Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mining Awards - 2011

Шинжлэх ухаан, урлагийг хослуулсан “Шилдэг уурхай”

Mining Journal Awards-ын 2011 шалгаруулалтыг зохион байгуулахын өмнө зарим номинацийн нэрийг Шүүгчдийн зөвлөлийн анхдугаар хурлаар ялимгүй өөрчилсөн юм. Тухайлбал, түрүү жил “Шилдэг олборлогч” гэж байсныг “Шилдэг уурхай” буюу “The Best Mine”  гэж нэрлэв.  Ингэснээр номинаци илүү өргөн цар хүрээг хамрахын зэрэгцээ ач холбогдол нь тод томруун, босго өндөртэй  болж байгаа билээ.
Уурхай гэдэг бол ашигт малтмалыг зөвхөн  ухаад ачихын нэр биш, дагалдах үйлдвэрлэлүүд хөгжсөн, нэмүү өртөг бүтээдэг, аюулгүй, технологийн өндөр шийдэлтэй,  экологийн тэнцвэрт байдлыг хангасан цогц үйл ажиллагаа гэдгийг шүүгчид онцлон тэмдэглэсэн юм.  Том уурхай болгон мундаг  гэсэн үг бас биш. Жижигхэн хэрнээ чамбай уурхай  “шилдэг” байхыг үгүй гэх газаргүй билээ. Тэд “яван чангарч” таарна.
Өнөө цагт батлагдсан Техник эдийн засгийн үндэслэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг  уурхай тун  цөөхөн. Монголын уул уурхайн салбарын хөгжлийг тушиж чангаадаг, мэргэжлийн хүмүүсийн  санааг зовоож байгаа  зүйл бол ердөө энэ.      
Гэхдээ уул уурхай эрчимтэй  хөгжлийн замдаа орж, олборлолт төдийгүй уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа энэ цаг үед “Шилдэг уурхай”-д өрсөлдөгчдийн тоо жилээс жилд нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Стратегийн ач холбогдол бүхий ордууд  ч энэ бүхний  манлайлал болох биз ээ. 
Энэ жилийн  “Шилдэг уурхай” номинацид  төрийн болон хувийн хэвшлийн нэр хүндтэй дөрвөн компани өрсөлдсөний дотор шинэ залуу “Эрдэнэс Тавантолгой” ХК  байсан нь содон байлаа. Ирээдүйд хүчирхэгжих компани итгэл өвөрлөн орж ирсэн нь сайшаалтай хэрэг ээ.


ШИЛДЭГ УУРХАЙ” НОМИНАЦИД НЭР ДЭВШИГЧИД:

1.    45 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “ТАВАНТОЛГОЙ” хувьцаат компани Өмнөговь аймгийн нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаараа нэр дэвшжээ.
/Гадаад, дотоод зах зээлд борлуулалт хийхийн зэрэгцээ Өмнөговийн нүүрсний хэрэглээг дангаараа хангадаг тус компани 2011 онд 4,7 сая тонн нүүрс олборлон, борлуулах төлөвлөгөөг Засгийн газраас аваад 11 дүгээр сарын нэгний байдлаар 5,9 сая тонн нүүрс олборлон борлуулж, улс, орон нутгийн төсөвт 140,5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн үзүүлэлтээрээ/   
 
2.    Эрдэнэтийн овооны орд газарт зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалт хийж байгаа Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” Хүдрийн ил уурхайгаа нэр дэвшүүлжээ. 
/Эрдэнэтийн хүдрийн ил уурхай ЭКГ-10 экскаваторын 1 шоо метр шанаганд оногдох хөдөлмөрийн бүтээмжийг 181000 метр3, өрмийн машины хөдөлмөрийн бүтээмжийг 64040 уртааш метрт хүргэсэн амжилтаараа/     
   
3.    Монголоор овоглосон сайн чанарын коксжих нүүрсний брэндийг бий болгох уриатай “ЭНЕРЖИ РЕСУРС” компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Ухаахудаг” коксжих нүүрсний уурхайгаа нэр дэвшүүлжээ.
/2009 онд уурхайн үйл ажиллагааг анх эхлүүлснээс хойш олборлолтын хэмжээг жил бүр 2 дахин нэмэгдүүлж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж буй амжилтаараа/

4.    “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” хувьцаат компани Тавантолгойн ордын Зүүн Цанхийн талбайд уурхайн ажлыг эхлүүлж, нүүрсээ экспортод гаргаж эхлээд байгаа “Эрдэнэс Тавантолгой уурхайгаа нэр дэвшүүлсэн байна.
/2.900.000 м3 уулын цулын ажил хийж гүйцэтгэснээр сайн чанарын коксжих нүүрсний давхаргад хүрч, нүүрсний олборлолтоо эхлүүлсэн амжилтаараа/ 
                               
MINING JOURNAL COUNCIL-ийн шүүгч дор бүрнээ “Шилдэг уурхайн” номинацийн эзнийг үнэн бодит шалгуураар тодруулах өөрийн гэсэн үнэлэлт, дүгнэлттэйгээр сэтгүүлийн редакцид хүрэлцэн ирсэн юм. Б.Пүрэвтогтох шүүгч ажлын шаардлагаар гадаад орныг зорьсон ч гэлээ өөрийн бие төлөөлөх хүнээ хариуцлагатайгаар томилон, байр сууриа илэрхийлж амжсан бол  Д.Галсандорж  шүүгч компани болгон дээр оноо дүгнэлтээ өгсөн материалыг Шүүгчдийн зөвлөлийн хурал эхлэхийн өмнө редакцид хүргүүлсэн юм. Тэрээр хүндэтгэх шалтгаан бүхий уулзалттай байсан юм.  

Шүүгчид юуны өмнө “Шилдэг уурхай” номинацийн шалгуур үзүүлэлтүүдийг дүгнэх гол зарчмаа болгох учиртай. Уурхайн ажил батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу явагдаж байгаа эсэх, Хаягдал бохирдлын хэмжээг зохих түвшинд барьж байгаа эсэх, Тухайн жилийн уулын ажлын төлөвлөлтийн биелэлт, Олборлолтын хэмжээ тогтвортой өссөн байдал, Эдийн засгийн үр ашгийн үзүүлэлт, Улсад төлсөн татварын хэмжээг хөрөнгө оруулалтын хэмжээтэй жигнэсэн үзүүлэлт гэсэн шалгуурын дагуу тайлангаа ирүүлсэн эсэхийг шүүгчид хэлэлцсэн.    

 “Пүрэвтогтох багш  “Эрдэнэт үйлдвэр” дээр хамгийн өндөр оноогоо тавьжээ ТЭЗҮ  боловсруулаад түүнийхээ дагуу үйл ажиллагаа  явуулж  байгаа уурхай бол Монголдоо ганц “Эрдэнэт”. Энэ үндэслэлдээ манай хүрээлэн хатуу байр суурьтай байна хэмээн Уул уурхайн хүрээлэнгийн дэд захирал Б.Энхбаатар  хамгийн эхэнд саналаа илэрхийлэв. Г.Шархүү шүүгч ч мөн  санал нэг байна гээд “Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн ил уурхайд би өндөр оноо тавилаа. Харин “Энержи Ресурс”-т 0 оноо тавьсны учир нь уурхайн хаягдал бохирдлоо  өөр хог хаягдалтай хольж хутгасан /сальфетка, цаас гэх мэт/ тайлан ирүүлжээ. Уурхайн мэргэжилтэн ийм зүйл мэдэхгүй байна гэж байх уу” хэмээн хатуу үг унагав.

Н.Алгаа шүүгчийн хувьд  “Эрдэнэт үйлдвэр”-ийг сонгосон тухайгаа  “Олон   жилийн туршид шинжлэх ухаанч уурхай гэж явж ирснээр нь үнэллээ. Дээр нь,  тус уурхайг Хүрээлэн, Мэргэжлийн хяналт болон Баяжуулагчдын холбоо шалгаруулж байгаа болохоор ханатай дүгнэлт гарч байгаа” гэсэн юм. Харин түүнийг ”Эрдэнэт үйлдвэрийн олборлолтын хэмжээ өснө гэж байхгүй. Тогтчихсон юм чинь өсгөхийн ч арга байхгүй. Үр ашгийн үзүүлэлт нь нэг уулын цулд ямар хэмжээтэй байдаг нь бүү мэд” хэмээхэд Г.Шархүү шүүгч “Олборлолт өсч байгаа шүү дээ. Уулын цулын хэмжээг ихэсгэж байж метал агууламжийг авдаг юм” хэмээн сөрж байна лээ.

Н.Батбаяр шүүгч ч энэ тухайд өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “Эрдэнэт технологийн горимоо яг нарийн барьж   байгаа. Технологийн горимыг юугаар хэмжиж байна вэ гэхээр хөрс хуулалтын коэффициент тогтвортой байгаа эсэх. Хөрс хуулалтын коэффициент маш олон жилийн туршид тогтвортой явж байгаа гэсэн үндэслэлээр үнэлж байна. Ер нь бусад  шалгуур үзүүлэлтүүдэд тохирсон хариулт өгсөн материалыг ирүүлсэн байгаа юм. Тиймээс оноо үнэлгээ өгөхөд маш хялбар байсан” хэмээн   тайлбарласан.   

Шүүгчдийн зөвлөлийн гишүүн Д.Цэрэнжав “Би мэргэжлийн хүн биш учир  учир бусад шүүгчдийн үнэлгээг дагая. Өөрөө оноо өгье гэхээр зориглохгүй байна” гэсэн нь уул уурхайн салбарт олон жил ажилласан, туршлагатай хүмүүст найдсаных биз ээ.
Шүүгчдийн хуралдаан дээр хамгийн жинтэй үг унагадаг Д.Дондов доктор ч энэ удаад Эрдэнэтийг сонгож буйгаа олон таван үггүй илэрхийлсэн юм.  Тэрээр,  Эрдэнэт УБҮ нэгдүгээрт байх нь тодорхой. Бүх үзүүлэлтэд тохирсон. Хоёрдугаар байрт “Тавантолгой” ХК, гуравдугаарт “Энержи Ресурс”-ийг шалгаруулсан. “Энержи Ресурс”-ийг гуравдугаарт оруулсны учир гэвэл надад нэг зүйл таалагдахгүй байгаа юм. Авто зам тавьчихаад түүнээсээ дэндүү өндөр татвар авна гэдэг үндэсний компаниудаа шахаж буй хэрэг” хэмээн  санал бодлоо хуваалцлаа.

Харин Д.Галсандорж шүүгчийн хувьд тэс өөр байр суурьтай байна. Экспортлогчдын холбооны тэргүүн маань “Энержи Ресурс”-ийн олборлолт тогтвортой өсч байгаа. Хөрөнгө оруулалтын хэмжээ, дэд бүтцийн төслүүд, Угаах үйлдвэр барьж байгаа. Зарим нь ашиглалтад орчихсон” гэсэн үндэслэлээ тов тодорхой бичиж ирүүлжээ.

Ийнхүү  шалгаруулалтад ирсэн материалууд Шүүгчдийн зөвлөлийн нарийн шүүлтүүрт орж, онооны дарааллаар “Эрдэнэт үйлдвэр”, “Энержи Ресурс”, “Тавантолгой ХК” гэж эрэмблэгдсэн юм. Түүнчлэн бүтэн сарын турш  Монголын олон нийт, мэргэжлийн холбоодоос  онлайнаар болон саналын хуудсаар авсан оноо, дүгнэлтэд энэ гурван компанийн нэр дээгүүр бичигдсэнийг онцолъё.  
Амжилт бүтээлээрээ хамгийн өндөр оноо авсан эдгээр компаниас Шилдгийн шилдгийг нэрлэх торгон мөчид, дугтуй задлах хүндтэй үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригт хүлээсэн юм.

Монгол орны    гайхамшигт эрдэнэсийн чулуу болох Чүнчигноровыг байгаль дээрх унаган төрхөнд нь хадгалан урласан энэхүү цом “Шилдэг уурхайн” хамт олны  их ажил үйлсийнх нь бахархал болон хадгалагдах учиртай.

Д.Ганбат:  Хүдрийн ил уурхай дэлхийд эхний тавд ордог

Mining Journal Awards 2011-ийн нэр хүндтэй шагналаа гардаж авсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны асуудал эрхэлсэн захирал Д.Ганбатын  сэтгэгдлийг сонирхлоо.

 Монгол улсын зууны манлай үйлдвэр болсон “Эрдэнэт үйлдвэр” байгуулагдсан 30 гаруй жилийн түүхэндээ Монголын шилдгийн шилдэг байсаар ирсэн. Одоо ч бас шилдгээр шалгарсандаа баяртай байна. Манай Хүдрийн ил уурхай олон улсын судалгааны байгууллагаас гаргасан дүгнэлтээр дэлхийд эхний тавд ордог. Ижил төрлийн уурхайнуудаас хамгийн бага зардлаар олборлодог уурхайд тооцогддог. Mining Journal Awards-ын шилдэг уурхайгаар шалгарсандаа баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal сэтгүүлийн № 12 дугаараас уншина уу.