Францын нийслэл Парис хотноо “Их хорь”-ийн Сангийн сайд нар болон Төв банкуудын тэргүүнүүд хоёр өдрийн турш чуулсан билээ. Уулзалтын гол сэдэв нь Евро бүсийн өр болон түүнээс үүдэх дэлхийн эдийн засгийн шинэ хямралын тухай байсан юм. Европын санхүү “өвчлөөд” хоёр жилийн нүүрийг үзэх гэж буй. Харин энэ хугацаанд байдлыг өөрчлөх талаар тун бага зүйл хийснийг мэргэжилтнүүд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. “Их хорь”-ийн Сангийн сайд нарын уулзалтаас гарсан өрийн хямралаас аврах төлөвлөгөөг арваннэгдүгээр сарын 23-нд Брюссельд болох Европын холбооны уулзалт дээр танилцуулахаар болжээ. Төлөвлөгөөг тодорхой танилцуулаагүй байгаа ч ОУВС-гийн нөөцийг нэмэгдүүлэх, Европын томоохон банкуудыг санхүүжүүлэх, Грекийн өрийн асуудлыг шийдвэрлэх зээлийн багц зэрэг асуудал голлож байгаа юм.
Олон улсын валютын сангийн /ОУВС/ нөөц дангаараа Испанийг “аврахад” хүрэлцэхгүй бол ОУВС болон Европын санхүүгийн тогтворжуулалтын сангийн /ЕСТС/ нөөц нийлээд ч Италийн санхүүг дэмжихэд хүрэлцэхгүй хэмээн шинжээчид үзэж байна. Тиймээс юуны өмнө ОУВС-гийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай аж. Сангийн гишүүн Хятад, Бразиль улс өөрсдийн хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг судалж байна. Ирэх арваннэгдүгээр сарын 3-4-нд болох “Их хорь”-ийн уулзалтын үеэр энэ асуудлаар зөвшилцөлд хүрч магадгүй юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Европын холбооны байр сууриас ихээхэн зүйл шалтгаалах аж.
Одоогийн байдлаар ОУВС-гийн нийт хөрөнгө 390 тэрбум ам.доллар бөгөөд 2009 онд тус сангийн хөрөнгийг гурав дахин нэмэгдүүлж байсан билээ. ОУВС хангалттай хөрөнгөтэй тул нэмж хөрөнгө оруулах шаардлагагүй хэмээн Герман улсын Сангийн сайд Вольфганг Шойбле эсэргүүцсэн байна. Тэрээр Евро бүсийн өрийн асуудлыг шийдэх асуудал Европын холбоо дотроо л байх ёстой гэж үзжээ. Тэгэхээр тодорхой шийдвэрүүд дахиад л улс төрийн сөргөлдөөний барьцаа болж болзошгүй юм.
Грекийн өрийн 50-60 хувийг хүчингүй болгох асуудлыг шийдэхийн тулд Европын томоохон банкуудыг дахин санхүүжүүлэхээр төлөвлөгөөнд оруулсон. Харин банкууд ийм эрсдэл үүрэхээс татгалзаж буй. Шалтгаан нь ч тодорхой. Банкуудыг санхүүжүүлэхийн тулд хоёр их наяд евро хэрэгтэй. Гэхдээ энэ нь зөвхөн санал төдий бөгөөд ирэх сарын эхний долоо хоногт “Их хорь”-ийн чуулганаар бодитоор хэрэгжих эсэх нь тодорхой болно. Сангийн сайд нар өрийн хямралын эсрэг тодорхой төлөвлөгөө гаргана гэсэн найдсандаа уулзалтын өмнөх долоо хоногт олон улсын хөрөнгийн биржүүдийн хувьцаа өсч эхэлсэн билээ. Гэвч сайд нарын уулзалтын дараа Германы Сангийн сайд Вольфганг Шойбле “Энэ сарын 23-нд болох Европын холбооны уулзалтаар ч гэсэн тодорхой төлөвлөгөө гаргаж чадахгүй” гэж мэдэгдсэний улмаас хувьцаануудын ханш унаж эхэлсэн юм.
Гэхдээ зарим шинжээчийн таамаглаж буйгаар “Их хорь”-ийн уулзалт хүртэл хөрөнгийн биржүүдийн арилжааны үнэ ханш тогтвортой төдийгүй бага зэргийн өсөлттэй байх гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Нуриэль Рубини өрийн хямралын тухайд “Олон улсын санхүүг хамарсан хямрал дахин болох магадлал өндөр байна. Эдийн засгийн бууралт Евро бүсийн ихэнх орнуудад хэдийнэ эхэлсэн. Хэрэв санхүүгийн таагүй байдал энэ чигээрээ үргэлжилбэл Lehman Brothers-оос ч дор зүйл болж болзошгүй. Евро бүс дэх өрийн хямралыг цаашид газар авахуулахгүй байх арга замууд бий. Гэхдээ аль нь ч төгс найдвартай биш. Ямар ч байсан юу ч хийхгүй байснаас дээр болов уу.
Эдгээр арга замын нэг болох евро бонд гаргахад хамгийн багадаа хоёр жил шаардлагатай. Мөн ЕСТС-ийн хөрөнгийг нэмэгдүүлэх арга байж болно. Гэвч улс төрийн шалтгаанаар хэрэгжихгүй байх магадлал өндөртэй. Эцэст нь байдлыг цааш улам даамжруулахаас сэргийлэх тодорхой арга хэмжээ авахгүй бол Европын холбоо задрахад ч хүрч болзошгүй болоод байна” хэмээжээ. Дэлхийн эдийн засгийн 2008 оны их хямралыг урьдчилан хэлж чадсанаараа нэрд гарсан Нуриэль Рубини болон бусад шинжээчид ч гэсэн ирэх сард болох “Их хорь”-ийн уулзалтаас дорвитой төлөвлөгөө гарахгүй хэмээн үзэж байна.