Сүүлийн саруудад Европын зээлийн хямрал, АНУ-ын ажилгүйдэл зэрэг томоохон асуудлууд дэлхийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж байна. Барууны хөгжсөн орнууд удахгүй эдийн засгийн уналтад орно гэж зарим хөрөнгө оруулагч болон эдийн засагч нар болгоомжилж байгаа боловч нөгөө хэсэг нь Азийн орнуудад хүчтэй нөлөөлөхгүй гэж үзэж байна. Гэтэл Азийн зах зээл сүүлийн хоёр сард ихээхэн хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд Азийн эдийн засаг удааширч болзошгүй байгааг илтгэх зарим үзүүлэлтүүд ч байна.
Дэлхийн түүхий эдийн үнийг нэгтгэсэн Доу Жонесийн түүхий эдийн индекс (DJ-UBS Commodity Index) нь 2011 оны 3-р улиралд 11.3%-иар унасан нь хөрөнгө оруулагчид Хятад дахь эрэлт хэрэгцээ багасна гэж үзсэний шинж тэмдэг юм. Зэсийн үнэ гуравдугаар улирлын турш 26%-иар буурсан бөгөөд энэ нь бүхий л төрлийн үйлдвэрлэл, барилга, дэд бүтцийн төслүүдээс үүсдэг эрэлт хэрэгцээ хувиралтгүй байх эсвэл багасах хандлагатай болсонтой холбоотой юм.
HSBC банкнаас гаргадаг сар бүрийн “Худалдан Авагч Менежерийн Индекс” (Purchasing Managers’ Index) нь таваас есдүгээр саруудад удаа дараа Хятадын үйлдвэрлэл нь өсөхгүй байгааг үзүүлж байна.
Энэ индексийг 1-100-гийн хооронд хэмждэг бөгөөд 50-иас доош үйлдвэрлэлийн хэмжээ ерөнхийдөө бага, 50-иас дээш бол үйлдвэрлэл нэмэгдснийг заадаг. HSBC-ийн тооцоолсоноор энэ индекс нь найм, есдүгээр сард 49.9 хэвээр байсан бөгөөд өмнөх саруудтай харьцуулбал үйлдвэрлэл нэмэгдэхгүй байгааг үзүүлж байна. Харин Хятад Улсын Статистикийн газраас ижил индексийг есдүгээр сард 51.2 гэж тооцоолсон нь үйлдвэрлэлийн хэмжээ ерөнхийдөө хувиралтгүйг үзүүлж байна.
Хятадын эдийн засгийг ойрын хугацаанд удаашруулж болзошгүй хоёр гол шалтгаан байна. Нэгд, хөгжсөн орнуудын эдийн засаг уналтад орох магадлал өндөр болсон. Хятадын эд барааны экспорт дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 27%-тай тэнцэх учраас Америк болон Европ дахь Хятадын барааны эрэлт хэрэгцээ багасах нь эдийн засагт нь хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй юм. Хоёрт, Хятадын засгийн газар сүүлийн жилд хурдтай өсч байгаа инфляцаа дарах бодлого баримталж эхэлсэн нь эдийн засгийг нь удаашруулж болзошгүй байгаа.
Экспортоор голлодог эдийн засагтай Азийн бусад орнуудын үйлдвэрлэгчид ч ирэх саруудад Баруун дахь эд барааны эрэлт хэрэгцээ багасна гэж үзэж, үйлдвэрлэлээ багасгаж байна. Өмнөд Солонгосын вон-ий ханш долоогоос есдүгээр сарын хооронд унаж, экспортод ашигтай орчин үүсгэсэн ч үйлдвэрлэлийн хэмжээ нь долоогоос наймдугаар сарын хооронд 1.9%-иар унажээ. Үүнээс гадна Солонгосын үйлдвэрлэгчдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнд Солонгосын аж үйлдвэрүүдийн салбарын ирээдүйд хандах итгэл нь сүүлийн 21 сарын хамгийн доод хэмжээнд хүрсэн бөгөөд хэрэглэгчдийн итгэл нь энэ оны гуравдугаар сараас хойш хамгийн доод хэмжээнд хүрсэн ажээ.
Монголын экспортын барааг худалдан авагч гол орон бол Хятад юм. Хятадын, улмаар Азийн аж үйлдвэрлэл буурах нь Монголын нүүрс, зэс зэрэг түүхий эдийн эрэлт хэрэгцээг бууруулж болно. Хэрэв хөрөнгө оруулагчид Азийн эдийн засгийг удааширна гэж үзвэл Монголд ч бас хөрөнгө оруулалт багасах магадлалтай. Ийм учраас ирэх саруудад Европын орнуудын зээлийн асуудал болон АНУ-ын төсвийн алдагдалыг яаж шийдвэрлэхээс шалтгаалж Монголоос эд бараа, түүхий эд экспортлох компаниудын хувьцааны үнэ хэлбэлзэнэ.
MICC