын төлөвлөгөө, үр дүнгээ танилцуулдаг. Жирийн брокерийн пүүсээс үүгээрээ давуу талтай. Дээрээс нь хувьцааны судалгаа гаргадаг. Сар бүр нэг компанитай харилцагчдаа уулзуулахаас гадна бид өөрсдөө бусад компанийнхантай уулзалт хийж, хийж байгаа ажлыг нь сонирхон өөрсдийн үнэлэлт, дүгнэлтийг гаргадаг юм. Манайд Америкийн хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж, хувьцааны судалгаа хийж байсан туршлагатай хүмүүс ажилладаг.
Танайхаас гадна Монголын өөр ямар брокер дилерийн компани ММС-ийн хувьцааг арилжиж байгаа юм бол?
Анхдагч зах зээл дээр бол манайх онцгой эрхтэй байсан. Компани урьдчилж тохироод захиалга өгсөн учраас. Хоёрдогч зах зээл дээр манайх шиг үйл ажиллагаа явуулдаг Австралийн компани байгаа гэж сонссон. Бас “Нортенсек” брокер дилерийн компани данс нээж байгаа гэж сонссон.
Энэ хувьцааг байгууллага, компаниуд авч болох уу?
Хувь хүнтэй ялгаагүй авч болно. Компанийн гэрчилгээ, ТУЗ-ийн тогтоол гээд хувь хүнийхээс арай илүү бичиг баримт бүрдүүлнэ. Гэсэн ч данс хурдан нээгдэж, арилжаа хийгдэнэ. Данс нээгээд арилжаа хийхэд нэг л өдөр болно. Иргэдийн хувьд маш амархан. Иргэний үнэмлэх, гадаад паспорттай байхад л болно.
Одоогоор танайхаас хэдэн Монголын жирийн хэдэн иргэн ММС-ийн хувьцааг авчихаад байна вэ?
Нарийн тоолоогүй болохоор тодорхой тоо хэлж чадахгүй байна. Багцаагаар 100 орчим хүн л авсан байх. Бид энэ талаар идэвхтэй сурталчлаагүй. Хүмүүс бие биенээсээ дам дамаа мэдэж ирээд данс нээлгэж байх шиг байна. Бидний хувьд ч гэсэн энэ тоог олон болгох сонирхолтой байгаа.
ММС Хонконгийн бирж дээр арилжаагаа эхлүүлсний дараа бүх хувьцаагаа зарчихлаа гэсэн хардлага жирийн иргэдийн дунд нэлээд байх шиг? Ер нь хувьцааныхаа хэдэн хувийг зарсан юм бол?
719 сая ширхэг хувьцаа зарсан. Компанийн нийт хувьцаа нь 3,6 тэрбум ширхэг байгаа. Компанийнхаа 20 хувийг олон нийтэд арилжсан нь эндээс харагдаж байгаа байх. Энэ мөнгийг олон хүнээс цуглуулж байгаа болохоор юунд зарцуулж буйгаа нэг бүрчлэн мэдэгдэх хэрэгтэй байдаг. “Проспектис” гээд баримт бичиг гаргадаг л даа. Түүнийг www.mmc.mn сайт руу ороод харж болно.
Голлох хувьцаа эзэмшигчид нь ямар хүмүүс байгаа вэ? Хятадууд хамаг хувьцааг нь авчихлаа гэсэн мэдээлэл ч хэвлэл мэдээллээр мэр сэр гарч байна?
Хонконгийн бирж бол олон улсын бирж. Дэлхийн уул уурхайн хувьцаа авдаг том байгууллагууд Лондон, Нью-Йоркт төвлөрсөн байдаг. Mining компани хувьцаа гаргаж байвал тэд нэлээд их хувьцааг нь авдаг л даа. Ер нь Хонконгийн бирж дээр гарсан компаниудын дийлэнх хувийг Америк, Английн фондууд авдаг. Хонконгийн биржийн нэг онцлог бол redial зах зээл ихтэй. Байгууллагууд хувааж авсны дараа redial буюу Хонконгод байгаа хүмүүс арилжаанд их идэвхтэй оролцдог юм билээ. Хүн амын орлого сайн учраас ийм оролцоо ихтэй. Энэ зах зээл дээр 10 хувь нь зарагдаж байна гэсэн үг. Бусад нь дандаа хөрөнгө оруулалтын мэргэжлийн байгууллагууд байгаа. Яг тодорхой хуваалтыг нарийн мэдэхгүй байна. Ер нь бол 50 буюу түүнээс дээш хувь нь барууныхан байгаа байх. IPO хийх үйл ажиллагааг нь JP Morgan, Citi Bank гээд Америкийн хоёр банк удирдсан болохоор уул уурхайгаар мэргэжсэн сайн хөрөнгө оруулагчдыг Англи, Америкаас оруулсан байх.
Данс нээлгэхийн тулд бүрдүүлэх материалын жагсаалтыг
MMJ сэтгүүлийн шинэ дугаараас дэлгэрэнгүйгээр авна уу.
Н.Ариунтуяа, The Mongolian Mining Journal