Хүний амьдралын оршин тогтнох үндэс бол ус. Бид эхийнхээ хэвлийд байхаас эхлэн усан дотор бүрэлдэн бойжиж, энэ дэлхийд мэндэлсэн цагаасаа уснаас хамааралтай амьдардаг. Гэвч техник технологи хөгжихийн хэрээр байгаль сүйдэж, ус хомсдсоор байна. Эдийн засгийн өндөр өсөлтийн араас хөөцөлдсөн улс орнуудын өрсөлдөөн, шунал эргээд өөрсдийн амьдралын үндэс болсон байгалиа туйлдуулахад хүргэж байна. Ялангуяа усны хомсдол, ундны усны аюулгүй байдал дэлхийн улсуудын хамгийн хүндрэлтэй асуудал болж байна. Олон улсын усны нийгэмлэгээс гаргасан ундны усны аюулгүй байдлын судалгаанд Австрали, Латин Америк ба Карибын тэнгисийн бүс, Их Британийг хамруулжээ. Эдгээр улсуудын усны хэрэгцээ болоод ус хангамжийн байгууллагын үйл ажиллагааг товч танилцуулъя.
Австрали улсАвстрали улс нь гадаргын болон гүний усны холимог эх үүсвэрээс хэрэгцээгээ хангадаг. Нэг усан хангамжийн байгууллагын үйлчлэх хүрээний хүн ам 50.000-4 сая гаруй байдаг. Ихэнх усан хангамжийн байгууллага нь ISO 9001 зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагын тогтолцоотой. Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, орчны менежментийн шаардлагыг эртнээс хатуу тавьж ирсний үр дүнд усан хангамжийн байгууллагын ихэнх ажиллагсад эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн удирдлагын талаар мэдлэг туршлага сайн байдаг. Усыг хлоржуулах аргаар, эсвэл шууд буюу уламжлалт шүүх аргыг хлорын шохойгоор халдваргүйжүүлэх аргатай хослуулан цэвэршүүлдэг. Гүний усыг аэраци, хлоржуулалтын аргаар цэвэршүүлж хэрэглэдэг.
Ус цэвэршүүлэх үйл ажиллагаа нь нэгэнт тогтсон сайн хяналттай байдаг аж. Усан хангамж нь тасалддаггүй бөгөөд усны чанарын стандартын мөрдөлт маш сайн. Усны чанарын хяналтыг тогтмол тавьж, ялангуяа E.coli буюу халуунд тэсвэртэй гэдэсний нянг хянах тогтолцоо өндөр түвшинд бүрэлдсэн байдаг.
Австралийн усан хангамжийн тогтолцоо зардлаа бүрэн нөхөж, Засгийн газартаа ногдол ашиг төлдөг. Усны чанар, хэмжээг шаардлагын түвшинд байлгах бүхий л зардлаа нөхөж чаддаг байна.
Латин Америк ба Карибийн тэнгисийн бүсЛатин Америк ба Карибын тэнгисийн бүсийн төвлөрсөн Ус хангамжийн тогтолцоо нь нөөцийн хомсдолтой нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Гадаргын болон гүний усны холимог эх үүсвэрээс хэрэгцээгээ хангадаг. Усны эх үүсвэрийн орчинд уул уурхай, ойн аж ахуй, зам барилгын үйл ажиллагаа явагддаг. Хотын төвлөрсөн бохир усны байгууламж байхгүй учир бохир усны хяналт муутай бага оврын цэвэрлэх байгууламжид цэвэршүүлэх болон шууд усны эх үүсвэрт нийлүүлдэг байна. Ихэнх өрх төвлөрсөн Ус хангамжаас усаа авдаг. Мөн цөөнгүй өрх хашаандаа худагтай, зарим нь олон нийтийн худаг ус хадгалах газраас усаа авдаг. Ус хангамж тасалддаг тул айл өрхүүд гэртээ ус нөөцлөх асуудал түгээмэл байдаг. Монголтой ерөнхийдөө төстэй.
Их БританиИх Британийн ус хангамжийг төвлөрсөн ус хангамжийг хувийн байгууллагууд хариуцдаг. Нэг ус хангамжийн байгууллагын үйлчлэх хүрээний хүн ам 2500-8.5 сая юм. Тус улсын ус хангамжийн 70 орчим хувийг гадаргын ус, 30 орчим хувийг гүний ус эзэлдэг. Ус хангамжийн 26 компани 338.500 км урттай түгээлтийн хоолойгоор дамжуулж 53.6 сая хүн амд өдөрт 15.750 сая литр усыг хүргэдэг. Нийт 4520 усан сан, 1690 Ус хангамжийн бүстэй. Усыг цэвэршүүлэхдээ тунадасжуулалт, шүүлт, хлоржуулалтын арга болон шинэ технологи болох GAC /мөхлөгт идэвхижүүлсэн нүүрс/, шүүлтүүр озонжуулалт, хэт ягаан туяаны арга зэрэг 1220 ажиллагааг хамруулдаг.
Гүний усыг ихэвчлэн дан халдваргүйжүүлэх аргаар цэвэршүүлдэг байна. Хэрэглэгчид хүрч байгаа ундны усны чанар маш сайн. Европын холбооны болон үндэсний ундны усны чанарын стандартад 99.9 хувь нийцдэг. Их Британийн ус хангамжийн үйлчилгээг 1989 онд хувьчилснаас хойш хөрөнгө оруулалт сайжирсан. Одоогоор энэ нь өндөр технологи бүхий хөгжингүй үйлдвэрлэл болоод байна. Ус хангамжийн тогтолцооны засвар үйлчилгээ харьцангуй сайн боловч зарим газар усны шугам хуучирснаас ус алдагдах явдал тулгамдсан асуудал болжээ.
Харин манайхМанай орон нийт усны хэрэгцээнийхээ 98 хувийг газрын гүнээс, үлдсэн 2 хувийг гадаргаас авч ашигладаг. Гэтэл нийт усны нөөцийн өчүүхэн хэсгийг газрын гүний ус эзэлдэг. Бага байгаа усаа их ашиглаад, элбэг усаа бага хэрэглэдэг нэн зохисгүй хэрэглээтэй. Хүн ам хамгийн ихтэй Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн дэргэд арьс шир боловсруулах гэх мэт үйлдвэрлэл явагддаг. Цөөхөн өрх төвлөрсөн ус хангамжаас усаа авдаг. Ихэнх өрх нийтийн ус хадгалах газар, ус түгээгүүрийн худгаас усаа авч, гэртээ нөөцлөн хэрэглэдэг. Ус хангамжийн байгууллага нь байнга алдагдалтай ажилладаг. Усны үнэ маш бага учраас иргэд болон аж ахуйн нэгжүүд усанд дэндүү гамгүй ханддаг. Усны нөөцөөр хомс гэгддэг говийн бүсийн нутагт уул уурхайн үйлдвэрлэл хөгжих төлөвтэй байгаа. Гэвч говийн бүсэд усны нэгдсэн судалгаа байхгүй. Уурхай дагасан хот байгууллаа гэхэд ундны усны чанар нь маш муу. Эрдэс давс ихтэй шорвог устай. Усыг цэвэршүүлэн дахиж ашигладаг тогтолцоо огт байхгүй.
Дэлхий дээр 15 секунд тутам нэг хүүхэд усны хомсдлоос болж нас барж, жилд 1.4 сая хүүхэд бохир уснаас үүдэлтэй суулга өвчнөөр эндэж байхад монголчууд бид цэвэр усаар машинаа угааж, тийм цэнгэг усыг суултуураар урсгаад хаядаг. Одоогийн энэхүү зохисгүй хэрэглээгээ цаг алдалгүй хязгаарлаж чадвал бидэнд ирээдүй бий. Газрын гадаргаас усыг алсын зайд дамжуулан ашиглах төслүүдийнхээ ТЭЗҮ, боломжийг хамгийн түргэн хугацаанд тооцоолж гаргах шаардлага нэн тэргүүнд тулгараад байгаа. “Орхон говь” төслийн ТЭЗҮ-ийг хийхэд 3.2 сая ам.доллар төсөвлөж, шийдэгдсэнийг албаны эх сурвалж мэдээлсэн. Энэ нь гадаргын усыг дамжуулах боломж нэг шатаар ахиж байна гэсэн үг. Ер нь уул уурхайд гэлтгүй хотын хүн амын ундны усны хэрэглээг ч гадаргын усаар хангах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг усны салбарын мэргэжилтнүүд хэлдэг.
Дээрх орнуудын хэрэглээг харахад гүний ба гадаргын усыг ижил хэмжээнд хослуулж ашиглах юмуу, эсвэл гадаргын усыг түлхүү ашигладгийг та анзаарсан байх. Гадаргын усыг ашиглаж эхлэхэд барилга байгууламж гэх мэт хөрөнгө мөнгө шаардсан ажил их гарах нь ойлгомжтой. Хүний хөгжил гэж мөнгө цацахаас илүүтэй хүнээ эрүүл саруул байлгахын тулд ундны усны эрүүл ахуйг өндөр түвшинд хангасан байгууламжийг хот суурин, орон нутагт байгуулах нь илүү өгөөжтэй хөрөнгө оруулалт болох юм. Орон сууцныхан крантнаасаа зэвтэй ус авахаа больж, гэр хорооллын иргэд хлор амтагдсан цагаан өнгөтэй ус хэрэглэхээ больсон цагт хүнээ хөгжүүлнэ гэж ярих нь зүйн хэрэг бизээ. Усны асуудлыг улстөржүүлж ярихаас илүүтэй бодитой алхамыг нэн даруй хийж эхлэх шаардлага тулж ирээд байна
О.Хосцэцэг