Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын гангийн үйлдвэрлэл буурна

Хятадын ган хайлуулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ энэ жил төдийгүй ирэх онд нэлээд буурах төлөвтэй байна. Энэ нь тус улсын эдийн засгийн өсөлт удааширсан холбоотой гэж санхүүгийн судалгааны байгууллагууд үзэж байна. “Moody”-гийн хөрөнгө оруулалтын үйлчилгээний төв Хятадын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотойгоор тус улсын гангийн эрэлт энэ жил 5.7 хувиар л өснө гэж таамаглажээ. Хятадын гангийн эрэлт сүүлийн гурван жилийн хугацаанд жилд дунджаар 11 хувиар өссөнтэй харьцуулахад энэ нь доогуур үзүүлэлт юм. Хятадын ган, төмрийн холбооны урьдчилсан тооцоогоор энэ жил тус улсын ган үйлдвэрлэлийн өсөлт 4 хувьтай байх ажээ.

Өнгөрсөн жилийн байдлаар тус улсын гангийн үйлдвэрлэл 8 хувиар өссөн байна. Хятадын эрдсийн эрэлтийн үлэмж өсөлт нь Австралийн эдийн засгийг сүүлийн арав гаруй жилийн хугацаанд асар их тэтгэж байсан нь тодорхой юм. Австралийн хувьд төмрийн хүдэр болон коксжих нүүрсний экспорт нь тус улсын нийт экспортын орлогын 60 хувийг бүрдүүлдэг байна. Хятад улс нь өнгөрсөн жил дэлхийн зах зээлд худалдаалагдсан төмрийн хүдрийн 60 хувийг дангаараа “залгисан” байна. Нөгөөтэйгүүр Хятадын дотоодын төмрийн хүдэр импортлогчдын үйлдвэрлэл өсвөл тус улс руу бүтээгдэхүүн нийлүүлдэг “Рио Тинто”, “BHP”, “Fortescue Metals” зэрэг гол гол компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх юм.

Үүнээс гадна бас нэг асуудал үүсээд буй нь Хятадын ган, төмрийн холбооны мэдээлж буйгаар тус улсын томоохон ган хайлуулах үйлдвэрүүдийн бараг тал хувь нь түүхий эдийн үнэ өссөн болон дотоодын нийлүүлэлт багассаны улмаас алдагдалтай ажиллаж байгаа ажээ. Ийм нөхцөлд Хятадын ган үйлдвэрлэгч нар өөр салбар руу шилжихээс өөр аргагүй байгаагаа “учирлах” болжээ. Гэхдээ Хятадын Засгийн газар тун удахгүй гангийн үйлдвэрүүдэд зориулж нэмэлт санхүүжилт олгож магадгүй байгаа юм.

Б.Төгс