Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хөгжлийн банк Японтой хамтарна

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Япон улсад энэ сарын 11-15-ны хооронд албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Энэхүү айлчлалаар хоёр улсын хооронд эдийн засгийн иж бүрэн түншлэлийг эхлүүлэх асуудлыг ярилцаж байна. Өчигдөр Монгол улсын Хөгжлийн банк Японы “Сүмитомо Мицүи” банк санхүүгийн корпорацитай хамтран ажиллах Санамж бичиг байгуулжээ. Энэхүү үйл явдлыг Ерөнхий сайд С.Батболд “Сүмитомо Мицүи” банк санхүүгийн корпораци зэрэг томоохон байгууллагатай хамтарч ажиллах нь хөрөнгө оруулалтын боломжийг улам нэмэгдүүлж байна. Монгол Японы харилцаа стратегийн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж байна. Уг арга хэмжээ нь хоёр орны харилцаанд томоохон хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо” гэжээ.

Харин “Сүмитомо Мицүи” банк санхүүгийн корпорацийн Ерөнхийлөгч Т.Китаяма Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын дараа “Монголын эдийн засаг өсч байна. Шинжээчид уг өсөлт ойрын 10-20 жилд тогтвортой хадгалагдана гэж үзэж буй. Монгол улс одоо хурдацтай өсөлтийг бүрдүүлэх гол гол төслүүдээ хэрэгжүүлж эхэлж байна. Бидэнд эдгээр төслүүдэд хамтран ажиллах боломж бүрдсэнд их баяртай байна” гэжээ.

“Сүмитомо Мицүи” банк санхүүгийн корпораци нь нийтдээ 1.4 их наяд иений активтай ажээ. Уг байгууллага манай улсад ямар төслүүдэд хөрөнгө оруулах нь одоогоор тодорхойгүй байгаа ч байгаль орчин, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах тухай Санамж бичигт тусгагджээ.

Б.Төгс