Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

17 сая баррель нефть хаашаа ч үгүй гацжээ

Саудын Араб, Иран, Ирак, Оман зэрэг улсаар хүрээлэгдсэн Персийн булангаас Арабын тэнгис рүү гардаг маш нарийн сувгаар газрын тос тээвэрлэлтийн ихээхэн хэсэг  нь  дамждаг.
Харин үүн дээр нэрмээс болохуйц нөхцөл байдал үүсчээ. Одоогоор дээрх нарийн суваг дээр их хэмжээний газрын тос төвлөрөөд байгаа юм. Гэхдээ энэ байдлаас гарахад тун хялбар  боловч Иран, АНУ-ын  үл ойлголцол энэ боломжийг хааж  байна гэж олон улсын ажиглагчид үзэж буй.

Ираны цөмийн хөтөлбөрөөс үүдсэн Европын газрын тосны хориг болон Ираны Төв Банкинд үзүүлж байгаа АНУ-ын зарим нэг шахалт үүний шалтгаан болоод байгаа. Хэдийгээр Ираны зүгээс цөмийн хөтөлбөрөө зөвхөн эрчим хүчний зорилгоор хийгдэж байгаа гэж батлаад буй ч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама заавал шалгалт оруулах нь зөв гэсэн байр суурь баримталж байна.

Харин Ираны зүгээс үүнийг эрс эсэргүүцэж шинжээч оруулах шаардлагагүй хэмээн  үзэж,  байдлыг улам дэвэргэлээ. Их Британи болон Франц тэргүүтэй улсууд Ираны нефтийн нийлүүлэлтэд хориг тавьсны дараахан Иран нийлүүлэлтээ багасгах зэргээр харилцан буулт хийхгүй байгаа юм. Энэ нь дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнийг хөөрөгдөхөд хүргэжээ.
Ираны экспортоо багасгахад гарж буй хүндрэл, үнийн өсөлт нь тус улсын Персийн булан дахь газрын тосны нөлөө хэр хүчтэй вэ гэдгийн нэг  илэрхийлэл болж байна.

1980 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер Персийн буланд ямар нэг байдлаар хүч хэрэглэж хяналт тогтоох гэж оролдох нь Америкийн жирийн иргэний амь насанд аюул учруулах эрсдэлтэй байж болно гэж хэлсэн удаатай. Одоогийн нөхцөл байдал жирийн иргэний амь насанд биш,  хүн болгоны эдийн засагт нөлөөлж байна.
Ерөнхийлөгч Барак Обамагийн Ойрхи Дорнодод явуулж буй бодлогын буруугаас ийм байдал үүслээ гэсэн дүгнэлтийг хүмүүс хийгээд байгаа. Энэ нь эргээд Обамагийн байр суурийг ганхуулж дахин сонгогдох эсэхэд нь нөлөөлж мэдэхээр байна.

Одоогийн байдлаар 17 сая баррель нефть хаашаа ч гүй гацчихаад байгаа юм. Энэ байдал үргэлжилбэл газрын тос дэлхийн нийт хэрэглээний 20-хон хувьд л  хүрэх магадлалтай аж. Энэхүү зохиомол хомсдлоос шалтгаалаад түүхий тосны үнэ зогсолтгүй өссөөр баррель тутамдаа 20-30 доллараар нэмэгдэнэ гэж Олон Улсын Валютийн сангаас мэдэгдсэн. Зарим судлаачдын дүгнэлтээр 300 долларт ч хүрч болохыг үгүйсгэхгүй байгаа. АНУ үүнээс гарахын тулд Саудын Арабаас авах нефтийн хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ч Саудын Араб төдийгүй бусад ОПЕК-ийн орнуудад  энэ хэмжээний эрэлтийг хангах боломж байхгүй байгаа аж. 

Саудын Араб өдөрт 1 сая баррель нефтийг дамжуулах хоолойгоор Улаан тэнгист Жэдда боомт руу гаргах боломжтой. Иран болон Арабын нэгдсэн Эмиратын зүгээс үүний эсрэг өөр нэг хоолойг ашиглахаар зэхэж байна. Эдгээр дамжуулах хоолойнууд ажиллаж эхэллээ ч ердөө 2 сая баррелийг  тээнэ гэсэн үг. Гэтэл дээрх хуримтлагдаад буй 17 сая баррель буюу Европ руу тээвэрлэх ёстой байсан гэгдэх нефть хаачих вэ гэдэг асуудал байсаар байх болно.

Олон улсын Энергийн Агентлаг үүний зарим хэсгийг авч болох ч энэ нь нэлээд цаг хугацаа шаардах  төлөвтэй. Харин энэ хооронд нефтийн үнэ улам өссөөр байх  нь.