Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Газрын тосны үнэ өсөх хандлагатай байна

Брэнт маркийн газрын тосны үнэ өнгөрсөн баасан гаригт нэг  баррель нь 125 ам.долларт хүрч өссөн нь сүүлийн арван сарын хугацаан дахь хамгийн өндөр өсөлт байсан юм. Энэ үеэр олон улсын зах зээлийн шинжээчид Ираны газрын тосны экспортод тавьсан АНУ-ын санаачлага бүхий барууны орнуудын хориг арга хэмжээтэй холбоотойгоор газрын тосны үнэ ойрын хугацаанд 150 ам.долларт ч хүрч болзошгүй гэж тайлбарлаж байв. Гэвч Брэнт маркийн газрын тосны үнийн түвшин энэ долоо хоногийн эхээр 122 ам.доллар болж эргээд буусан юм.

Гэвч газрын тосны томоохон экспортлогч улс болох Саудын Арабын зүүн бүсэд орших Авамиа хотод өчигдөр болсон дэлбэрэлтэд тус улсын газрын тос дамжуулах хоолой өртсөн гэсэн мэдээлэл цацагдсан юм. Энэхүү мэдээлэл нь газрын тосны үнийг 5 хувиар өсөхөд нөлөөлж 128 ам.доллар/баррель-д хүргэжээ. Газрын тосны үнэ ийнхүү өссөн нь 2008 оны долдугаар сараас хойшхи хамгийн өндөр үнэ юм. Өнөөдрийн байдлаар газрын тосны үнэ ялимгүй буурч 125-126 ам.долларт хэлбэлзэж байна.

Саудын Арабын газрын тосны салбарын мэргэжилтнүүд энэ мэдээллийг андуу ташаа болохыг өнөөдөр мэдэгдсэнээр газрын тосны үнэ эргээд буужээ.

Дэлхийн санхүүгийн хямралын улмаас 2008 оны долдугаар сард газрын тосны үнэ 147 ам.доллар/баррель-д хүрч байсан нь хамгийн өндөр үнэд тооцогддог билээ.

АНУ, Ираны хооронд цөмийн зэвсэглэлтэй холбоотой асуудлаар үүсээд буй маргааны улмаас газрын тосны үнэ цаашид өсөх магадлал тун өндөр байна гэж олон улсын шинжээчид тайлбарлаж буй юм.

Газрын тосны үнэ үлэмж хэмжээгээр өссөн тохиолдолд дэлхийн эдийн засгийн хямрал дахин нүүрлэх нь тодорхой тухай шинжээчид анхааруулж байна.  

Б.Төгс