Стратегийн ач холбогдол бүхий ордуудын нэг Цагаансуваргыг The Mongolian Mining Journal-ийн сурвалжлах баг дахин зорилоо.
Цагаансуваргын орд Улаанбаатараас 560, Дорноговийн Мандах сумаас 66, Сайншанд хотоос баруун урагш 200, Оюутолгойгоос 160 гаруй километрийн зайд, дэд бүтэц маш сул хөгжсөн бүсэд оршино.
Цагаансуварга урьдынхаас тэс өөр, нам гүм, эль хуль угтав.
Уурхайн ойролцоох талбай дээр САT, “Busyrus” брэндийн хүнд даацын техникүүдийг ирийтэл байрлуулчихаж. Өнгөрсөн жилээс эдгээр техник багавтар хөрс хуулалтаас өөр хийсэн зүйлгүй ийн сул зогсож байгаа аж.
Уурхайн дарга П.Машбат: Бид санхүүжилтээ хүлээж байгаа. Одоогоор уурхайн бэлтгэл ажил болгож техникүүдийг угсрах, ус зайлуулах суваг хийх төдий л ажлууд явагдаж байна.
“2013 онд бид хөрс хуулалтаа эхлүүлсэн ч Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтаас шалтгаалаад олборлолтоо зогсоосон. Үйлдвэр ашиглалтад ортол уурхай ажиллахгүй” хэмээн Б.Мөнгөнжолоо маркшейдер тайлбарлав.
Ил уурхайн чанх хойно бөөн цагаан тоос бужигнан буйг лавлавал Баяжуулах үйлдвэрт шаардлагатай бетон цутгалтын хайргыг бэлдэж, нунтаглах ажил гэнэ.
Баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 1120 хүн ажлын байраар хангагдан, Цагаансуваргын орд дээр жинхэнэ уурхайн амьдрал буцална.
Бас нэгэн бүтээн байгуулалт бол Цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станц. 20 гаруй жил эрчим хүчний салбарт ажиллаж байгаа Пүрэвсүрэн гуай уг ажлыг гардан хариуцаж байгаатай танилцлаа.
Монголын зэс-молибдений уулын баяжуулах гурав дахь томоохон үйлдвэр болох Цагаансуварга нь зөвхөн үндэсний мэргэжилтнүүдийн гараар босч буйгаараа уул уурхайн салбарын түүхэнд анхдагч болж байгаа юм.
Цагаансуварга дээр очсон хэн бүхний хамгийн түрүүнд нүдэнд тусах зүйл бол ажилчдын тохилог сайхан кэмп, оффис, эмнэлэг. Одоогоор бүтээн байгуулалт явагдаагүй болохоор олон гэр кэмпүүд өрх нь бүтээлгээстэй байх аж. Мөдхөн эзэд нь ирж, өрхөө татах биз ээ.