Д.Дамба: Хаана хэрэглээ байна, тэр зүгт төмөр замаа эхэлж тавих ёстойГ.ИдэрМонголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа. Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийг ойг тэмдэглэхээр салбарын яам, агентлаг, төрийн бус байгууллагууд их ажил төлөвлөжээ. Ассоциацийн зүгээс ойд зориулж ямар ажлууд зохион байгуулах вэ?Энэ ойг ЭБЭХЯ, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Уул уурхайн үндэсний ассоциаци гээд салбарын бүх байгууллага хамтарч нэлээд өндөр хэмжээнд, нэгдсэн бодлоготойгоор тэмдэглэхээр тохирч, төлөвлөгөөгөө гаргасан. Төв болон дэд комисс зохион байгуулах ажилдаа орсон байгаа.
Бүтэн жилийн турш үргэлжлэх олон арга хэмжээний эхнийх нь олон улсын нүүрсний салбарынхны “Coal Mongolia-2012” чуулга уулзалт боллоо. Урьд өмнө яам, ассоциациуд тус тусдаа өөр бодлого, чиглэлээр ажилладаг байсныг больж, нэгдэж хамтарч ажиллаж буй нь олзуурхууштай юм. Хамгийн гол нь уул уурхайн салбарын хөгжил дэвшлийг олон түмэнд зөвөөр ойлгуулж, сөрөг мэдээллүүдийг багасгах, шилдэг хүмүүсээ, ахмад уурхайчдаа алдаршуулах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулна.
Салбарын талаар хойч үедээ зөв ойлголт өгч байх хэрэгтэй. Тэр утгаараа уул уурхайн тухай танин мэдэхүйн, олон ангит хүүхэлдэйн киног манай ассоциаци “Их нүүдэл Монгол” студитэй хамтарч хийх гэж байна.
Мөн уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, ханган нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг компаниудын “Mine Tech” үзэсгэлэн яармагийг тавд дахь удаагаа буюу гуравдугаар сарын 28-30-нд, олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” чуулга уулзалтыг уламжлал ёсоор есдүгээр сард зохион байгуулна. Жилдээ хийдэг хоёр том арга хэмжээ маань энэ байдаг л даа.
Мөн энэ жилээс эхлээд бид “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” онол-практикийн хурлыг зохион байгуулна. “Эрдэнэт” үйлдвэр энэ хурлыг санаачилж, ивээн тэтгэж байгаа. “Оюутолгой” компани ч мөн ивээн тэтгэгчээр оролцохоор болсон. Энэ хурлаар шинэлэг зүйл нэвтрүүлэхийг зорьж байна. Хариуцлагатай уул уурхайг бий болгохдоо нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг анхааръя. Аливаа уурхай үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ нэгдүгээрт аюулгүй ажиллагаа, хоёрдугаарт бүтээгдэхүүн, ашиг орлогын төлөө явах ёстой. Тиймээс уул уурхайн бүх компани хамгийн тэргүүнд аюулгүй ажиллагааг гол уриагаа болгож ажиллах хэрэгтэй байгаа. Энэ хурлыг залгаад “Mine Tech” үзэсгэлэн яармаг болох юм. “Mine Tech” өмнө нь өдөрлөг маягтай болж байгаад ноднингоос яармагийн хэлбэр рүү орж эхэлсэн.
Өөрөөр хэлэх юм бол Монголд үйл ажиллагаа явуулдаг цөөн тооны компаниуд бүтээгдэхүүнээ сурталчилдаг байсан бол урьд өмнө үзэгдэж харагдаагүй техник, тоног төхөөрөмжүүд орж ирдэг боллоо. Үүнтэй зэрэгцэн гадаадын шинэ, томоохон компаниудын Монгол дахь төлөөлөгчийн газрууд үүд хаалгаа нээдэг боллоо. Европын техник, технологиуд, стандартууд ч нэвтэрч байна.
Тухайлбал? Шведийн “Сканиа”, “Вольво”, Германы “Мерседес”, “Лиебхэрр”, Италийн “Ивеко Астра”, “Катерпиллар” гээд өндөр чанарын стандартууд байна. Урьд өмнө уул уурхайд голдуу Оросын техникүүд хэрэглэгдэж байсан ч ерөнхийдөө хоцрогдох тал руугаа орсон. Энэ нь шатахуун зарцуулалтаас авахуулаад олон асуудал гардагтай холбоотой. Орос техникүүдийг тааруу гэж байгаа юм биш, тодорхой үр ашигтай технологиудыг мэдээж нэвтрүүлж байгаа. Уг нь Оросын техник, технологийг манай уурхайчид ашиглаад сурчихсан. Энэ бол давуу тал.
Беларусийн “Белаз” шинэчлэгдсэн байна. “Хера Экуйпмент” компани “Белаз”-ийн дистрибьютерээр ажиллаж байгаа. Үүнээс гадна, Япон, Солонгосын “Сумитомо”, “Мицубиши”, “Хьюндай хэви индастри“ гэх мэт томоохон үйлдвэрүүдийн шилдэг техник, тоног төхөөрөмжүүд Монголын уул уурхайн салбарт шинэлэг үзэгдэл авчирч байна.
Хэдийгээр Европын стандартыг хангасан техникүүд Монголд олноор орж ирж байгаа ч 20 жил ашиглах нормтой Оросын техникүүдийг бүтэн арван жилээр хугацаа хэтрүүлж ашигладаг уурхайнууд цөөнгүй байна?Энэ бол цэвэр мөнгөтэй холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн чадавхиас хамаарч байгаа юм. “Багануур”, “Шивээ Овоо” зэрэг улсын чанартай компани хүнд нөхцөлд байгаа. Яагаад гэвэл, нэгдүгээрт дулааны цахилгаан станцад нийлүүлдэг нүүрсний үнийг төрөөс барьж байна. Энэ нь компаниудын өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа юм. Хоёрдугаарт, эдгээр компани нүүрсээ экспортолдоггүй. Нэгэнт бизнес, зах зээлд оролцож байгаа юм бол бүтээгдэхүүнээ экспортод гаргах хэрэгтэй. Үнэ хүргэж болох газрыг эрж хайж, илүү давуу үнээр борлуулж байх ёстой.
Төрийн өмч давамгайлсан компаниуд менежмент муутай. Дээр нь бүтээгдэхүүнийх нь үнийг төр барьчихаар ашиг орлого олох нь байтугай, алдагдалд орох нь аргагүй. Шатахууны үнийг барьж чадахгүй мөртлөө нүүрсний уурхайнуудыг багалзуурдаад байж болохгүй байх. Нүүрсний үнийг чөлөөлж, компаниудын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй.
Харин сүүлийн үед Засгийн газраас удаан ч гэлээ шат дараатай арга хэмжээ явуулснаар цахилгаан станц, нүүрсний уурхайнуудын хоорондын өр авлага тэглэгдэж байна. Энэ бол том алхам. Тэгэхээр дараагийн алхмаа хийж, олон улсын зах зээл дээр нүүрсээ борлуулах хэрэгтэй.
Уурхайчдын нийгмийн асуудал ихээхэн орхигдож байна. Хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг атлаа тэдний ихэнх нь цалин хангамж муутай, насны эцэст өвчинд нэрвэгдэж үлдэх тохиолдол их байх юм. 90 жилийн ойн хүрээнд уурхайчдаа хэр анхаарах бол?Тухайн компаниудын нийгэмд үзүүлж байгаа халамж, үйлчилгээнээс энэ асуудал их хамаарч байна. Нарийн яривал компанийн засаглалтай холбоотой юм. Манай үндэсний компаниуд дотор гэр бүлийн жижиг компани олон бий. Ийм нөхцөлд компанийн засаглал муу байх нь мэдээж. Компанийн засаглал муу байдаг нь ажилчдын нийгмийн асуудалд халгаатай. Тэгэхээр компанийн засаглалыг сайжруулах, ардчилах, олон талын хувь эзэмшигчтэй байх, хувь эзэмшигчгүй юмаа гэхэд төлөөлөн гүйцэтгэх захиралтай байх ёстой. Өрхийн тэргүүн нь компанийн захирал, эхнэр нь нягтлан бодогч, хүү нь уурхайн дарга байгаад байх юм бол уурхайчдын эрх ашиг хохирно.
Харин сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголд орж ирж, томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр уул уурхайн салбарын мөн чанарт эергээр нөлөөлж байгаа. Тухайн орондоо компанийн засаглал сайтай, хууль дүрмээ биелүүлээд сурчихсан учраас Монголд сайн үлгэр жишээ үзүүлж байна л даа. Үүнийг дэлгэрүүлж хөгжүүлэхийн төлөө бид явж байна.
Аливаа юм болгоныг төр харж үзсэнгүй гэдэг байдлаар биш компаниуд өөрсдөө юү хийх ёстой вэ гэдэг дээр Ассоциаци анхаарч ажилладаг. Бид гишүүдээ захиргаадаад, удирдан зохион байгуулаад байдаг байгууллага биш. Гэхдээ уул уурхайн салбараа зөв голдирлоор явуулахын төлөө зохих шаардлагыг тавьж байх ёстой гэж ойлгодог.
Саяхан болж өнгөрсөн “Coal Mongolia” чуулга уулзалтаар уул уурхайн дэд бүтцийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхгүй бол нүүрсний салбарын өсөлт, хөгжил саарч болзошгүй тухай яригдлаа. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ? Монголын ашигт малтмалын нөөц баялгийг багцаалаад үзэхэд нүүрсний нөөц асар их байна. Нүүрсний нөөцөөрөө манай улс дэлхийд тавдугаарт орно. Бид ийм их баялгаа зөв зүйтэй ашиглах ёстой. Үүнийг ашиглахын тулд нүүрсний салбарт сайжруулах ёстой хэд хэдэн хүчин зүйл байгаа.
“Coal Mongolia” дээр нүүрсний салбарын дэд бүтцийг сайжруулах талаар нэлээд яригдсан. Их хэмжээгээр олборлож борлуулдаг, овор ихтэй бүтээгдэхүүн бол нүүрс. Тиймдээ ч овор ихтэй тээвэрлэлтийн хамгийн оновчтой шийдэл нь төмөр зам, усан тээвэр. Манайд усан тээвэр байхгүй юм чинь төмөр замаа хөгжүүлэхээс өөр аргагүй.
Өмнөговьд нүүрсний олон уурхай ажиллаж байна. Өнгөрсөн жил гэхэд 22 сая тонн нүүрс экспортлохдоо дан автомашинаар зөөж гаргасан. Энэ нь байгаль орчинд асар их хор хохиролтой, тээвэр хийж яваа хүнд даацын машинуудын хувьд ч аваар осол гарах магадлалтай. Нүүрсийг автомашинаар зөөхөд мэдээж өртөг зардал их гарна. Тиймээс төмөр зам руу гарцаагүй шилжих цаг ирж байна.
Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэж маш буруу шийдвэр гарсан. Төмөр замын хэрэглээ хаана байна, тэр зүг рүүгээ тавих ёстой биз дээ. Тэгж байж нүүрсээ их хэмжээгээр, чөлөөтэй, байгаль орчинд хор хохиролгүй, хүний эрүүл мэндэд аюулгүйгээр зөөнө. Гэтэл ОХУ руу төмөр зам тавих шийдэл гаргачихсан. Орос руу төмөр зам тавьж яах гэж байгаа юм бэ. ОХУ бол нүүрсний нөөцөөрөө дэлхийд нэг номер. Хэзээ ч Монголоос нүүрс авахгүй. Тийшээ төмөр зам тавина гэж байгаа нь утгагүй шүү дээ. Би үүнийг манай төрийн бодлого Оросын хараат байдлаар яваад байна уу гэж боддог. Монголын нүүрсний салбарын стратегийн, хэтийн чиглэл гэдэг үүднээсээ Орос руу тавих төмөр зам цаашаа Алс Дорнод руу, далайд гарах нэг гарц гэж үзэж болох юм.
Гэхдээ өнөөдрийн амин чухал чиглэл бол урагшаа чиглэсэн төмөр зам. Ядаж Орос руу чиглэсэн төмөр замтай зэрэг тавих хэрэгтэй. Орос руу ч төмөр замаа тавьсан юмгүй, санхүүжилт нь шийдэгдэж өгдөггүй, төрийн энэ хөшүүн хойрго маневр, менежмент муугаас болоод нүүрсний салбарын хөгжил, хурд саарч байна. Бодлого зөв явагдсан бол өдийд ядаж МАК компани 40 км төмөр замаа тавьчих байлаа.
Тавантолгой ордыг ашиглах УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт орох нь тодорхой боллоо. Энэ тогтоол үнэхээр учир дутагдалтай гарсан уу? Та юү гэж үзэж байна вэ?УИХ-ын 39 дүгээр тогтоол уг нь ноён нуруутай шийдвэр байсан юм. Даанч түүнээсээ төр өөрөө буцчихлаа. Тавантолгойн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдана гэж байсныгаа болиод иргэдэд нэмж үнэгүй өгөхөөр болж байна. Нэгдүгээрт, хувьцаа үнэгүй тараана гэдэг бол бэлэн мөнгө тараахтай агаар нэг. Нөгөө талаар тухайн компанийг дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнээ өсгөхөд энэ нь саад болно. Энэ бол том алдаа. Сонгодог утгаараа “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа гаргах боломжгүй болж байна. Хоёрдугаарт, Тавантолгой орд дээр ажиллах гадаадын хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах тал дээр шийдвэр гаргаж чадахгүй, маш их удаж байна.
Нэг талд нь хэт их хувь хэмжээ өгснөөс нөгөө тал нь гомдож, барьцаад шалгаруулалт гацаанд орчих шиг боллоо. Гацаанаас хурдан гарах хэрэгтэй. Оператор компани заавал гадаадынх байх ёстой юм шиг хандаж байна. Шалгаруулалтыг дааж байвал дотоодын компани ч Тавантолгойд олборлолт явуулж болно шүү дээ. Монгол хүн яагаад Монголынхоо томоохон төслийг удирдаж чадахгүй билээ. Ажиглаад байхад том захирал даргыг нь дандаа гадаад хүн хийгээд байх юм. Ингэж болохгүй шүү дээ.
Үргэлжлэлийг MMJ сэтгүүлийн № 002 дугаараас уншина уу.