Ярилцсан Н.Ариунтуяа
“Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Я.Долгоржавтай ярилцлаа. Тэрбээр Гүйцэтгэх захирлын томилолт өвөртлөөд сарын нүүр ч үзээгүй байна. Куба улс дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын томилолтын хугацаагаа дуусгаж ирээд “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Төрийн нэрийн өмнөөс стратегийн 15 ордын ашиглалтыг хариуцах өндөр үүрэг, хариуцлагатай энэ газарт уул уурхайгаас нэлээд төсөө хүн томилогдлоо гэж олон нийт харж байгаа үед шинэ захирлын санаа бодлыг уншигчдадаа хүргэхийг MMJ зорилоо.
Я.Долгоржав нь ЗХУ /хуучин нэрээр/-ын Ростов на Дону хотын Улсын их сургууль, мөн сургуулийн аспирантурыг төгссөн. Доктор (PhD), профессор. МУИС-д багш, Орлогч декан, Декан, намын хорооны дарга, Нийгмийн ухааны институтэд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төр, нийгмийн судлалын академид ректор, Удирдлагын академид тэнхимийн эрхлэгч, Төрийн удирдлагын сургуулийн захирал, Академийн дэд захирал, Монгол улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсныг олон нийт андахгүй.
“ЭРДЭНЭС МГЛ” АРД ТҮМНИЙ БУЮУ ОЛОН НИЙТИЙН ӨМЧЛӨЛ, ЗАСАГЛАЛТАЙ КОМПАНИЙН БОДИТ ҮЛГЭР БОЛОХ УЧИРТАЙ
Уул уурхайн салбар дахь энэ томилгоо Таны хувьд хэр гэнэтийн байв? Хэр сорилттой тулгарав? Энэ ажил өмнө нь миний эрхэлж явсан ажил, албуудаас нэлээд төсөө төдийгүй ихээхэн ялгаатай. Гэхдээ баримтлах хууль, эрх зүйн орчин, бодлогын чиглэл, шийдвэрүүд нь ерөнхийдээ гарчихсан, зарим төсөл, уурхайнуудаа дагнан хариуцах охин компаниудын бүтэц бий болоод жигдэрч эхэлсэн зэрэг нь шинээр томилогдсон миний хувьд олзуурхууштай хэрэг болж байна.
Томилгооны хувьд санамсаргүй, гэнэтийн талдаа байсан. Гэхдээ санамсаргүйн цаана зайлшгүй нуугдаж байдаг гэдэг биз дээ. “Эрдэнэс МГЛ” компанийн дүрэм, үйл ажиллагааг Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нийцүүлэн өөрчилж, нийт иргэддээ давуу эрхийн хувьцаа олгох ажлыг шуурхайлах, компанийн удирдлагыг охин компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагаас салгах шаардлага тулгарсан цаг үетэй миний өмнөх томилолтын хугацаа дуусч буцаж ирсэн нь таарсан тал бий байх. Нөгөө талаас эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүртээмжтэй байлгах, уул уурхайн салбараас орох орлогыг хүний хөгжилд зориулъя гэж байгаа өнөө үед “Монголын хүний хөгжлийн илтгэл”-үүдийг боловсруулж бэлтгэхэд эхнээс нь биечлэн оролцож, бодлогын зөвлөмж гаргалцаж явсан хүнийхээ хувьд анхаарагдсан байж магадгүй. Бас бизнес, уул уурхайгаас төсөө, ямар нэгэн лиценз, хувьцаа эзэмшдэггүй миний сул тал ард түмний эрх ашиг нэвт шингэсэн байх учиртай энэ салбарт давуу тал болж харагдсан ч байж мэднэ. Нэг их сорилттой тулгарсангүй. Харин ажил, алба бол алхам тутамд л сорино шүү дээ.
Шинэ ажил хүлээж аваад хагас сар ч болж амжаагүй байна. Ажилтайгаа хэр танилцав? Анхны төсөөлөл, сэтгэгдэл ямархуу байна вэ? Ойрын болоод хэтийн хугацаанд хийх ажлын дүр зураг яаж бууж, төлөвлөгдөж байна вэ? Бүрэн дүүрэн танилцахад цаг хэрэгтэй. Хийнгээ л танилцахаас аргагүй. Анхны төсөөлөл, сэтгэгдлийн тухайд “Усанд сэлж сурахын тулд ус руу орох хэрэгтэй” гэдэг үг санаанд орж байна. Монголчууд маань уул уурхайн салбарын олон улсын зах зээл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны орчинд ажиллах, бодлого шийдвэр гаргах, гүйцэтгэн зохион байгуулах ажиллагаанд оролцож эхлээд төдийлэн олон “оймс элээж” базаагаагүй байна.
Болгоомжлох, эргэлзэх, ухаарах зүйл олон тохиох байх.
Ойрын болон алсдаа хийх ажлын ерөнхий дүр зураг гэвэл “Эрдэнэс МГЛ” ХХК-ийг толгой компанийн хувьд бэхжүүлж чадавхижуулах, охин компаниудтайгаа хамтарч ажиллах гэрээг боловсронгуй болгож, байгуулах, УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж, Хүний хөгжлийн тухай хуулийн компани болгон үйл ажиллагааг нь өргөтгөх, Монгол Улсын иргэддээ давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх, хувьцааны ногдол ашиг буюу хишиг, хувь хүртээх асуудлыг цэгцлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын бусад ордын төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг компанийнхаа мэдэлд авах гэхчлэн хөвөрч байна. Энэ бүхний үр дүнд “Эрдэнэс МГЛ” компани ард түмний буюу олон нийтийн өмчлөл, засаглалтай компанийн бодит үлгэр болох учиртай. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд саяхан “ард түмний өмчлөл бүхий компани, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж”, “олигархийн” гэх тодотголтой пүүс, компаниудын тогтолцооноос дээрх маягийн компаниудын тогтолцоонд шилжилт хийнэ гэж зарласан нь Засгийн газар, улс төрийн нөлөө бүхий хүчний сонирхол нэг зүгт байгааг харууллаа.
Уурхайдтайгаа очиж танилцав уу? Уурхайдаар хараахан очиж амжаагүй байна. Удирдлагуудтай нь уулзсан. Цаасан дээр байгаа бүтэц, тогтолцоотой нь танилцаад явж байна. “Эрдэнэс Оюутолгой”-н хувьд бас л цоо шинээр байгуулагдсан компани. “Оюутолгой”-н ТУЗ-д Монголыг төлөөлж байгаа хүмүүстэй уулзсан. Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх Ерөнхий захирал Камерон МакРейтай уулзалт төлөвлөчихсон байгаа. “Оюутолгой”-н 34 хувийг төр эзэмшиж байгаа гэдгээрээ ямар нэг байдлаар холбогдчихож байгаа учраас хамтарч ажиллах шаардлагатай. Манай Г.Тэмүүлэн захирал Оюутолгойтой холбоотой асуудлыг хариуцаад явж байгаа. Эхнээсээ яаж явсан логикоо мэдэж байгаа туршлагатай мэргэжилтэн залуучууд, сайн специалистууддаа тулгуурлаж ажиллахыг эрмэлзэж байна. Дан специалистууд том хүрээний асуудал дээр явахгүй. Тэгэхээр женериалистууд байх нь зүй. Специалист, женериалистууд хэрхэн зөв хосолж ажиллахаас компанийн амжилт ихээхэн хамаарна. Цаашид үйл ажиллагааны тодорхой чиглэлүүдээр нарийн мэргэшсэн специалистуудтайгаа зөв хамтарч ажиллахыг хичээнэ. Түүнээс биш би уурхайчин болно гээд уул уурхайн сургуульд сурах хэрэгтэй гэж бодохгүй байна.
Төрийнхөө нэрийн өмнөөс гадаад зах зээл дээр далайцтай үйл ажиллагаа явуулдаг “Чайналко”, Оросын “Ростехнологи” зэрэг манай хөрш орнуудын компаниуд бий. “Эрдэнэс МГЛ” ХХК-ийг эдгээр компани шиг томрох байх, тийм ч байгаасай гэсэн хүлээлт байдаг. Томрох ирээдүй хэр байна вэ? Үйл ажиллагааны зарчмын хувьд эдгээр компанитай ойролцоо тал бий юү? Таны жишээ болгож хэлсэн компаниуд цэвэр уул уурхайн чиглэлээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахаас гадна тухайн салбарын шинэ технологи, инновацийн чиглэлээр хөрөнгө оруулалт, судалгаа шинжилгээ хийдэг цэвэр бизнесийн чиглэлийн компаниуд. Харин манай компанийн хувьд эдгээр компаниас ялгаатай нэг онцлог нь ашигт малтмал, уул уурхайн салбар болон стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудын орлогоос хуримтлал үүсгэх, цаашлаад, орлогын тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөцийг бүрдүүлж, Хүний хөгжил санд төвлөрүүлэх үндсэн үүргээрээ ялгаатай гэж болно.
Компанийн ирээдүйн тухайд сайхан төсөөлөл байгаа. Ерөнхий дүр зураг ч аятайхан явж байна. Гэхдээ түүний наана алхам алхмаар хийгдэх ажлууд их бий. Нэг өдөр яваад хүрчихгүй зорилт юм. Хоёр том уурхай хоёр том охин компани болчихлоо. Дараагийн ээлжинд стратегийн ордод бүртгэгдсэн ордуудын төрийн мэдлийн хувь, эзэмшлийг тодорхойлж, тэндээс ногдол ашгаа аваад цаашаа Хүний хөгжлийн сандаа төвлөрүүлэх зорилго байгаа. Дэлхийн улс орнуудад байгаа шиг Тогтворжуулалтын найдвартай сан үүсгээд явах үүднээс үзвэл энэ компанийн үйл ажиллагаа, улс оронд гүйцэтгэх үүрэг, оруулж байгаа хувь нэмэр улам далайцтай болж, цаашлаад хөрөнгө оруулалтын том компани болох ерөнхий дур зураг бол байна.
Эхлээд УИХ, дараа нь Засгийн газар, ТӨХ, тэгээд “Эрдэнэс МГЛ” гэхээр өмнө маань гурван шатлал бий. Их олон юмнаас хамааралтай. Яваандаа компанийн хууль цэгцэрч, мөрдөгдөөд юм сайхан жигдрээд ирэхээр Парламент, Засгийн газар нь нэг компанийн дүрэм ч юм уу, элдэв хангайн юмтай зууралдахгүй. Компанийн хуулийнхаа дагуу Парламент нь парламентын хяналтаа, Засгийн газар нь гүйцэтгэх засаглалын хяналтаа тавиад явчихна. Компани хуулийн дагуу чөлөөтэй ажиллах эрхзүйн орчин бүрдсэн нөхцөлд юм цэгцэрлээ гэж үзэхээс биш одоогоор бол их олон зүйлээс хамааралтай байна. Улс төрийн бодлого, шийдвэрүүд нь ч хувьсамтгай, хууль эрхзүйн орчин нь ч хувьсамтгай байна. Түүнээсээ болоод бүтэц зохион байгуулалтын шийдвэрүүд хувьсамтгай байгаад байвал нэлээд түвэгтэй. Гэхдээ үүнийг хэвийн процесс гэж харж байгаа. Бүгд л шинэдээд байна.
Компанийн үйл ажиллагаа хэр өргөжих вэ?
Улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуулын ажил хийгдсэн стратегийн ач холбогдолтой зарим орд, тухайлбал Цагаансуваргын зэс, Бүрэнхааны фосфоритын орд, Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй төрийн эзэмшилд байвал зохих хэсгийг яаж шийдвэрлэх, хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангуулах талаар яриа хэлэлцээ эхлүүлнэ.
Одоо ажиллаж байгаа “Эрдэнэт үйлдвэр”, “Багануур” зэрэг компанитай хамтран ажиллах хүрээнд мэдээлэл солилцож, санал боловсруулах, манайд тусгай зөвшөөрөл нь байгаа Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулах төсөл, Улаанбаатар хотын 5 дугаар цахилгаан станцыг нүүрсээр хангахтай холбогдсон олон ажил компанийн үйл ажиллагааг мэдээж хэрэг өргөсгөж таарна.
Цаашид Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдсанаар стратегийн бусад ордуудаас төрд ногдох хөрөнгийг энэ компаниар дамжуулан санд төвлөрүүлэх, иргэдэд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх, үүнтэй холбоотой санхүүгийн мөнгөн хөрөнгийн тооцоо, дүнг гаргах, шилжилт, тайлан тооцоо зэрэг бүхий л зүйлийг “Эрдэнэс МГЛ” хариуцаж ажиллахаар байгаа нь компани хэр өргөжихийг тодорхойлж байгаа хэрэг юм.
Стратегийн бусад орд дээр төрийн эзэмшлийн хувь, оролцооны асуудал бүрхэг байдаг. Хоёр том ордоо охин компани болгож салгасан нь бусад ордын асуудал руу орох боломжийг олгож байгаа хэрэг мөн үү? Тийм л дээ. Олон үүрэг бий. Тавантолгой гэхэд охин компани байгуулснаар арай уян хатан бүтэц гаргаад цэгцлээд авлаа. Цаана нь бусад компани, ордууд байна. Амар асуудал биш. Ухаандаа Тавантолгой бас л хувийн хэвшлийн мэдэлд оччихсон байгаад буцааж өгсөн. Түүнтэй адил бусад эзэмшигчдэд хөрөнгө оруулсан, ийм тийм гээд өдий төдий шаардлагууд байгаа. Тэр бүхнийг яаж, тооцож үнэлэхээс аваад хэлцлүүд хийгдэнэ. Цаг ч авна. Лицензийн төлбөр, оруулсан хөрөнгө оруулалт, нэмж хийсэн хайгуулын зардал гэсээр байтал хуучин улсын төсвөөр хийсэн хөрөнгийн хэмжээ багасч орж ирж ч мэднэ. Хувийн хэвшлийнхэнд бас өөрсдийн эрх ашиг бий. Хийсэн ажлууд ч их байгаа. Түүнийг үнэлж дүгнэх, хоёр талаас нягтлах гээд үзэхээр асуудал ихтэй, цаг хугацаа их орсон ажил болно.
“Эрдэнэс МГЛ” одоо ямар ордуудыг ямархуу хувь хэмжээгээр эзэмшиж байна вэ? Эдгээрээс ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямар орд дээр эзэмшиж байгаа бол? Тавантолгойн орд дээрх ашиглалтын тусгай зөвшөөрөл, Оюутолгой ордын 34 хувиа охин компанидаа шилжүүлсэн. Шивээ-Овоогийн нүүрсний ордын ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа.
“Эрдэнэс МГЛ”-ын охин компаниуд нь нээлттэй хувьцаат компани байхад толгой компани нь хаалттай хувьцаат компани байж болохгүй гэсэн шүүмжлэл гардаг. Энэ талаар компанийн цаашдын төлөв, хэтийн зорилтод туссан зүйл байдаг болов уу? “Эрдэнэс МГЛ”-ийн охин компаниуд бүгд нээлттэй, хувьцаат компани гэж шууд хэлж болохгүй. “Эрдэнэс Тавантолгой” охин компанийг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу хувьцаат компани хэлбэрээр байгуулсан.
Түүнчлэн УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс МГЛ” ХХК-ийг Үндсэн хууль, Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, танилцуулахыг Засгийн газарт даалгасан. Энэ асуудлаар Төрийн өмчийн хороо холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Үргэлжлэлийг The Mongolian Mining Journal сэтгүүлээс уншина уу...