Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Банкууд брокерын үйл ажиллагаа эрхлэх боломжтой

Э.Ганбат /Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга/:
Банк өнөөдөр брокер, диллерийн ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй байна. Ер нь банкны шинэчилсэн хуулиар бол  авах бололцоог саяхан нээсэн. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн зуучлалын ажиллагаанд банк оролцох  боломжтой болж байгаа юм. Хороогоор зарим нэг банкны саналыг хүлээн авч, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход баримтлах журам, дүрмийг боловсруулан удахгүй батлах байх. Хэрэв банк зөвшөөрлөө авсан бол брокерын үйл ажиллагаа үзүүлэх боломжтой. Монгол улсын хэмжээнд банкны  1000 гаруй салбар байгаа гэдэг утгаараа орон нутгийн иргэдэд банкны салбаруудаар дамжуулан брокерын үйлчилгээ үзүүлэхэд дөхөмтэй, хүртээмж нь илүү байх магадлалтай. Иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх ажлын бэлтгэл одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компани дээрээ эхлэл шатандаа явж байна.

 

Хувьцаа тарааж эхлэхэд бид бэлэн байна

Р.Содхүү /МХБ-ийн Гүйцэтгэх захирал асан/:
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн тухайд хувьцаагаа гаргаад хүрээд ир, бид бэлэн. Хөрөнгийн биржийн хувьд бэлтгэл ажил гэх юм байхгүй. Шинээр хувьцаат компани байгуулагдаад хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороогоор хүлээн зөвшөөрүүлээд бирж дээр ирэхэд бид зохих хяналтаа тавиад хуулийн хугацаанд хувьцааг нь бүртгэж аваад арилжаанд оруулахад бэлэн. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа бол бидний гурав дөрвөн жил ярьсан зүйлийн биелэл.

Ашигт малтмалынхаа ордууд дээр өөрсдөө хувьцаат компани байгуулъя гэдгийн эхлэл учир энэ тал дээр Монголын Хөрөнгийн бирж бүх талаар бэлэн байна. Хувьцааг нь бүртгэх, арилжаанд оролцуулах, компани Монголын Хөрөнгийн бирж дээр IPO хийе гэвэл IPO-г зохион байгуулахад бид бэлэн. Төрийн өмчийн хороо энэ талаар тодорхой ажлууд хийж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 51 хувь нь төрийн өмчид үлдэж, 49 хувь нь тодорхой чиглэлээр үнэгүй, үнэтэй буюу нэрлэсэн үнээр, дуудлага худалдаагаар гэсэн гурван хэлбэрээр хувьцааны тархалт бий болох хандлагатай байгаа.

Бид бүх хувьцааг нь бүртгэж аваад 10 хувийг нь нийт иргэдэд үнэгүй тараах, 10 хувийг нь нэрлэсэн үнээр аж ахуйн нэгжүүдэд борлуулах үйл ажиллагааг зохион байгуулахад Монголын Хөрөнгийн биржийн талаас ямар ч асуудал байхгүй.