Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Д.Бат-Эрдэнэ: Баяннуурын нүүрсний татвар хууль бус байж магадгүй

Б.Төгсбилэгт

Нүүрсний салбар Монголын эдийн засагт чухал байр суурь эзлээд хоёр жилийн нүүр үзэж байна. Гэвч энэ салбарт бүтээгдэхүүний боловсруулалтыг сайжруулах, үнэлгээг дээшлүүлэх, зах зээлийн найдвартай байдлыг бүрдүүлэх гээд шийдлээ хүлээсэн асуудлууд цөөнгүй байсаар. Энэ талаар Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


Нүүрсний салбар сүүлийн жилүүдэд огцом өргөжиж байна. Энэ жил 30 сая тонн нүүрс экспортолно гэж байна. Уг таамаг биелэх боломжтой юу?

Энэ жил манай нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос илүү гарна гэдэгт найдаж байна. Гэхдээ хятадуудаас их хамаарна. Яагаад гэвэл манайх ихэнх нүүрсээ Хятад руу гаргаж байгаа. Хятадын хэрэглээ их байгаад нүүрсний үнэ өндөр байх юм бол манайх 30 саяас ч илүүг гаргаж чадна. Уурхайнууд бүгдээрээ хүчин чадлаа нэмэгдүүлээд эхэлчихлээ шүү дээ.

Нүүрсний экспорт хэд хэдэн зүйлээс шалтгаалдаг юм. Нэгдүгээр зүйл нь,  манайх нүүрсээ зөвхөн машинаар тээвэрлэдэг. Зам муутай учраас маш их цаг алддаг. Хэрэв замаа сайжруулчих юм бол экспорт 10-15 хувиар нэмэгдэх боломжтой. Хоёрт, боомтын асуудлууд байна. Өнөөдөр манай боомтуудын хүчин чадал маш бага. Бас боомтууд маань олон улсын статусгүй. Үүний хажуугаар дараалсан олон баяр наадам болдог. Жишээ нь, Хятадын цагаан сар болно, дараа нь Монголын цагаан сар, тэгээд наадам гээд тоолоод байвал бараг хоёр сар боомт ажилладаггүй. Экспортоо нэмэгдүүлнэ гэвэл энэ бүгдийг шийдэж байж 30 сая тонн болгох тухай ярих ёстой.

Монголын нүүрсний үнэлгээ 2010 оны байдлаар дунджаар 52 ам.доллар байсан. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, өнгөрсөн онд нүүрсний дундаж үнэлгээ 100 орчим ам.доллар байсан. Таны бодлоор үнэлгээг дээшлүүлэх ямар боломж байна вэ?

Нүүрсний үнэ чанараасаа хамааран хэлбэлздэг. Манай экспортын нүүрс коксждог, хагас коксждог, сайн чанарын эрчим хүчний болон BCI гэсэн төрөлд ангилагддаг. Тийм учраас төрөл, төрөл нь өөр үнэтэй байдаг юм. Дунджаар ямар төрөл нь их байна тэр нь давамгайлна шүү дээ. Өнөөдөр коксжих нүүрсний үнэ нэмэгдэж байна. Гэхдээ бидний хүссэн хэмжээнд хүртэл нэмэгдээгүй. Дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн хятадууд нүүрс авах нь багаслаа. Тиймээс огцом өсч чадахгүй хуучнаа барьсан хэвэндээ байна.

Нүүрсний үнийг тогтоодог гол зарчим болоод байгаа “coalworld.net” “chinacoal”-аас бид нүүрсний үнээ авдаг гэж  компаниуд ярьж байсан. Нүүрс олборлогчид энэхүү үнэ тогтоодог зарчмыг боловсруулахад биднийг оролцуулаач, учир нь үнэ тогтоох дүрэм бодит амьдралтай нийцэхгүй байна гэдгийг үргэлж сануулсаар ирсэн. Гэвч өнөөдөр хятадууд ямар үнэ тавина, түүгээр явж байна. Өөрөөр хэлбэл, coalworld.net-ийн үнэ манай суурь үнэ болчихоод байгаа. Монголын тал өөрөө үнэ тогтоох механизмгүй. Уг нь компаниуд хоорондоо гэрээгээ хийгээд үнээ тогтоодог. Гэтэл улсаас татвар авахдаа өөрийн тогтоосон үнээрээ авчихдаг. Татварын албан дээр Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон үйлдвэрлэгч компаниудын хооронд нэлээд маргаан өрнөдөг.

Миний бодлоор хамгийн зөв зам бол бирж байгуулах юм. Тэгсэн нөхцөлд зах зээлийн үнээр хятадууд орж ирэх үү, эсвэл монголчууд өөрсдөө аваад цаашаа гадны зах зээлд гаргах уу гэдэг хувилбар нээлттэй байх болно. Өнөөдөр нүүрсний үнийг тогтоох механизм жинхэнэ зах зээлийн утгаараа манайд байхгүй байна.

Монголд өнөөдөр зөвхөн коксжих нүүрс зарж байгаа гэж зарим судлаачид ярьдаг?

Мэдээж коксжих нүүрс бол зөвхөн Ухаахудаг, “жижиг” Тавантолгойгоос гарч байгаа. Бусад нь, тухайлбал Өмнөговийн Гурвантэс суманд ажиллаж байгаа “Саутгоби сэндс”, “Чинхуа-МАК”-ийн ордуудаас хагас коксжих болон сайн чанарын эрчим хүчний нүүрс гарч байгаа. Гэхдээ би экспортолж буй нүүрсний яг хэдэн хувь нь коксжих нүүрс гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Багцаагаар 50:50 хувьтай байгаа болов уу.

Нүүрсний экспорт улсын нийт экспортын 47 хувийг эзлээд байна. Монголын экспортод нүүрсний эзлэх хувь асар хурдацтайгаар нэмэгдлээ. “Нүүрсний Монгол” болсон гэхэд хилсдэхгүй нөхцөл байдал үүсчээ. Цаашид Монголын эдийн засгийг олон талт болгоход энэ салбарын оруулах хувь нэмрийг Та хэрхэн үзэж байна вэ?

Монголын эдийн засгийг харвал зэс, төмөр, жонш, газрын тос, нүүрс гэх мэтээр голцуу уул уурхай болсон шүү дээ. Эзэлж байгаа хувиараа нүүрсний салбар нэмэгдсэн. Гаргаж байгаа масс нь их байна. 21 сая тонн гэдэг бага тоо биш. “Эрдэнэт” жилдээ хэдэн зуун мянган тонн баяжмал гаргадаг. Энэ нь нүүрсний компаниудын нэг сарын л экспорт. Тиймээс нүүрсний экспортын хэмжээ ихэсч байгаа.

Гэхдээ бид нэг зүйлийг сайн бодох хэрэгтэй юм. Манай нүүрс нэг л тийшээ чиглэдэг. Хэрэв Хятад улс танай нүүрсийг авахгүй гээд 2013 онд хэлэх юм бол манай экспорт 47 хувиар уначихна гэсэн үг. Тиймээс үүнийг яаж баталгаатай болгох талаар улс нь ч, компани нь ч ярилцах хэрэгтэй юм. Төмөр замаар 20 сая тонныг тээвэрлэнэ гэдэг бүтэхгүй хэрэг. Солонгос, Япон авна гэвэл тээврийн зардал дээр асуудал үүснэ.

Хятад улс Монголоос ихээхэн хамааралтай байхыг хүсэхгүй. Одоо Индонези, Вьетнамаас нүүрс ихээр авч байна. Түүнчлэн нүүрсний зах зээлд Орос, Казахстан маш хүчтэйгээр орж ирж байна. Эдгээр улс бүгд төмөр замаар холбогдсон. Орос, Казахстан нүүрсний асар их нөөцтэй. Үүнийгээ Хятад руу оруулахыг хүсч байгаа. Тиймээс бид Хятадын зах зээл дээр яаж ажиллах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй юм.

Бас нэг зүйл нь хятадууд хилийн цаана баяжуулах үйлдвэрүүдээ барьчихсан. Монголын нүүрс хил дээр буугаад шууд баяжуулагдан үнэлгээ нь 20-30 хувиар өсөөд цааш худалдаалагддаг. Хятадын хуулиар яг хил дээр үйлдвэрүүд барьж болдог. Монголын хилээс 300-400 метрт баяжуулах үйлдвэрүүд бий. Монголд бол хуулиараа хил хамгаалах бүсэд юм байгуулах хориотой шүү дээ. Тийм учраас монголчууд мөнгө олохын тулд баяжуулахгүй шууд гаргаад байгаа юм. Баяжуулах үйлдвэрийн талаар “Энержи ресурс, МАК, “Саутгоби сэндс” ярьж байгаа. Гэхдээ хятадуудын хурдтай харьцуулахад манайх их удаан. Хятадууд нэг жилийн дотор барьчихдаг. Манайх бол зөвшөөрлийг нь авах гэсээр байтал жил болдог. Засгийн газраас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргана гэж тунхагласан ч  хэрэгжихгүй байна. Өнөөдөр Баян-Овоо суманд кокс үйлдвэрлэж байгаа нэг хоёрхон жижигхэн зуух байдаг. Одоо “Энержи Ресурс” энэ талаар ажиллаж эхэлж байна.

Сүүлийн үед экспортын татвар авдаг болъё гэж байна. Түүнчлэн Баяннуур аймаг Монголын нүүрснээс тонн тутамд нь 10-20 ам.долларын татвар авдаг болсон. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?

Өвөрмонгол бол өөрийн гэсэн Засгийн газартай. Өнөөдөр юу болж байна гэхээр Альшаа аймагт намайг ажиллаж байхад компаниуд нь захиргаатайгаа нийлээд Үнэ тогтоох хороо байгуулан ямар ч үндэслэлгүй үнэ санал болгож байсан. Тэгэхэд Гурвантэс суманд ажиллаж байсан компаниуд нэлээд сандарцгаасан. Гэтэл Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд тийм зүйл хийх эрх байхгүй. Орон нутгийн хэдэн компани захиргаатайгаа нийлээд, манайхаар бол нэг сумын захиргаа үнэ тогтоож эхэлж байна гэсэн үг. Үүнийг ямар нэгэн байдлаар ярьж байгаад тухайн үедээ зогсоосон. Өнөөдөр хятадууд өөрийн татваруудаа нэмж байна. Ганц Монгол дээр нэмж байна уу, бусад орон дээр адилхан нэмсэн үү гэдэг нь сонин. Хэрэв Хятадын Засгийн газраас гарсан шийдвэрээр явбал бүгд адилхан байх ёстой. Монголын нүүрснээс Баяннуур аймаг нэмэлт татвар авах шийдвэр гаргасан нь бас л нэг хууль бус асуудал байж магадгүй.

Манай улсын хувьд ерөнхийдөө маш их татвар авдаг. Лацны тамга, тооны тамга, орон нутгийн тамга, мэргэжлийн хяналтын тамга, дээрээс нь агаар бохирдуулсны татвар гэх мэт. Нүүрсэнд асар их ачаалал ирж байгаа. Бид ерээд онд анх алт олборлож байхад нөөц ашигласны төлбөрт 11 хувь авдаг байсан. Банкны зээлийн хүү 12 хувьтай байсан. Тэрхүү эдийн засгийн хүнд үед улс орныг алт, зэсийн салбар авч гарсан гэж ярьдаг. Өнөөдөр бол алт нь багасчихлаа. Одоо татвар авах боломжтой зүйл нь нүүрс болчихоод байна. Дээр нь улс төрийн намууд янз бүрийн амлалтууд гаргачихсан, хэн их мөнгө бүрдүүлж байна, тэрнээс татвар аваад эхэлж байна.

Татвар нэмнэ гэдэг нь тухайн компанийн цэвэр ашгийг багасгаад, цаашид юм хийе, хөгжүүлье гэсэн сонирхлыг нь хаадаг сөрөг талтай. Хятадын Засгийн газар аль болох нүүрс боловсруулах талд нь дэмжлэг үзүүлдэг. Хөнгөлөлттэй зээл олгодог. Манай Засгийн газар болохоор цэвэр татвар авдаг. Эд их мөнгөтэй юм байна гэсэн байдлаар ханддаг.

Нүүрсийг байгальд ээлтэй түлш болгох ямар технологи нь Монголд хамгийн тохиромжтой гэж та үзэж байна вэ?

Шаталтын түвшинг сайжруулах тал дээр их анхаарах хэрэгтэй. Хүлэмжийн хийг гаргахгүй байх хэрэгтэй. Гэтэл манай ихэнх цахилгаан станц хуучны ЗХУ-ын  техникээр бүтсэн. Тиймээс манай цахилгаан станцуудаас маш их хортой хий гарч байна шүү дээ. Гэтэл Япон, Канад, Австралид станцаас ялгарах хорт хий, тоосонцрын түвшинг маш бага болгож байгаа. Шүүлтүүрийн систем тавиад, нарийн тоосонцор, хүхэр, бусад хийнүүдийг шүүгээд авчихаж байна.

Монгол улс шинээр цахилгаан станц барих юм бол аль болох орчин үеийн шинэ технологиор байгуулах хэрэгтэй. Шинээр байгуулах гэж байгаа ТЭЦ-5 станц дээр шүүлтүүр тавихаас өөр арга байхгүй.
Хоёрт, нүүрс дэх метан хий. Нүүрсний давхаргад маш их метан хий байдаг. Ялангуяа Америк, Канад энэ хийг маш их ашигладаг. Энэ бол байгальд хамгийн ээлтэй. Шатахдаа бараг юм гардаггүй. Ил уурхайнуудыг нээхэд нүүрсэнд байгаа метан дэгдээд явчихдаг. Нэг үгээр газар дээр нүүрс ухахад байнга дэлбэрэлт гараад хүн үхээд байна гэж ярьдаг шүү дээ. Тэр нь хийнээс болж байгаа юм. Метан хий агаарт нүүрсний нунтагтай нийлээд жоохон оч хаяхад л дэлбэрчихдэг. Үүнийг бууруулахын тулд америкууд цооног өрөмдөөд метан хийг нь сорж эхэлсэн. Бөөн эрчим хүч байна гэдгийг нь мэдсэн. Хийг нь аваад газын турбин тавиад цахилгаан гаргасан. Одоо хятадууд, оросууд хийгээд эхэлчихсэн байна. Америк, Канадад бол хамгийн түгээмэл зүйл болсон. 

Тийм учраас метан хийг судлах тухай Засгийн газрын хөтөлбөрт орчихсон байгаа. Энэ ажлыг хийх хэрэгтэй. Гэхдээ хамгийн аюултай нь хуулийн зөрчил гардаг. Хууль яагаад зөрчиж байна гэвэл бид яваандаа хүссэн   хүсээгүй   нүүрсний далд уурхай руу орно. Тэр үед метан хийг судлах шаардлага зайлшгүй гарна. Гэвч метан хийг судлах ажил Газрын тосны хуульд захирагдах ёстой. Цаашлаад Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шаардлагатай болох юм. Метан хий байгаа эсэхийг мэдэхийн тулд Газрын тосны газартай гэрээ хийх нь компаниудын хувьд амар зүйл биш. Угтаа бол бид асар их эрчим хүчний үүсвэрийг судлахгүй хаяж байгаа юм. Тавантолгой, Нарийнсухайтын орд нэлээд их хийтэй. Бидний ажигласнаар тэнд дэлбэрэлт гараад байдаг байсан. Гал маналзаад л  явчихдаг. Тиймээс бид нүүрсээ ашиглахдаа ганц шатаах биш, доторх метан хийг ашиглах хэрэгтэй юм.

Ойрын ирээдүйд нүүрсийг давсан эрчим хүчний эх үүсвэр гарах боломж бий юү?

Тооцоо байгаа шүү дээ. Цөмийн энерги гацаанд орчихлоо. Усны эрчим хүчний хувьд ямар ч гол усгүй олон орон бий. Нар, салхины технологи төдийлөн өргөжөөгүй байна. Америк, Канадад ойрын 50 жилд нүүрс давамгайлна гэсэн төлөвтэй байна. Гол нь нүүрсний ашиглалтын технологийг сайжруулах хэрэгтэй болно. Өнөөдөр цөмийн станцуудыг хаана гэж байна. Үүнийг юу орлох вэ. Нар, салхиар тийм их эрчим хүч гаргаж чадахгүй. Тэгэхээр нүүрс бол ойрын 50 жилд байдгаараа л байна. Харин ашиглалтын ашигтай коэффициентийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй.

Цаашдаа Монголын нүүрсний нөөц нэмэгдэх боломжтой юу?

Одоогийн 160 тэрбум тонн гэдэг нь геологийн нөөц. Дараа нь уг нөөцөд судалгаа хийгээд ашигтайгаар олборлож болох нөөцийг тогтоодог. Манай ярьж буй нөөц бол бүгдийг нь авна гэсэн үг биш. Тэрхүү нөөцийн 20-30 хувийг л авах болов уу. Тавантолгойн нөөцийг 6.5 тэрбум гэж байгаа ч яг ашигтай нөөцийг тогтоохын тулд дахин судалгаа хийх хэрэгтэй. Мэдээж манай улсын геологийн нөөц өснө. Социализмын үед гол гол ордууд дээрээ судалгаа хийгээд 150 орчим тэрбум тонн гэж тогтоосон байсан. Одоо 10 тэрбум тонноор нэмэгдэх бол юу ч биш.

Гэхдээ сүүлийн үед Монголын зах зээл рүү Хятадын асар олон компани орж ирж байна. Гадны компаниуд бирж дээр хувьцаа гаргаж байна. Тухайлбал “Саутгоби сэндс” дээр ийм маргаан явагддаг. Тэр компанийг бирж дээр бүхэлд нь Хятадын компани авчих юм бол тэр компани Хятадын мэдэлд л орно гэсэн үг.

Үүнийг анхаарч монгол компанийг заавал байлгахгүй бол хятадууд биднийг тэр чигт нь худалдаад авчихна. Үүнийг сайн анхаарч хэн юу олборлож, яах гэж байна вэ гэдгийг урьдчилж хянаж байх хэрэгтэй юм.