Хятадын Газар нутаг, нөөц баялгийн яам өнгөрсөн баасан гаригт тус улсын 2011 оны хайгуулын ажлын үр дүнг танилцуулжээ. Тус яамны мэдээлснээр Хятадын нүүрсний ашигтай нөөц 57.51 тэрбум тонноор нэмэгдсэн нь 2010 оныхтой харьцуулахад 25 хувиар дээгүүр үзүүлэлт ажээ. Энэхүү үзүүлэлт нь Хятадын нутагт илрээд буй нүүрсний нийт ашигтай нөөцийн 4 хувийг эзэлсэн байна. Энэхүү илрүүлсэн нүүрсний нэмэлт нөөцийг Өвөрмонгол, Шинжаан, Хэнан, Шандоны нутагт илрүүлжээ.
Тус улс мөн өнгөрсөн онд хайгуулын ажлын дүнд төмрийн хүдрийн ашигтай нөөцийнхөө хэмжээг 2.38 тэрбум тонноор нэмэгдүүлжээ. Эдгээр амжилттай үр дүн нь Хятадын Засгийн газрын геологи хайгуулын ажилд оруулсан үлэмж хэмжээний хөрөнгө оруулалттай холбоотой болохыг тус яам онцолжээ. Хятад улс 2006-2010 онд геологи хайгуулын ажилд 370.8 тэрбум юань буюу 59 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь 2001-2005 онд уг салбарт оруулсан хөрөнгийн дүнтэй харьцуулахад 2.7 дахин өссөн үзүүлэлт ажээ. Тус улс өнгөрсөн онд л гэхэд 102.36 тэрбум юанийг хайгуулын ажилд зориулжээ.