HDR хийхийн өмнө компани ямар бэлтгэл хийсэн байх ёстой вэ?
Хамгийн чухал нь Засгийн газрын зохицуулалт юм. Аль компани гадагшаа гарч ямар бирж дээр арилжаа хийх вэ гэдэг зөвшөөрлийг өгдөг. Та нарын мөрддөг зохицуулалтад тааруулж бид Хонконгод HDR хийх аргыг боловсруулж өгдөг. Компани улсынхаа хуулийн хүрээнд өөрөө л гүйгээд байвал олон асуудалтай тулгарч юу ч хийж чадахгүй байх тохиолдол бий. Харин тэр асуудлуудыг хэрхэн шийдэж болохыг мэргэжлийн банк мэднэ. Банк тэр олон асуудлаас гарах арга замыг олохын тулд ажилладаг. Нэгэнт HDR хийсэн тохиолдолд танай компанийн энд байгаа хувьцаа Монголын биржээсээ хэзээ ч хөдлөхгүй. Манай банкны агент энд ирж ажиллана. Тэгээд бид Хонконгоос хувьцааг арилжих болно. Компани хэвийн ажиллаж, бид хилийн чанад дахь ажлыг хийнэ гэсэн үг.
Depositary Receipt-ийг ашиглах явцад Depositary банк их чухал үүрэгтэй байдаг. Depositary банк яг ямар ажлыг хийдэг юм бэ?
Хонконгод Depositary Receipt хийе гэвэл компани хувьцаагаа бүртгүүлэхээс эхлээд хувьцаа эзэмшигчдэд очих ногдол ашиг, хувьцаа эзэмшигчийн уулзалт, Хонконгийн хөрөнгө оруулагчдад өөрсдийгөө танилцуулах сурталчлах, монгол төгрөгийг хонконг доллар руу хөрвүүлэх зэрэг маш их ажил хийх хэрэгтэй болдог. Хэрвээ компани бидэнд хандвал бид бүгдийг өмнөөс нь хийж өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл Depositary банкны үүрэг бол компанийн хийх ёстой техникийн ажлыг хийж өгдөг гэсэн үг.
Бид Хонконгийн хөрөнгийн биржид хувьцааны бүртгэл хийдэг болохоор компани өөрөө бүртгэл хийлгэх гэж гүйх хэрэггүй. Хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахдаа монгол төгрөгөө бидэнд өгөхөд нь хувиргаад, тараагаад өгнө. Бас санал хураалт зохион байгуулах, уг компанийг Хонконгийн хөрөнгө оруулагчдад сурталчлах ажлыг хийнэ. DR хийх гэж байгаа компанийн хувьд сурталчилгаа юу юунаас илүү чухал байдаг. Хөрөнгө оруулагчид компанийн тухай мэдээлэлтэй болж байж сонголтоо хийнэ.
Манай хууль эрх зүйн орчинд HDR хийж болох уу?
Би танай хууль эрх зүйн орчныг сайн мэдэхгүй. Гэхдээ Монголын хууль шаардлага хангахгүй, Хонконгийнхтой зөрчилдлөө гэхэд бид хуулийг өөрчилж чадахгүй. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн АDR, Лондонгийн хөрөнгийн биржийн GDR, Хонконгийн хөрөнгийн биржийн HDR гэж байдаг бөгөөд аль нэгийг нь ашиглая гэхэд тэдний стандартад нийцсэн байх ёстой. Лондон хамгийн бага зүйл шаарддаг. Тэд компаниудыг зөвхөн тухайн улсынхаа хуулийн хүрээнд ажилласан байхыг л шаарддаг. Тэгээд л боллоо. Харин Нью Йоркийн хөрөнгийн бирж SSE гэдэг зохицуулалтад нийцэхийг шаарддаг юм. Хонконг бол өөрийн стандартаа л шаардана.
Тиймээс Хонконг руу гарахын өмнө манай хуульчид Монголын хуулийн системийг хэрхэн дагаж мөрдөхөд тусална. Хэрвээ Монгол, Хонконгийн хуулийн систем өөр байвал компани өөрийнхөө дүрмийг өөрчлөөд бирж дээр гарч болно. Улсын хуулийг өөрчилж болохгүй ч компани өөрийнхөө хуулийг өөрчилж чадна шүү дээ. Америк өндөр шаардлага тавьдаг, стандартад нь нийцэх амар биш. Өнгөрсөн жил Америкийн Хөрөнгийн бирж дээр 80 гаруй компани, Хонконг дээр 100 гаруй компани DR ашиглаж гарсан байдаг. Саяхан алдарт Prada Хонконг дээр гарлаа. Яагаад Хонконгийг сонгов гэвэл Prada ихэнх цүнхээ Хятадад зардаг. Мөн сүүлийн үед Энэтхэг, Тайландын компаниуд Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарч байна.
Жижиг дунд компаниуд Хонконгод DR хийхэд жижиг, том компани, эсвэл хөрөнгийн доод хэмжээ гэж байх ёстой юу?
Хонконгийн бирж дээр гарахын тулд тодорхой шалгуурыг давах ёстой. Хэтэрхий жижиг байсан ч гэсэн стандартад нийцэж магадгүй. Би тоо баримтуудыг нь тодорхой санахгүй байгаа ч жижиг компани Хонконгод хувьцаа гаргаж болно. Сүүлийн таван жилд таван сая доллар олсон байх ёстой гэх зэрэг ерөнхий шалгуурууд бий. Хэдий маш жижиг компани байлаа ч шаардлага хангавал болно. Энд бүх зүйл боломжтой. Уул уурхайн компаниуд үүний тод жишээ. Олон компани зөвхөн ордтой, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй хэдий ч бирж дээр гарч болдог. Хонконг одоо уул уурхайн компаниудад зориулсан шинэ дүрэм гаргасан. Хэдий ашиг олоогүй , зах зээлдээ хараахан хүрээгүй байгаа ч хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний компаниар хараат бус шалгалт хийлгэж батлуулсан бол гарч чадна.
Үндэсний компани Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахгүйгээр HDR хийж болох уу?
Болно. Энэ бол миний яриад байгаа ДР-ийн уян хатан чанар. Эндээс HDR болон АDR хийж болно. Бас Монгол, Хонконг, Америк гэсэн гурвалсан сонголт ч байж болно. Мөн ганц DR ч хийж болно. Үүнийг single listing гэдэг юм. Энгийн хувьцаагаа гаргахгүйгээр DR хийж болно гэсэн үг. Хятадын олон компани энгийн хувьцаагаа гаргахгүйгээр Америкт ADR хийдэг. DR хийх маш уян хатан аргууд байдаг.