Монголчууд, монгол компаниуд олон улсын хөрөнгийн зах зээл рүү амжилттай гарч байна. Өнгөрсөн жил Монголын хэд хэдэн уул уурхайн компани Хонконг, Австралийн бирж дээр хувьцаагаа борлуулж чадсан нь багагүй амжилттай явна. Энэ оны төгсгөл, ирэх оны эхээр ч цөөнгүй компани гадны биржийг зорих сурагтай. Олон улсын бирж дээр IPO хийх замаар хувьцаагаа борлуулах нь Монголоос олж чадахгүй байгаа санхүүжилтээ гадаадын биржээс олж байгаа санхүүгийн нэг хэрэгсэл. Нөгөө талаар олон улсын бирж дээр хувьцаагаа борлуулах нь Монголын Хөрөнгийн бирж, хөрөнгийн захын хөгжилд төдийлөн эерýгээр нөлөөлж чадахгүй байгаа юм. Цаашлаад Монголын баялаг Монголд биш гадаадад үнэд хүрч, гадаадын хөрөнгө оруулагч нарт үр өгөөжөө өгч байгаад харамсах хүн олон. Харин монгол хүн бүрийн хүсэл бол байгалийнхаа баялгаас бүгд ижил тэнцүү хувь хүртэх.
Монголын уул уурхайн компаниудыг олон улсын бирж рүү “алдахгүй”, дотоодынхоо хөрөнгийн бирж дээр хувьцааг нь авч үлдэх нэг арга бол Depositary Receipt юм. Depositary Receipt /DR/ буюу Хадгаламжийн сертификат гэдэг нь аль нэг компани хувьцаагаа гадаадын зах зээлд гаргахын тулд заавал гадны хөрөнгийн биржид бүртгүүлэхгүйгээр хувьцаагаа дотоодынхоо зах зээлд гаргасан хэрнээ гадны зах зээлд давхар борлуулах боломжийг олгодог санхүүгийн хэрэгсэл юм. Гэхдээ DUAL LISTING буюу хоёр бирж дээр давхар бүртгэл хийхгүй, ганцхан дотоодынхоо бирж дээр бүртгүүлээд дундын зуучлагчийн тусламжтайгаар гадаадын бирж дээр хувьцаагаа борлуулна гэсэн үг. Компани бирж дээр гаргасан хувьцаагаа зуучлагч Depositary банкинд шилжүүлж, уг банк цааш нь хадгаламжийн гэрчилгээ гаргаж хөрөнгө оруулагчдад борлуулдаг. Харин компанийн хувьцаа нь дотоодынхоо хөрөнгийн бирж дээр Depositary банкны нэр дээр бүртгэлтэй үлдэх бөгөөд банкнаас гаргаж хөрөнгө оруулагчдад зарсан хадгаламжийн гэрчилгээний мөнгө ч дотоодынхоо биржээр дамжин орж ирдэг байна.
Хадгаламжийн гэрчилгээ гэдгийг хувьцаанаас өөр, тусдаа зүйл гэж андуурах тохиолдол элбэг байдаг. Хадгаламжийн гэрчилгээ нь тухайн компанийн гаргасан нийт хувьцаанд багтаж байдаг. Өөрөөр хэлбэл нийт 100 сая долларын хувьцааг бирж дээр гаргалаа гэхэд 20, магад 50 сая доллартай тэнцэх хэмжээний хувьцааг Depositary банкинд шилжүүлж, банкнаас дээрх хувьцаатай тэнцэхүйц хэмжээний мөнгөн дүн бүхий хадгаламжийн гэрчилгээг гаргаж хөрөнгө оруулагчдад худалдана гэсэн үг. Хадгаламжийн гэрчилгээ, хувьцаа хоёрын нийлбэр нь компанийн Хөрөнгийн бирж дээр гаргасан нийт хувьцаатай тэнцэх юм.
Үргэлжлэлийг MMJ сэтгүүлийн ¹007 дугаараас уншина уу.