“Шилдэг олборлогч” номинацид таван компани нэр дэвшив
“Уул уурхайн шилдэг олборлогч” номинацид таван компани нэр дэвшсэн юм. Энэ нь хамгийн цөөн нэр дэвшигчтэй номинаци байв. Тийм ч байхаас аргагүй. Олборлолт нь жигдэрч, үйл ажиллагаа нь хэдийнэ төлөвшсөн компаниудын дунд өрсөлдөөн явагдах нь тодорхой. Тиймээс ч уул уурхайн олборлолтоор Монголдоо тэргүүлэгч гэдэгтэй маргах аргагүй “акул”-ууд энэ номинацид нэр дэвшсэн. Гэхдээ өнөөдөртөө босго өндөр ч ирэх он жилүүдэд хамгийн олон өрсөлдөгчтэй болох ирээдүй энэ номинацид бий. Олборлолтын өмнөх шатны их бэлтгэл ажилд ханцуй шамлан орсон шинэ залуу компаниуд үйл ажиллагаандаа дэвшин орох цагт нэр дэвшигчдийн тоо нэмэгдэж, өрсөлдөөн ширүүсэх биз ээ.
Улаанбаатар хотоос 900 орчим км, Монгол улсын хилийн Шивээхүрэн боомтоос 50 км, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийнсухайтын нүүрсний уурхай дахь олборлолтоороо “МОНГОЛЫН АЛТ” компани.
Улаанбаатар хотоос 340 км зайд орших Эрдэнэт овооны орд газар дахь зэс, молибдений олборлолтоороо Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” компани.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Ухаахудаг коксжих нүүрсний орд дахь олборлолтоороо “ЭНЕРЖИ РЕСУРС” компани.
Монгол улсын нүүрсний хэрэглээний 50 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаар хангах хэмжээний нүүрс олборлолтын үзүүлэлтээрээ “БАГАНУУР” хувьцаат компани.
Өмнөговь аймгийн нутагт орших Тавантолгойн чулуун нүүрсний орд газарт 1966 оноос эхлэн олборлолт явуулж буй үзүүлэлтээрээ “ТАВАНТОЛГОЙ” хувьцаат компаниуд “Шилдэг олборлогч” номинацид нэр дэвшив.
“Шилдэг олборлогч” номинацид шалгуур үзүүлэлтийн дагуу хоёр компани материалаа бэлдэж ирүүлсэн нь МАК, “Тавантолгой” ХК байв. Гэхдээ мэргэжилтнүүд болоод олон нийтээс өндөр үнэлгээ авсан “Энержи ресурс”, “Багануур” ХК, “Эрдэнэт” ХХК-ийг “Mining Journal” сэтгүүл номинацид нэрийг нь дэвшүүлсэн юм.
Мэргэжилтнүүд МАК-ийг сонгож, олон нийт
“Энержи”-г дэмжлээ
“Mining Journal Awards 2010” анхдугаар шалгаруулалтад оролцохыг урьсан албан бичиг Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 144 компанид хүргэгдсэн билээ. Улмаар мэргэжлийн байгууллагуудын дунд явуулсан явуулын санал асуулга, мөн интернэт хуудсаар дамжуулан олон нийтээс авсан саналын дүнд эхний шатны шалгаруулалтад 50 компани тунаж үлдсэн. Эдгээр 50 компанийг анхдугаар шалгаруулалтад нэрээ дэвшүүлж, шалгуур үзүүлэлтийн дагуу тайлан мэдээллээ ирүүлнэ үү гэж “Mining Journal сэтгүүл урьсан юм.
Салбарын мэргэжилтнүүд “Шилдэг олборлогч” номинацийн хамгийн олон саналыг “Монголын Алт” /МАК/ компанид өгчээ. Нийт 313 саналын хуудсын 49 нь МАК-ийг нэрлэсэн байв. Түүний араас “Энержи ресурс” 27, “Багануур” 15, “Эрдэнэт” 11, ”Тавантолгой” 8 саналаар удаалсан.
Харин олон нийт онлайн саналаа “Энержи ресурс”-ээс харамласангүй. Нийт 64 санал авсан “Энержи”-гийн араас МАК 53, “Эрдэнэт” 52, “Багануур” 37, ”Тавантолгой” 28 саналаар жагсчээ.
Ингээд мэргэжилтнүүд болон олон нийтээс авсан 102 санал буюу 20 хувиар МАК тэргүүлж, 17,8 хувийн саналаар “Энержи ресурс” удаалсан. “Эрдэнэт” 12,3, ”Тавантолгой” 8,6, “Багануур” 8,4 хувийн саналаар эхний тавд орсон байна.
Гэхдээ энэ нь санал дүгнэх 100 онооны ердөө 20 хувийг цуглуулж байгаа хэрэг. Хамгийн гол оноог Шүүгчдийн зөвлөл өгөх учиртай. Шүүгчдийн нарийн шалгуур тэднийг хүлээж байгаа.
МАК 2010 оны шилдэг олборлогчоор шалгарав
Манай шүүгчдийн бүрэлдэхүүн нэлээд хэдэн горняктай. Гаднаас нь харвал бүгдээрээ л горняк. Гэвч мэргэжлээрээ бол ихээхэн ялгаатай. Бүдүүн тоймоор яривал маркшейдер Д.Дондов гуай хэмждэг нь. Харин олборлогч нь ашиглалтын технологи инженер Б.Пүрэвтогтох, Н.Батбаяр. Тэрхүү ухаад гаргаад ирсэн баяжмалыг метал болгодог нь Н.Алгаа. Горнякуудын маань нэг Б.Пүрэвтогтоход хамгийн их таашаагдсан номинаци “Шилдэг олборлогч” байлаа. “Өнөөдөр манайд яг номоороо хөгжиж, шинжлэх ухаан, технологийнхоо дагуу явж байгаа салбар бол барилга. Ширхэг тоосгоор хэмжигддэг. Тал тоосгыг хаана хийх вэ гэдэг ч зураг дээр байдаг. Уурхай бол доошоо баригддаг барилга. Гэтэл манайхан газар хонхойлохын нэр гэж л ойлгодог. Нэг шанага шороогоор тооцогдох ёстой юм шүү. Уулын ажлыг градус минутаар нь хэмжин явуулж болно. Манайд үнэхээр тогтолцоо нь алдагдсан. 2006 он хүртэл Монголын уул уурхай хулхи ТЭЗҮ-гээр явсан. Зураг төсөл мөн адил. Одоо л горимдоо орж эхэлж байна. Шаардлага ч тавигдаж байгаа. Үүнийг л горимд нь оруулж байж уул уурхай мэргэжлийн түвшинд хариуцлагатай хөгжиж чадна. Олборлолтын ажил зураг төслийнхөө дагуу явж байгаа эсэхээр дүгнэгдэх учраас энэ бол их мундаг номинаци” гэж ач холбогдлыг нь үнэлсэн юм.
Харин Д.Дондов шүүгч “Шилдэг олборлогчийн ТЭЗҮ сайн хийгдсэн байх ёстой. Түүний дараа техникийн зураг төсөл сайн байх хэрэгтэй. Тиймээс ТЭЗҮ-ийг сайн харна. Үүн дээр хөрөнгө мөнгө, бизнес, аюулгүй ажиллагаа, уулын ажлын горим гээд бүгд байж байгаа. Уурхайд хоёр гол зарчим үйлчилдэг. Нэгдүгээрт, аюулгүй байх ёстой. Нурчихгүй, тэсэрчихгүй байх хэрэгтэй. Тэр бүхэн техникийн зураг төсөл дээр гарч ирнэ. Дараа нь тухайн ашигт малтмалыг бүрэн гүйцэд ашиглаж байна уу гэдэг асуудал тавигдана. Монголын үндэсний сонирхлын хувьд ашигт малтмалын хэдэн хувийг ашиглаж байна вэ гэдэг маш чухал үзүүлэлт” гэдгийг онцлов.
Н.Алгаа шүүгчийн хувьд “Аюулгүй үйл ажиллагаа, эрүүл ахуй бүх л уурхайд тавигдах ёстой. Шилдэг олборлогч техникийн зураг төслийг стандарт, шаардлагын дагуу мөрдөж, бохирдол багатайгаар ялгаж авах ёстой. Ер нь уурхайн олборлолтод нийтлэг тавигддаг шаардлага, стандартыг барьж чадаж буй эсэхээр нь шилдэг олборлогчийг дүгнэх ёстой” гэж үзэж байлаа.
Горнякуудын энэ байр суурь ч номинацийн эзнийг шалгаруулах шалгуур үзүүлэлт дээр тусгалаа олсон юм. Өрсөлдөгчид уурхайн ажил зураг төслийн дагуу явагдаж байгаа эсэх, хаягдал бохирдлын хэмжээг зохих түвшинд барьж байгаа эсэх, тухайн жилийн уулын ажлын төлөвлөлтийн биелэлт, олборлолтын хэмжээ тогтвортой өссөн байдал гэсэн үндсэн дөрвөн шалгуур үзүүлэлтээр өрсөлдлөө. Эдгээрээс гадна улсад төлсөн татварын хэмжээ, ажлын байрны тоог нэмэгдүүлсэн байдал, нийгмийн хариуцлага, аюулгүй ажиллагаа, ОҮИТБС-д хамрагдсан үгүйг ч шүүгчид харгалзаж үзэхээ мартаагүй.
Шүүгчдийн харахыг хүссэн үзүүлэлтүүд МАК-ийн бэлдэж ирүүлсэн тайлан дээр маш сайн туссан байсан. Уурхайн ажил зураг төслийн дагуу явагдаж байгаа, хаягдал бохирдлыг ТЭЗҮ-д тусгагдсан хэмжээнд барьж ажиллаж буйгаараа МАК өрсөлдөгчдөөсөө илүүрхэж, шүүгчдээс хамгийн өндөр оноог авч чадав. Олборлолтын хэмжээ болон тогтвортой өссөн байдлаараа МАК “Тавантолгой” хоёр эн зэрэгцсэн юм. Тавантолгой 2010 онд дангаараа 5.1 сая тонн нүүрс экспортлон, 100 мянган тонн нүүрсийг дотоодын зах зээлд борлуулж, 180 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. “Монголын Алт” компани Нарийн сухайтын уурхайгаасаа 2010 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар 4.022.712.24 тонн нүүрс олборлож, экспортолсноор Монгол улсын уул уурхайн салбарын 88 жилийн хөгжлийн түүхэн дэх нүүрс олборлолт, борлуулалт, экспортын дээд амжилтыг тогтоожээ. Энэ нь 1988 онд Багануурын уурхайн тогтоосон нүүрс олборлолтын дээд хэмжээг эвдсэн амжилт юм. Арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 5.122.726.00 тонн нүүрс олборлосон байна. Нүүрсний хаягдлын хэмжээ ТЭЗҮ-д тусгаснаар 1.5 хувийн нормоос 0.9 хувиар бага буюу 0.6 хувь, гаргаж буй нүүрсний бохирдлын хэмжээ нь ТЭЗҮ-д тусгагдсан 4.5 хувиас 2.7 хувиар бага буюу 1.8 хувийн үзүүлэлттэй байгаа нь МАК-д өндөр оноо авчирсан. Мөн улсад төлсөн 80 гаруй тэрбум төгрөгийн татвараараа ч шүүгчдийн анхаарлыг татахгүй байж чадаагүй. Энэ нь өрсөлдөгчдөөсөө хамгийн өндөр татвар төлсөн үзүүлэлт байсан юм.
Шүүгчдийн онооны нийлбэрээр “Монголын Алт” компани 112,5 буюу хамгийн өндөр оноог авч тэргүүллээ. “Тавантолгой” ХК 68 оноогоор удаалж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК 57 оноо, “Энержи ресурс” ХХК 47 оноо, “Багануур” ХК 36 оноо авсан.
Тамгын газрын захирал Ц.Пүрэвдорж:
Өндөр зэрэглэлийн шүүгчдийн шалгуураар орж,
тэргүүлсэн маань нэр хүндийн хэрэг
Монгол улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт дугтуй задлан, “Шилдэг олборлогч” номинацийн эзнийг зарласан юм. Тэрбээр “Mining Journal Awards-2010” анхдугаар шалгаруулалтад оролцож, Монголын уул уурхайн салбарын 2010 оны шилдэг олборлогчоор шалгарсан “МОНГОЛЫН АЛТ” компанийнхандаа баяр хүргэе” гээд хаш чулуун цомыг “Монголын Алт” компанийн Тамгын газрын захирал Ц.Пүрэвдоржид гардуулан өгөв. Ц.Пүрэвдорж шагнал авсан сэтгэгдлээ ийн хуваалцлаа.
“Монголын Алт” компани үүсэн байгуулагдаад 18 жил болж байна. Үүнээс сүүлийн арваад жилд бид нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани үргэлж анхдагч байхыг эрмэлздэг. Тэр ч утгаараа мэргэжлийн сэтгүүлийн зохион байгуулсан нэр хүндтэй шалгаруулалтад оролцож, уул уурхайн шилдэг олборлогч байгууллагаар шалгарч, анхны шагналыг гардан авсандаа баяртай байна. Тэр тусмаа өндөр зэрэглэлийн, мэргэшсэн шүүгчдийн шалгуураар орж тэргүүлсэн маань бидэнд маш том нэр хүндийн хэрэг юм. Энэ амжилт манай компанийн нийт уурхайчид, геологичид, инженер техникийн ажилтнууд, удирдлагуудын маань нөр их хөдөлмөрийн үр дүн юм шүү.
“Монголын Алт” компани 2010 онд төлөвлөсөн зорилтуудаа амжилттай биелүүллээ. Өнгөрсөн жил бид 2 сая орчим тонн нүүрс олборлосон. Энэ жил 5 сая тонныг олборлох зорилт тавьснаа биелүүлж чадлаа. Өнөөдрийн байдлаар хүлээгдэж буй гүйцэтгэлээр 5,3 сая тонн нүүрс олборлож, борлуулсан маань энэхүү номинацид тэргүүлэх үзүүлэлт болсон бизээ. Улсын төсөвт одоогоор хүлээгдэж буй гүйцэтгэлээр 80 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөөд байна.
Манай компанийн хамгийн ойрын зорилт бол олборлоод борлуулахаас гадна боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж, экспортлох явдал. Энэ зорилтын хүрээнд 2011 оноос угаах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжиж эхэлнэ. Мөн цар хүрээгээрээ том олон төсөл энэ оноос хэрэгжиж эхлэх юм. Өрнүүн их ажлын жил биднийг хүлээж байна.
Нарийнсухайт МАК-ийн жишиг уурхай
Нарийнсухайтын нүүрсний уурхай нь дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалтаар боссон үндэсний үйлдвэрлэл юм. Үйлдвэрлэлийн цар хүрээ, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ компанийнхаа жишиг уурхайд тооцогддог. 2007 онд МАК-ийн төслийн инженерүүд Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтдийн төсөл судалгааны багтай хамтран Нарийнсухайтын нүүрсний ордын дунд хэсгийг ил уурхайгаар ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, улмаар уулын ажил явуулах зөвшөөрлөө авчээ. Мөн оны арванхоёрдугаар сараас хөрс хуулалтаа хийж, дараа оны тавдугаар сараас нүүрсний экспортоо эхлүүлсэн байна. Уурхайн геологийн нөөц нь газрын гадаргаас 90 м хүртэл гүнд 220 сая тонн нүүрс.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олборлолтын хэмжээгээ тасралтгүй өсгөжээ. 2008 онд 635.944 тонн, 2009 онд 1.371.900 тонн, 2010 онд 5.3 сая тонн нүүрс олборлож, экспортолсон байна. Энэ орд дээрээ 5 сая тонн угаасан баяжмал гаргах үйлдвэр байгуулах ажил 2011 онд өрнөх бөгөөд 2012 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Цаашлаад Нарийнсухайт орчмын бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг найдвартай байлгах үүднээс эрчим хүчний үйлдвэрлэл явуулах зорилт ч тэдний өмнө бий.
Нарийнсухайтын ил уурхайд өндөр хүчин чадал бүхий орчин үеийн техник тоног төхөөрөмжүүд ашигладаг. 130 тонны даацтай БЕЛАЗ карьерын самосвол, 13 куб метр шанаганы багтаамжтай ЭКГ цахилгаан экскаватор, тэсэлгээний цахилгаан өрөм, АНУ-ын Catelpillar фирмийн хүнд даацын уулын тоног төхөөрөмжүүд нь олон улсын уул уурхайд шалгагдаж туршигдсан дэвшилтэт техникүүд юм.
Уурхайн тосгон нь АНУ-ын LECO фирмийн тоног төхөөрөмж бүхий нүүрсний итгэмжлэгдсэн лаборатори, уурхайн захиргааны байр,120 хүний багтаамжтай ажилчдын тохилог орон сууц, иж бүрэн тоноглол бүхий гал тогоо, хоолны газар, ажилчдын амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан спорт танхим, эмнэлгийн анхны тусламжийн цэг, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний төв зэрэг иж бүрэн барилга байгууламжуудтай.
Нарийнсухайтын уурхайгаас хилийн Шивээхүрэн боомт хүртэл төмөр зам барих тусгай зөвшөөрлийг 2008 оны есдүгээр сард Монгол улсын Засгийн газраас МАК компанид олгосон юм. 56 километр төмөр замын суурь бүтцийг барих төслүүд бэлтгэгдчихсэн байгаа бөгөөд 2011 оны хавраас барилгын ажил эхлэх ажээ. Энэхүү төмөр замын анхны суурилагдах хүчин чадал жилд 18 сая тонн ачаа эргэлт байх ба үүнийг цаашид нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэнэ.
Анх удаа Монгол улс дэлхийн хэмжээний
томоохон нүүрс экспортлогч улс боллоо
Энэ мэдээг Монгол улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Mining Journal Awards 2010” анхдугаар шалгаруулалт дээр дуулгасан юм. 2010 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 15 сая тонн нүүрсийг Монгол улс экспортолжээ. Хар алтны салбарынхан гуравдугаар улирлын байдлаар 101 тэрбум төгрөгийг Улсын төсөвт хуримтлуулсан байна. Харин УИХ-ын гишүүн Х.Наранхүү үүнтэй холбоотой бас нэгэн чихэнд чимэгтэй мэдээгээр дээрх мэдээг тодотгов. “2010 онд манай улс анх удаа гадаад худалдааны эрчим хүчний балансаараа экспортолсон эрчим хүчний эх үүсвэр нь импортолсон эрчим хүчний эх үүсвэрээс давлаа. Монголын эдийн засагт их чухал үзүүлэлт гарлаа. Энэ бол яах аргагүй “Mining Journal Awards 2010”-т хүрэлцэн ирсэн болон шалгаруулалтад орж тэргүүн байр авах гэж байгаа уул уурхайн компаниудын ажлын үр дүн юм шүү гэдгийг онцолж хэлье.”
Тийм ээ. Энэ сайн мэдээнүүд Монголын уул уурхайнханд бүгдэд нь хамаатай. Тэр дундаа “шилдэг олборлогчид”-ын хийж бүтээсний үр дүн билээ. Тэд хийж бүтээснээрээ 2010 онд Монголын эдийн засагт өөрсдийн тод ул мөрийг үлдээлээ. Тэрхүү шилдгүүд “Шилдэг олборлогч” номинацид нэр дэвшигчид байсан билээ.